Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 908

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         05          15                                        2020/ШЦТ/908

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогчийн өмгөөлөгч Д.Батдорж,

шүүгдэгч А.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт А.ы Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 05777 0981 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1994 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, С. овогт А.ы Д..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д. нь 2019 оны 08 дугаар сараас иргэн Г.У.д Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саншайн” хотхонд байр зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д. мэдүүлэхдээ: “Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл “Саншайн виллаж” гэдэг газар байр түрээслэн амьдардаг байсан. Би Энхзаяа гэдэг хүнтэй 2016 оноос найзууд байж байгаад 2019 оны 06 дугаар сараас үерхэж эхэлсэн. Тухайн үед “Саншайн виллаж”-д амьдардаг байсан. Би 08 дугаар сарын дундуур Энхзаяатай хамт Баянхонгор аймгийн Байдраг сум руу явахын тулд Г.У. гэдэг эгчээс мөнгө авсан. Эхлээд 820.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг авсан. Баянхонгор аймаг явахдаа дахиж 500.000 төгрөг авсан. Баянхонгор аймаг явж ирээд “байрны СӨХ-н мөнгө өгөх гэсэн юм” гээд 800.000 төгрөг авсан. Хүүхдээс нь 09 дүгээр сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг зээлж авсан. Тухайн үед Г.У. эгч надад өөрийн боломжоор цувуулж өгсөн. 09 дүгээр сарын 05-ны өдөр би Эрдэнэ-Очир ахтай ярьж “ах аа би ингэсэн” гээд үнэн учраа бүгдийг нь хэлсэн. Тэгсэн цагдаад өргөдөл бичиж өгсөн байсан.” гэв. 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.У.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай гэрт Энхзаяа гээд манай төрсөн дүүгийн хүүхэд хамт амьдардаг юм. 2019 оны 08 дугаар сараас эхлэн Энхзаяагийн найз залуу гэх А.Д. нь манай гэрээр хонож, хамт байх болсон. А.Д. нь 2019 оны 08 дугаар сараас би гадаад гарах гэж байгаа тул Дүнжингаравын баруун талд Саншайн хотхонд 3 өрөө байртай, тэрнийг ав, ордерыг нь шилжүүлж өгнө гээд нийт 5.565.000 төгрөг авсан боловч 2019 оны 08 дугаар сарын 20-ноос утсаа авахгүй, гэрт ирэхгүй алга болчихсон. Өөрөө л ярьж байсан болохоос бичиг баримт болон байрыг нь үзэж байгаагүй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саншайн гэх хотхоны байр гэж байсан. Очиж үзье, гэрээ хийе гэхээр за гээд мөнгөө яаралтай гэж цувуулж авсаар байгаад зугатчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 19/,

- Гэрч Б.Энхзаяагийн өгсөн: “08 дугаар сарын 10-ны өдөр эгч Г.У.д танилцуулсан бөгөөд 08 дугаар сарын 13-ны өдөр эхний байр авах, нэр шилжүүлэх урьдчилгааны мөнгө гээд 1.500.000 төгрөг авсан. Би яг тухайн үед мэдэж байгаагүй, дараа нь Г.У. эгч цагдаад өгсний дараа байр байдаггүй гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30/,

- Гэрч С.Эрдэнэ-Очирын өгсөн: “Би өөрийн Хаан банкны 5225386141 дугаартай данснаасаа Баттогтох гэх хүний 5003385162 дугаартай данс руу 800.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Их монгол хотхоны 66с байранд байхдаа шилжүүлсэн. Дараа нь өөрийн Хаан банкны 5034372156 гэсэн данснаас Энхзаяагийн 5075285630 гэсэн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Манай ээж байр авах гэж байгаа, урьдчилгаа хийнэ гэхээр нь гүйлгээний утга дээр нь байр гэж бичээд хийсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

- Гэрч Г.Анхныбаярын өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр надтай холбогдоод “манай нэг дүү байгаа юм, 1.000.000 төгрөг төгрөг хэрэгтэй болоод байна гэнээ, чам руу ярь гээд хэлчих гэсэн юм, зээлэх боломж байна уу” гэхээр нь би тэгье гэсэн ба 1.000.000 төгрөгийг А.Д. гэх хүний явуулсан Баттогтох гэх нэртэй “Хаан” банкны 5003385162 дугаартай данс руу хийсэн. Анх зээлэхдээ 7 хоногийн хугацаатай 100.000 төгрөгийн хүүтэй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

- Гэрч Д.Цогтжавын өгсөн: “Тэр үед Г.У. буюу наад 5024659732 гэсэн дансны эзэмшигчтэй Цагаан хуаранд барилгын обой наах ажилд хамт ажиллаж байгаад ажлын хөлс гэж авсан мөнгө байгаа юм. Ер нь бол ажлын хөлс гээд 600-700.000 төгрөг дээрх дансаар цувуулаад аваад байгаа. Хуулга шүүж үзвэл гарч ирэх байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

- Б.Энхзаяагийн 5075285630 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 52-56/,

- Г.У.гийн 5024659732 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 59-64/,

- С.Эрдэнэ-Очирын 5034372156 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 65-68/,

- А.Д.н өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

А.Д. нь 2019 оны 08 дугаар сараас иргэн Г.У.д Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саншайн” хотхонд байр зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Г.У.гийн “...А.Д. нь 2019 оны 08 дугаар сараас би гадаад гарах гэж байгаа тул Дүнжингаравын баруун талд Саншайн хотхонд 3 өрөө байртай, тэрнийг ав, ордерыг нь шилжүүлж өгнө гээд нийт 5.565.000 төгрөг авсан боловч 2019 оны 08 дугаар сарын 20-ноос утсаа авахгүй, гэрт ирэхгүй алга болчихсон. Өөрөө л ярьж байсан болохоос бичиг баримт болон байрыг нь үзэж байгаагүй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саншайн гэх хотхоны байр гэж байсан. Очиж үзье, гэрээ хийе гэхээр за гээд мөнгөө яаралтай гэж цувуулж авсаар байгаад зугатчихсан”, Б.Энхзаяагийн “.... Би яг тухайн үед мэдэж байгаагүй, дараа нь Г.У. эгч цагдаад өгсний дараа байр байдаггүй гэдгийг мэдсэн.” , С.Эрдэнэ-Очирын “...өөрийн Хаан банкны 5225386141 дугаартай данснаасаа Баттогтох гэх хүний 5003385162 дугаартай данс руу 800.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Их монгол хотхоны 66с байранд байхдаа шилжүүлсэн. Дараа нь өөрийн Хаан банкны 5034372156 гэсэн данснаас Энхзаяагийн 5075285630 гэсэн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Манай ээж байр авах гэж байгаа, урьдчилгаа хийнэ гэхээр нь гүйлгээний утга дээр нь байр гэж бичээд хийсэн байгаа.”  гэх мэдүүлэгүүд, Б.Энхзаяагийн “Хаан” банкин дахь 5075285630 дугаартай депозит дансны хуулга, Г.У.гийн “Хаан” банкин дахь 5024659732 дугаартай депозит дансны хуулга, С.Эрдэнэ-Очирын “Хаан” банкин дахь 5034372156 дугаартай депозит дансны хуулга, гэрч Г.Анхныбаяр, Д.Цогтжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Д.г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Д.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 Г.Анхныбаярын гэрчээр мэдүүлэхдээ: “...Эрдэнэ-очир 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр надтай холбогдоод “манай нэг дүү байгаа юм, 1.000.000  төгрөг хэрэгтэй болоод байна гэнээ, чам руу ярь гээд хэлчих гэсэн юм, зээлэх боломж байна уу” гэхээр нь би тэгье гэсэн ба 1.000.000 төгрөгийг А.Д. гэх хүний явуулсан Баттогтох гэх нэртэй “Хаан” банкны 5003385162 дугаартай данс руу хийсэн. Анх зээлэхдээ 7 хоногийн хугацаатай 100.000 төгрөгийн хүүтэй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа.” гэж мэдүүлсэн байх бөгөөд түүний Эрдэнэ-очироор холбогдон А.Д.д өгсөн 1.000.000 төгрөгийг хохирогч Г.У.гийн хохиролд нэмж тооцох үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч А.Д.гаас 4.120.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Д.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан тодорхой хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С. овогт А.ы Д.г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д.д 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Д.д оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Д.н цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Д.гаас 4.120.000 төгрөгийг гаргуулан хохирогч С. овогт Ганхуягийн У. /РД:ВМ69122501/-д олгосугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА