Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 964

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        05          22                                         2020/ШЦТ/964

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Ж.Ц., түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ж.гийн Ц.эд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2041 00021 1141 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1970 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Нью могул проперти” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Ж.гийн Ц..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц. нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байрны 30 тоотод үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16/,

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 18-19/,

- Гэрч А.Энх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би хамтран амьдрагч Ж.Ц.тэй маргалдаад сүүлийн 20 гаруй хоног гэртээ очоогүй юм. Өчигдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 22:00 цаг болж байхад хамтран амьдрагч Ж.Ц.ийн хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулж буй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 83 дугаар байрны 30 тоотод мөнгө авах гээд очоод байж байтал гаднаас цагдаагийн алба хаагчид орж ирсэн. Намайг ороход 10 гаруй хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Гэрч Д.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэр тоглоомын газрын Дэжээ эгч зохион байгуулсан. Дэжээ эгч дуудахаар нь би 21:00 цаг өнгөрч байхад тэдний очсон. Тэнд очиход 20 гаруй хүн байсан. Наад талын өрөөнд хүмүүс 13 модны покер тоглож байсан. Цаад талын өрөөнд 5-6 хүн покер гэх тоглоом тоглож байсан байх. Би тэр өрөөнд ерөөсөө ороогүй. Дууг нь сонсоход жетоны дуу сонсогдож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тус тоот хаягт Шижирболд гэх найзын хамт очсон. Тус тоглоом 300.000 төгрөгийн бооцоотой зохион байгуулагдсан. Намайг 20:00 цагийн үед очиход 20 гаруй хүн байсан. Би мөрийтэй тоглох 300.000 төгрөгөө Дэжээ буюу Ц. эгчийн данс руу хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34/,

- Гэрч М.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би энд 20 минутын өмнө орж ирсэн. Энд тоглоом болж байгаа гэхээр нь 1 ширхэг жетоноор 10 ширхэгтэй маск зарах гээд тоглоом болж байгаа хүмүүс дээр орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

-  Гэрч Б.Пэрэнлэйдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энэ хууль бус мөрийтэй тоглоомыг Дэжээ гэх эгч зохион байгуулж байсан. Бүтэн нэрийг нь Ц. гэдэг. Дэжээ эгчтэй холбогдож ирсэн. Би энд ганцаараа 20:00 цагийн үед ирсэн. Би өөрөө 300.000 төгрөгөөр тоглож байсан. Ул нь 300.000 төгрөгийн тоглоом юм. Хажуу талын өрөөнд 8-9 хүнтэй тоглож байсан. Дэжээ эгчийн Хаан банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- Гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20:00 цагийн орчимд уг байрны 30 тоотод мөрийтэй покер тоглоом зохион байгуулж байгааг сонсоод ирж тоглож байсан юм. Ц. гээд уг тоглоомыг зохион байгуулж байсан эмэгтэй миний гар утсанд залгаж намайг дуудсан юм. Би мөрийнд 1.000.000 төгрөг тавин тоглож, уг мөнгөө Ц.ийн Хаан банкны 5039340130 дугаартай дансанд шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

- Гэрч Д.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тус тоотод зохион байгуулагдаж байсан мөрийтэй тоглоомын газарт Дэжээ эгчтэй 88117175 утсаар холбогдож ирсэн. Намайг орж ирэхэд хүмүүс хөзөр тоглож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

- Гэрч Б.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 83 дугаар байрны 30 тоотод мөрийтэй тоглохоор 20:00 цагийн үед ирсэн. Тухайн үед уг газарт 20 гаруй хүн байсан. Тус тоглоомын газрыг Дэжээ гэх хүн зохион байгуулан ажиллуулдаг. Энэ тоглоомын газар 300.000 төгрөгийн ултай тоглоом.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/,

- Гэрч Л.Шижирболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тус тоглоомын газар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 22:00 цагийн үед Ганзориг гэх залуутай 91000608 гэсэн дугаараар холбогдож ирсэн. Миний ирсэн тоглоомын газрыг Дэжээ гэдэг хүн зохион байгуулдаг. Тус газарт 300.000 төгрөгөөр бооцоотой тоглосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

- Гэрч Г.Бат-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би энэ тоглоомын газарт сонирхлоороо тоглох гэж ирсэн. Дэжээ эгч намайг дуудсан. Дэжээ эгч зохион байгуулж байсан. Би энэ тоглоомын газарт 300.000 төгрөгөөр тоглож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

- Гэрч С.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тус тоотод мөрийтэй тоглохоор ирсэн. Тус тоглоомын газарт 300.000 төгрөгөөр тоглосон. Бэлнээр өгөөгүй. Дэжээ эгчид өөрийн Хаан банкны картаа өгсөн. Намайг энд ирэхэд 8-9 хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

- Гэрч Т.Мандармаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ганзориг гэх залуу над руу 91000608 гэсэн дугаараас залгаад “Өнөөдөр ажилтай, хүрээд ирэх үү?” гэсэн. Тэгээд би ирсэн. Намайг тогоочоор 13 тоглох хүмүүсийн хоол хийлгэхээр дуудсан. Намайг тус тоотод ирэхэд 10 гаруй хүн байсан. Тус байсан хүмүүс хөзөр тоглож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/,

- Гэрч Л.Эрдэнэтогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 83 дугаар байрны 30 тоотод анх удаа л мөрийтэй тоглоом зохион байгуулж байна. Харин урд нь хаана тоглоом зохион байгуулж байсанг мэдэхгүй байна. Би энэ байранд анх удаа л ирж, ажиллаж байна. Ажилласан цалин хөлсийг тухай бүр л өгнө гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд 50.000 төгрөг авахаар болоод ажилласан. Гаднаас ус ундаа, бусад зүйлс захих үед би гаднаас авч дотогш оруулж өгдөг ажил хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,  

- Гэрч С.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн байрыг түрээслэж авсаны маргааш Ц. эгч “Эгчдээ түрээслэсэн байраа 1 өдөр суллаад өгөөч” гэхээр  нь би орох болоогүй болохоор зөвшөөрсөн. Тухайн өдөр би юу хийх гэж байгааг нь мэдээгүй болохоор асуудалгүй байх, ганцхан өдөр юм чинь гэж бодоод түлхүүрээ өгсөн. Тэгтэл 1-2 хоногийн дараа миний түрээслэсэн байранд Ц. эгч мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаад цагдаа нарт баригдсан гэдгийг нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

- Ж.Ц.ийн яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрөл садангийн дүү Золбоогийн түрээслэсэн гэх Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байрны 30 тоот байрыг нь нэг өдөр хэрэглүүлчих гэж гуйж, өмнө нь хамт тоглодог байсан хүмүүсийг дуудаж, мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө олохоор болсон. Тухайн мөрийтэй тоглоом тоглох газрыг би ганцаараа тохижуулж бэлтгэсэн. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн үед шиг санагдаж байна, мөрийтэй тоглох хүмүүсийг олохоор өөрийнхөө 99520008 дугаарын утсаараа өмнө нь  хамт хөзөр тоглодог байсан хэсэг таних хүмүүс рүүгээ залгаж хэлэхэд зарим нь ирсэн. Тухайн үед ойролцоогоор 20 орчим хүн ирсэн. Эдгээрээс 7-8 хүн ширээ, хясаа зэргийг бэлтгэж тавьсан өрөөнд орж, 22:00 цагийн үед тоглохоор болж мөрий болох 300.000 төгрөгийг миний данс руу хийж, хясаа байршуулан, ширээ тойрон сууж покер гэх тоглоом тоглох болсон Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 1-15 тоот байрыг сарын 1.500.000 төгрөгөөр түрээслэн амьдардаг бөгөөд сар бүрийн 15-ны өдөр түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болж аргагүйн эрхэнд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө олохоор болсон. Түүнийг зохион байгуулснаар тоглогч нар мөрий тавьж, хожсон хүн нь мөрийнд тавьсан бүх мөнгөө авах бөгөөд тэр мөнгөний 5 хувийг нь авахаар тохирсон байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Ц. нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байрны 30 тоотод үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ж.Ц.эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Ж.Ц. нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байрны 30 тоотод үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь гэрч А.Энх-Эрдэнэ, Д.Эрдэнэбилэг, Б.Ганзориг, М.Нямдорж, Б.Пэрэнлэйдорж, Б.Анхбаяр, Д.Эрдэнэбилэг, Б.Золбаяр, Л.Шижирболд, Г.Бат-Өлзий, С.Цэнд-Аюуш, Т.Мандармаа, Л.Эрдэнэтогтох, С.Золбоо нарын мэдүүлэг, Ж.Ц.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Ц.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Ж.Ц.эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар “Poker Stars” гэсэн бичиглэл бүхий улаан хүрэн өнгийн хулдаасан хөзөр 44 ширхэг, “Poker Stars” гэсэн бичиглэл бүхий улаан хүрэн өнгийн хулдаасан хөзөр 52 ширхэг, “Poker Stars” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн хулдаасан хөзөр 52 ширхэг, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан жетон буюу хясаа 775 ширхэг хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Ж.гийн Ц.ийг үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц.эд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ц.эд оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ц. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Poker Stars” гэсэн бичиглэл бүхий улаан хүрэн өнгийн хулдаасан хөзөр 44 ширхэг, “Poker Stars” гэсэн бичиглэл бүхий улаан хүрэн өнгийн хулдаасан хөзөр 52 ширхэг, “Poker Stars” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн хулдаасан хөзөр 52 ширхэг, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан жетон буюу хясаа 775 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА