Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 963

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         05          22                                        2020/ШЦТ/963

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Э.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт Э.ын М.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 06478 0459 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1998 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, , Т. овогт Э.ын М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М. нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Намар” зочид буудалд иргэн Х.М.ийн эзэмшлийн гар утас, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.085.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Х.М.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 09:00 цагийн үед “Андын зам констракшн” ХХК-ийн захирал Лхагвасүрэнгээс бэлнээр 1.330.000 төгрөгийн 22 хоногийн цалин авсан. Тэгээд орой 22:00 цагийн үед найз нартайгаа Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” баранд байж байсан чинь Нарнай 80104331 дугаараас залгаад “би нэгдүгээр хороололд явж байна” гэж хэлэхээр нь над руу хүрээд ир гэж хэлээд бид хоёр Зуун айлын автобусны буудал дээр уулзаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Намар” нэртэй зочид буудлын 4 давхрын 401 тоот 1 өрөөнд хамт орсон. Буудлын төлбөр тооцоог би хийсэн. Улмаар бид хоёр 2 шил “Алтан говь” нэртэй пиво, “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи хувааж ууж байгаад талд нь оруулаад больсон. Улмаар би 03:00 цагийн үед унтсан. Тэгээд өглөө 07:00 цагийн үед сэрсэн чинь Нарнай байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би цэнхэр өнгийн хар g-class гэртэй, шилэн наалттай, Самсунг А-50 маркийн гар утас. Тухайн гар утсаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мобикомын салбараас лизингээр 840.000 төгрөгөөр авч байсан. Имэй кодыг нь мэдэхгүй. Мөн миний хүрэмний баруун дотор талын халаасанд байсан 1.450.000 төгрөгийг хулгайлж авсан байсан. Надад 1.330.000 төгрөгийн цалин буусан ба 170.000 төгрөг байсан. Нийт 1.500.000 төгрөг болж байх ба яг хэдэн төгрөг хэрэглээндээ зарцуулснаа мэдэхгүй байна. Нарнай гэх эмэгтэй 2 жилийн өмнө танилцаж байсан ба уг хугацаанд уулздаг байсан. Бид хоёр урьд өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Нарнайн утасны дугаар, гэрийн хаягийг мэдэхгүй байна. Өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

- “Дамно” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 11/,

- Э.М.гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 29-ний орой 00 цагийн үед найз залуу болох Отгонбаатартай маргалдаж, улмаар Отгонбаярын найз болох Цэкүгийн гэрээс гараад явсан. Би тухайн үед 80015502 дугаараас Бекийн 95170001 дугаар луу залгаад найз залуутайгаа хэрэлдчихээд хонох газаргүй байна гэсэн чинь Бек би Сансарын ойролцоо байна, буудалд оруулаад өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд явж очоод Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намар” нэртэй зочид буудалд орсон. Тэгээд Бек архи, пиво авах гэж гарч явчихаад 10 минутын дараа архи авч орж ирсэн. Бид хоёр тухайн архиа хуваагаад ууж байсан чинь Бек унтсан. Тэгэхээр нь би зузаан цамцных нь халааснаас 1.200.000 төгрөг, гар утсыг нь аваад явсан. Би гар утсыг нь авч гараад 2-3 хоногийн дараа биедээ авч явж байгаад алга болгосон. Тухайн гар утас нь Самсунг А-50 маркийн цэнхэр өнгийн гэртэй байсан. Дахиж олоогүй бөгөөд 1.200.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би анх Бектэй 2018 оны зун Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг пабын гадна талд сууж байгаад танилцаж байсан ба түүнээс хойш ер нь холбоотой байсан. Би Бектэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би хохирол мөнгийг нь ажил хийж байгаад төлж барагдуулна. Өчигдөр Уранбилэг гэх найздаа зодуулж, нүүрэндээ гэмтэл авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Э.М. нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Намар” зочид буудалд иргэн Х.М.ийн эзэмшлийн гар утас, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.085.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.М.ийн мэдүүлэг, Э.М.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.М.г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.М.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Х.М.т 2.085.600 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.М.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Э.М. нь  9 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялаас хасч, оногдуулах ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 9 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т. овогт Э.ын М.г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М.д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.М.гийн урьд цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялаас хасч, оногдуулах ялыг нийт 228 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА