Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 034

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн оршин суугч Шеруши-Сүйндик овогт  М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н хэлтсийн даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11дүгээр сарын 06-ны өдрийн ”Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/25  дугаартай тушаалын Аийг Өлгий сумын байцаагчаар томилсон хэсгийг хүчингүй болгох, Өлгий сумын байцаагчийн  сул орон тоог нийтэд мэдээлэхийг, сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхийг хэлтсийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээд А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбарт:

Миний бие аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдөр анх архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд орж, 11 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд манай байгууллагын орлого, шимтгэл хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Ж.Сайын нь чөлөө авсан учраас тус хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар орлого, шимтгэлийн байцаагчаар түр томилогдсон. Би байцаагч болох хүсэлтээ амаар болон бичгээр хэлтсийн дарга болон хамт олны хурлаар  удаа дарга гаргаж, дэвшүүлэн ажиллуулахыг санал болгоход хэлтсийн дарга “...орлого,шимтгэлийн байцаагчаар ажиллаж байгаа үндсэн ажилтан  нь 11 дүгээр сард ажилдаа эргэж орно, тухайн үед чамайг өөр байцаагчийн ажилд жинхлэн  томилно” гэж намайг орлого, шимтгэлийн байцаагчийн ажилд авсан юм. Би 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрийн жинхэнэ албан тушаалд ороход авах  мэргэшлийн  шалгалт өгснөөс хойш манай аймагт шалгалт явагдаагүй тул төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацааг сунгуулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймагт очиж, шалгалт өгөөд тэнцсэн юм. Хэлтсийн дарга намайг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орлого, шимтгэлийн байцаагчийн ажлаас чөлөөлж, жирэмсний амралт авсан хүний оронд сүлжээ, нэрийн данс хариуцсан байцаагчаар түр авч ажиллуулсан байгаа. Тухайн албан тушаалыг эрхэлж байсан хүний амралтын хугацаа дуусаж ажилдаа орсон тул 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Өлгий сум болон шилжилт хөдөлгөөн хариуцсан байцаагчаар түр ажиллаж байна. Миний бие тус хэлтэст 11 жил ажиллахдаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй, төрийн албаны шалгалтыг хоёр удаа өгсөн учраас өөрийгөө түр ажиллах үндэслэлгүй гэж үзэж, Өлгий сумын байцаагчийн  сул орон тоонд томилохыг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Уг сул орон тоонд Аийг томилсон тушаалыг хүчингүй болгох, сул орон тоог нийтэд мэдээлэх, сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхийг хэлтсийн даргад даалгах нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт: 

М нь 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын хэлтэст “Архив, бичиг хэргийн эрхлэгч”-ийн албан тушаал буюу хөдөлмөрийн гэрээний дагуу төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр  чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн  орлого, шимтгэлийн байцаагчийн  төрийн захиргааны албан тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл түр, энэ өдрөөс сүлжээ, нэрийн данс, тэтгэмжийн байцаагчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж ажилласан. М нь байнгын ажлын байрнаас өөрийнхөө хүсэлтээр дээрх байдлаар чөлөөлөгдөж, төрийн захиргааны албан тушаалыг түр орлон гүйцэтгэж ажиллаж байсан, түүнийг ажлаас халаагүй, яг адилхан төрийн захиргааны албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилон ажиллуулж байгаа. Маргаан бүхий орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасны дагуу тухайн байгууллага дотор ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч Аийг томилсон. 

Бугат сум хариуцсан байцаагчаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч А ийн оронд урьд ажиллаж байсан Н.Жархын нь шүүхийн шийдвэрээр  эгүүлэн тогтоогдсон учраас Аийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу өөр ажилд томилох үүрэг хүлээсэн юм. Төрийн жинхэнэ албан хаагч  Аийн эдлэх хуульд  заасан баталгааг хангаж тухайн байгууллагад гарч буй сул орон тоонд томилон ажиллуулснаар нэхэмжлэгч Мийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. М нь орлого, шимтгэлийн байцаагчийн төрийн захиргааны албан тушаалд түр ажиллахдаа нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албаны тангараг өргөөгүй, түүний нэрийг маргаан бүхий орон тоонд дэвшүүлсэн тогтоол гараагүй байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Ж.Сайын нь тэтгэвэрт гарсан тул түүний оронд М нь түр томилогдон ажиллах болсон, тухайн үед орлого, шимтгэлийн байцаагчийн 2 орон тоотой байсан нь шинэ бүтцээр нэг орон тоо болсноор урьд нь орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөх боломжгүй тул түр ажиллаж байсан Мийг чөлөөлсөн. 

Гуравдагч этгээд Аийн хувьд төрийн албанд удаан жил ажилласан, ажлын дадлага туршлагатай. Үүнээс гадна А, Н.Жархын нарын маргаж байсан албан тушаалын чиг үүрэг хоёрт хуваагдаж Бугат сумын байцаагч болон Өлгий сум, сумдын байцаагч нэртэй ажлын байр болж батлагдсан. Энэ нь өөрөө шүүхээс гарсан шийдвэртэй холбоотой бөгөөд манай хэлтсээс ерөнхий газарт хандсанаар байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж өгсөн. Үүний дагуу Аийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 27.2.3-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаагаар хангаснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу өөр ажилд томилох үүргээ ажил олгогчийн хувьд биелүүлсэн юм. Иймээс тухайн чиг үүргийг урьд гүйцэтгэж байсан, мөн тус байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг харгалзан сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөн томилгоо хийсэн. А нь Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч тул түүнийг маргаан бүхий орон тоонд томилсон нь хуульд нийцсэн юм. Мөн нэхэмжлэгч сул орон тоог нийтэд мэдээлэх, захиалга өгөхийг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагчийн сул орон тооны талаар нийтэд мэдээлэх, захиалга өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй байгаа. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй байж шууд томилохыг  даалгах тухай шаардлага гаргасан нь өөрөө үндэслэлгүй байна. 

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албанд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 2 дахь хэсэгт “...Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг байгууллага нь ажлын байр тус бүрээр гарган, Төрийн албаны зөвлөлөөс  баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-д нийцүүлэн боловсруулсан ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтын хамт энэхүү журмын 1.4-т заасан харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлнэ ...” гэж заажээ. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гарсан сул орон тоог Төрийн албаны тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсэгт зааснаар дээрх байдлаар нөхөх боломжтой байсан. Гуравдагч этгээд Аийн нэрийг дэвшүүлсэн төрийн албаны зөвлөлийн тогтоолыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон ч одоо маргаж байгаа албан тушаал нь өмнөхөөс өөр албан тушаал тул нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон нь зөвхөн тухайн албан тушаалд хамааралтай асуудал гэдгийг хэлмээр байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч М нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нөөцөд бүртгэлтэй эсэх нь өөрөө эргэлзээтэй байна. Иймээс нэхэмжлэгч өөрийн эрх ашгийг хөндөөгүй асуудлаар шүүхэд шаардлага гаргаж байгаа гэж үзэхээр байна. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албанд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 1.4.2 “ ... нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтыг аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл дангаараа ...” явуулна гэж заасан. М нь Ховд аймагт очиж шалгалт өгсөн ба тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс түүнийг Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нөөцөд бүртгэсэн мэт албан бичиг хүргүүлж байгаа ч энэ нь мөн учир дутагдалтай байна. Учир нь төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх асуудал бол Төрийн албаны төв зөвлөлийн эрх хэмжээний асуудал юм. Нэхэмжлэгч М нь төрийн албаны шалгалтад орж тэнцсэн тохиолдолд Ховд аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс энэ талаарх мэдээллийг Төрийн албаны төв зөвлөлд хүргүүлээд төв зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд тухайн иргэнийг нөөцөд бүртгэх эсэхийг “Төрийн албанд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 8 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх ёстой, салбар зөвлөл иргэнийг нөөцөд бүртгэх эрхгүй юм. “Төрийн албанд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ыг зөрчиж өөр аймагт шалгалт өгсөн иргэнийг тус аймгийн салбар зөвлөлийн нөөцөд бүртгэх гэж байгаа асуудлын талаар Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 135 тоот албан бичгийг манай аймаг дахь салбар зөвлөлд ирүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт: 

Мийн нэхэмжлэлтэй, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцээд нөөцөд бүртгэгдэж, нөөцөөс нэр дэвшүүлсэн төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын дагуу Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдон ажиллаж байгаа билээ. Миний хувьд 2013 оноос тус хэлтэст ажиллаж байгаа ба үйлчлэгчийн ажлаас бусад ажил, албан тушаалыг түр хийж байсан юм. 2016 он хүртэл нэг цонхны үйлчилгээний байцаагчаар ажиллаж байгаад Бугат сум болон сум хариуцсан байцаагчийн орон тоонд томилогдож, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Н.Жархын нь шүүхийн шийдвэрээр уг ажилд нь эгүүлэн томилогдсоноор Ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тушаалын дагуу Бугат сум болон сум  хариуцагчийн байцаагчийн орон тоог хоёрт хувааж, Бугат сум хариуцсан байцаагчаар Н.Жархыныг Өлгий сум болон сум хариуцсан байцаагчаар намайг томилсон ба ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тусгах гэсэн ажлыг давхар хариуцаж ирсэн юм. Тэгээд намайг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий орон тоонд томилсон гэж үзэж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4-д тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь эхлээд тухайн байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх эрхтэй, энэ журмаар тухайн сул орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавигдах онцлох шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд гаргах замаар нөхнө, ингэж нөхөх боломжгүй бол шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалт авах журмаар тухайн орон тоог нөхөхөөр зохицуулсан. Томилох эрх бүхий этгээдээс Өлгий сум болон сум хариуцсан байцаагчийн сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нөхөх боломжтой гэж үзэж, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг томилсон юм.

Намайг томилсны дараа нэхэмжлэгч М нь “...би төрийн жинхэнэ албанд заавал ажиллах ёстой, Ховд аймагт очиж төрийн албаны шалгалт өгч ирээд ажиллах болно” гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймаг руу явсан байдаг. Энэ тухай хариуцагч байгууллагын зарим ажилтнууд тухайлбал хэлтсийн дарга гэх мэтийн хүмүүс сайн мэдэж байгаа болно. 

Нэхэмжлэгч М нь хуульд зааснаар уг албан тушаалбн ерөнхий болон тусгай шаардлага, болзолыг хангаагүй мөн төрийн жинхэнэ албанд томилогдоогүй, төрийн жинхэнэ албаны тангараг өргөөгүй  тул төрийн жинхэнэ албанд түр ажиллаж байсан гэсэн утгаараа төрийн жинхэнэ албанд шууд томилогдох эрх эдлэхгүй, хууль эрх зүйн үндэслэл ч байхгүй юм.Тэгээд ч хэрэгт цугларсан нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/27 дугаартай тушаалуудаас үзэхэд нэхэмжлэгч М нь хариуцагч байгууллагын Санхүү бүртгэл, орлого хяналтын тасагт ажиллаж байсан. Харин миний одоогийн ажиллаж байгаа орон тоо тухайн бүтцийн өөр нэгжид хамаарч байна. Тэгэхээр нэхэмжлэгч Мийн эрх зөрчигдөөгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь үндэслэлгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн орон тоог сул орон тоо биш гэж тайлбарлаж байгаа боловч хамгийн сүүлд өнөөдөр гаргаж өгсөн тайлбар нь томилох эрх бүхий албан тушаалтны албан ёсны тайлбар байгаа гэдгийг хэлье. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Бугат сум болон сумдын байцаагчийн орон тооны чиг үүрэг нь хуваагдсан гэж тайлбарласан. Гэтэл түүний тайлбарыг нотлох ямар нэгэн баримт байхгүй байгаа. Хоёрдугаарт, “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/25 дугаартай тушаалын 1 дэх хэсгээр Бугат сум болон сум хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Аийг чөлөөлж, 2 дахь хэсгээр Өлгий сум болон сум хариуцсан байцаагчаар томилсон байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд уг орон тооны чиг үүргийг хуваасан нь харагдахгүй байна. 

Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрээр Н.Жархын гэдэг иргэн эгүүлэн томилогдсон, энэхүү томилгоо хийгдсэний дараа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг үндэслэн Аийг төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангах үүднээс Өлгий сум болон сум хариуцсан байцаагчаар томилсон гэж байна. Гэтэл Аийг ажилд томилсон Б/25 тоот тушаалдаа баримталсан хуулийн зохицуулалт нь дээрх үндэслэлд  тохирохгүй байна. Өөрөө хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг бололцооны дагуу өөр ажлын байртай болгож, баталгаагаар хангасан эсэх нь тогтоогдохгүй байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон хүний оронд ажиллаж байгаа хүнийг ажлаас нь шууд чөлөөлж, хэрэв тухайн хүн Төрийн албаны тухай хуульд заасан болзол, журмыг хангаж байгаа тохиолдолд түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох асуудал яригддаг. Харин хуульд заасан болзол журмыг хангаагүй иргэнийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгааг нь эдлүүлнэ гэж төрийн жинхэнэ албанд шууд томилж байгаа үйлдэл нь хууль бус юм. Гуравдагч этгээд А нь хэдийгээр төрийн албаны шалгалт өгч тэнцээд төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн боловч нөөцөд байх хугацаа нь дууссаны дараа төрийн албанд томилогдсон нь өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй юм. Хариуцагч байгууллагаас сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу Төрийн албаны салбар зөвлөлд сул орон тооны талаарх захиалга хүргүүлэх ёстой байсан. Гэвч уг орон тоог нийтэд зарлаагүй, захиалга хүргүүлээгүйгээр Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг ханаагүй иргэнийг маргаан бүхий орон тоонд томилсон нь хууль бус гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой.  Маргаан бүхий орон тооны чиг үүрэг нь хуваагдсан ч гэсэн уг орон тоог шинээр бий болсон орон тоо гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зохицуулалт гуравдагч этгээд Ад огт хамааралгүй байна. Учир нь А нь мөн хуулийн 40.2-т заасан баталгаагаар хангагдаж, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох бол заавал төрийн албаны шалгалтад орж тэнцсэн байх ёстой. Нэхэмжлэгч Мийн хувьд Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нөөцөд бүртгэх талаар нэхэмжлэгч өөрөө хүсэлтээ гаргасан. Тус салбар зөвлөлөөс түүнийг материалыг татан авч нөөцөд бүртгэсэн талаар албан бичгээр мэдэгдсэн. Нэгэнт нөөцөд бүртгэсэн байвал салбар зөвлөлөөс тогтоол, шийдвэр нь гарсан гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 тоот тушаалын талаар ач холбогдол өгөх ёстой. А/131 тоот тушаалын хавсралтаас үзэхэд, өмнө сум хариуцсан 13 байцаагч байсан бол сүүлд 14 сум хариуцсан байцаагчийн орон тоо батлагдсан байна. 2016 оны Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Н.Жархын нь сум хариуцсан байцаагчаар эгүүлэн томилогдсоны дараа уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан Аийг ажлын байраар хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үүргийг биелүүлэх үүднээс дээд шатны байгууллагад хандаж шинээр орон тоо бий болгох талаар санал уламжилсан байсан. Тэгээд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоог шинээр баталсан ба шинэ бүтцээр сум хариуцсан байцаагчийн орон тоо нэгээр нэмэгдсэн байдаг Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Мийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байцаагчаар түр томилсон. Үүнээс хойш ажил олгогч Мийг тухайн байгууллагаас гарсан түр орон тоонд томилж одоо хүртэл ажиллуулж байгаа. Төсөвт байгууллагуудын төсвийг тухайн жилийн сүүлээр эцсийн байдлаар баталдаг бөгөөд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны төсвийг өнгөрсөн жилийн эцсээр баталсан байх тул ажил олгогч дотооддоо зохицуулалт хийх замаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “... ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу гуравдагч этгээд Аийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Бугат сум болон сум хариуцсан байцаагчийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхэлж Өлгий сум болон сум хариуцсан байцаагчаар томилсон юм. Нөгөө талаар маргаан бүхий орон тоо нь сул орон тоо мөн үү, сул орон тоо бол үүнийг хэрхэн, яаж нөхөх талаар Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан журамд тодорхой зохицуулсан байгаа. Гэвч энэхүү орон тоо нь сул орон тоо биш бөгөөд гуравдагч этгээд Аийн урьд гүйцэтгэж байсан албан тушаалын чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй байгаа. Тэгэхээр Бугат сум хариуцсан байцаагчийн орон тоонд Н.Жархыныг томилж, Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар одоогийн маргаан бүхий орон тоонд авч ажиллуулсан гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргыг сонгох сонгон шалгаруулалтад орж тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Нөөцөд бүртгэх тухай” 34 тоот тогтоолоор төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Харин түүний Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нөөцөд бүртгэгдсэн гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журамд нийцэхгүй байна. Иймд 

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М нь анх тус шүүхэд  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/27 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн дагуу шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ”Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/25  дугаартай тушаалын Аийг Өлгий сумын байцаагчаар томилсон хэсгийг хүчингүй болгох, тус хэлтсийн Өлгий сумын байцаагчийн  сул орон тоог нийтэд мэдээлэх, сул орон тооны захиалгыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэхийг хэлтсийн даргад даалгах, мөн аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд  холбогдуулан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд байгаа гэх үндэслэлээр сумын байцаагчийн уг орон тоонд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Шүүх хуралдааны явцад  аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/27 дугаартай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, салбар зөвлөлд холбогдох маргаан бүхий орон тоонд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн тогтоол гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн             66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй тул 66.3-т зааснаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/27 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М нь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст архивын ажилтнаар ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар тус албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн өдрийн Б/10 дугаартай тушаалаар орлого, шимтгэлийн  байцаагчаар түр томилогджээ.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/03 тушаалаас үзэхэд тус хэлтэст орлого, шимтгэлийн  байцаагчийн орон тоо 2, сумын байцаагчийн орон тоо 13 байсан байна.

Орлого, шимтгэлийн байцаагчийн 2 орон тоонд иргэн Ш.Нургул, Ж.Сайын нарыг томилон ажиллуулсан байх ба  Ж.Сайыныг   2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уг албан тушаалаас түр чөлөөлж, түр чөлөөлсөн хугацаа дууссан  өдрөөс ажилд  нь эгүүлэн томилж, мөн өдрөөс эхлэн ээлжийн амралт олгож, улмаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр  орлого, шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн үйл баримтууд тус хэлтсийн даргын  2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай “Ж.Сайыныг төрийн албанаас түр чөлөөлөх тухай”, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Ажилд авах, ээлжийн амралт олгох тухай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай “Ж.Сайыныг ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудаар тогтоогдож байна.

Орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Ж.Сайын нь ажлаас түр чөлөөлөгдсөн хугацаанд нэхэмжлэгч М уг албан тушаалд хэлтсийн даргын дээрх Б/09 дугаартай тушаалаар түр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар орлого, шимтгэлийн байцаагчийн уг албан тушаалаас чөлөөлөгдөж, жирэмсний болон амаржсаны чөлөө авсан гэх сүлжээ, нэрийн данс, тэтгэмжийн байцаагч А.Жанботагийн  орон тоонд түр томилогдон ажиллажээ.

Хариуцагчаас энэхүү Б/27 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг орлого, шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлөхөд баримталсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” А/131 дугаартай тушаалаас үзэхэд орлого, шимтгэлийн байцаагчийн орон тоо 1, сумын байцаагчийн орон тоо 14 болж батлагдсан буюу орлого, шимтгэлийн байцаагчийн орон тоо өмнөхөөсөө нэгээр цөөрч, сумын байцаагчийн орон тоо нэгээр нэмэгдсэн байна. Тус хэлтсийн өмнөх бүтэц, орон тооны дагуу орлого, шимтгэлийн байцаагчийн  2 орон тооны нэгд нь ажиллаж байсан Ж.Сайын нь дээрх байдлаар  тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд нэгээр цөөрч батлагдсан  орлого, шимтгэлийн байцаагчийн 1 орон тоонд урьд нь тухайн ажлын байранд ажиллаж байсан Ш.Нургулийг үргэлжлүүлэн ажиллуулж, түр ажиллаж байсан нэхэмжлэгчийг орлого, шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 344 дугаартай тогтоолоор  Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулснаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь  Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж өөрчлөгджээ. Ингэснээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар Н хэлтсийнорон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан байх ба уг шийдвэрээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын  2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дугаартай тушаалаар батлагдсан  орлого, шимтгэлийн байцаагчийн  орон тоог 1, сумын байцаагчийн орон тоог 14 байхаар шийдвэрлэсэн нь хэвээр батлагджээ. 

Сумын байцаагчийн орон тоог 14 болгож баталсан энэхүү шийдвэрүүдийг өмнөх бүтэц, орон тоог баталсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаартай тушаалтай харьцуулж үзэхэд сумын байцаагчийн орон тоо  дээрх байдлаар нэгээр нэмэгдсэнийг шинээр орон тоо бий болсон гэж үзэх ба энэ тохиолдолд уг ажлын байр сул орон тоонд хамаарна. 

Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар батлагдсан сумын байцаагчийн 13 орон тоог ажил олгогчоос  Алтай сум, Алтанцөгц сум, Бугат сум, Булган сум, Баяннуур сум, Буянт сум, Толбо сум, Сагсай сум, Улаанхус сум, Цэнгэл сум, Ногооннуур сум, Дэлүүн сум, Цагааннуур тосгон тус бүрт 1 орон тоогоор ажиллуулахаар хуваарилаж байсан бол шинэ бүтцээр нэгээр нэмэгдсэн сумын байцаагчийн орон тоог Өлгий суманд ажиллуулахаар хуваарилж , уг орон тоонд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр гуравдагч этгээд Аийг томилжээ.

Өлгий сумын байцаагчийн ажлын байр нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д  зааснаар ажил олгогчоос уг сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Түүнчлэн уг сул орон тоог хуулийн 17.1-д зааснаар эхний ээлжид тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас ...сонгон шалгаруулах замаар нөхөх бөгөөд хариуцагчаас гуравдагч этгээд Аийг энэхүү журмаар томилж,  сул орон тоог нөхсөн гэх тайлбар нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд А нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын  2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай тушаалаар Бугат сумын шимтгэл хариуцсан болон нэг цонхны үйлчилгээний байцаагчаар  түр хугацаагаар, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн б/18 дугаартай тушаалаар  архивын ажилтнаар түр хугацаагаар, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаартай тушаалаар  нэг цонхны үйлчилгээний байцаагчаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж чөлөөлөгдсөн,  мөн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчаар томилогдон ажиллаж байгаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0198 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 216 дугаартай тогтоолоор уг албан тушаалд хууль бусаар томилогдсон нь тогтоогджээ. Улмаар Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчаар урьд ажиллаж байсан иргэн Н.Жархыныг уг албан тушаалд эгүүлэн тогтоосноор гуравдагч этгээд А нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байжээ.

Түүнчлэн шүүхийн дээрх шийдвэрүүдээр гуравдагч этгээд А нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байх боловч холбогдох журамд заасны дагуу нөөцөд бүртгэлтэй байх 2 жилийн хугацаа өнгөрсний дараа түүнийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны  өдөр Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчаар томилуулахаар салбар зөвлөлөөс  27 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн, уг албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр томилогдсон зэрэг үйл баримтууд нь хууль бус болох нь мөн тогтоогдож, Аийг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн уг 27 дугаартай тогтоолын холбогдох хэсэг хүчингүй болсон байна. 

Гуравдагч этгээд А нь төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй байх хугацаа дууссанаар Төрийн албаны тухай хуулийн 17.4-т заасан ...нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн биш байгаагаас гадна түүнийг хуулийн 17.1-д заасан тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхээргүй байна.

Учир нь, төрийн жинхэнэ албан хаагч гэж хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол улсын иргэнийг  хэлэх бөгөөд хуулийн 17.1-д заасан тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч нь  төрийн жинхэнэ албаны тухайн албан тушаалд хууль ёсны дагуу томилогдон байнга ажиллаж байгаа, ингэснээр төрийн жинхэнэ албан тушаалын өөр сул ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж ажиллах болсон үндэслэлээр өмнөх төрийн жинхэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон албан хаагчийг ойлгох тул  хууль бусаар томилогдон ажиллаж байгаад энэ үндэслэлээр тухайн төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдөж байгаа ажилтныг хуулийн 17.1-д заасан тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй юм.

Хариуцагч талаас маргаан бүхий албан тушаалд гуравдагч этгээд Аийг томилсон өөр үндэслэлээ  Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчийн албан тушаалаас шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөгдсөнөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу өөр ажлын байраар хангах үүргийг хүлээсэн, мөн Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаагаар хангасан гэх тайлбар нь мөн үндэслэлгүй байна.  

Шинээр орон тоо нэмэгдэхэд тухайн ажлын байранд төрийн албан хаагч  томилогдон ажиллаагүй байдаг тул шинэ орон  тоо нэмэгдсэн тохиолдол нь  Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан ...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан, ажлын байрны орон тоо цөөрсөн  гэх үндэслэлд хамаарахгүйгээс гадна  ажил олгогч  хуулийн 27.2.3-т заасан баталгаагаар хангах үүргийг хуульд заасан журмын дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн өмнө хуулийн 27.2.3-т заасан үндэслэл үүссэн тохиолдолд хүлээнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд хамааралтай буюу төрийн жинхэнэ албан тушаалыг нөхөх харилцаанд хамаарахгүй юм.

Түүнчлэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчийн албан тушаалд урьд ажиллаж байсан иргэн Н.Жархыны тухайн албан тушаалд ажиллах  эрх зөрчигдсөнөөр шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосныг гуравдагч этгээд А нь анхнаасаа уг албан тушаалд томилогдох ёсгүй байсан гэж ойлгоно. 

Иймд энэ талаарх хариуцагч талын маргаан үндэслэлгүй байна.

Төрийн жинхэнэ албаны сул орон тоог хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй тохиолдолд 17.4-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах, энэ журмаар нөхөх боломжгүй бол хуулийн 17.3-т зааснаар ...төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, уг сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх бөгөөд эдгээр үйл ажиллагааг  17.15-д зааснаар төрийн албаны төв байгууллага зохицуулан зохион байгуулна заасан.

Хуулийн 17.8-д ...төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтоохоор заасан ба Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын”  Тавын 5.1-д томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг үндэслэн нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай  захиалгаа энэхүү журмын 1.4-т заасан харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд ирүүлнэ гэж,  2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын Хоёрын 2.1-д томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т зааснаар нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг байгууллага нь ажлын байр тус бүрээр гарган, Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах  тусгай шаардлага”-д  нийцүүлэн боловсруулсан ажлын байрны тодорхойлолтын хамт  энэ журмын 1.4-т заасан харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлнэ гэж заасан.

Мөн төрийн байгууллагын ирүүлсэн захиалгын үндсэн дээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх үйл ажиллагааг салбар зөвлөл зохицуулан зохион байгуулахаар журмын  Зургаагийн 6.1-д заасан.

Энэ үүргийн хүрээнд салбар зөвлөл нь журмын 6.2-т зааснаар нөөцийн сангаас нэр дэвшүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд салбар зөвлөлөөс тухайн төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар журамд заасны дагуу иргэний нэрийг дэвшүүлэх тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар ...мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргаж баталгаажуулах үүрэгтэй юм.

Дээрх байдлаар хариуцагчаас маргаан бүхий сул ажлын байрны талаар нийтэд үл мэдээлсэн, сул орон тооны захиалгыг салбар зөвлөлд хүргүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, мөн 17.8-д заасны дагуу батлагдсан  “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  Тавын 5.1-д заасныг тус тус зөрчсөн, улмаар салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөөс нөхөх ажиллагаа хийгээгүй, иргэнийг томилуулахаар нэр дэвшүүлээгүй байхад төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх хуульд заасан журмыг зөрчиж нөөцөд байхгүй гуравдагч этгээд Аийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар уг орон тоонд шууд томилсон нь хууль бус бөгөөд энэ нь  дараах байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.

Өлгий сумын байцаагчийн албан тушаал нь ТЗ-З зэрэглэлийн туслах түшмэлийн ангиллын албан тушаал байх ба нэхэмжлэгч М нь одоогоор Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын буюу удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад оролцож тэнцэн Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн буюу бусад салбар зөвлөлийн нөөцөд бүртгэлтэй байна.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 32-т зааснаар тухайн удирдах албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах  тухай шийдвэрийг Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл гаргахаар заасан тул Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийг нөөцөд бүртгэсэн шийдвэр гаргасан нь буруу гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан журмын уг заалттай нийцээгүй байна. Түүнчлэн уг журмын 41-д зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэхэмжлэгч Мийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгсөнд тооцохоор байна.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгчийг өөр орон нутагт зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад оролцож, нөөцөд бүртгүүлсэн  нь холбогдох журмыг зөрчсөн, энэ нь Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 135 дугаар албан бичгээр нотлогдож байгаа гэж маргааныг дараах байдлаар дүгнэлээ.

 “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын   6, 7 -д төрийн жинхэнэ албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ, Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангасан Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад орно, ...Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтад орохгүй гэж, 25-д  энэ журмын 24-д заасан материалыг дутуу бүрдүүлсэн, Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй тохиолдолд иргэнийг бүртгэхгүй гэж зааснаас үзэхэд сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь тухайн нутаг дэвсгэрт оршин суух бүртгэлтэй байх шаардлага тавигдаагүй байна.

Харин “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын Зургаагийн 6.3-т мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн, тухайн орон нутагт оршин суух бүртгэлтэй иргэнийг бүртгэнэ гэж заасан байх ба уг журам нь Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулж авах харилцаанд хамааралтай байна. 

Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд иргэнийг өрсөлдүүлэн сонгон шалгаруулах ажиллагааг Төрийн албаны төв салбар зөвлөл зохион байгуулах бөгөөд өөр орон нутагт зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад тухайн газарт оршин суух бүртгэлгүй иргэнийг бүртгэж, сонгон шалгаруулалтад оролцуулсан явдалд иргэн буруугүй ба нэхэмжлэгчийг дээрх байдлаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны  34 дүгээр тогтоол хүчингүй болоогүй байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 135 дугаартай Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн даргад хаяглагдсан “Хууль тогтоомж хэрэгжүүлэх тухай” албан бичиг нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн орон нутгийн харьяалалгүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны болон төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгэж оруулахгүй байх агуулгатай байх тул нэхэмжлэгчийг бусад салбар зөвлөлийн нөөцөд байгаа гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд хариуцагч талын энэ талаарх маргаан нь мөн үндэслэлгүй байна.

Журмын 6.5-т зааснаар тухайн салбар зөвлөл нь өөрийн нөөцийн сангаас нэр дэвшүүлэх боломжгүй бол Төрийн албаны зөвлөлийн болон бусад салбар зөвлөлийн нөөцөөс нэр дэвшигчийг сонгож болохоор байгаа ба энэ журмаар нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй хуульд заасан шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, ...сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэхээр зохицуулагдсан.

Иймд нэхэмжлэгч М нь Монгол Улсын иргэний хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй бөгөөд салбар зөвлөлөөс өөрийн нөөцөд нэр дэвшүүлэх боломжгүй гэж үзвэл бусад салбар зөвлөлийн нөөцөөс  сонгох боломжтой, түүнчлэн энэ журмаар нөхөх боломжгүй үзвэл мэргэшлийн шалгалт авч иргэдийг өрсөлдүүлэх журмаар сонгон шалгаруулах байтал нөөцөд  байхгүй гуравдагч этгээдийг маргаан бүхий төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрх, маргаан бүхий албан тушаалд тавигдах шаардлагыг хангах тохиолдолд нөөцөөс нөхөх сонгон шалгаруулалтад оролцох, нөөцөөс нөхөх боломжгүй бол мэргэшлийн шалгалтад орж өрсөлдөх эрх тус тус зөрчигдсөн гэж үзлээ.

Иймд маргаан бүхий захиргааны актын Аийг Өлгий сумын байцаагчаар томилсон хэсгийг хүчингүй болгож, сумын нийгмийн даатгалын уг сул орон тоог нийтэд мэдээлэх, сул орон тоог нөхөх захиалгыг салбар зөвлөлд хүргүүлэхийг томилох эрх бүхий этгээд болох тус хэлтсийн  даргад даалгаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд А нь Монгол улсын иргэний хувьд хуульд зааснаар мөн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй бөгөөд, маргаан бүхий албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангах тохиолдолд хэрэв салбар зөвлөлөөс  нөөцөөс нөхөх боломжгүй гэж үзэж мэргэшлийн шалгалт зохион байгуулах нөхцөлд тухайн сонгон шалгаруулалтад оролцож  өрсөлдөх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М нь “Н хэлтсийндаргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/27 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.5, 17.8-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н хэлтсийндаргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/25 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/25  дугаартай тушаалын Аийг Өлгий сумын байцаагчаар томилсон хэсгийг хүчингүй болгож, тус хэлтсийн Өлгий сумын байцаагчийн  сул орон тоог нийтэд мэдээлэхийг, уг сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхийг Н хэлтсийндаргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

              

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.РИЗА