Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г,

Шүүгдэгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р.Ц-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6 дугаар хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Р.Ц,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Р.Ц нь бүртгэлийн ... дугаартай дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа дахь Гаалийн газарт ..., 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Замын-Үүд дахь Гаалийн газарт ... албан тушаалд тус тус томилогдон ажилллаж ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Р.Ц мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би анх Гаалийн байгууллагад ажилд ороход эхний хоёр жил дадлагажигч шалгагчаар орсон. Ингээд хоёр жил ажиллаж байгаад мэргэшүүлэх курст суугаад жинхэнэ гаалийн байцаагч болсон. Сүүлд хууль өөрчлөгдөж заавал бакалавр байхыг шаардсан юм. Мөн би ажиллаж байх хугацаандаа ямар ч ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй, мөн ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй. Би байнга хөдөөгүүр хил дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан. Би хийсэн хэргээ ойлгож байгаа... Ажилтай болохын тулд ийм болчимгүй зүйл хийсэн. Дипломыг Б гэж хүнээс авсан, мөнгө төгрөг өгөөгүй... Гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 170-171/,

- Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд:  “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр санагдаж байна. Намайг ажил дээрээ байж байхад гаднаас танихгүй хүн орж ирээд 2 ширхэг тушаал үзүүлээд “Б захирал энэ тушаалууд дээр  хуулбар үнэн тамга дараад явуул гэж байна” гэж хэлэхээр нь тушаалыг үзэхэд 1995 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ХААИС-ийн захирлын шинээр элсэгчдийг оюутнаар батлах тухай, мөн 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ХААИС-ийн эдийн засгийн факультетийн диплом, энгэрийн тэмдэг олгуулах тухай захирамжуудийн хуулбар байсан. Тухайн үед энэ тушаалуудын эх хувь нь надад байхгүй, улсын архивын газар байдаг тул тамга дарж болохгүй гэхэд “таныг тамгаа дараад явуул гэж байна” гэж хэлэхээр нь Б даргаас асуухаар очиход өрөөндөө байхгүй хуралд орчихсон байсан. Маргааш нь дахиж танилцуулах гэхэд байхгүй байхаар нь тамгаа дараад бичилт хийж өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад манай сургуулийн инженер механикийн тэнхимийн туслах ажилтан Т орж ирээд 2 тушаал үзүүлээд Р.Ц гэдэг хүн 1999 онд сурч төгссөн нь үнэн болно гэсэн тодорхойлолт хийлгэж авсан. Тухайн үед надад үзүүлсэн тушаалууд нь хуулбар үнэн тэмдэгтэй байхаар нь гарын үсэг зурсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 /,

- Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2019 оны 02 дугаар сарын эхээр миний танил лам П залгаж яриад танай сургууль төгссөн хүн байгаа юм. Ажил дээр нь сургууль төгссөн тодорхойлолт хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгээд цагаан сарын дараа ярихад хүнээ явуулъя гэж хэлж байсан. Би тэр хүнийг ирэх үед гадуур ажилтай явж байсан болохоор жижүүр дээр үлдээгээд дараа нь авахад манай сургуульд элсэн орсон болон төгссөн хүн байна, сургууль төгссөн талаар тодорхойлолт авах гэсэн юм гэж хэлээд тушаалуудаа үзүүлэхэд танилцаад тодорхойлолт хийж өгөхөөр нь би тэр бичгийг П ахын явуулсан хүнд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 /,

- Гэрч Ц.П мөрдөн шалгах ажиллагаанд: “... зүс таних М гэх залуу 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, надтай ирж уулзаад ХААИС-д таньдаг хүн байна уу, тодорхойлолт гаргуулах гэсэн юм гэхээр нь таньдаг хүн байсан болохоор тус болох зорилгоор танил Т-н утасны дугаарыг өгч явуулсан. Тэгээд удаагүй Т-тай яриад миний танил байгаа юмаа болж өгвөл туслахыг бодоорой гэж хэлж байсан санагдаж байна. Тэрнээс биш нарийн учир байдлыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 /,

- Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2019 оны 02 дугаар сарын дундуур манай төрсөн ах Ц-н ажил дээр бичиг баримтын шалгалт орно гэж надтай уулзахдаа хэлж байсан. Тэгээд удаагүй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ахын дипломыг шалгаж эхлээд сургуульд элсэн орсон болон төгссөн тушаалыг шаардсан. Тухайн үед Ц ахыг сургуульд элсэн орсон болон төгссөн тушаалын хуулбар манай гэрт байсан болохоор тушаалуудыг нэрсийн жагсаалуудтай компьютер дахиж бичээд нэрс дунд нь ахын нэрийг оруулж бичиж гаргасан. Харин тушаал дээр дарагдсан Үндэсний архивын газрын хуулбар үнэн  тамгыг хамт ажиллаж байсан хүн болох Б-н автомашинд явсан архивын бичгээс гар утсаараа авч фото шоп хийж гаргасан. ХААИС-ийн тэмдгийг П гэж ламаар дамжуулан Т гэдэг хүнтэй уулзаж даруулсан. Тэгээд өөрийн хийсэн тушаалын хуулбарыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Ө гэх хүнд аваачиж өгсөн... гэртээ байхдаа өөрийн зөөврийн компьютрийг ашиглаж фото шоп гэсэн программыг суулгуулаад дээрх программыг ашиглаж Үндэсний архивын газар гэсэн тамга, тэмдгийг зургийг нь утсаараа авсан байсныг программд оруулж арын фоныг нь устгаж, нэгтгээд нэрсийн жагсаалтыг скайнердаж оруулаад ХААИС-д элсэн орсон тушаалын хавсралтын жагсаалын 16 дугаартай бичигдсэн Х.Г гэсэн нэрийг дарж Р.Ц гэж өөрчилсөн. Мөн ХААИС төгссөн тушаалын хавсралтыг 7 дугаарт бүртгэгдсэн Ц.М гэснийг өөрчилж Р.Ц болгож гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

- Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2019 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд шалгалтаа хийсэн. ХААИС-д шалгалт хийхэд Б нь ажил дээрээ байхгүй байсан, номын санч О гэх хүнтэй уулзахад гаднаас нэг хүн орж ирээд сургалт эрхэлсэн захирал энэ дээр хуулбар үнэн гэсэн тэмдэг дараад ир гээд 1995, 1999 оны тушаал дээр даруулаад аваад явсан гэсэн тайлбар өгсөн. Сургуулийн архивын 1995 оны тушаалыг үзэхэд  ХААИС-ийн захирлын 1995 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №128 шинээр элсэгчдийн оюутнаар батлах тушаалын нягтлан бодох бүртгэлийн 16 дугаарт Х.Г гэх хүний нэрийг Р.Ц болгож зассан, 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн деканы 55 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 7 дугаарт Ц.М гэх нэрийг Р.Ц болгож зассан байсан. ...Үндэсний төв архив дээр шалгалт хийхэд ХААИС-ийн 1995-1999 оны тушаал дээр Х.Г, Ц.М нарын нэр мөн тохирч байсан...” гэсэн мэдүүлэг,  /хх-ийн 109-110 /,    

 - Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Ц гэгч нь хуурамч диплом ашиглан манай байгууллагад 2004 оноос 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байна. Тийм учраас улсад учирсан хохирол болох 137,713,952.2 төгрөгийг манай байгууллагын зүгээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 232/,

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 9/3000 дугаартай албан бичиг /хх-ийн 79/,

- Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Б/135 дугаартай “Гаалийн албанаас халах тухай” тушаал, хавсралт /хх-ийн 81/,

- Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн эдийн засгийн факультетийн 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №55 дугаартай “Диплом энгэрийн тэмдэг олгох тухай” захирамж /хх-ийн 122-123/,

- Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн ректорын 1999 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №106 дугаартай “Төгсөгчдөд диплом, мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаал /хх-ийн 124-125/,

- Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн захирлын 1995 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №128 дугаартай “Шинээр элсэгчдийг оюутнаар батлах тухай” тушаал, хавсралт /хх-ийн 126-148/,

- Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны 11 сарын 25-ны өдрийн 605 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 186/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 236/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Ц-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Р.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Р.Ц нь Гаалийн Ерөнхий газрын харъяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт анх нягтлан бодогчоор ажилд орохдоо хуурамч болох бүртгэлийн ... дугаартай дипломыг ашигласан байх бөгөөд 2004 оны 11 сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 сарын 26-ны өдөр хүртэл ажилласан, энэ нь шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Р.Ц нь бүртгэлийн ... дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Р.М “... 2019 оны 02 дугаар сарын дундуур манай төрсөн ах Ц-н ажил дээр бичиг баримтын шалгалт орно гэж надтай уулзахдаа хэлж байсан. Тэгээд удаагүй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ахын дипломыг шалгаж эхлээд сургуульд элсэн орсон болон төгссөн тушаалыг шаардсан. Тухайн үед Ц ахыг сургуульд элсэн орсон болон төгссөн тушаалын хуулбар манай гэрт байсан болохоор тушаалуудыг нэрсийн жагсаалуудтай компьютерт дахиж бичээд нэрс дунд нь ахын нэрийг оруулж бичиж гаргасан. Харин тушаал дээр дарагдсан Үндэсний архивын газрын хуулбар үнэн  тамгыг хамт ажиллаж байсан хүн болох Б-н автомашинд явсан архивын бичгээс гар утсаараа авч фото шоп хийж гаргасан. ХААИС-ийн тэмдгийг П гэж ламаар дамжуулан Т гэдэг хүнтэй уулзаж даруулсан. Тэгээд өөрийн хийсэн тушаалын хуулбарыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Ө гэх хүнд аваачиж өгсөн... гэртээ байхдаа өөрийн зөөврийн компьютерийг ашиглаж фото шоп гэсэн программыг суулгуулаад дээрх программыг ашиглаж Үндэсний архивын газар гэсэн тамга, тэмдгийг зургийг нь утсаараа авсан байсныг программд оруулж арын фоныг нь устгаж, нэгтгээд нэрсийн жагсаалтыг скайнердаж оруулаад ХААИС-д элсэн орсон тушаалын хавсралтын жагсаалын 16 дугаартай бичигдсэн Х.Г гэсэн нэрийг дарж Р.Ц гэж өөрчилсөн. Мөн ХААИС төгссөн тушаалын хавсралтыг 7 дугаарт бүртгэгдсэн Ц.М гэснийг өөрчилж Р.Ц болгож гаргасан...” гэсэн, гэрч С.О “...Тухайн үед энэ тушаалуудын эх хувь нь надад байхгүй, улсын архивын газар байдаг тул тамга дарж болохгүй гэхэд “таныг тамгаа дараад явуул гэж байна” гэж хэлэхээр нь Б даргаас асуухаар очиход өрөөндөө байхгүй хуралд орчихсон байсан. Маргааш нь дахиж танилцуулах гэхэд байхгүй байхаар нь тамгаа дараад бичилт хийж өгөөд явуулсан ...” гэсэн, гэрч Б.Б “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад манай сургуулийн инженер механикийн тэнхимийн туслах ажилтан Т орж ирээд 2 тушаал үзүүлээд Р.Ц гэдэг хүн 1999 онд сурч төгссөн нь үнэн болно гэсэн тодорхойлолт хийлгэж авсан. Тухайн үед надад үзүүлсэн тушаалууд нь хуулбар үнэн тэмдэгтэй байхаар нь гарын үсэг зурсан...” гэсэн, гэрч Т.Т “...2019 оны 02 дугаар сарын эхээр миний танил лам П залгаж яриад танай сургууль төгссөн хүн байгаа юм. Ажил дээр нь сургууль төгссөн тодорхойлолт хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгээд цагаан сарын дараа ярихад хүнээ явуулъя гэж хэлж байсан. Би тэр хүнийг ирэх үед гадуур ажилтай явж байсан болохоор жижүүр дээр үлдээгээд дараа нь авахад манай сургуульд элсэн орсон болон төгссөн хүн байна, сургууль төгссөн талаар тодорхойлолт авах гэсэн юм” гэж хэлээд тушаалуудаа үзүүлэхэд танилцаад тодорхойлолт хийж өгөхөөр нь би тэр бичгийг П ахын явуулсан хүнд өгсөн ...” гэсэн, гэрч Ц.П “...зүс таних М гэх залуу 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, надтай ирж уулзаад ХААИС-д таньдаг хүн байна уу, тодорхойлолт гаргуулах гэсэн юм гэхээр нь таньдаг хүн байсан болохоор тус болох зорилгоор танил Т-н утасны дугаарыг өгч явуулсан. Тэгээд удаагүй Т-тай яриад миний танил байгаа юмаа болж өгвөл туслахыг бодоорой гэж хэлж байсан санагдаж байна. Тэрнээс биш нарийн учир байдлыг нь мэдэхгүй байна...” гэсэн, гэрч Д.Ө “... 2019 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд шалгалтаа хийсэн. ХААИС-д шалгалт хийхэд Б нь ажил дээрээ байхгүй байсан, номын санч О гэх хүнтэй уулзахад гаднаас нэг хүн орж ирээд сургалт эрхэлсэн захирал энэ дээр хуулбар үнэн гэсэн тэмдэг дараад ир гээд 1995, 1999 оны тушаал дээр даруулаад аваад явсан гэсэн тайлбар өгсөн. Сургуулийн архивын 1995 оны тушаалыг үзэхэд  ХААИС-ийн захирлын 1995 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №128 шинээр элсэгчдийн оюутнаар батлах тушаалын нягтлан бодох бүртгэлийн 16 дугаарт Х.Г гэх хүний нэрийг Р.Ц болгож зассан, 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн деканы 55 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 7 дугаарт Ц.М гэх нэрийг Р.Ц болгож зассан байсан. ...Үндэсний төв архив дээр шалгалт хийхэд ХААИС-ийн 1995-1999 оны тушаал дээр Х.Г, Ц.М нарын нэр мөн тохирч байсан...” гэсэн мэдүүлэг, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн эдийн засгийн факультетийн 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №55 дугаартай “Диплом энгэрийн тэмдэг олгох тухай” захирамж, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн ректорын 1999 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №106 дугаартай “Төгсөгчдөд диплом, мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаал, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн захирлын 1995 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №128 дугаартай “Шинээр элсэгчдийг оюутнаар батлах тухай” тушаал, хавсралт, Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны 11 сарын 25-ны өдрийн 605 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Р.Ц-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул бүртгэлийн 520006 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхээс шүүгдэгч Р.Ц-г бүртгэлийн ... дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Ц-д торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бүртгэлийн ... дугаартай хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Хохирогч Э.Г “...2004 оноос 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан, улсад учирсан хохирол болох 137,713,952.2 төгрөгийг манай байгууллагын зүгээс нэхэмжилж байна...” гэх боловч шүүгдэгч Р.Ц-н ажилд орсон үйлдэл нь буруутай боловч тухайн байгууллагад 15 жил үр бүтээлтэй ажилласан байх бөгөөд өөрийнхөө ажил хөдөлмөрөөр олсон цалин хөлсийг нь улс болон байгууллагад шууд хохирол учруулсан, шүүгдэгчийн уг үйлдлээс болж улс, байгууллага хохирсон байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Р.Ц-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүртгэлийн ... дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Р.Ц-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бүртгэлийн ... дугаартай дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Г-н нэхэмжилсэн 137,713,952.2 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвийн үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.Н