| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0857/Э |
| Дугаар | 911 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 911
2020 05 15 2020/ШЦТ/911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Э.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Э.ийн А.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 01785 0968 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хүүхдийн хамт
оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Э.ийн А..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А. нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Г.ын автомашинаас зөөлөн янданг нь хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч С.Г.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд тэр залуу манай ажил дээр хүрч ирээд, надтай уулзаад, надад машиныхаа түлхүүрийг өгөөд миний автомашины түлхүүрийг аваад Цайз 16 зах дээр автомашин үзүүлэхээр явсан. Тэгээд ойролцоогоор 1 цагийн дараа тухайн залуу хүрч ирээд гурав дахь өдөр Нисдэг машин ороод наймаагаа хийе гээд миний автомашины түлхүүрийг өгөөд, өөрийнхөө автомашины түлхүүрийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Э.А.ын яллагдагчаар өгсөн: “...С.Г.ын эзэмшлийн 34-22 УНӨ улсын дугаартай хар хөх өнгийн Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг үзэж сонирхож байгаад би автомашиныг чинь унаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын орчимд хүнд үзүүлээд ирье гэхэд нөгөө залуу зөвшөөрсөн. Тэгээд өөрийн эзэмшлийн 49-65 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг үлдээгээд 34-22 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз зах орох гээд явж байхад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, моторын тосны автобусны буудлын орчмоос 2 хүн гараа өргөхөөр нь авсан. 35-40 орчим насны 165-170 см өндөртэй махлаг 2 эрэгтэй хүн суусан. Тухайн хоёр хүн Приусын яндан авна гээд хоорондоо яриад байсан. Би тэгэхээр нь Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн яндан авах юм уу гэсэн. Тэгтэл нөгөө 2 залуу авна гэхээр нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын гудманд тээврийн хэрэгслээ оруулаад 34-22 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг тайлж өгсөн. Тэгээд бэлнээр нөгөө 2 хүнээс 100.000 төгрөг авсан. Би 34-22 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөөлөн яндан зарсан мөнгийг нийтийн байрны түрээсийн төлбөртөө өгсөн. Тухайн үед нийтийн байрны түрээсийн төлбөр нэхэгдээд байсан учир өөр арга байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Э.А. нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Г.ын автомашинаас зөөлөн янданг нь хулгайлсан болох нь хохирогч С.Г.ын мэдүүлэг, Э.А.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.А.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.А.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч С.Г.т 790.000 төгрөгийн хохирол учирч, шүүгдэгч нь 50.000 төгрөг, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашины янданг хохирогчид тус тус хүлээлгэн өгсөн болох нь хохирогчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 560.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч нь хохирогчид хэдийгээр автомашины хуучин яндан хүлээлгэн өгсөн боловч хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагаас үнэлгээг 790.000 төгрөгөөр тогтоосон байх тул үнэлгээг үндэслэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.А.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Э.ийн А.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А.д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А.аас 560.000 төгрөгийг гаргуулан хохирогч Харчин овогт Сайханжаргалын Г. /РД:ПА87072316/-т олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА