| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 979 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 979
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч Л.Галав,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Э холбогдох эрүүгийн 2006 00000 1114 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Халх, 1985 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, Эрэгтэй, 35 настай, Бүрэн дунд боловсролтой, бригадын дарга ажилтай, Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Н.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн голын эрэг дагуу иргэн С.Төгсжаргалтай маргалдаж улмаар зүүн чихэнд зулгаралт, дээд уруул шарх, баруун хацар, зүүн хацар, эрүү, зүүн мөрөнд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Төгсжаргалын өгсөн мэдүүлэг /хх-18-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4939 дугаартай дүгнэлт /хх-10-12/, Н.Э өгсөн мэдүүлэг /хх-26-28/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, хохирогч С.Төгсжаргал гаргасан гомдолгүй, саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, яллагдагч Н.Э хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-45-48/, шүүгдэгч Н.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн голын эрэг дагуу иргэн С.Төгсжаргалтай маргалдаж улмаар зүүн чихэнд зулгаралт, дээд уруул шарх, баруун хацар, зүүн хацар, эрүү, зүүн мөрөнд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Төгсжаргалын өгсөн: "2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед ажлын газрын Хэрлэнбаяр над руу залгаад "бид нар ойрхон салхинд гарах гэж байна, чи хүрээд ирэх үү" гэж хэлсэн. Тэгээд би төд удалгүй 30 орчим минутын дараа Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн эцэс Улиастайн гол дагуу ажлын газрын найз Норвоогийн гэрт очсон. Ажлын асуудлаас болэод Хэрлэнбаяртай би хэрэлдээд байж байхад Энх-Амгалан голоор ороод хэрүүл өдөөд байхаар нь " чи өөр бригад байж битгий дандаа манай бригадын асуудалд оролцоод бай" гэж хэлэхэд Э сууж байсан газраасаа босч ирээд зүүн гарыг маань мушигаж нуруунд өчиж дараад зүүн гараараа миний нүүр хэсэгт 3-4 удаа цохисон, чих болон дагзруу 1-2 удаа цохисон. Тэгэхэд ажлын газрын Норвоо салгаад намайг Улиастайн эцсийн автобусны буудалд хүргэж өгөөд таксинд суулгасан." /хх-18-20/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4939 дугаартай дүгнэлтэд:
1. С.Төгсжаргалын биед зүүн чихэнд зулгарал, дээд уруулд шарх, баруун хацар, зүүн хацар, эрүү, зүүн мөрөнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-10-12/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Э өгсөн: "2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би ажлын газрын найз Ичинноровын машинтай Төгсжаргалыг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо шар хадны автобусны буудал хүргэж өгөх гээд явсан. Учир нь Төсгжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд биеэ авч явах чадваргүй болсон байсан. Шар хадны эцсийн буудал дээр очоод машин дотор автобус хүлээж байхад Төгсжаргал намайг хэл амаар доромжилж улмаар гарын ар хэсгээр миний нүүрэнд нэг удаа цохисон. Тэгэхэд миний уур хүрч Төгсжаргалын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж зүүн гарыг нь мушгиж нуруунд нь өчсөн уг гэмтлийг би учруулсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй." /хх-26-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
Хохирогч С.Төгсжаргал гаргасан гомдолгүй, саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, яллагдагч Н.Э хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-45-48/,
Шүүгдэгч Н.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн голын эрэг дагуу иргэн С.Төгсжаргалтай маргалдаж улмаар зүүн чихэнд зулгаралт, дээд уруул шарх, баруун хацар, зүүн хацар, эрүү, зүүн мөрөнд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Э нь хохирогч С.Төгсжаргалд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Н.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Э нь бусадад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС