| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0047/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/47 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/47
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000430038 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Э.Г нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...аймгийн .... суманд төрсөн ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... хамт ........ хороо, .......... хэсэгт оршин суух .... Э.Г /РД:...../.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч Э.Г нь ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн 10 цагийн үед .... дүүргийн .... дүгээр хороо, ....... хэсэгт орших Б.Б-ын гэрт түүнтэй урьд үүссэн өр авлага буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар гэрт нь байсан заазуураар хохирогч Б.Б-ын зүүн гарын бугалга орчмыг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс Э.Г-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч Э.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би .... оны ... дугаар сарын ....-ны өглөө ... цаг өнгөрч байхад гэрээсээ гарч Н ахынх руу очих замдаа Б.Б ахын гэрээр орсон юм. Б.Б ахын бэр Х гэх эмэгтэй эхнэр бид хоёроос 14 сая төгрөг аваад Солонгос улс руу гарчихсан юм. Би уг мөнгөний талаар ярих гэж Б.Б ахынд очсон юм. Намайг ороход Б.Б ах үүднийхээ гэрт толгой хуйхлаад сууж байсан ба цаашаа хойд гэр лүү нь ороход С эгч надад цай аягалж өгсөн. С эгч намайг хаа хүрэх нь вээ гэж асуухаар нь би нөгөө мөнгөө асууж явна, хүүхдүүд чинь хэзээ ирэх вэ гэхэд С эгч манай хүүхдүүд мөнгөнөөс болоод тангараг тасарчихаад байгаа, манайхаар ирэхгүй гэж хэлсэн. Тэгэж байтал Б.Б ах гаднаас гартаа хутга барьчихсан орж ирээд манай гэрээс зайл, би чамайг ална гээд над руу дайрсан. Би тэдний гэрийг тойрч гүйж байхдаа ер нь би эд нарт мөнгөө алдчихаад бас алуулах гээд явж байдаг зөв ч юм уу, буруу ч юм уу гэж бодогдоод айх, уурлах хоёр давхцаж тэдний гэрийн шүүгээнээс заазуур шүүрч аваад Балжид ахтай ноцолдсон. Тэгээд ноцолдож байгаад гэрээс нь гарах үед Б.Б ах миний хүзүү, нуруу, зүүн гарын бугалга хэсэг рүү модоор цохисон. Тэр үед би зугтах маягтай байсан ба Б.Б ах намайг хөөж газраас юм авч над руу шидэж байсан. Тэгээд над руу дөхөөд ирэхээр нь би гартаа барьсан байсан заазуураар Б.Б ахын зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа заазуурдсан. Ингээд Б.Б ахаас холдоод цааш алхаж байхад Б.Б ах миний араас тоосго авч шидээд миний нуруу хэсэгт оносон. Тэгэхээр нь би зөрүүлээд малын хөлдүү баас газраас аваад түүн рүү шидэж хацар хэсэгт нь оносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 43, 44-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Б.Б-ын өгсөн: “...Э.Г-д намайг “эхнэр хүүхдийнхээ хамтаар нийлж мөнгө залилж авлаа” гэж ноднин жилээс хойш хэрүүл маргаантай байгаа юм. 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр би гэрийнхээ үүдний жижиг гэрт тахалцаг хуйхлаад сууж байхад өглөөний 9 цаг 30 минутын орчимд Э.Г манай гэрт ирсэн. Э.Г манайд гэрт манай эхнэртэй мөнгөнөөс болоод маргалдаад байх шиг байсан ба 2 минут орчмын дараа манай эхнэр хашхирсан. Тэгээд гэр лүү ортол Э.Г гэрийн үүдний шүүгээг нээгээд дотроос нь заазуур авч байсан. Манай эхнэр түүний хажуу талаас зуурч, заазуур авахуулахгүй гээд ноцолдож байсан. Би ч хажуугаар нь орж Э.Г-г заазуур авахуулахгүй санаатай ноцолдсон боловч Э.Г заазуур авч манай эхнэрийн баруун гарыг зүсчихсэн. Би Э.Г-той ноцолдож байгаад гэрээс гарсан бөгөөд гэрийн гадна байсан модыг авч Ганболдын нуруу хэсэгт цохисон. Ингээд Ганболд цааш алхаж байснаа газраас малын хөлдүү баас аваад над руу шидэж миний зүүн хацарт оносон. Тэр үед би Э.Г-ын араас гүйж очоод хувцаснаас нь зуураад авахад Э.Г над руу эргэж хараад гартаа барьсан заазуураараа миний зүүн гарын бугалгын баруун хэсэгт 1 удаа цавчсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-28-р хуудас/,
Гэрч М.С-ийн өгсөн “...Э.Г орон дээр сууж байснаа ухас хийж босоод шаргал өнгийн шүүгээний дээд талын шүүгээг онгойлгож заазуур авах гэхээр нь би нөхрөө дуудаж хашхирсан. Гэтэл Б.Б үүдний гэрээс орж ирээд Э.Г-той зууралдаад гэрээс гарсан. Удалгүй Б.Б хашхирахаар нь гэрээс гартал Б.Б-д заазуурдуулчихлаа гээд зогсож байсан. Харин Э.Г Б.Б-ын хажуухан талд манайхаас авсан заазуураа барьчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-р хуудас/
Гэрч Б.Н-ийн өгсөн “...өглөөний 9 цагийн үед Э.Г над руу яриад ... руу хамт явна шүү гэж хэлсэн. Ойролцоогоор 9 цаг 30 минутын орчимд хүмүүс шуугилдаад байхаар нь гараад хартал Б.Б Э.Г намайг заазуурдчихлаа гэж хэлээд зогсож байсан. Би Э.Г-г хөөж явуулчихаад Б.Б-ын гэрт орж Б.Б-ын өмсөж байсан куртикийг тайлаад гарыг нь харахад зүүн гарын бугалга хэсэг 5-10 см орчим цавчигдаад мах нь гарсан, цус гарч байсан. Тэгээд гарт нь боолт хийж өгөөд .... төв рүү эмнэлэг рүү явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н39, 40-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай “...ногоон өнгийн бариултай, нийт урт нь 26.5 см, ажлын хэсэг 16.5 см, ажлын хэсгийн өргөн 6.5 см хэмжээтэй заазуурыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол /хх-н 21-р хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/065 дугаартай “…Б.Б-ын биед зүүн гарын бугалганы хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10-р хуудас/
Э.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ...” гэх хуудас /хх-н 65-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Э.Г нь ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн 10 цагийн үед .... дүүргийн .... дүгээр хороо, ..... орших Б.Б-ын гэрт түүнтэй урьд үүссэн өр авлага буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар тэдний гэрийн гадна шүүгээнээс нь авсан заазуураар Б.Б-ын зүүн гарын бугалга орчмыг зүсэж, мөн хөлдүү хүүдэс нүүр хэсэгт нь шидэж эрүүл мэндэд нь зүүн хацарт 3х1 см зулгаралт, зүүн гарын бугалга хэсэгт ташуу чиглэлтэй 8х0,3 см шарх гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Э.Г нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарын бугалга хэсэгт заазуурдсан, хөлдүү үхрийн баас шидсэн үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Б.Б-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/065 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Э.Г-ын үйлдэл нь Б.Б-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөргүй, торгох ял шийтгэж өгнө үү 2-3 хуваагаад төлөх боломжтой... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүгдэгч Э.Г-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Б нь “...надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбаргүй гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Э.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.Г-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай, нийт урт нь 26.5 см, ажлын хэсэг 16.5 см, ажлын хэсгийн өргөн 6.5 см хэмжээтэй заазуурыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул устгах нь зүйтэй
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧА.БЯМБАЖАВ