Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 46

 

  М Ч Жд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга                      Г.Эрдэнэбат 

Прокурор                                           Ц.Лхамсүрэн 

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч нарын өмгөөлөгч             З.Нямсүрэн 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд, О.Сайнгэрэл

Орчуулагч                                          Т.Жавхлан

Шүүгдэгч                                            М Ч Ж нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж шийдвэрлэсэн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 147 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн давж заалдах гомдол, прокурор Ц.Лхамсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр М Ч Жд холбогдох эрүүгийн 201611000447 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

БНХАУ-ын иргэн, 1969 оны 06 сарын 29-ний өдөр БНХАУ-ын Анхуй мужийн Тун лин хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, ковшийн жолооч мэргэжилтэй, “Ш ш” ХХК-ний үүрэг гүйцэтгэгч “Т г М к М” ХХК-д ажилтай, БНХАУ-ын ... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, М Ч Ж /РД-…/.

Шүүгдэгч М Ч Ж нь Дорнод аймгийн ... сумын … дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ш ш” ХХК-ний үүрэг гүйцэтгэгч “Т г м к” ХХК-нд ачигч машины жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 10 сарын 29-ний  өдрийн  орой 23 цагийн орчимд  далд  уурхайн 1005 дугаар  түвшинд 35-23 УБ дугаартай Sinome ACY-2C маркийн ачигч машинаар Jin Fang маркийн 97-34 ДОА дугаартай ачааны машиныг мөргөж машины гадна талд байсан Н.Оыг ачааны машин болон уурхайн ханан завсар хавчуулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 147 дугаар цагаатгах тогтоолоор:

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М Ч Жд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч М Ч Жд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч М Ч Жий иргэний үнэмлэхний хуулбар, 35-23 УБ дугаартай Sinome ACY-2C маркийн ачигч машины АЯ 0144079 дугаартай, Jin Fang маркийн, 97-34 ДОА дугаартай авто машины АЯ 0070742 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн Ш Ш ХХК-нд буцаан олгож, ...шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, Б.Б нар миний нөхөр Н.Оын амь насыг хятад жолооч 2016 оны 10 сарын 29-ний орой 23 цагийн орчимд далд уурхайд ковшоороо хажуу талаас нь мөргөөд хананд шахаад алсан гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэг нь болгоомжгүй хүн амины хэрэг биш санаатай хүн алсан хэрэг гэж үзэж хяналт тавьж байгаа прокурор, мөрдөн байцаагч нарт нь удаа дараа гомдол гаргасан боловч шалгаж өгөхгүй бидний ар гэрт анхнаасаа 132 сая төгрөг өгөөд энэ хэргийг хаалгах гэж олон удаа явсан. ...Бидний өмгөөлөгч З.Нямсүрэн нь энэ хэргийн зүйлчлэл буруу, энэ гэмт хэргийн санаа зорилго нь санаатай, бусдын амь насыг хохироосон хэрэг байна шалгаж өг гэж удаа дараа хүсэлт тавьдаг боловч цагдаа, прокурор хөнгөрүүлж хэргийг шүүх рүү явуулсанд гомдолтой байна. Хятадууд биднийг байнга дарамталж өргөдлөө авчих, мөнгө өгье гэж хуурдаг, сүүлдээ бид нар өмгөөлөгчийн байхгүйд 18 сая төгрөг аваад гомдолгүй хуулийн дагуу шалгаж өгнө үү гэсэн тодорхойлолт шүүхэд гаргаж өгсөн.

... Энэ хэргийн гол гэрч манай ах Н.Н нь нөхрийг маань хятад жолооч санаатай алсан болохыг маш сайн хэлж гэрчилж өгдөг. Гэтэл шүүх манай өмгөөлөгч болон хуралд оролцсон прокурор нар Н.Ныг гэрчээр хуралд оруулах санал тавьсаар байтал оруулахгүй шийдчихээд Н.Н нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг гаргаж чадаагүй гэж худал дүгнэсэн явдалд гомдолтой. ... Бид гомдолтой байна.

Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Энэ хэрэг нь гэрч Н.Н, М.О болон хэрэгт цугларсан баримт, манай нөхрийн машины араас ковшоор мөргөсөн ул мөр, мөн хятад жолооч хэрэг хийчихээд хэргийн газраас зугтаасан байдал, гэрч Э.Т мөн хятад жолоочийн ковш манай нөхрийн машины араас мөргөсөн ул мөр зэргээр хангалттай батлагдаж байгаа гэж үзэж байна гэжээ.

 Прокурор Ц.Лхамсүрэн бичсэн эсэргүүцэлдээ:

 “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаар цагаатгах тогтоолыг хүлээн авч хянавал:

Тус аймгийн Прокурорын газраас М Ч Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд гэрч Н.Нын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж, ... шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч М Ч Жгийн бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг, амь хохирогч Н.Оын үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна гэж, … Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр М Ч Жийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Гэрч Н.Нын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр /1-р хавтас 53-55х/, /2-р хавтас 205х/ хятад жолооч М Ч Жий жолоодож байсан ковш нь талийгаач Н.Оын ачааны машины ард тулаад зогсож байсныг гэрчилдэг ба Н.Н нь хэргийн газарт анх очсон, бодит байдлыг үзсэн харсан гэрчийн хувьд түүнийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахаар улсын яллагчаас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа түүний мэдүүлгийг эх сурвалжаа зааж чадаагүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М Ч Жд холбогдох эрүүгийн хэргийг түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2017оны 09 сарын 22-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, улсын яллагчийн хүсэлтээр гэрч Н.Ныг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан атлаа мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд шүүгдэгч М Ч Жийг бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж удаа дараа мэдүүлж байсан хэргийн гол гэрч болох Н.Ныг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхээс 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 147 дугаартай Цагаатгах тогтоол гэсэн шүүхийн шийдвэрийн хэлбэрийг гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйл буюу “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг”, “шийтгэх тогтоолын удиртгал хэсэг”-ийг зохицуулсан заалтыг баримталсан нь цагаатгах болон шийтгэх тогтоолын аль хэлбэрийг гаргаж байгаа нь ойлгомжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчжээ.

 

Түүнчлэн цагаатгах тогтоолын 11 дүгээр хуудасны 23 дугаар мөрөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэрийг “Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гэж буруу бичсэн байх ба энэ нь шүүхээс гарч буй аливаа шийдвэрийн агуулга, найруулга нь хууль зүйн хувьд ойлгомжтой, хуулийн үндэслэлтэй, хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн чадамжтай байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхээс “цагаатгах тогтоол” гаргаж, шүүгдэгч М Ч Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа хуулийн ямар үндэслэлээр цагаатгаж буйгаа тогтоолын “тогтоох хэсэг”-тээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1-д “шүүгдэгчийг цагаатгасан үндэслэлийг тусгана” гэх заалтыг зөрчсөн, уг цагаатгах тогтоолын “тодорхойлох хэсэг”-тээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж дүгнэсэн атлаа “шүүгдэгчид ашигтайгаар, шүүгдэгчийн гэмт үйлдэлд гэмт хэргийн шинжгүй байна” гэсэн 2 өөр хууль зүйн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл хэсгийг үндэслэн цагаатгасан болох нь тодорхойгүй байна.

Хэрвээ шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зохицуулсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийг заасан байхад шүүгчээс хэргийг хянаж шийдвэрлэхдээ хуулийн аль зүйл хэсгийг үндэслэн, хуульд заасан ямар үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж байгаа болохоо цагаатгах тогтоолын “тогтоох хэсэг”-тээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн шүүгдэгчийн харъяалах албан байгууллага болон түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн баримтуудад тулгуурлан, нотлох баримтуудыг үнэлж, шүүхээс шүүгдэгчийг цагаатгасан нь анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч М Ч Жд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 3, 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн тул Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд нар давж заалдах гомдол, эсэргүүцэлд гаргасан тайлбартаа:

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаар цагаатгах тогтоолтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бээс гаргасан гомдол, прокурор Ц.Лхамсүрэнгийн үйлдсэн эсэргүүцэл зэргийг тус тус хүлээн авч танилцлаа. Дээрх гомдол, эсэргүүцлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа ба тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцож гаргах тул давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах боломжийг хангаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдол, эсэргүүцэлд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаар цагаатгах тогтоолд гаргасан улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч гэх Б.Б нарын гомдолтой тус тус танилцлаа. Дээрх гомдол, эсэргүүцлийн үндэслэлүүдийг аль алиныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль зүйн үндэслэлүүдийг бичгээр гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх М Ч Жд  холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх М Ч Жд  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн  судалж үнэлэлгүй цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9-д “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан байхад 2017 оны 10 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэрч Н.Ныг шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний өгсөн гурван удаагийн /1-р хавтасны 53-54, 55, 2-р хавтасны 205/ мэдүүлгийг үндэслэн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй хэмээн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх гэрч Н.Нын мэдүүлгийг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т заасан хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тэрээр хэргийн газарт анх очсон хүний хувьд харсан мэдсэн зүйлээ мэдүүлсэн байх тул түүний мэдүүлгийг “эх сурвалжгүй” гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2-т “Хохирогч нас барсан … бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч  эдэлнэ.” гэж, мөн хуулийн  9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан, эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг.” хууль ёсны төлөөлөгчөөр томилох талаар тодорхой заасан тул шүүх хуралдаанд оролцох хууль ёсны төлөөлөгчийн асуудлыг дээрх хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй юм.

Энэ асуудлаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гаргасан мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хүсэлт гаргаж байсныг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй зөв шийдвэрлэлгүй орхигдуулсныг анхаарвал зохино.

Иймд Прокурорын эсэргүүцлийн гэрч Н.Нтай холбогдуулан бичсэн хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдол, Прокурорын эсэргүүцлийн бусад заалтуудад дурдсан асуудлуудыг энэ удаад хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М Ч Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                       Б.СҮХГОМБО

                                                                                          Ж.ДОЛГОРМАА