| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2020/0049/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/52 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/52
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Ө даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Н
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000042 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалантын ........тоот хашаанд оршин суух,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овгийн Б-ын А /РД:УЮ94011654/.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 25-наас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух П.П-ын байшингийн цонхоор дотогш орж “Би Эс Би” маркийн хар өнгийн 32 инчийн зурагтыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 230,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...2019 оны 5 дугаар сард манай эхнэр машин авсан юм. Би тэр машиныг нь барьж яваад осолд ороод эвдэлсэн. Машинаа банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж авсан байсан ба тухайн үед манай хүний ажил нь зогсоод 6 сараас зээлээ төлөх шаардлагатай болсон. Би осолд орсон болохоор ажил хийх чадваргүй хэсэг болсон. Банкны зээл төлөгдөөгүй хугацаа нь хэтэрсэн байна гээд нэхэмжлэл ирсэн. Зээлээ төлөх болохоор аваараас болоод ажил хийх чадваргүй болсон. Үүнээс болоод уг буруутай үйлдлийг хийсэн. Тэгээд хорооныхоо байцаагчид баригдаад хулгайлсан эд зүйлээ буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-3 дахь тал/,
Хохирогч П.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2019 оны 8 дугаар сарын 25-наас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд манайд хүн байхгүй байсан. Хажуу айлын Д.Э ах утсаар залгаж “байшингийн болон хашааны хаалга онгорхой байна” гэхээр нь “гэрийн түлхүүр танайд байгаа юм чинь ороод үзчих” гэж хэлсэн. Манайхаас 32 инчийн зурагт, удирдлагын хамт алдагдсан байсан. Тухайн зурагтыг 2019 онд найзаасаа 250,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Инч болон тухайн зурагтын бренд нь манай алдагдсан зурагттай яг тохирч байсан болохоор нь манай зурагт мөн байна гээд авсан. ...Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн эргүүлээд авсан болохоор гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь тал/,
Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сард хажуу айлын хүмүүс хүүхдээ аваад Улаанбаатар хот явсан. Манайхыг эргэж тойрч байгаарай гэж захиж үлдээсэн. Өглөө босоод хажуу айл руу харахад хашааны хаалга болон байшингийн зүүн талын цонх нь онгорхой байхаар нь утсаар нь залгаж хэлэхэд “ороод шалгаад үзчих” гэхээр нь байшинд ороход зурагт нь байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,
Гэрч Ж.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би А ахтай хуурай ах дүүс байгаа юм. Би оюутан болоод хот явахаасаа өмнө А ахын гэрт нь очиж уулзахдаа “ээж аавтай хот явна, гэр эзэнгүй үлдэнэ, харж байгаарай” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 110 тоот: “32 инчийн BSB маркийн зурагт 230,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 29 дэх тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-44 дэх тал/,
Шүүгдэгч Б.А хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 65-71 дэх тал/,
Б.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 25-наас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух П.П-ын байшингийн цонхоор дотогш орж “Би Эс Би” маркийн хар өнгийн 32 инчийн зурагтыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 230,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч П.П-ын эзэмшлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 5 тоот хашаанд орших байшин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 25-наас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух П.П-ын эзэмшлийн амьдрах зориулалттай байшингийн цонхоор дотогш орж “Би Эс Би” маркийн хар өнгийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:
- хохирогч П.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2019 оны 8 сарын 25-наас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд манайд хүн байхгүй байсан. Хажуу айлын Д.Э ах утсаар залгаж “байшингийн болон хашааны хаалга онгорхой байна” гэхээр нь “гэрийн түлхүүр танайд байгаа юм чинь ороод үзчих” гэж хэлсэн. Манайхаас 32 инчийн зурагт, удирдлагын хамт алдагдсан байсан. Тухайн зурагтыг 2019 онд найзаасаа 250,000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь тал/,
- Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сард хажуу айлын хүмүүс хүүхдээ аваад Улаанбаатар хот явсан. Манайхыг эргэж торйч байгаарай гэж захиж үлдээсэн. Өглөө босоод хажуу айл руу харахад хашааны хаалга болон байшингийн зүүн талын цонх нь онгорхой байхаар нь утсаар нь залгаж хэлэхэд “ороод шалгаад үзчих” гэхээр нь байшинд ороход зурагт нь байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,
- Гэрч Ж.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би А ахтай хуурай ах дүүс байгаа юм. Би оюутан болоод хот явахаасаа өмнө А ахын гэрт нь очиж уулзахдаа ээж аавтай хот явна, гэр эзэнгүй үлдэнэ харж байгаарай гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 110 тоот: “32 инчийн BSB маркийн зурагт 230,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 29 дэх тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-44 дэх тал/-ээр болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч П.П нь “Би Эс Би” маркийн хар өнгийн 32 инчийн зурагтны хууль ёсны эзэмшигч болох нь, мөн тухайн эд хөрөнгөд хохирол учирсан нь түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь тал/, гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 110 тоот дүгнэлт /хх-ийн 29 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч П.П нь “Би Эс Би” маркийн хар өнгийн 32 инчийн зурагтыг эзэмшилдээ буцаан авсан, нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн /хх-ийн 7-8 дэх тал/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна...” гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү....” гэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар нь буцаан өгсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х овгийн Б-ын А-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Амарням нь хохирогч П.П-д “Би Эс Би” маркийн, 32 инчийн зурагтыг биет байдлаар буцааж өгсөн ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН