Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 913

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        05          15                                         2020/ШЦТ/913

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Э.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Э.ы Г.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 01430 1027 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 3 хүүхдийн  оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Э.ы Г..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г. нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 27 тоотод байрлах өөрийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О.тай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар Б.О.ын нүүрэн тус газарт гараараа цохиж, хоёр гарын бугалга орчмыг базах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрт 19-20 цагийн үед таньдаг хүн Тулга ирээд бид 3 пиво ууцгаасан. Тулга ч явсан, би нэлээн их уусан болохоор юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь нөхөр миний нүүрэн дээр алгадаад байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Нөхөр Э.Г. нь 2 жилийн өмнө миний биед гар хүрч байсан. Өөрөөр зодож цохиж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- Б.О.ын хохирогчоор дахин өгсөн: “Тухайн үед би Э.Г., дүү Биндэръяа нартай хөзөр тоглоод сууж байхдаа тэр хоёрт хожигдоод байсан. Намайг дүү Биндэръяатай маргалдсан шалтгаанаар Э.Г. миний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиод, хоёр гарнаас базаж гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3251 тоот: “Б.О.ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, тохой, шуунд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,

- Э.Г.ийн яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхнэр, хүүхдүүд болон эхнэрийн эгчийн хүүхэд Биндэръяа нартай гэртээ байсан. Тэгсэн миний эхнэр Б.О.ын хамаатны ах Тулга 14-15 цагийн хооронд манайд ирсэн. Эхнэр, ах Тулгаа бид гурав манай гэрт байсан 2 литрийн 2 ширхэг Боргио пивыг хувааж уусан. Бид пиво уух үедээ хөзөр тоглож байсан. Хөзөр тоглоод сууж байгаад мөрийнд нь буюу хожигдсон нь тэрэндээ бухимдаад уурлаж байсан ба эхнэр бид хоёр хөзрөөсөө болж маргалдсан. Энэ үед бидний пиво дуусаад Тулгаа ах манайхаас явсан. Удалгүй Биндэръяа явсан. Энэ үед цаг 17:00 цаг өнгөрч байсан. Эхнэр бид хоёр хөзөрнөөс болж маргалдсан. Маргаан дуусаагүй маргалдаж байгаад би эхнэр буйдан дээр сууж байхад Б.О.ын хоёр гарнаас татахад газар хоёр гараа түшээд унасан. Тэгээд Б.О. босоод ирэхэд нь нүүрний баруун тал руу нь нэг удаа алгадсан. Тэр явдал даамжраад бөөн хэрүүл маргаан болоод дуусах шинжгүй байхаар нь гэрээс гарч машиндаа орж унтсан. Нэг сэрээд харсан чинь цагдаа нар ирчихсэн байсан ба намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 639 дугаартай шийтгэвэр /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Э.Г. нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 27 тоотод байрлах өөрийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.О.тай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар Б.О.ын нүүрэн тус газарт гараараа цохиж, хоёр гарын бугалга орчмыг базах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.О.ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3251 тоот дүгнэлт, Э.Г.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Г.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Г.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Б.О. хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Г.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт Э.ы Г.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА