| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0893/Э |
| Дугаар | 914 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 914
2020 05 15 2020/ШЦТ/914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Я.Сансар,
хохирогч Л.Б.,
шүүгдэгч Э.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт Э.ы А.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1108 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, С. овогт Э.ы А..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А. нь 2020 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Дөлийн 3-4 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Б.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б. мэдүүлэхдээ: “ Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Л.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би эхнэртэйгээ маргалдаад төрсөн ах Баттөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд очсон бөгөөд тэндээ хонох гэж байсан. Тэгтэл шөнийн 01:00 цагийн орчимд манай эхнэр Д.А. надад хэлэлгүйгээр манай ахны гэрт хүрээд ирсэн, ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд бид хоёр хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгтэл манай эхнэр өмнө нь уурладаг байснаараа дахин над руу уурлаад миний нүүр, цээж, гар, хөл гэх мэт газруудыг 5-6 удаа хумсаараа маажсан. Ингээд маажсан газруудад нь цус шүүрсэн тул би цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5079 тоот: “Л.Б.н биед чихэнд шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зовхи, эрүү, хацар, чамархай, хүзүү, дал, эгэм, бугалга, шуу, бүсэлхий, хэвлий, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,
- Гэрч Г.Ариунзаяагийн өгсөн: “Д.А. архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай амнаас нь үнэртэж байсан. Ингээд Д.А. хүүхдээ авч явна гэж хэлсэн бөгөөд газар унтаж байсан Л.Б. дээр очоод хөнжлийг нь хуу татсан. Тэгснээ гартаа барьж байсан 2 ширхэг аягыг Л.Б. руу шидсэн. Энэ үед Л.Б. чимээгүй бай гэж Д.А.ийг тайвшруулж байсан. Учир нь манайх нийтийн байрны зориулалтын байшин бөгөөд 2 талд айл байдаг, дуу чимээ маш ихээр сонсогддог. Ингээд Л.Б. Д.А.ийг тайвшруулж байсан. Учир нь манай нийтийн байрны зориулалтын байшин бөгөөд 2 талд байдаг дуу чимээ маш ихээр сонсогддог. Ингээд Л.Б. Д.А.ийг барьж аван газарт хэвтүүлээд аман дээр нь дарж “чимээгүй болооч, айлд байж хажуу талын хүмүүс амарч байна” гэж хэлтэл Д.А. би босмоор байна гэж Л.Б.н доороос маажиж, ноцолдож эхэлсэн. Миний харснаар Л.Б. эхнэрээ зодож цохиогүй, чимээгүй болгохоор газар унаган дээрээс нь дарж хэвтэж байсан. Д.А. нөхрөө маажсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.А. нь 2020 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Дөлийн 3-4 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Б.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.А.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.А. нь 2020 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Дөлийн 3-4 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Б.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Б., гэрч Г.Ариунзаяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5079 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Л.Б. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.А.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С. овогт Э.ы А.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А.т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА