| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0046/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/50 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/50
2020 05 06 2020/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа би, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Гантулга, М.Гантулга нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000000037 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч П.Гантулга, М.Гантулга нар оролцов.
Монгол улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамжны 675 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овгийн Пүрэвдоржийн Гантулга /РД:УД88033110/
Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 32 дугаар байрны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Барнууд овгийн Мянганбаярын Гантулга /РД:УК94061419/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар П.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа хохирогчоор “Миний нуруу хэсэгт хэн гэмтэл учруулсныг би ердөө санахгүй байна. Гэрт байхад Г.Гантулгатай муудалцаад дээр, доороо орж зодолдсон тэгэхэд Г.Гантулга намайг хутгалаагүй байхаа гэж бодож байна” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн,
М.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “П.Гантулгын нуруу хэсэгт үүссэн гэмтлийн талаар надад мэдэх зүйл байхгүй” хэмээн зориуд худал мэдүүлж, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч П.Гантулгын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Ганбаатарын Гантулга бол миний багын найз учраас шоронд орчих вий гэж бодоод хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “түүнийг хутгалсныг санахгүй байна” гээд худал мэдүүлэг өгчихсөн. Тухайн үед мөрдөгч надад хууль сануулж мэдүүлэг авсан. Мөн эхнэр нь гуйгаад байсан. Тухайн хэрэгт миний биед хөнгөн гэмтэл учирч хохирогчоор тогтоогдсон байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Гантулгын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Ганбаатарын Гантулга надад “хутга барьсан талаар мэдүүлэгч өгч болохгүй, өөрөө аргалаад хэлчих” гэхээр нь би гэрчээр мэдүүлэг өгөхдөө “П.Гантулгын нуруу хэсэгт үүссэн гэмтлийн талаар надад мэдэх зүйл байхгүй” гээд худал хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...бид нарын байрлаж байсан гэрт П.Гантулга бид хоёр л байсан. М.Гантулга хажуу талын манаачийн гэрт байсан. Тэгээд П.Гантулга бид хоёр архи ууж байхдаа маргалдаж зодолдсон. Тэгээд ноцолдож байхдаа би ширээн дээр байсан хутгыг аваад П.Гантулгыг хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Дөлгөөний мэдүүлсэн: “...Хэсэг хугацааны дараа П.Гантулга надтай дахин ярихдаа “би эхлээд Г.Гантулгатай зодолдчихоод гараад явсан тэгэхэд Г.Гантулга араас дуудаад хоёулаа эвлэрье гээд дуудсан” гэсэн тэгээд очиход нуруу руу нь хутгалчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунбилэгийн мэдүүлсэн: “...Надад болсон үйл явдлын талаар мэдэх зүйл байхгүй. П.Гантулга нь Багануурт ажил хийж яваад хутгалуулсан гэдгийг сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...УД88033110 регистрийн дугаартай Боржигон овгийн Пүрэвдоржийн Гантулга...” гэжээ. /хх-н 48/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...УК94061419 регистрийн дугаартай Барнууд овгийн Мянганбаярын Гантулга...” гэжээ. /хх-н 49/,
Шүүгдэгч М.Гантулга нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71/, шүүгдэгч П.Гантулга нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Гантулга, М.Гантулга нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч П.Гантулга, М.Гантулга нар нь худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч П.Гантулга, М.Гантулга нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 89-90/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч П.Гантулга нь эрүүгийн 190400232 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ганбаатарын Гантулгатай багын найз гэсэн шалтгаанаар “Миний нуруу хэсэгт хэн гэмтэл учруулсныг би ердөө санахгүй байна. Гэрт байхад Г.Гантулгатай муудалцаад дээр, доороо орж зодолдсон тэгэхэд Г.Гантулга намайг хутгалаагүй байх” гэж,
Мөн шүүгдэгч М.Гантулга нь эрүүгийн 190400232 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганбаатарын Гантулгын гуйлт, ятгаснаар “П.Гантулгын нуруу хэсэгт үүссэн гэмтлийн талаар надад мэдэх зүйл байхгүй” гэж тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “Ганбаатарын Гантулга бол миний багын найз учраас шоронд орчих вий гэж бодоод худал мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлэг,
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн “Ганбаатарын Гантулга надад “хутга барьсан талаар мэдүүлэгч өгч болохгүй, өөрөө аргалаад хэлчих” гэхээр нь би худал мэдүүлэг хэлсэн” гэсэн мэдүүлэг,
-мөрдөн байцаалтад гэрч Г.Гантулгын “П.Гантулгатай архи ууж байхдаа маргалдаж ширээн дээр байсан хутгыг аваад П.Гантулгыг хутгалсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,
-мөрдөн байцаалтад гэрч Б.Дөлгөөний “П.Гантулга надад ярихдаа Г.Гантулга нуруунд нь хутгалсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,
-гэрч Д.Оюунбилэгийн “П.Гантулга нь Багануурт ажил хийж яваад хутгалуулсан гэдгийг сонссон” гэсэн мэдүүлэг /хх-н 28/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч П.Гантулга, М.Гантулга нар нь худал мэдүүлэх болсон санаа, зорилго нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг харсан, мэдсэн атлаа үгүйсгэх байдлаар эрүүгийн 190400232 дугаартай хэргийн сэжигтэн Ганбаатарын Гантулгын гэм бурууг нотлох, тогтооход түүний нөлөөнд автаж саад учруулах явдал байсан ба шүүгдэгч нарыг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Гантулгыг хохирогчоор, шүүгдэгч М.Гантулгыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Тус хэргийн улмаас шүүгдэгч П.Гантулга, М.Гантулга нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч П.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн, М.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нарын зүгээс “торгох ялын төрөлтэй маргахгүй, харин торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн санал гаргав.
П.Гантулгад “ам бүл 3, эхнэр, хүүхдийн амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
М.Гантулгад “ам бүл 3, эхнэр, хүүхдийн амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгч М.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба М.Гантулга, П.Гантулга нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс П.Гантулга, М.Гантулга нар нь худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, П.Гантулга, М.Гантулга нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу хувиараа барилга дээр ажилладаг зэргийг харгалзан П.Гантулгад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр, М.Гантулгад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэх, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвдоржийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Барнууд овгийн Мянганбаярын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Пүрэвдоржийн Гантулгад 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох, Барнууд овгийн Мянганбаярын Гантулгад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Гантулга, М.Гантулга нарт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол П.Гантулга, М.Гантулга нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. П.Гантулга, М.Гантулга нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан П.Гантулга, М.Гантулга нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА