Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 989

 

 

 

 

 

 

     2020        05         27                                  2020/ШЦТ/989

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

           улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

           хохирогч Н.Бат-Эрдэнэ,

           шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А холбогдох эрүүгийн 2006 00000 1186 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.                 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн “Давст” суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сум 6 дугаар баг, 2-1 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Монелын 17-2-3 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 80 сарын 26- ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, /РД:ОВ83072212/,

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Р.А нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны талбайд иргэн Н.Бат-Эрдэний толгой болон нүүрэн тус газар нь гар, өвдөгөөрөө цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.А нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны талбайд иргэн Н.Бат-Эрдэний толгой болон нүүрэн тус газар нь гар, өвдөгөөрөө цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Р.А гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

            Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

             1. Шүүхийн хэлэлцүүлэгт Р.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

             2. Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Н.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Энэ залууг хэргийг хялбаршуулж шийдвэрлүүлье гээд гуйгаад байхаар нь залуу хүн гэж бодоод хоорондоо ойлголцоё гэж бодсон. Хамрын ясаа янзлуулж, хамартаа эмчилгээ хийлгүүлмээр байна. Хэрэв боломжгүй гэж байгаа бол би юм хэлэхгүй” гэх мэдүүлэг[2],

             3.  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №5417 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Н.Бат-Эрдэний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйх, дух, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи цээж, баруун, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[3],

           4. Хохирогч Н.Бат-Эрдэний 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2020 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цаг, 30 минутын үед манай гэр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 27-1597 тоотоос ертөнцийн зүгээр урд талд 200 орчим метрийн зайтай сагсны шийдэн дээр би зүс таних Амараа гэх залуу, Амараагийн танил гэх үл таних залуу бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Би Амарааг гэр рүүгээ орж унт гэж хэлсэн чинь чи намайг унтуулах хүн мөн үү гэж хэлээд намайг зодож эхэлсэн улмаар би Цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг[4],

           5.  Шүүгдэгч Р.А 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчим “Улиастай” явах гээд мөнгөгүй болчихоод “Барх” дэлгүүрийн үүдэнд хуучны танил Бат-Эрдэнэтэй тааралдаад бүх учраа хэлээд тохиролцож 15,000 төгрөг өгөөд өөрийн “Элжи” маркийн гар утсаа үлдээгээд явсан. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд Бат-Эрдэнэтэй уулзаж гар утсаа авч 15,000 төгрөг өгсөн. Гэтэл Бат-Эрдэнэ “ахдаа ганц шил архи авчих” гэхээр нь би 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад хамт хувааж ууж байгаад сагс тоглосон. Бид хоёр тоглож байгаад Бат-Эрдэнэ ах миний гэдэс рүү мөргөөд, хурд гүйцэхгүй байна гэсэн асуудлаас болж анх маргасан. Би Бат-Эрдэний цээж рүү нь түлхэх үед газар унасан. Гэтэл газар уначихаад газраас юм хайгаад байхаар нь би баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа цохих үед хамт газар унаад би дээр нь гарч суугаад өвдөглөсөн” гэх мэдүүлэг[5], хохирогч Н.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Р.А нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтүүд[6], иргэний үнэмлэхний лавлагаа[7] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Аийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

             Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон, сайн дураараа эвлэрсэн, цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

                                        Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Р.Аэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

             Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Р.Аэд анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Р.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Р.Аэд анхааруулсугай.

           5. Шүүгдэгч Р.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Шүүгдэгч Р.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ                                              

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 12  дугаар тал

[4] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 24-25  дугаар тал

[6] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 26 дугаар тал