Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 795

 

     Р.О, Э.О, Н.О нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Гансүх, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Б,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д, түүний өмгөөлөгч Х.Д,

            шүүгдэгч Р.О, түүний өмгөөлөгч Г.Б,

            шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч К.Б,

            шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Б,  

нарийн бичгийн дарга Л.Мөнхцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.О, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч К.Б, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Р.О, Э.О, Н.О нарт холбогдох 201625013956 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овгийн Р-ийн О, 19.. оны ... дүгээр сарын ..-ний өдөр .......... аймгийн ................. суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............аймгийн ............ сумын 5 дугаар баг, ..............Т-165 дугаар байрны ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СТ.........../;

2. М овгийн Э-ийн О, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... аймгийн .......... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... аймгийн ........ сумын ..... дугаар баг, ....... 3 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СЩ............/;

3. Х овгийн Н-ийн О, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .........аймгийн ......... сумын 2 дугаар баг, ......... хороонд оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СЖ................/;

Р.О, Э.О, Н.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр, бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянцээлийн гудамжинд байрлах “Шорлог хаус”-ын баруун талын автомашины туслах зам дээр Ж.Т-ийг зодож, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.О, Э.О, Н.О нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Баянзүрх дүүргийн прокуророос Р.О, Э.О, Н.О нарын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснээс 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокуророос Р.О, Э.О, Н.О нарын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар өөрчилж, Р.О, Э.О, Н.О нарыг бүлэглэн, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар Р.О-ийг 13 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.О-ыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.О-ыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.О, Э.О, Н.О нарт оногдуулсан хорих ялыг тус бүр хаалттай хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10  дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Р.О, Э.О, Н.О нарын цагдан хоригдсон 286 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.О-аас 4.235.000 төгрөг, Э.О-аас 235.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Д-д олгож, хохирогч З.Д нь гэм хорын бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн савхин хүрэм, срочкон цамц, дотуур өмд, жинсэн өмд, ноосон малгай, дотоож, тэлээ, оймс 1 хос, гутал тус бүр 1 ширхэгийг хохирогч З.Д-д буцаан олгохоор, Э.О-ын өмсөж явсан канттай богино куртик, шар өнгийн пүүз зэргийг түүнд буцаан олгохоор, Р.О-ийн өмсөж явсан саарал өнгийн пүүз 1 хос, өвлийн куртик 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгохоор, Н.О-н өмсөж байсан улаан өнгийн пүүз 1 хос, улаан өнгийн богино куртик 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгохоор, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хүрэн өнгийн цус мэт зүйлийг бэхжүүлж авсан дээж, хар өнгийн товч 4 ширхэг, цагаан өнгийн гинж, хас хэлбэртэй кулон, хавтгай хайрцагтай үнэртэй ус, тал тоосго, вакус 100 мл хоосон шил тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, Р.О, Э.О, Н.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Р.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Тухайн өдөр би хохирогчтой хальт мөргөлдсөний улмаас маргалдаж зодолдоод, өөрөөсөө ах хүнтэй зодоон хийсэндээ айгаад зугтсан. Тухайн үед бид гуравт хохирогчийг санаатай зодох болон дээрэмдэх санаа зорилго байгаагүй... Мэдүүлэг авах үед байцаагч “та нар хүн зодож танхайрсан байна, тэр хүн чинь үүдэнд ирсэн байгаа, болсон явдлыг ярь” гэхэд анх би уг болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирогч Тэргүүнтэй муудалцах үед тавихгүй ноцолдож байгаад унах үед өшиглөсөн. Нүүр лүү нь өшиглөөд намайг явах гэхэд миний хөлөөс зуурчихаад тавихгүй байхаар нь айгаад цээж болон гэдэс рүү нь хоёроос гурван удаа өшиглөөд тавихаар нь бид нар айгаад зугтаасан. Анхны байцаалтаа би үнэн зөвөөр мэдүүлсэн. Цагдан хоригдоод удаагүй байхдаа байцаалт өгсөн ба хохирогчийг нас барсан гэхээр нь айж балмагдсандаа “өшиглөөгүй, цохиогүй, салгаж байсан” гэж мэдүүлгээ өөрчилж, худал мэдүүлсэн. Хохирогчийн ар гэрийнхэнд нөхөж барашгүй хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Анхнаасаа хохирогчийг цохиж өшиглөөгүй Э.О, Н.О нарыг хүн амины хэрэгт татаж ялласандаа гэмшиж байна. Энэ хоёр хохирогчийг өшиглөж, цохиогүй, зөвхөн салгах гээд зууралдаж байсан нь камерын бичлэгт тодорхой бичигдсэн. Хохирогч нь миний өшиглөлтийн улмаас нас барсан гэдэг нь тодорхой юм. Иймд миний гэм буруугаа хүлээж байгааг минь харгалзан үзэж, хэрэгт холбогдсон Э.О, Н.О нарыг зөв зүйлчлэлээр зүйлчилж, хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Р.О-ийн өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ үйлдэл бүрийн шалтгаант холбоог нарийвчлан тогтоож чадаагүй. Р.О нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ талаараа мэдүүлж байгаа нь гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх гол үндэслэл болно. Хэн нь хохирогчийг шууд үхэлд хүргэх гэмтэл учруулсныг нотолсон баримт байхгүй. Гэрчүүд дандаа болсон үйл явдлыг холоос ажиглан харсан байдлаар мэдүүлдэг. Яг хэнийх нь цохилт үхэлд хүргэж байгааг тодорхой мэдүүлээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд тооцож болох боловч эх сурвалжийг заавал нягтлан үзэх ёстой” гэж заасан. Шууд нотлох баримт нь ганцхан камерын бичлэг байгаа. Тухайн бичлэг дээр зүрхний цохилтыг зогсоох ганцхан үхлийн цохилтыг  Р.О учруулсан байдаг. Ийм учраас Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байна. Хэргийн талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчмыг баримтлан бусад хоёр холбогдогчийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Р.О-д холбогдох хэсгийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхээс надад 13 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие тухайн өдөр хохирогчтой мөргөлдсөн бөгөөд намайг “уучлаарай ах” гэхэд “замаа харж явж чаддаггүй юм уу, өгдөг газарт нь өгнө” гэх мэтээр дайрч, юүдэнтэй цамцны малгайнаас зуураад надтай муудалцсан. Хохирогч намайг урагш нь татаад цохисон уу, эсхүл тохойлдох шиг болсон. Тэр үед Р.О, Н.О нар салгах гээд зууралдаж байсан. Намайг цохихоор нь би биеэ хамгаалах гээд зөрүүлээд гараа савсан. Өөр үйлдэл хийж чадаагүй. Намайг урагш тонгойлгоод дарсан байсан болохоор өмсөж явсан куртик тайлагдах гээд куртикнээсээ зуураад түүнээс салж чадахгүй байсан. Н.О араас нь салгах гээд татаж байгаа харагдсан. Хохирогч ноцолдож байгаад унасан бөгөөд унахдаа намайг гуд татаад би дөрвөн хөллөөд урд нь унасан. Тэгээд босоход намайг тавьсан байсан тул шууд зугтаасан. Бид гуравт хохирогчийг зодох, алах санаа зорилго байгаагүй. Шинжээч эмчийн дүгнэлтээр цээжний урд хэсгээс нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр цохих юмуу өшиглөхөд уг гэмтэл үүснэ гэсэн. Гэтэл би хохирогчийн нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон болох нь камерын бичлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Уг цохилт нь хохирогчийн үхлийн шалтгаанд хамааралгүй, харин хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч К.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн үйлдэл оролцоог нэг бүрчлэн ялгаж, ялыг ялгамжтай оногдуулахгүйгээр зарим гэрчийн мэдүүлэг болон хэрэгт нотлох баримтаар авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн хэргийг "бүлэглэн" гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "гүйцэтгэгч нь бусад оролцогч нар мэдээгүй, өөрөөр хэлбэл, түүнтэй тохиролцоогүй гэмт хэрэг үйлдэхийг зөрчиж гүйцэтгэх гэнэ. Зөрчиж гүйцэтгэсэн гэмт хэрэгт бусад хамтран оролцогчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй" гэж заасан бол Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ" гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хүнийг санаатай алсан гэмт хэргийг хэн үйлдсэн, хэний үйлдлийн улмаас хохирогч хүнд гэмтэл авч нас барахад хүрсэн зэрэг нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд ялыг ялгамжтай байдлаар оногдуулах, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулах нөхцөл бүрдэх байсан.

Э.О-ийн хувьд хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан үеэс эхлэн нэг зүйлийг тодорхой хэлж байсан нь хохирогчийг санаатайгаар өдсөн, хоргоосон үйлдлийг хийгээгүй гэж мэдүүлдэг. Хохирогчийн үхлийн шалтгаан нь цээжин тус газраа хүчтэй цохилт, доргилт авсан явдал гэдгийг олж мэдсэн цагаас Р.О болон Н.О нарын мэдүүлэг өөрчлөгдөж, Э.О л хохирогчийг өшиглөсөн, цохисон мэтээр мэдүүлэх болсон. Гэсэн хэдийч хэргийг шалгах явцад Р.О-ийн хамгийн анх өгсөн мэдүүлэг, гэрч Д.Х-ийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс Э.О-ын үйлдлийн улмаас биш харин Р.О-ийн үйлдлийн улмаас хохирогч хүнд гэмтэл авсан байх боломжтой гэдэг нь тодорхой болсон байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Тухайлбал, Р.О хамгийн анхны мэдүүлэгтээ “...нөгөө залуу газар унаад миний хөлснөөс зуурчихаад тавихгүй байхаар нь би гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн, энэ үед нөгөө залуу хөл тавихаар нь бид гурав цааш явцгаасан" гэж мэдүүлсэн байдаг ба энэхүү мэдүүлэг нь талийгаач нас барсан эсэхийг мэдээгүй байх үедээ, нөгөө 2-оосоо тусдаа байх үедээ өгч байсан мэдүүлэг юм. Түүний энэхүү мэдүүлгийг гэрч Хулан баталж мэдүүлдэг. Мөн шинжээчийн 2106 дугаар дүгнэлт болон шинжээч эмч Т.Сэлэнгийн тайлбар мэдүүлэгт талийгаач нь цээжин тус газраа гэмтэл авсан нь үхэлд хүргэсэн болохыг тодорхойлсон байдаг. Хэрэг болох цаг хугацаанд Р.О, Э.О, Н.О нарын хэн аль нь талийгаачийг санаатайгаар амь насыг нь хохироох сэдэлт, зорилго агуулаагүй, харин Э.О-ыг зуураад тавихгүй байсныг тавиулах санаа зорилготойгоор ноцолдож байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогддог. Э.О нь талийгаачийн толгой, мөр, нуруу хэсэгт цохиж гэмтэл учруулсныхаа хариуцлагыг хүлээх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар Э.О-ыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн хэсгийг өөрчилж, түүний үйлдэл оролцоо болон учруулсан гэмтэлд тохирсон хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл Э.О-ын үйлдлийг танхайрах гэмт хэрэг үйлдсэн, эсхүл бусдад хөнгөн хохирол хохирол учруулсан гэж үзэх боломжтой байна. Иймд Э.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 14-ний орой найз Э.О, Р.О нарын хамт явж байгаад хохирогч Ж.Т-тэй Э.О нь санамсаргүй мөргөлдсөн. Бид гурав тухайн үед уучлалт гуйгаад явах гэтэл Э.О-ыг тэр ах заамдаж бариад  тавихгүй орилж, хашгирч байгаад Э.О-ыг цохиход нь би тэр хүнийг согтуу хүн байна гэж бодоод араас нь “ах битгий, бид таниас уучлалт гуйсан шүү дээ” гээд татаад болиулах гэтэл тэр ах өөрөө дайраад байсан. Миний хувьд энэ зодоонд ямар нэг оролцоо байхгүй, хохирогч ахыг өшиглөсөн, цохисон ямар ч үйлдэл хийгээгүй. Харин салгах гэж араас нь татаж байсан үйлдэл нь камерын бичлэгт бичигдсэн байдаг. Харин гэрч гэх хүмүүс хэн яаж зодож байгааг тодорхой хэлээгүй, 3 залуу нэг хүнийг зодож байгаа мэтээр ярьсан байсан. Үнэндээ бол би зодооныг салгах гэж байгаад хүн зодож алсан хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэндээ маш их гомдолтой байна. Иймд хэргийг тал бүрээс нь авч үзэж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Р.О, Э.О, Н.О нар талийгаач Ж.Т-ний амь насыг бүлэглэн зодсоны улмаас хүнд гэмтэл аван газар дээрээ нас барсан үйл баримт тогтоогдлоо, хохирогч Ж.Тэргүүний үхэлд хүрсэн шалтгаан нь Р.О, Э.О, Н.О нарын үйлдэлтэй холбоотой байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй, уг хэрэгт хэн ямар үйлдлээр нэгдэн оролцсоныг сайтар ялгаж зааглаагүй, талийгаачийн үхэлд хүргэх гэмтэл болон бусад хөнгөн гэмтэл хэн учруулсныг тогтоолгүй бүгдэд нь хавтгайруулж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Р.О, Э.О нар сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлгүүддээ Н.О-ыг талийгаачийг зодож цохиогүй, салгах гэж оролдож байсан талаараа тодорхой мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд Н.О нь талийгаачийг зодож, цохиж, өшиглөж байгаа ямар ч үйлдэл хийхгүй байгаа болох нь бичигдсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтаар яагаад Н.О-ыг гэмт буруутай гэж тооцсоноо тайлбарлаагүй орхигдуулсан байна.

Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч мэдүүлэхдээ “... зүрхэнд учирсан үхэлд хүргэх гэмтэл нь зүрхний доод талын орой хэсэгт үүссэн учраас цээжний урдаас зүрх аюулхай орчимд хүч үйлчилснээс үүсэх боломжтой...” гэж мэдүүлж, дүгнэлт гаргасан байна. Гэтэл мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхээс талийгаачийн үхэлд хүргэх гэмтэл болох цээжний зүүн урд талд хэн цохисныг тогтоогоогүй байж 3 хүнийг уг хэрэгт яллаж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны зарчим алдагдаж байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг бэхжүүлж цуглуулж авахдаа хуульд заасан журмыг зөрчиж байсан талаар өмгөөлөгчийн гаргасан саналын талаар огт авч хэлэлцээгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийн материалтай Н.О-ын хамт танилцахад хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэгт хийсэн тэмдэглэлд прокурор болон Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эмч нар гарын үсэг зураагүй байсан ба хэрэг шүүхэд шилжиж ирэхэд эдгээр хүмүүсээр нөхөн гарын үсэг зуруулсан байсан. Мөн тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж, камерын бичлэгт үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр М.Энхсүлдийг /уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн/, эд зүйл хураан авахдаа хөндлөнгийн гэрчээр Э.О-ын эхнэр Хуланг оролцуулсан нь хуульд заасан журмыг зөрчсөн байна. Талийгаачийн үхэлд хүргэх гэмтэл болон Н.О-ын үйлдэл хоёрт шалтгаант холбоо байхгүй, өөрөөр хэлбэл талийгаачийн цээжний зүүн өмнөд хананд цохиж зодсон үйлдэл хийгээгүй байгаа тул Н.О-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би маш их гомдолтой байна. Хэргийн талаар өмгөөлөгч тайлбар хэлнэ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д-ийн өмгөөлөгч Х.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Бүлэглэн гүйцэтгэгчдийн нэг Н.О гэдэг хүн бол хатгагч. Учир нь Н.О нь архи ууж байх даа “хүн зодож үзмээр байна” гэж хэлж байсан гэдэг. Ямар ч гэмгүй хүнийг зөрөөд өнгөрч байхад нь нэгийгээ түлхэж эхэлж өдсөн. Хохирогч “та нар хүн андуурч байгаа юм биш үү” гэхэд Р.О, Э.О, Н.О нар хохирогчийг зодсон. Зодоон дууссаны дараа бүгд Э.О-ын гэрт очсон. Э.О-ын эхнэр Хулан тэд нарын дунд ямар яриа болсныг тодорхой мэдүүлдэг. Эхлээд анхан шатны шүүх хуралдаанаар Н.О-ыг хэрэгт оролцоогүй гэж энэ хэргээс мултлах гэж оролдсон. Одоо 2 этгээдийг хэргээс мултлах гэж байгаад маш их харамсаж байна. Хэнийх нь цохилтоос ямар үр дагавар үүссэнийг тогтоох боломжгүй. Р.О, Э.О, Н.О нарын үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь камерын бичлэгээс тодорхой харагдана. Мөн зодоон болж байгааг харж байсан гэрчүүдийн мэдүүлгээр энэ 3 этгээд зодсон гэдэг нь тодорхой болсон. Н.О гэдэг хүн бол хатгагч учраас гүйцэтгэгчээс дутахааргүй ял авах ёстой. Мөн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, хохирол барагдуулаагүй гэдэг утгаараа өндөр ял авах ёстой байсан. Н.О хохирогчийг 2 удаа цохисон гэсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан... Мөрдөгч анх хэргийн газар үзлэг хийж байхдаа Энхсүлдийг хөндлөнгийн хүн гэж үзсэн... Хөндлөнгийн гэрчээр оролцсон хүн дараа нь хэрэгт ач холбогдолтой мэдүүлгийн эх сурвалж агуулж байвал гэрчээр асууж болно. Хэрэгт байхгүй үндэслэлээр гомдол гаргаж, шүүхийн ажиллагааг хүндрүүлж байна...” гэв.

Прокурор Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч нар бүлэглэн хүний амь насыг хохироосон нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Өмгөөлөгчдийн зүгээс бүлэглээгүй нэг нь зодсон, хоёр нь зодоогүй тул ялгаж зүйлчлэх ёстой гэсэн гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй. Хүний амь насыг бүлэглэж зодсон гэдэг нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл гэрч нарын мэдүүлгээр нэг нь араас нь боосон, 2 нь хохирогчийн гараас барьсан байсан нь тогтоогддог. Энэ нөхцөл байдалд хохирогч биеэ хамгаалах боломжгүй болно. Хохирогч эрүүл байсан ба шүүгдэгч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Р.О, Э.О, Н.О нар нь эхлээд хохирогчийг мөргөж өдөж хоргоосон. Камерт байгаа бичлэгүүд бүрэн бичигдээгүй. Ерөнхийдөө бужигнасан бичлэгээс харахад талийгаач доошоо тонгойж, биеэ хамгаалж байгаа байдал харагддаг. Наана нь байгаа 2 хүн гараа далайгаад цохих гэж барьцалдаж, дайрч, давшилж байгаа харагддаг. Гэмт хэрэг үйлдэх үед өмсөж байсан хувцас, пүүз нь мөн гэдгийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Р.О, Э.О, Н.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Р.О, Э.О, Н.О нар нь согтуугаар, бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянцээл төвийн урд гудамжинд байрлах “Шорлог хаус”-ын баруун талын автомашины авто замын хажуугийн туслах зам дээр Ж.Т-ийг зодож, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д-ийн “... Талийгаач Ж.Т нь миний нөхөр юм... Бид дөрвийг гэртээ байж байтал 21 цагийн үед хамт ажиллаж байсан Одонхүү гэдэг залуу манай нөхөр лүү залгаад уулзъя гэсэн байсан. Нөхөр маань “уулзчихаад удахгүй ирье, нэг их оройтохгүй, архи дарс хэрэглэхгүй” гэж хэлээд гэрээс гарсан... Тэгээд 23 цаг өнгөрч байхад гэрийн хаалга хүн тогшоод тайлахад нөхрийн дунд дүү Мөнхбатын эхнэр Энххүслэн байсан... би нөхрийнхөө утас руу залгахад Тэгшээ буюу манай нөхрийн бага дүү “Д эгчээ хурдан Баянцээл дээр хүрээд ир” гэсэн... Сансарын хойд буудлын чигт буюу ертөнцийн зүгээр хойшоо холгүй явтал нэг хүн газар хэвтчихсэн, наад талд нь цагдаа нар зогссон байсан...” /хх 1-н 87-88/,

гэрч Б.Н-ийн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим би найз Алимаатай уулзахаар явж байсан ба Баянцээлийн гудамжинд замын хажуугийн цагдаагийн постны дээхнэ таксинаас буухад нэг залуу гурван залууд зодуулж байсан. Хүмүүс зодолдож байхад нь хажуугаар өнгөрч байхдаа айгаад буцаад доошоо уруудсан. Тэгэхэд зодуулж байгаа залуу нь “миний дүү цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би доод талын цагдаагийн постонд очиход гэрэл нь асаалттай мөртлөө цагдаа нь дотроо байхгүй байсан. Би постны шилийг тогшоод хүн байхгүй болохоор нь буцаад дээшээ найз хүүхэнтэйгээ уулзахаар алхтал нөгөө залууг зодож байсан гурван залуу байхгүй, зодуулж байсан залуу төв замын хажуугийн зам дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би 102-т дуудлага өгсөн. Тэр хавиар явж байсан хүмүүс согтуу хүн байна гэж ойлгогдохоор доошоо хараад хавтэж байсан... Анх намайг харахад хоёр талаас нь нэг нь гарыг нь барьчихсан нэг нь нүүр лүү нь өшиглөж байсан. Тэдгээр залуучууд ямар хувцастай байсныг мэдэхгүй. Бараан өнгийн хувцастай байсан... зодуулж байсан залуу л туслаарай гээд орилоод байсан. Би зодуулж байхыг нь 5-6 метрийн зайнаас харсан...” /хх 1-н 92/,

гэрч Б.Батболдын “... Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Матилда” нэртэй үйлчилгээний төвийн үсчинд ажилладаг. Тэр үед хамт ажилладаг Сүлдээ үүдэнд очиж зогсоод “гадаа нэг юм болоод байна” гэхээр нь сониуч зан хөдлөөд Сүлдээгийн хамт үйлчилгээний төвийнхөө үүдэнд гарсан. Гэтэл манай үйлчилгээний төвөөс 5-10 метрийн зайд гурван залуу нэг залууг доош нь тонгойлгоод дарчихсан, нийлээд өшиглөөд, өвдөглөөд хараалын үг хэлээд цохиж, зодоод, нөгөө залуу нь яаж ч чадахгүй байсан. Тухайн үед миний дургүй хүрээд зодуулж байгаа залууг өмөөрөөд “пизда нар минь болиоч” гэж нэлээд чанга хэлэхэд уг залууг зодож байсан гурван залуу дээшээ буюу ертөнцийн зүгээр хойшоо явган хүний замаар гүйгээд алга болчихсон. Тэгтэл зодуулж байсан залуу газарт унаад, босож ирээд байсан. Зодуулсан залуугийн газрын хажууд туслах зам дээр саарал өнгийн “Тоёота приус 20” загварын автомашин зогссон, дотор талд нь жолооч нь байж харагдсан... Тэгээд Сүлдээ бид хоёр буцаад ажил руугаа орсон... Миний харснаар тэр үед гурван залуу гурвуулаа л адилхан цохиж, зодож байсан. Талийгаач болсон залуугийн урд нь нэг нь, нөгөө хоёр нь хажуу талд нь нэг нэгээрээ гарчихсан, талийгаач залууг доош нь бөхийлгөөд дарчихсан цохиод өшиглөж байсан. Гэхдээ урд талд нь ямар хувцастай хүн байсан, хоёр талд нь ямар хувцастай хүн байсныг санахгүй байна. Би тэр гурван залуугийн хэн нь талийгаач залуугийн яг хаана нь цохиж өшиглөөд байсныг ялгаж хэлж чадахгүй байна... “ /хх 1-н 95-98/

гэрч Г.А-ийн “... Би найз Н-тай уулзахаар тохирсон байсан ба уулзана гэсэн газраа ирэхгүй байсан. 10 гаран минут хүлээгээд Н-ийн байгаа газар явж очсон. Н надад “намайг таксинаас буусан чинь энэ залуу авраач гээд хүнд зодуулж байсан” гэж ярьсан... Намайг очиход хохирогч залуу машины зам дээр дээшээ харсан байдалтай толгой нь 13-ийн автобусны буудлын чигт, баруун урагш харсан, куртикний энгэр нь задгай, хоёр талд нь эрэгтэй, эмэгтэй хүн харчихсан зогсож байсан. Би сувилагч мэргэжилтэй бөгөөд түүний пульсыг нь барьж үзсэн. Тэгэхэд их цаана, муухан мэдрэгдэж байсан...” /хх 1-н 93/,

 гэрч М.Э-ийн “... Би 23 цагийн үед ажил дээрээ хүний үс засаад дуусаад байж байхад гадаа хүмүүс шуугилдах чимээ гарсан. Намайг гарахад 25 орчим насны бараан хувцастай залууг мөн ойролцоо насны гурван залуу доош нь дарчихсан, нэг залуу нь толгой руу нь өшиглөөд бас нэг залуу нь гараараа толгой руу нь цохиж байсан. Зодож байхдаа “алаад хаячихъя энэ пиздаг” гэх зэргээр орилж байсан. Гэтэл манай ажлын газрын залуу Батболд миний араас гарч ирээд “та нар хүн аллаа” гээд орилтол уг гурван залуу хойд зүг рүү чиглээд явган хүний замаар гүйсэн...” /хх 1-н 99/

 гэрч Д.Хулангийн “... Би Э.О-тай 2016 оны 6 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э.О нь Н.О-тай цуг гэрээс гарсан... Тэгээд тэр хоёр 22 цаг өнгөрөөгөөд 23 цагийн орчим Э.О-тэй хамт гурвуулаа орж ирсэн. Би Р.О-ийг өмнө нь таньдаггүй байсан. Гэрт орж ирээд хоол халааж идээд сууж байгаад “Сансарт хоорондоо гудамжинд тоглож яваад Э.О-ыг Н.О, Р.О хоёр түлхээд зөрж явсан хүнийг мөрлөчихсөн. Тэгээд нөгөө хүн нь Э.О-ын ардаас нь зуураад авсан гэсэн. Тэгээд хоорондоо муудалцаад Э.О нэг цохисон гэсэн... Нүүр лүү нь цохисон юм уу, тэгсэн гар маань эвгүй болчихлоо гэж Э.О” ярьж байсан. Н.О тэгээд тэр залууг ардаас нь боосон гэсэн... Тэгээд зугтаагаад ирлээ гэж ярьж байсан... Э.О хөх өнгийн шар эрээн нуруугаараа судалтай куртик, шар өнгийн пүүзтэй, хар өнгийн даавуун жинсэн өмдтэй, малгайгүй явж байсан. Н.О улаан өнгийн пүүз, улаан куртик, хөх өнгийн цайвар өмдтэй, Р.О нь хар өнгийн куртиктэй явж байсан...” /хх 1-н 115-116/,

 шинжээч Т.С-ийн “... Зүрхний гэмтэл дүгнэлтийн 1 дүгээр оношид дурдсан гэмтлүүд нь зүрхний орчимд цээжний зүүн хэсэгт нэг удаагийн хүч үйлчилснээс үүсгэгдэх боломжтой. Хүч бол нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль алинаар үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Зүрх нь өвчүүний ард нугалмын урд хоёр талаараа уушигаар хүрээлэгдэн үнхэлцэгний хөндийд гол судас уушигний артер хөндий биен дээр суурь хэсгээрээ бэхлэгдэж унжсан байдалтай цээжний зүүн хөндийн 3/2 хэсэгт унжсан байдалтай хөдөлгөөнтэй агшиж тэлэгдэж байдаг булчинлаг эрхтэн юм. Талийгаачийн бие дэх эдгээр гэмтлүүд нь нэг ба зүүн уушигны голомтны цус хуралтууд нь зүрх доргилт гэмтэлтэй нэг цаг хугацаанд нэг ба хэдэн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой юм. Үхэлд хүргэсэн хүч нь цээжний урд хэсгээс зүрхний орчимд үйлчилсэн байх боломжтой. Талийгаачийн биед учирсан үхэлд хүргэсэн гэмтлийг авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй... талийгаачийн зүрхний доод хэсэг буюу орой хэсгийн баруун талд доод өрц талын гадна давхаргад 1.0х0.9 см, 1.0х0.8 см хэмжээтэй хүрэн өнгийн цус хуралт, ар гадаргуугаар цөөн тооны цэгчилсэн цус хуралт зэрэг гэмтэл үүссэн байсан. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн өөрөөр хэлбэл хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүрхэнд учирсан үхэлд хүргэсэн гэмтэл нь зүрхний доод талын орой хэсэгт үүссэн учраас цээжний урдаас зүрх аюулхай орчимд хүч үйлчилснээс үүсэх боломжтой юм...” /хх 1-н 138-140/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүрхний орой хэсгийн гадаргуу, үнхэлцэг хальсан дахь цус хуралт, зүрхний баруун ховдлын урд ханын булчин дахь цус хуралт, няцрал, булчингийн ширхэг завсрын цус хуралт, тасархайтал, контрактур, цээжний зүүн ар хэсгийн хавирганы гялтан дахь голомтлог цус хуралт, зүүн уушигны гялтан доорх голомтлог цус хуралт, эдийн няцрал, баруун чамархайн булчин дахь голомтлог цус хуралт, нүүр, баруун, зүүн чих, уруулын салст, их бие, дээд мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, өнгөц шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун чамархайн булчин дахь голомтлог цус хуралт, нүүр, баруун, зүүн чих, уруулын салст, их бие, дээд мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, өнгөц шарх, зулгаралт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, үхэлд нөлөөлөөгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Талийгаач нь зүрх доргилтын улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ...” гэх 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2106 тоот дүгнэлт /хх 1-н 142-144/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “...Э.О-ын хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан гэх хар хөх өнгийн хүрмэнд ханзарсан уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй...” гэх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 62 тоот дүгнэлт /хх 1-н 150/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “...Р.О-ийн хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан гэх хар өнгийн хүрмэнд ханзарсан уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй...” гэх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 61 тоот дүгнэлт /хх 1-н 154/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 16-19/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 21-24/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 33-37/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 63-67, 71-73, 77-79/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 1-н 67, 69, 75, 81/ зэрэг нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Р.О, Э.О, Н.О нарыг хүнийг танхайн сэдэлтээр, бүлэглэж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн “танхайн сэдэлттэй” гэх хүндрүүлэх шинж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид заагаагүй байх ба Р.О, Э.О, Н.О нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад нийцүүлсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсгийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх зааснаар нийцүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

 Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

  Шүүгдэгч Р.О, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч К.Б, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Б нараас “...хохирогчийн үхэлд хүргэх гэмтлийг Р.О учруулсан тул Э.О, Н.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй.

Учир нь: хэрэгт авагдсан гэрч Б.Н-ийн “...Анх намайг харахад хоёр талаас нь нэг нь гарыг нь барьчихсан нэг нь нүүр лүү нь өшиглөж байсан. Тэдгээр залуучууд ямар хувцастай байсныг мэдэхгүй... зодуулж байсан залуу л туслаарай гээд орилоод байсан. Би зодуулж байхыг нь 5-6 метрийн зайнаас харсан...” /хх 1-н 92/, гэрч Б.Б-ын “...манай үйлчилгээний төвөөс 5-10 метрийн зайд гурван залуу нэг залууг доош нь тонгойлгоод дарчихсан, нийлээд өшиглөөд, өвдөглөөд хараалын үг хэлээд цохиж, зодоод, нөгөө залуу нь яаж ч чадахгүй байхаар нь миний дургүй хүрээд зодуулж байгаа залууг өмөөрөөд “пизда нар минь болиоч” гэж нэлээд чанга хэлэхэд уг залууг зодож байсан гурван залуу.. явган хүний замаар гүйгээд алга болчихсон... Миний харснаар тэр үед гурван залуу гурвуулаа л адилхан цохиж, зодож байсан. Талийгаач залуугийн урд нь нэг нь, нөгөө хоёр нь хажуу талд нь нэг нэгээрээ гарчихсан, талийгаач залууг доош нь бөхийлгөөд дарчихсан цохиод өшиглөж байсан...“ /хх 1-н 95-98/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь амь хохирогчийн гарыг барьж, ямар нэг хөдөлгөөн хийж, өөрийгөө хамгаалах боломжгүй болгон цохих, өшиглөх зэргээр үйлдлээрээ нэгдэж талийгаачид үхэлд хүргэх гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр шүүгдэгч Н.О, Э.О нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.