Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 109

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт байрлах, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Хивсний 13-01 тоотод оршин суух, ЖЮ65092411 регистрийн дугаартай, Гүний-Хамжлага овогт Надмидын Энхжаргалд холбогдох,

“Баривчлах байрны төлбөр 65150 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Н.Энхжаргал нь 2016 оны 12 сарын 19-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 438 дугаар шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 61000 төгрөг, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Надмидын Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 12 сарын 19-ний өдөр шүүхээс 10 хоногийн баривчлах шийтгэл авсан. Уг хугацааны баривчлах байрны төлбөр 65150 төгрөгийг 2017 оны 01 сарын 07-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Хариуцагч Н.Энхжаргал нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 сары 27-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаагаар баривчлагдан Цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 438 дугаар шийтгэвэр, 409 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Н.Энхжаргал нь баривчлах байрны төлбөр 61000 төгрөг, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч Цагдаагийн газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Н.Энхжаргал нь баривчлах байрны төлбөр 61000 төгрөг, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр 65150 төгрөгийг хариуцагч Гүний-Хамжлага овогт Надмидын Энхжаргал бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Энхжаргал сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

                                                                                                

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА