Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/48

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001710104 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                    

 Нарийн бичгийн дарга                                 З.Ганцоож

 Улсын яллагч                                                  Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                  Э.М нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ........ дүүргийн ......... хороо, .....дугаар гудамжны .... тоот хашаанд оршин суух, урьд ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар .... баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ... овгийн Э.М /РД:........./.

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Э.М нь .... оны ... дугаар сарын .....-нийг шилжих шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүн байнга амьдрах зориулалт бүхий .......... дүүргийн ........ хороо, ......... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух иргэн П.Ц-ийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч тухайн гэр дотор байсан хөөрөг, даалин, бөхийн малгай, Самсунг Эс-5 загварын, Нокиа-3350 загварын гар утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Ц-д ........ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...... оны ... дугаар сарын ...-ны өдөр найзуудтайгаа хамт ........ хэсэгт архи ууж байгаад шөнийн 03 цагийн үед найзуудаасаа салаад ....... хэсэгт байдаг найз Ү-д очих гээд ганцаараа явсан. Тэгээд явж байтал нэг айлын хашааны хаалга болон гэр нь онгорхой байхаар нь дотогшоо ортол гэр дотор 2-3 хүн унтаж байсан. Би тэр үедээ архиндаа согтоод өөрийгөө найз Ү-гийн гэрт ороод ирчихлээ гэж бодоод унтаж байсан хүмүүсийг сэрээх гээд дуудсан чинь сэрэхгүй болохоор нь гэрлийг нь асаасан юм. Тэгээд өөрийгөө танихгүй айлд байгаагаа мэдсэн бөгөөд гэрээс нь гарахдаа 2 ширхэг гар утас, даалинтай хөөрөг, бөхийн малгайнаас тэмдэгийг нь аваад гарсан. Би тэр шөнөдөө гэртээ харьж хоночихоод өглөө нь Дархан-Уул аймаг руу явсан. ...Би нилээд согтуу байсан. Би хохирогчоос уучлалт гуйсан хохирлоо төлсөн буруу зүйл хийснээ ойлгож байгаа..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66, 67-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч П.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “........ оны 8 дугаар сарын ....-ны орой найзуудын хамт архи ууж байгаад гэртээ унтсан байсан. Өглөө сэрэхэд манай найз Т манайд хоносон байсан. Би сэрээд харахад манай гэрт байсан цэнэглээд орхисон Самсунг Си-5 маркийн гар утас, нокиа маркийн гар утас, Чүнчигноров хөөрөг даалингийн хамт мөн бөхийн малгайны тэмдэг зэрэг зүйлс алга болсон байсан. Хулгайд алдсан чүнчигноров хөөрөг, хөөрөгний даалингаа цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Бусад эд зүйлсэд үнэлгээ тогтоолгож хохирол 310.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-35-р хуудас/.

Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өглөө сэрээд цаг харах гэтэл утас байхгүй байсан, мөн бурхны шүүгээ онгорхой байхаар нь хаах гэтэл дотор нь байсан нөхрийн даалинтай хөөрөг, бөхийн малгайн тэмдэг, хоёр ширхэг гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/.

Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...20... оны 7 дугаар сарын 29-ний өглөө Ц-гийн гэрт 09 цагийн үед сэрэхэд Ц, эхнэртэйгээ “малгайн тэмдэг, утас алга болчихлоо” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/.

Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос найз Э, Б нарын хамт машинаар .......дүүрэгт ирсэн. ........ баяр болж байх шиг байсан. Баяр дээр найз Э.М-тай таарсан. Тухайн үед найзууд гээд Э.М 3 найзаа танилцуулсан. Тэгээд бид хоёр хоёр шил архи хувааж уугаад, орой нь Улаанбаатар хот руу явсан. Э.М найзуудтайгаа үлдсэн. Миний найзууд дунд Ү гэдэг нэртэй найз байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 164-165-р хуудас/.

Эд хөрөнгийн үнэлгээний 119 дугаартай “...даалин 200.000 төгрөг, бөхийн малгайн чимэг 80.000 төгрөг, Самсунг Си-5 маркийн гар утас 184.000 төгрөг, нокиа 3350 гар утас 45.000 төгрөг, нийт 509.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн46-48 дугаар хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээний 352 дугаартай “...Чүнчигноров хөөрөг 1 ширхэг үнэ 1.400.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн52 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-19/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н23-27/

Шүүгдэгч Э.М-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “…2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 25 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан...” гэсэн хуудас /хх-ийн 74-р хуудас/

Э.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 73-р хуудас/ нийгмийн даатгалын лавлагаа /хх-н 83-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

           Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “…Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “…Би өөрийн гэм буруугаа хүлээж байгаа. Маш их харамсаж байна. Хохирол төлбөргүй байгаа..” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа.

Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Шүүгдэгч Э.М нь ... оны ... дугаар сарын ....-нийг шилжих шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... дүүргийн ..... хороо, ...... дүгээр гудамжны .... тоот хашаанд оршин суух иргэн П.Ц-гийн монгол гэрт нэвтрэн орж, гэрийн хойморт байх бурханы шүүгээн дотроос 1.400.000 төгрөгийн үнэ бүхий Чүнчигноров хөөрөг, 200.000 төгрөгийн үнэ бүхий зүү ороож урласан даалин, шүүгээн дээрээс 80.000 төгрөгийн үнэ бүхий бөхийн малгайн тэмдэг, шүүгээний урд шалан дээрээс 184.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-5 загварын, 45.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-3350 загварын гар утас зэрэг нийт 1.909.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.М нь хулгайн үйлдэлдээ санаатай, шунахайн сэдэлтээр хандсан болох нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох П.Ц-гийн монгол гэрт нэвтрэн орж 1.909.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлээр нь тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Орон байр” гэдэгт хүн байнга амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувилалын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.

Шүүгдэгч нь хохирогчийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэн орж хулгайн үйлдэл хийсэн тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч П.Ц-д 1.909.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд чүнчигноров хөөрөг, хөөрөгний даалин зэргийг биет байдлаар хохирогч хүлээн авч, бусад эд зүйлсэд хөрөнгийн үнэлгээ тогтоолгож 310.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 25-26 хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 27-28 хуудас/, хохирогч П.Ц-гийн “ эд зүйл, хохиролоо хүлээн авлаа” гэсэн хүсэлт /хх-н 27-28-хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял шийтгэж, ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна...” гэсэн дүгнэлт

           Шүүгдэгчээс “...Би гэм буруутай зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Манай эхнэр одоо 6 сартай жирэмсэн, эхнэр хүүхэддээ санаа зовж байна. Банкнаас зээл авчихсан хүнд байдалд байгаа, хохирлоо төлсөн тул харгалзан үзээд хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Э.Мэндбаяр гэм буруугаа хүлээн мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овгийн Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч .... овгийн Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг /1/ жил арав /10/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.М нь хохирогч П.Ц-д чүнчигноров хөөрөг, хөөрөгний даалин зэргийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохиролын 310.000 төгрөгийг төлсөн болохыг дурдьсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            А.БЯМБАЖАВ