| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 980 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 980
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч В.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч В.Ш холбогдох эрүүгийн 2006 00000 1167 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 5 сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 3 хүүхэд, дүүгийн хамт Төв аймгийн Өндөр ширээт сум тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , В.Ш .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч В.Ш нь 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 24-608 тоотод хохирогч Л.Марттуяатай маргалдан маргах явцдаа түүний үснээс зулгааж толгой, хөл, гар руу хөлөөрөө өшиглөж цохисны улмаас зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Ш мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Марттуяагийн өгсөн мэдүүлэг / хх-5-7/, гэрч Д.Наранбаярын өгсөн мэдүүлэг / хх-8-9/, гэрч Г.Тунгалагмаагийн өгсөн мэдүүлэг /хх-10-12/, гэрч В.Мишигбатын өгсөн мэдүүлэг /хх-13-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5162 дугаартай дүгнэлт /хх-18-20/, В.Ш яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-31-32/, хохирлын баримт /хх-23/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, хохирогч Л.Марттуяагийн гаргасан гомдолгүй, саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, яллагдагч В.Ш хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-40-41/, шүүгдэгч В.Ш урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч В.Ш нь 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 24-608 тоотод хохирогч Л.Марттуяатай маргалдан маргах явцдаа түүний үснээс зулгааж толгой, хөл, гар руу хөлөөрөө өшиглөж цохисны улмаас зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч хохирогч Л.Марттуяагийн өгсөн: "2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед Наранбаяртай утсаар холбогдон найзын хамт хүрээд ир гэхээр нь Тунгалагмаа бид хоёр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь Эхийн 608 тоотод Наранбаярын гэрт 2 шил архи, ундаа гэх мэт зүйл аваад очсон. Танайд ирсэи юм уу би найзындаа ирсэн гээд би хэлсэн чинь Шүрээ гэгч эмэгтэй намайг босч ирээд барьж аваад зодсон. Үсдэж унагаасан. Толгой руу юугаар нь мэдэгдэхгүй юмаар цохисон, унасан байхад хөлөөрөө өшиглөсөн. Миний биед учирсан гэмтлүүдийг Шүрээ гэх эмэгтэй маргалдаж байгаад үсдэж унагаагаад нүүрэн хэсэгт гараараа цохисон мөн өшиглөхөд учирсан гэмтэл байна. Би хэн нэгний биед гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй." / хх-5-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Наранбаярын өгсөн: "Би 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн үед танил найз эмэгтэй болох Марттуяа нь над руу фэйсбүүкээр чат бичээд гэрт чинь очиж архи ууя гэж бичсэн. Би Марттуяагийн машины түлхүүрийг авч үлдээд маргааш ирж аваарай согтуу байгаа учраас машин бариад хэрэггүй гээд шөнийн 00:00 явуулсан. Гэтэл Марттуяа 03:00 эргэж ирээд машиныхаа түлхүүрийг авна гээд хэл амаар доромжлоод хүн хүн рүү нулимаад байсан ба Шүрээ Марттуяатай маргалдаад байсан бөгөөд харилцан зодолдоод байсан." /хх-8-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тунгалагмаагийн өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо нутаг дэвсэгрт шинээр нүүж очсон. Хашаандаа байж байхад найз Марттуяа 19:00 цагийн үед ирсэн. Тэгээд Марттуяатай хамт түүний танил залуу болох Наранбаярын гэрт очсон бөгөөд орохдоо бид хоёр 2 шил архи авч ороод бид гурав хуваагаад ууж байхад гаднаас Наранбаярын найз гэх үл таних 2 эмэгтэйн нэг нь эрэгтэй хүмүүс орж ирсэн. Бид нар бүгд нийлээд авсан архи хувааж ууж байгаад би Марттуяад хандаад явлаа гэхэд Наранбаяр намайг чи хүн уруу татлаа гээд миний нүүрэн тус хэсэгт нэг удаа алгадахад нь би тэдний гэрээс гарч яваад гэртээ харьсан.” /хх-10-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Мишигбатын өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 23-ны орой 21:00 цагийн үед В.Ш хамтаар танил Наранбаярын гэрт нөхөр болох Р.Алтангэрэл охины хамтаар очсон. Бид нарыг очиход Наранбаяр үл таних 2 эмэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан бөгөөд бид нар орохдоо нэг шил 0.5 литрийн хэмжээтэй архи аваад манай нөхрөөс бусад нь бүгд уусан. Тэгээд би удалгүй тасраад унасан байсан бөгөөд юу болсон сайн санахгүй байна.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5162 дугаартай дүгнэлтэд:
1. Л.Марттуяагийн биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. 9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." /хх-18-20/ гэх дүгнэлт,
В.Ш яллагдагчаар өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 23-ны орой 21:00 цагийн үед танил залуу болох Наранбаярын гэрт өөрийн найзууд болох В.Мишигбат болон түүний нөхөр Р.Алтангэрэл нарын хамтаар очсон. Тэнд очиход Наранбаярын найз гэх үл таних 2 эмэгтэй архи уугаад байж байсан. Бид нар орохдоо 0.5 литрийн хэмжээтэй архи авч ороод Алтангэрэлээс бусад нь хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал Наранбаяр, Марттуяа гэх эмэгтэйтэй маргалдаад байсан бөгөөд Марттуяа 00:00 цагийн үед явлаа гээд явсан бөгөөд удалгүй 01:00 цагийн үед эргээд машинаа авна гээд ирсэн. Удалгүй Марттуяа Наранбаяртай дахин маргалдаж байгаад манай найз Мишигбатын үснээс зулгаахаар нь биочиж салгах гэхэд над руу нулимаад цамцнаас зулгаагаад байхаар нь үсдээд толгой хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Өөр зүйл болоогүй. Удалгүй Марттуяа, Наранбаяр хоёр маргалдаад байж байхад нь би найзуудтайгаа гаргаад явцаасан.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Хохирлын баримт /хх-23/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
Хохирогч Л.Марттуяагийн гаргасан гомдолгүй, саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, яллагдагч В.Ш хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-40-41/,
Шүүгдэгч В.Ш урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч В.Ш нь 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 24-608 тоотод хохирогч Л.Марттуяатай маргалдан маргах явцдаа түүний үснээс зулгааж толгой, хөл, гар руу хөлөөрөө өшиглөж цохисны улмаас зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч В.Ш нь хохирогч Л.Марттуяад учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар В.Ш холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч В.Ш нь бусадад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар В.Ш 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар В.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар В.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, В.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба В.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл В.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС