Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, ... ажилтай, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Т-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн оройн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багийн нутаг “ Х” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн А.С-н нүүрэн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Манай эгч Н нь энэ асуудал болохын өмнөх өдөр С-тай архи уусан, нэг өдрийн ажил тасалсан байсан юм. Тэгээд хэрэг болдог өдөр эгч маань С-нд ууж байхаар нь одоо боль гэж хэлсэн, С ч дахиж хамт архи уухгүй гэсэн юм. Тэгээд би ууж байсан архинаас нь хоёр татчихаад гэр рүүгээ явсан. Орой 22 цагийн үед С, Б нартай архи ууж байхаар нь уур хүрсэн, маргааш ажил төрөлтэй байхад нь уруу татаж архи уулгалаа гэж маргасан. Тэгээд шилтэй архийг авч С-н нүүр рүү цохьсон. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож, гэмшиж байна, прокуророос танилцуулсан ялыг ойлгож байгаа. Би хохирогч С-н дансанд 400,000 төгрөг шилжүүлсэн “  гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 02-06/

Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хэрэг болдог өдөр 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвд байдаг манай гэрт Н нь өглөөний 07 цагийн үед 05 гр Е архи гартаа барьчихсан манайд гэрт ороод ирсэн тухайн үед манайд түр байсан дотуур байрны 15-н настай Б.О бид хоёр унтаж байсан. Тэгтэл Н-н авчирсан Е нэртэй архийг бид 2 хамт хувааж уугаад байж байхад Т манайд ирж төрсөн эгч Н-г аваад манай гэрээс тэр хоёр өглөөний 08:20 минутын үед гарч явсан тэгтэл Н түүний дүү Т хоёр дэлгүүр явж тэндээсээ ажлын газрынхаа хүмүүсийн хоол хүнсний эд зүйл авч Т-д өгч явуулаад эргээд манай гэрт Н нь дахид 750 гр Е архи аваад ирсэн тэгээд би тэр архинаас нь уугаагүй харин Н өөрөө өөртөө хийж уугаад байсан. Тэгтэл Н-н төрсөн дүү болох Т 11 цагийн үед манайд ирээд эгч та битгий уугаад бай би таны өмнөөс ууна гэж байсан. Тэгээд 750 гр архиа ууж дуусаад Т манай нөхрийн төрсөн өдөр болж байгаа би явлаа гээд яваад өгсөн. ... Б оройны 20 цагийн үед манайд ирээд сумаас жаахан зайтай хөдөө жаахан юм ярьж байгаад явъя гэхээр нь хамт байсан хүүхдээ дагуулаад Б-н хамт хөдөө хээр сууж байсан Н, өдөр манайд орж ирсэн үл таних хоёр залуу байсан намайг очиход тэр хэд Е нэртэй архи уугаад байж байсан тэгээд намайг очсоноос хойш нэг шил архиа уугаад дуусаж байхад Т машинтай ирээд Б-тай муудалцаад зууралдаад байсан тэгээд тэр хоёр салаад Т дахин төрсөн эгч Н-гоо маргалдаж байсан, тэгтэл харанхуйд энэ бурхан шиг суугаад байгаа пиздаа хэн бэ, өө С байна шүү дээ гэж хэлээд миний урд байсан задлаагүй бүтэн Е архийг аваад миний нүүр хэсэгт шууд цохисон, тэгээд тухайн үед Т-д зодуулсандаа хэсэг зуур балмагдаад юу болоод байгааг анзаараагүй амнаас, хамараас цус гарч байсан. Б.Т нь их согтуу байсан. Хэлж ярьж байгаа үг нь бараг мэдэгдэхгүй их танхай, хэл яриагаар яриад байсан. Би гомдол санал байхгүй учир шүүх хуралд суухгүй. Би гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд ... эхнэрийн зааж өгсөн сумын төвийн баруун хойд талд хөдөө хээр очоод машинаас буухад багш С, Б, манай эхнэр Н, хоёр танихгүй эрэгтэй хүн бас нэг эмэгтэй хүүхэд тойроод суусан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд миний ирсэн замаар машины гэрэл асаад машин ирээд зогсохоор нь би өөрийн машины хажуу талд очоод зогсоход манай эхнэрийн дүү Т, нөхөр Б-н хамт ирээд Т машинаас буугаад манай эхнэр лүү уурлаад та маргааш ажилтай байж архи согтууруулах ундаа уулаа гээд мөн хамт байсан хүмүүс руу та нар маргааш ажилтай хүнийг уруу татаж архи уулгалаа гээд уурлаад, мөн манай эхнэрийг хэд хэдэн удаа алгадаж, тэр хоёр маргалдаж, Б машинаас бууж ирээд тэр хоёрыг салгаж, би бас очоод эхнэрээ аваад холдоод суухад Б эхнэрээ машиндаа суулгаад хөдлөөд явсан. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг өнгөрч  байхад... машинтай очиход манай сумын иргэн С, Б, Н, танихгүй хоёр эрэгтэй хүн, 6-7 орчим ангид сурдаг байж магадгүй эмэгтэй хүүхэд байсан. Тухайн  хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Манай эхнэр машинаас буугаад тэр хүмүүс дээр очоод хэсэг хугацааны дараа тэд нар чанга чанга дуугараад хоорондоо маргалдаад байхаар нь машинаас буугаад очиход С миний нүүр лүү цохичихлоо гээд, мөн манай эхнэр Т төрсөн эгч Н-г хэд хэдэн удаа та архи уулаа гээд алгадаад байхаар нь би эхнэрээ салгаж аваад машиндаа суулгаад гэртээ ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... 21 цаг өнгөрч байхад Н-н дүү Т нь нөхөр Х-гоо ирээд “бид нар руу, та нар манай эгчийг уруу татаж архи уулгалаа” гэж уурлаад намайг үсдэж авахаар нь би түүнд “би аманд нь архи цутгаагүй, юу яриад байгаа юм” гээд бид харилцан үсдэлцсэн. Т над руу тэгж уурлаж надаас зууралдаж байхад А “Та нар боль, боль” гээд дундуур нь орсон, Х ч мөн орж ирээд Т-г хойш нь татаж болиулсан. Т үргэлжлүүлээд бид нарын уух гэж байсан үлдсэн 0,5 литрийн “Е” нэртэй бүтэн задлаагүй байсан архийг авч З-н нүүр рүү 1 удаа цохьсон. З Т-д цохиулчихаад нүүрээ дараад доош суусан. Тухайн үед гэрэл, гэгээ тасарсан байсан тул би сайн Заяаг гэмтсэн эсэхийг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-23/

Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар очоод 1 шил архи ууж байхад арай настай эмэгтэй нь “манай нөхөр ирнэ” гэж байсан бөгөөд удаагүй нэг залуу ирсэн... Тэр сүүлд ирдэг эмэгтэй эхлээд А ахын найз гэх эмэгтэйтэй “та нар янханууд, манай эгчийг уруу татаж архи уулаа” гээд орилж чарлаад муудалцаж үсдэлцэж аваад, дараа нь өөр нэг эмэгтэйтэй муудалцаад шилээр нүүр рүү цохьсон. ... Ингээд хэрүүл хийгээд байсан эмэгтэй хамт ирсэн залуутайгаа буцсан, мөн тэр настай эмэгтэй буюу “манай нөхөр ирнэ гэж яриад байсан хүн нөхөртэйгээ явсан “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 сарын 08-ны өдрийн “1. А.С-н биед дээд уруулын дотор талд язарсан шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй“ гэсэн 04/59 тоот дүгнэлт /хх-ийн 30-31/

Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/

Шүүгдэгч Б.Т нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 64/

Шүүгдэгч Б.Т-н Х банкны ... тоот дансны хуулга /хх-ийн 67/

Эрүүгийн ... тоот хэргээс Б.Т-д холбогдох хэргийг тусгаарласан  прокурорын тогтоол /хх-ийн 83/

Хохирогч А.С-н цагдаагийн хэлтэст гаргасан “  Би Б.Т-д ямар нэгэн гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Мөн Т-с нэхэмжлэх зүйл байхгүй болно. Би шүүх хуралд суухгүй. Т-д ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хх”-ийн 87/

Шүүгдэгч Б.Т-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багийн иргэн Б.Т миний бие 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус сумын иргэн С-н биед учирсан хохирлыг төлж барагдуулсан тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багийн нутаг  “Х” гэх газарт “ өөрийн төрсөн эгч Б.Н-г уруу татаж архи уулгалаа “ гэх шалтгаанаар Б.Н, С.Б, А.С нартай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар хохирогч А.С-н нүүрэн тус газарт Е нэртэй байсан шилтэй архиар цохиж, түүний биед дээд уруулын дотор талд язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч А.С-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2020 оны 05 сарын 08-ны өдөр 04/59 тоот дүгнэлтийг гаргасан байх ба  уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-52/ болон гэрч Т.Б, Ц.Б, С.Б, Т.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 2020 оны 05 сарын 08-ны өдөр 04/59 тоот дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т нь үйлдсэн гэмт хэргийнхээ талаар сэргээн дүрсэлж мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд тэрээр өөрийн хийж буй үйлдлээ  мэдэж, оюун санааны эрх чөлөөний үндсэн дээр үйлдсэн байгааг илэрхийлэх бөгөөд түүний энэхүү байдал нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч А.С нь “Б.Т-д ямар нэгэн гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар  шийдэж өгнө үү. Мөн Т-с нэхэмжлэх зүйл байхгүй болно. Би шүүх хуралд суухгүй. Т-д ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг болон хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байх тул шүүгдэгч Б.Т нь бусдад төлбөргүй гэж үзэв.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т нь хохирогч А.С-д 400,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч түүний Х банкны ... тоот дансны хуулгаас харахад хохирогчийн харилцах дансанд 400,000 төгрөг шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан дээрх нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан  прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг  дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Т нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             А.Ц