Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 039

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын ерөнхий боловсролын .... дугаар бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад  холбогдох, 

“ Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулж, газар эзэмшүүлэх тухай” А/318 дугаар, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Дахин дуудлага худалдаа явуулах тухай” А/535 дугаар, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай”  А/544 дүгээр,  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/334 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Өлгий сумын ерөнхий боловсролын .... дугаарбүрэн дунд сургуулийн захирал О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулкаш, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, гуравдагч этгээд “АЭ” төрийн бус байгууллагын захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, гуравдагч этгээд Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Өлгий сумын Ерөнхий боловсролын .... дугаарбүрэн дунд сургууль нь 90 жилийн түүхтэй, одоогийн байрандаа 1961 оноос эхлэн оршиж сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага билээ. Суралцагчдын тоо, сургуулийн анги танхимын хүрэлцээ, сургуулийн байранд тавигдах стандарт шаардлагыг хангах үүднээс тус сургуульд 1974 онд нэг давхар дан өргөтгөл, 1980 аад онд хоёр давхар өргөтгөл, биеийн тамирын заал, сургуулийн дотуур байр тус тус баригдаж, ашиглалтад орсон юм. Гэтэл тус сургуулийн эзэмшил газарт багтах, сургуулийн нэг давхар байрны хойд талын мод тарьж хашиж хамгаалсан ногоон байгууламжтай, 360 м.кв талбайгаас мөн 216 м.кв талбайг “Сургалтын төв барих” гэсэн нэрийдлээр аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулж, газар эзэмшүүлэх тухай” А/318 тоот захирамжаар Засгийн газрын 2016 оны “Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар “Төсөл сонгон шалгаруулалт”-ын үр дүнгээр 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргын А/461 тоот захирамжаар А.Айнагүлд эзэмшүүлсэн, мөн 144м.кв талбайг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн аймгийн Засаг даргын А/535 тоот захирамжаар “Дахин дуудлага худалдаа” явуулахаар зарласан байна. Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулж, газар эзэмшүүлэх тухай” А/318 тоот захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Дахин дуудлага худалдаа явуулах тухай” А/535 тоот захирамж нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн, газар эзэмшигч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын .... дугаарбүрэн дунд сургуулийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус эрхийн акт гэж үзэж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын .... дугаарбүрэн дунд сургуулийн эзэмшил газрын бүрэлдэхүүн хэсэг болох мод тарьж ногоон байгууламжаар эзэмшиж ашиглаж байсан 360 м.кв талбай бүхий газрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй, эзэмшигчтэй харилцан тохиролцох, урьдчилан мэдэгдэлгүйгээр 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулах, газар эзэмшүүлэх тухай” А/318 тоот захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Дахин дуудлага худалдаа явуулах тухай” А/535 тоот захирамжаар бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн заалтыг, Газрын тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1-д зааснаар бусдын эзэмшилд байгаа газрыг эргүүлэн авах асуудлыг газар эзэмшигчтэй тохиролцсоны үндсэн дээр Төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн.

2. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “... газар эзэмшигч нь эзэмшиж авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана” гэсэн хуулийн заалтын дагуу тус сургуулийн “ногоон байгууламжтай” талбайг аймгийн Засаг дарга эрхийн акт гаргаж, захиран зарцуулж, дураараа аашилж, байгаа хууль бус бусармаг үйлдлийг таслан зогсоохыг хүсэж байна.

3. Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын .... дугаарбүрэн дунд сургуулийн газар эзэмших эрх нь хэвээр үргэлжилж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан" газар эзэмших эрх дуусгавар болох” үндэслэл байхгүй байтал тухайн байгууллагын эзэмшил газарт аймгийн Засаг дарга хөндлөнгөөс халдаж байгаа нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар “тарьж ургуулсан ойн төгөл” мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Эзэмшил газрын 10%-д ногдох ногоон байгууламж” нь тухайн байгууллагын эзэмшил газарт хамаарах юм. Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулж, газар эзэмшүүлэх тухай” А/318 тоот захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Дахин дуудлага худалдаа явуулах тухай” А/535 тоот хууль бус захирамжийн улмаас “газар эзэмшигч” аймгийн Ерөнхий боловсролын .... дугаарбүрэн дунд сургуулийн эзэмшилд байгаа 360 м.кв талбай бүхий “ногоон байгууламж” сүйдэж алга болох аюул тулгараад байна.

5. Монгол улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтад “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д зааснаар “аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэн, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн аймгийн Засаг даргын “Дахин дуудлага худалдаа явуулах” тухай А/535 тоот захирамжийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл гаргасан нь хуулиар Засаг даргад олгогдсон эрх мэдлийг түүний орлогч дарга эрх хэмжээг хэтрүүлсэн буюу урвуулан ашигласан үйлдэл гаргасан гэж үзэж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 (л)-д: “Аймгийн Засаг дарга нь ... цэцэрлэгт хүрээлэн, зүлэгжүүлсэн талбай байгуулах, мод, бут, сөөг тарьж ургуулах ажлыг зохион байгуулна” гэж заасан байдаг.

 Гэтэл аймгийн Ерөнхий боловсролын .... дугаарбүрэн дунд сургуулийн олон жил тарьж ургуулж ирсэн мод бүхий ногоон байгууламжтай 360 м.кв талбай газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах нэрийдлээр, худалдаа үйлчилгээний байр барих зориулалтаар худалдаж байгаа нь аймгийн Засаг дарга өөрийн хуулиар хүлээлгэсэн үүргийг “Эсрэгээр” биелүүлж, өөрөө хууль зөрчиж байгааг илтгэн харуулж байна. 

Анх 2012 онд Өлгий сумын .... дугаарсургуулийн арын хашаан доторх эзэмшил газарт хэмжилт хийж үзэхэд өмнөх гэрчилгээнд зааснаас илүү гарсныг дамжуулан нэг хэсэг талбайг кадастрын зураглалд нийтийн эзэмшлийн гэж оруулснаас уг газрын асуудал үүсэж, .... дугаарсургуулийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөх эхлэл тавигдсан байдаг. 2017 оны дээрх илүү гарсан гэгдэх үндэслэлээр уг газраас 216 м.кв газрыг А.Айнагүлд төслөөр олгосон ба 144 м.кв газрыг дуудлага худалдаагаар иргэн М.Айнад 100 сая төгрөгөөр өгсөн бөгөөд хугацаандаа мөнгөө тушааж чадаагүй тул түүнийг цуцалж, дахин дуудлага худалдаа зарласан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/544 дүгээр захирамж дахин гарч “АЭ” төрийн бус байгууллагын эзэмшилд 216 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн иргэн Гт сургуулийн хашаан доторх 144 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Эдгээр хууль бус эрхийн актууд гарсныг 2017 оны 09 дүгээр сарын эцсээр сонсож мэдсэн тул хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан. Иймд шүүхээс хүсэх нь: 

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулж, газар эзэмшүүлэх тухай” А/318 тоот захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Дахин дуудлага худалдаа явуулах тухай” А/535 тоот захирамж,  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/334 дүгээр, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/544 дүгээр, захирамжуудыг  тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч .... дугаарбүрэн дунд сургуулийн захирал  О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сургуулийн эзэмшилд байгаа,  хичээлийн 1 давхар байрны хойд талд мод тарьж, хамгаалалтад авсан  ногоон байгууламжтай газар нь анхнаасаа тус сургуульд олгогдсон учраас уг газрыг бусдад эзэмшүүлснээр сургуулийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзээд нэхэмжлэл гаргасан.  Тус сургуулийн эзэмшилд байгаа, ногоон байгууламжтай 360 м.кв талбайгаас “АЭ” төрийн бус байгууллагад аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/544 дүгээр захирамжаар 210 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.  Энэ хэргийг шалгах явцад мөн сургуулийн эзэмшил газраас 144 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 334 тоот захирамжаар иргэн Гт эзэмшүүлсэн нь тогтоогдсон тул дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 

Миний бие тус сургуулийн 1959 оноос хойших 60-аад жилийн амьд гэрч юм. Тухайн сургуульд 10 жилд суралцаад 35 жил ажилласан хүн байгаа. 1961 онд би гуравдугаар ангид ороход, тус сургууль одоогийн байгаа газарт нүүж ирснийг би тод санаж байна. Мөн тухайн үед маш том талбайтай, түлээний склад, гарааж, биеийн тамирын талбайтай байсан. .... дугаарбүрэн дунд сургуулийн ар талын хашаанд байгаа газар нь тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Агийн 4 дэх удаа худалдсан газар байгаа гэдгийг би онцлон тэмдэглэе гэж бодож байна. Тэгээд 2012 онд газар хэмжсэн ба  тухайн үед газрыг дутуу хэмжсэн үү, ямар ч л байсан зөрүү гарсан байдаг юм. 2001 оны үед тус сургуулийн намхан байдалтай байсан хашааг өндөрсгөсөн, Хорхой, Жоовоо захирлын үед мод таригдаж байсан. 1979, 1881 онд  төгссөн миний ангийн хүүхдүүд сургуулийн талбайн зүүн хэсэгт мод тариад нэрээ үлдээж байсан түүхтэй. 2012 оноос  А захирал,  газрын асуудал эрхэлсэн түшмэл Т.Ариунцэцэг, тухайн үед газрын албаны даргаар ажиллаж байсан хүний оролцоотойгоор уг газрыг нийтийн эзэмшлийн гэх нэр томьёонд оруулсан гэж үздэг. 

Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн ганцхан үндэслэлээр уг газар бусдын эзэмшилд орох гэж байгаа учраас миний бие иргэний хувьд бас шударга ёсыг бодож явдаг хүний хувьд уг хууль бус үйлдэлтэй тэмцэх нь зүйтэй гэж үзэж өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. 

Хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг болохоос хуулийн дээр албан тушаалтан байдаг гэж би сонсоогүй юм. Шинээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар томилогдсон Б, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга сургуульд газар эзэмшүүлсэн эрхийн актыг шууд хүчингүй болгуулаад сургалтын төв барьсан байна. Энэ нь хэзээ ч байж болохгүй зүйл гэж үзэж тэмцэж байна. Миний бие нэгэнт шударга ёсны төлөө тэмцэж байгаа учраас хэн нэгнээс ичихгүй, айхгүй байгаа. Харин Б даргад хандаж ийм хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй гэж хэлмээр байна. Жишээлбэл, Б даргын том хашааны дотор 2, 3 жижиг гэр баривал, энэ хүн суугаарай гэж хэлэхгүй нь мэдээжийн асуудал юм. Бид болох мөнх биш, харин сургууль бол мөнхийн зүйл байна. Одоогийн байдлаар Өлгий хот утаатай, тоос шороотой, агаар нь бохирдсон үед ногоон байгууламж хэрэгтэй байгаа. Тийм учраас сургуулийн газрыг үгсэн гуйвалдаж, албан тушаалтнууд албан тушаалыг урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэй ийм бүдүүлэг үйлдэл гэдгийг би шууд хэлмээр байна.

 Мөн өнөөдөр би урьд ажиллаж байсан М.Адилбиш захиралтай утсаар ярьж  танд өнгөрсөн хавраас хойш газрын албанаас албан бичиг ирсэн үү гэхэд, ирээгүй гэж хэлсэн.  Төсөл сонгон шалгаруулалт зарлагдах үед сургуулийн 90 жилийн арга хэмжээг хойшлуулж, төсөл бичээд орсон боловч намайг оруулаагүй, төрийн байгууллага болох .... дугаарсургуулийг төлөөлөн орсон байхад 30 сая төгрөг байршуулаад ороорой гэж хэлсэн. Үүний улмаас нийтийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Тухайн тендер сонгон шалгаруулалт бол тодорхой хүмүүст зориулагдсан байх гэж бодож байна. Нийт талбайн 70 хувьд барилга, байгууламж, 30 хувьд ногоон байгууламж яагаад барьж болохгүй юм вэ, гадна хүмүүст тус сургуулийн ар талд тусгай газар байгаа юм байна, үүнд .... дугаарсургуулийн удирдлагууд булаацалдсан гэж ойлголт төрүүлээд байгаа. Дээрээс нь .... дугаарбүрэн дунд сургуулийн захиргаанаас зөвшөөрөл аваагүй, 2 захирал дамжсан. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа. 

Шүүх бол аливаа маргааныг дэнс дээр тавьж хар, цагааныг ялгаж өгөх байх гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулкаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд, нэгдүгээрт, одоогийн байдлаар Өлгий сумын .... дугаарбүрэн дунд сургууль нь 16000 м.кв газар эзэмшиж байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдон тогтоогдож байгаа. Маргаан бүхий газар нь сургуулийн хойд талын зүлэг бүхий ногоон байгууламжийн хашиж хамгаалсан талбайн дотор байршил газар байгаа бөгөөд уг газар нь 1970-аад оны үеэс эхлэн тус сургуулийг хашаажуулж, мод тарьж зүлэгжүүлэн хамгаалалтад авсан ба 2 тооны худаг ухаж усжуулах ажиллагаа хийсэн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь тус сургуулийн байршил бүхий газар болох нь нотлогдон тогтоогдсон. Энэ гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн санаачилгаар буюу нотлох баримт бүрдүүлэх журмаар сансраас авсан 2005, 2012, 2016 онуудын гэрэл зургуудаар нотлогдон тогтоогдож байна. 2012 онд тус сургуулийн эзэмшил газрыг кадастрын хэмжилт хийгдэж зураг үйлдсэн хэдий боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө хэвээр байсан нь нотлогдож байна. Үүгээрээ тухайн маргаан бүхий газрыг Өлгий сумын .... дугаарбүрэн дунд сургуулийн эзэмшил газар мөн гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаар, Газрын тухай хуулийн холбогдох заалтаар тухайн газрыг ногоожуулах ажил хийсэн бол уг газрыг давуу эрхээр олгохоор хуулийн зохицуулалттай бөгөөд үүнийг хариуцагч байгууллага сайтар ойлгож байгаа.

Хоёрдугаарт, Хот байгуулалтын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд өнөөдөр Өлгий хот Газрын тухай хуулийг дагаж мөрдөхөөс илүүтэйгээр Хот байгуулалтын тухай хуулийг дагаж мөрдөж байгаа. Уг хуулийг үндэслэн боловсруулсан Өлгий хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр хотын үндсэн гудамж, ногоон байгууламжид хамрагдах учиртай. Өөрөөр хэлбэл, авто замын болон явган хүний замын хажуу талын хэсэг нь ногоон байгууламжаар бүрхэгдсэн, Хот байгуулалтын тухай хуульд зааснаар хотын 30 хувь ногоон байгууламж байх ёстой. Хот байгуулалтын тухай хуулийн 1.... дугаарзүйлийн 12.8-д “... Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна ...” гэжээ. Үүнийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөч байгаа бөгөөд ногоон байгууламж болон авто замын зогсоол гэж хуульд заасан байгаа. Тийм учраас энэ газрыг бусдын үйлдвэрлэл, үйлчилгээний болон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар бусад эзэмшүүлж болохгүй гэдэг нь тогтоогдож байгаа.

Хот хөгжүүлэх ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг байдаг бөгөөд хэсэгчлэн төлөвлөгөөг 4 жил тутамд гаргадаг. Одоогийн маргаан бүхий газар нь уг төлөвлөгөөний дотор ногоон байгууламжийн бүсэд орсон гэж үзэж байна. Мөн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” А/334 захирамжийг хүчингүй болгохыг нэхэмжлэгчийн зүгээс шаардаж байна. Аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/544 тоот захирамж, 2017 оны  06 дугаар сарын 07-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” А/318 тоот захирамжийг, мөн дахин дуудлага, худалдаа явуулах тухай А/535 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгохыг нэхэмжлэлийн шаардлага болгожээ. 

Харин эдгээр захирамжуудыг тус бүрээр нь  тайлбарлавал, аймгийн Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/318 тоот захирамж гаргаж, Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, .... дугаарбүрэн дунд сургуулийн хойд талаас 216 м.кв газрыг сургалтын төв барих зориулалтаар, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн байна. Уг захирамж, ямар хуулийн зүйл, заалтыг зөрчиж байгаа вэ гэвэл 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сургалтын төв барих зориулалтаар тусгагдсан ба энэ уг газрыг сургалтын төв барих зориулалтаар эзэмшүүлэх ямар шаардлага байсан вэ гэдэг асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл, үүний цаана нь ямар нэгэн ноцтой зүйл байгаа гэж хэлмээр байна. Учир нь, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрыг зориулалтаар нь нарийвчлан заахгүй, ер нь газрыг гэр бүлийн хэрэгцээний эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар гэж явдаг. Тухайн үед зураг, төсөл нь гараагүй, сонгон шалгаруулалт зарлагдаагүй, төсөл нь зохиогдоогүй байхад, сургалтын төв барих зориулалтаар гэж тусгасан нь нэг хүнд зориулан газар олгохоор төлөвлөсөн гэж ойлгож байна. 

Мөн нийтийн эдэлбэр газраас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлахад Газрын тухай хууль болон Засгийн газрын тогтоолд зааснаар нийтийн эрх ашгийг бодож, ард нийтийн санал асуулгыг авах журмаар эзэмшүүлэх юм. Гэтэл манай аймагт мэргэжлийн байгууллага гэдэг үүднээс Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулдаг ба үүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлаад явж байгаа. Үүний улмаас өнөөдөр эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж буй .... дугаарбүрэн дунд сургуулийн удирдлага эрх ашиг нь зөрчигдсөн эсэхийг мэдэхгүй явсан. Иймээс маргаан бүхий газрыг сургалтын төв барих зориулалтаар гэж төлөвлөгөөнд тусгаад дараа нь уг газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Яагаад вэ гэвэл, тухайн газар нь сансраас авсан зураг, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд, Өлгий сумын .... дугаарбүрэн дунд сургуулийн үл хөдлөх хөрөнгө байрлаж эрх ашиг нь ноцтой зөрчигдөхөөр байхад тус сургуулийн удирдлагад мэдэгдэхгүйгээр гаднаас нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд оруулаад хууль зөрчиж бусдад эзэмшүүлсэн байна.

 Мөн дахин дуудлага, худалдаа явуулах тухайн захирамжийг хүчингүй болгохыг нэхэмжлэгчийн зүгээс шаардсан байна. Үүнтэй холбогдуулан 216 м.кв газар эзэмшүүлсэн захирамжтай адилхан тайлбар хэлмээр байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  А/334 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн мөн аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/545 захирамжийн Гт газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон байдаг.

 Энэхүү захирамжийг хүчингүй болгосноор Гт урьд нь газар эзэмшүүлсэн эрх нь сэргээгдсэн ба энэ нь нэхэмжлэгч байгууллагын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн учраас нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гуравдагч этгээд Гт урьд нь газар эзэмшүүлээд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/545 тоот захирамжаар хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, өөрөөр хэлбэл, 2 жил дараалан газрыг ашиглаагүй гэсэн үндэслэлийг баримталжээ. Харин Газрын тухай хуулийн дээрх заалт одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Г нь тухайн газрыг одоо хүрэл ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн газрыг зориулалтын дагуу ашиглах гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/545 тоот захирамж гарсан үеийн үндэслэл, арилгаагүй байхад нь дахин уг захирамжийг тухайн үеийн Засаг дарга Х.Дармен өөрөө хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/343 тоот захирамж гарсан мөчид газар эзэмшигч зөрчлийг арилгаагүй, 2 жил байтугай 3-4 жил үргэлжлүүлэн ашиглаагүй байж байхад нь дахин тухайн захирамжийг хүчингүй болгосон нь  хууль зөрчиж байна. Тийм учраас уг захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй. 

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/334 захирамжийг гаргаснаараа Засаг дарга өөрөө хуулийг ноцтой зөрчиж байна. Хууль зөрчсөн захирамж гарсан өдрөөс эхлэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцогдох учиртай. Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/318, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/545 тоот захирамжууд  нь тус тус  хүчин төгөлдөр бус байна. Маргаан бүхий газрыг Өлгий сумын .... дугаарбүрэн дунд сургууль нь олон жил эзэмшин ашиглаж ирсэн учраас уг газрыг бусдад эзэмшүүлж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “... Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна ...” гэснийг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/318 дугаар захирамж нь Монгол улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “...хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна...”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “... энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болох энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1.... дугаарсарын 02-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай .... дугаарбүрэн дунд сургуулийн хойд талаас 216 м.кв газрыг сургалтын төв барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлэх тухай гаргасан шийдвэр болно. 

2017 оны 09 дүгээр сарны 22-ны өдрийн А/535 дугаар захирамж нь Монгол улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженер шугам, сүлээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “...хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна...”, 33 дугаар зүйлийн 33.2-т ...энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна...” гэсний дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/445 дугаар захирамжийн дагуу зохион байгуулсан дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар авсан газрын үнийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул уг дуудлага худалдааг хүчингүйд тооцож, дахин дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх талаар гаргасан шийдвэр юм. 

Өлгий сумын ерөнхий боловсролын .... дугаарбүрэн дунд сургуульд төрийн байгууллагын зориулалтаар 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 030100118 дугаар газар эзэмших гэрчилгээгээр 14950 м.кв газар эзэмшүүлсэн ба улмаар 2012 оны 04 дүгээр сарын 420 дүгээр захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулан 1050 м.кв нэмж 16000 м.кв газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаж эрхийн гэрчилгээ олгогдсон байна. 

Аймгийн ерөнхий төлөвлөгөөнд тус газрыг олон нийт, үйлчилгээний бүс гэж заасан байна. Монгол улсын Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал,спорт, худалдаа нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр, холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөнө...” гэж заасныг мөрдлөг болгон тухайн газарт сургалтын төв барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалт явуулах, үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. 

Аймгийн Засаг дарга миний бие 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 8 хоногийн албан томилолтоор Улаанбаатар хотод ажиллаж байсан тул 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжид аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. 

Дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар олгогдохоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар нь нэхэмжлэгч байгууллагын эзэмшил газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлтдээ биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/544 дүгээр захирамжаар “АЭ” төрийн бус байгууллагад газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасныг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ. Нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг мөн адилхан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/334 тоот захирамжаар иргэн Гт урьд хүчингүй болгосон газрыг сэргээн эзэмшүүлэхэд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн байна. Юуны өмнө энэхүү маргаан бүхий газар нь .... дугаарбүрэн дунд сургуулийн газар биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. Уг газар нь 2011 оны 07 дугаар сарын 06-нд аймгийн Засаг даргын 363 дугаартай захирамжаар  Ойрдын урлаг, соёл сургалтын цогцолбор барих зориулалтаар олгосон байдаг. Тухайн үед уг газрын байршил, схем зурагтай холбоотой холбогдох бүх байгууллагуудад гарын үсэг зуруулахад .... дугаарбүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан А өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэдгийг хэлмээр байна. 

Хоёрдугаарт, аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  279 захирамжаар иргэн Т.Наранбаатар, Г гэдэг хоёр хүнд газар эзэмшүүлсэн ба уг эзэмшүүлсэн газрын байршлын зураг нь зурагдсан байгаа. Иймээс энэ газар нь тухайн үед иргэн болон төрийн бус байгууллагад эзэмшүүлсэн газар байсан гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, уг газар нь хоосон газар биш юм. Энэ газруудыг аймгийн Засаг дарга 2014 оны А/427 дугаартай захирамжаар Газрын тухайн хуульд зааснаар буюу эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Гэтэл уг хүчингүй болгосон захирамжийг аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/545 дугаар захирамжаар Гт сэргээн эзэмшүүлсэн байгаа. Тийм учраас бидний олгож байгаа газар нь хүссэн, хүсээгүй иргэн ашиглаж байгаа газар болох нь нотлогдож байгаа юм. 

Нэгэнт нийтийн эзэмшилд шилжсэн газрыг хууль ёсны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулаад, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан тогтоолоор баталсан бөгөөд уг тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргад захирамж гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Одоогийн маргаан бүхий газруудыг нэгийг дуудлага, худалдаагаар, нөгөө газрыг төсөл сонгон шалгаруулалтаар бусдад эзэмшүүлэхээр болж аймгийн Засаг даргад хандаж захирамж гаргуулсан. Уг захирамжийн үндсэн дээр төсөл, сонгон шалгаруулах журмын дагуу комисс байгуулж, бүх бэлтгэл ажлаа хангаад хоёр сар цахим хуудсаар зарлаж, төсөл сонгон шалгаруулалтыг явуулсан.

 Тухайн үед .... дугаарбүрэн дунд сургуулийн захирал Н.Адилбиш бидэнд ирж ямар нэгэн асуудал тавиагүй тул энэ нь .... дугаарбүрэн дунд сургуулийн газар биш болох нь үүгээрээ нотлогдож байна. 2011, 2012 онуудад буюу аймгийн Засаг даргын захирамж гарч байгаа үед маргаан бүхий газар .... дугаарбүрэн дунд сургуулийн газар гэж үзвэл тухайн үед энэ асуудлыг хөндөөгүй вэ гэсэн зүйл эндээс урган гарч байна. 2017 онд хууль ёсны захирамж, тогтоол нь гараад төсөл сонгон шалгаруулалтаар бусдад эзэмшүүлсэн байхад, өнөөдөр энэ асуудлыг хөндөж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, аймгийн Засаг даргын захирамжуудыг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээд “АЭ” төрийн бус байгууллагаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1.... дугаарсарын 02-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай .... дугаарбүрэн дунд сургуулийн хойд талаас 216 м.кв газрыг сургалтын төв баримт зориулалтаар төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан. Тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар сонгон шалгаруулалт явуулах комисс томилогдож сонгон шалгаруулалт явуулахад манай төсөл шалгарч, сонгон шалгаруулалт явуулах комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/544 тоот захирамжаар 216 м.кв газрыг сургалтын төв баримт зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлэх нөхцөлөөр манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

 Энэхүү газар нь .... дугаарбүрэн дунд сургуулийн эзэмшлийн газарт огт хамаарахгүй, нийтийн эзэмшлийн зориулалттай эзгүй газар болохыг газрын албанаас бидэнд танилцуулсан. Газрын албанд байгаа кадастрын зургаас үзсэн ч тодорхой байна. Нэхэмжлэлд төсөл сонгон шалгаруулалтын үр дүнгээр 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргын А/461 тоот захирамжаар А.Айнагүлд эзэмшүүлсэн гэж дурдсан нь манайд газар эзэмшүүлсэн шийдвэрээс зөрүүтэй байна. Кадастрын зураг, хянан баталгаа, сонгон шалгаруулалтын комиссын шийдвэр зэрэг бусад холбогдох нотлох баримтуудыг холбогдох газраас нь авч танилцана уу. Аймгийн эрх бүхий байгууллагуудаас зохих журмын дагуу авсан техникийн нөхцөлүүд бүрэн байгаа тул инженерийн шугам сүлжээнд давхцах ямар нэгэн зөрчилгүй болно гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аявхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 “АЭ” ТББ  нь одоогийн эзэмшил газрыг хууль бус замаар аваагүй.Төсөл сонгон шалгаруулалтын талаар 2 сар гаруй зарласан ба энэ хугацаанд манай байгууллага төслөө бичиж, бэлтгэл ажлаа хангаад оролцсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан төлөвлөгөөнд зааснаар аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан комисс төсөл сонгон шалгаруулалтыг зохих хууль журмын дагуу явуулж, уг газрыг хууль ёсоор эзэмшүүлсэн байгаа. Мөн “АЭ” ТББ  нь уг төсөл сонгон шалгаруулалтад оролцох бэлтгэл ажлаа нэлээн хангаж, Улаанбаатар хотод очоод зураг болон төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан 10 сая гаруй төгрөгийн зардал гаргасан байгаа. Тийм учраас энэ нь зүгээр нэг тоглоом биш эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу нэгэнт энэ газрыг эзэмшсэн учраас иргэн болон төрийн бус байгууллагын эрхийг зөрчиж, тэдэнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг шүүхээс хүчингүй болох байх гэж найдаж байна. 

Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр болон иргэн, төрийн бус байгууллагын хийсэн ажлыг хүндэтгэн үзэх ёстой гэж бодож байна. Миний бие аймгийн захиргаанд 40 гаруй жил ажилласан хүн бөгөөд н.Хорхой багш, н.Тыныбай захирлын үеэс .... дугаарсургуулийн талаар сайн мэднэ. Тухайн үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хашааг дураараа татаж авдаг байсан. .... дугаарбүрэн дунд сургуулийн ойр орчимд барилга, байгууламж байгаагүй учраас хашааг томсгон татаж байсан байх. Гэхдээ дараагийн удирдлага нь хэрэгцээгүй газрыг чөлөөлж, кадастраас гаргасан байх гэж үзэж байна. 

Мөн тус сургуулийн хашаа татсан газраас зөвхөн маргаан бүхий газар бус, бусад иргэн, аж ахуйн нэгжид олгож байсан байна. Хэрэв бидэнд газар олгосон захирамжийг хүчингүй болгосон бол эдгээр иргэн, төрийн бус байгууллагад олгосон газруудыг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая сургуулийн хажуугаас сургалтын төвд газар олгосон нь буруу гэсэн агуулгатай тайлбар хэлж байна. Гэхдээ сургалтын төв нь сургуулийн адил сургалтын байгууллага байгаа. Тийм учраас эдгээр асуудлуудыг харгалзан үзэхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд Гаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: 

Миний бие анх 2012 оны аймгийн Засаг даргад Газрын тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргахад бүрдүүлсэн техникийн нөхцөлийн зургийн дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 279 тоот захирамжаар 144 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 0405337 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. 

2014 онд уг газарт барилга барих хүсэлтээ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан боловч 1-рт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэж байгаа ба шинэ төлөвлөгөө батлагдах хүртэл хүлээх хэрэгтэй, 2-рт танай газрын 2 талд залгаа байршилтай газар эзэмшигч нартай тохиролцоод 3 барилгын ажлыг зэрэг эхлүүлэхгүй бол болохгүй гэсэн хариу өгсөн. 

Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/543 тоот захирамжаар 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байсан. Энэ захирамжийг хүлээж авсны дараа надаас үүдэх шалтгаанаар зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй юм биш, барилга барих хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй гэдэг талаар хүсэлт аймгийн Засаг даргад гаргасны дагуу 2016 оны А/334 захирамжаар 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/543 тоот захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож миний газар эзэмших эрхийг сэргээсэн.

Монгол улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д ...нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна...”, 27.4-д ...хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно..., гэж заасан байх ба Г миний эзэмшилд байгаа 031306000 нэгж талбарт бүртгэгдсэн 0405337 дугаартай газар эзэмших эрхийн хууль ёсны гэрчилгээтэй, 144 м.кв газар нь бусдын эзэмшил газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 Маргаан бүхий газар нь .... дугаарбүрэн дунд сургуулийн газар биш болох нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Бын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд миний эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Өлгий сумын ерөнхий боловсролын .... дугаарбүрэн дунд сургуулиас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулж, газар эзэмшүүлэх тухай” А/318 дугаар, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Дахин дуудлага худалдаа явуулах тухай” А/535 дугаар, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн  “Газар эзэмшүүлэх тухай” А/544 дүгээр,  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай”  А/334 дүгээр захирамжуудыг /хэргийн 32, 34, 99, 137 дах талууд/ тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

1. Аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулж эзэмшүүлэх тухай” 240 дүгээр захирамжийн /хэргийн 26 дах тал/ дагуу .... дугаарбүрэн дунд сургуульд 16000 м2 газрыг эзэмшүүлж, кадастрын зургийг үйлдсэн, уг зурагт тусгаснаас үзэхэд маргаан бүхий газар нь сургуулийн эзэмшлийн газарт ороогүй байх боловч   2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр  газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргахад үйлдэгдсэн .... дугаарсургуулийн газрын байршлын кадастрын зурагт /хэргийн 110, 111 дэх тал/ уг маргаан бүхий газар нь сургуулийн эзэмшлийн газарт орсноор тусгагджээ. 

2012 оноос өмнө маргаан бүхий  газар нь .... дугаарбүрэн дунд сургуулийн эзэмшлийн газар мөн болох нь,  түүнчлэн уг газарт  сургуулийн зүгээс он удаан жил өөрийн хөрөнгө, сурагч, багш, ажилтнуудын хүч хөдөлмөрөөр хашаа татаж,  мод тарьж, зүлэгжүүлж, газрыг арчлан хамгаалж байсан нь хэрэгт авагдсан 2008 оны кадастрын зураг, гэрч Б, А, Е.Дөрветхан, Д.Төрмөнх, Л.Сесерхан, Л.Цэрэнчимэд нарын мэдүүлэг /хэргийн 131,186-187, 190, 196, 199 дэх тал/, “Google Maps” хайлтын системээс үзлэг хийсэн тэмдэглэл, зураг  /хэргийн  178, 179-182 дах тал/, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг /хэргийн 112-117 дах тал/  зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч байгууллагад  1999 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 14950 м2, харин 2012 онд олгогдсон 0381611 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд /хэргийн 25 дах тал/  газрын хэмжээг 16000 м2 гэж тус тус тусгасан байх ба   энэ талаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... 2016 оноос өмнө баримжаагаар хэмжилт хийж байсан ба 2016 оноос эхлэн газар хэмжих зориулалтын багажаар хэмжилт хийж цэг, тэмдгийг тавьж байгаа...” гэж тайлбарласан, үүнээс үзэхэд 1999 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох явцад  газрын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудаас .... дугаарбүрэн дунд сургуулийн эзэмшлийн газрын байршил, хил, хязгаарыг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэйгээс гадна гэрчилгээнд заагдсан 14950 м2 газарт  маргаан бүхий газар ороогүй гэдгийг үгүйсгэх нотлох баримт байхгүй  байна.

2. Аймгийн Засаг даргаас маргаан бүхий газрыг анх 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 363 дугаар захирамжаар /хэргийн 138 дах тал/ аймгийн Ойрад угсаатны урлаг, соёл, спортын сургалтын цогцолборын барилгыг барих зориулалтаар, 2012 оны 05 дугаар сарын 11 өдрийн 279 дүгээр захирамжаар /хэргийн 134 дэх тал/ иргэн Г, Т.Наранбаатар нарт тус тус гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг гаргасан,  нэхэмжлэгч байгууллага тухайн үед маргаагүй тул маргаан бүхий газрыг нэхэмжлэгч байгууллагын газар гэж үзэх боломжгүй гэж хариуцагч талаас маргажээ. 

Маргаан бүхий газрыг 2011 онд Ойрад угсаатны урлаг, соёл, спортын сургалтын цогцолборын барилгыг барих зориулалтаар эзэмшсэн талаар гэрч Бийн  “... Уг газрыг авахын тулд анх тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Атай ярилцаж байгаад тохиролцоонд хүрсэн ба уг цогцолборын үйл ажиллагааг .... дугаарбүрэн дунд сургуулийг түшиглэж явуулахаар тохирсны үндсэн дээр уг газрын зөвшөөрлийг авсан” гэсэн,  2012 онд иргэн Т.Наранбаатар, Г нарт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлснийг   гэрч Агийн “ ... нэг иргэнд уг газраас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн тухай захирамж гарсан байсан” гэсэн, нэхэмжлэгч Огийн шүүх хуралдаанд “ ... газар эзэмшүүлсэн иргэн Т.Наранбаатар нь А захирлын хүү мөн “   гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд  .... дугаарбүрэн дунд сургуулийн тухайн үеийн захирлаар ажиллаж байсан А нь  маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Гэхдээ сургуулийн эзэмшлийн газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2011, 2012 оны шийдвэрүүд  нь зөвхөн сургуулийн захирлын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамаарахгүй, сургуулийн сурагчид, багш, ажилтан зэрэг  тухайн сургуульд суралцдаг, ажилладаг нийтийн эрх, ашиг сонирхолд хамаарах асуудал тул “... тухайн үед А захирал  мэдэж байсан...”  үндэслэлээр энэхүү асуудлын талаар сургуулийн зүгээс шүүхэд мэдүүлэх, маргах эрхийг хязгаарлах боломжгүй юм. 

 Мөн маргаан бүхий газрыг эзэмшсэн  газрын эзэмшигчид  нь  тухайн газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, ямар нэгэн барилга байгууламж бариагүй  байх тул аймгийн Засаг дарга дээрх захирамжуудыг 2014 оны А/427, 2014 оны А/545 дугаар захирамжийн холбогдох хэсгээр /хэргийн 135, 136 дах тал/ тус тус хүчингүй болгосон. 

Түүнчлэн, одоогийн захирал О нь маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх тухай гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны А/334, 2017 оны А/318, А/535, А/544 дүгээр захирамжуудын талаар 2018 оны 9 дүгээр сард мэдсэн гэж мэдүүлсэн, сургуулийн захиргаанд маргаан бүхий захиргааны актуудын талаар  захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу албан ёсоор мэдэгдээгүй   тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд аймгийн Засаг даргаас   .... дугаарбүрэн дунд сургуулийн эзэмшлийн 216 м2 газрыг 2017 оны А/318 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь, уг захирамжийн дагуу  төсөл сонгон шалгаруулж  2017 оны А/544 дүгээр захирамжаар “АЭ “ ТББ-д эзэмшүүлсэн нь,   144 м2 газрыг аймгийн  2016 оны А/334 дүгээр захирамжаар  иргэн Гт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлснийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгож түүнд газар эзэмших эрхийг сэргээсэн нь, 2017 оны А/535 захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаа явуулах зарчмаар  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тус тус хууль бус, тодруулбал, .... дугаарбүрэн дунд сургуулийн эзэмшлийн газартай давхцуулан бусдад газар олгогдсон гэж дүгнэлээ. 

Хариуцагчийн  энэхүү хууль бус шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг тус тус зөрчсөн, үүний улмаас  төрийн байгууллага болох Өлгий сумын .... дугаарбүрэн дунд  сургуулийн газар эзэмших эрх нь зөрчигджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1,  106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,  31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын .... дугаарбүрэн дунд сургуулиас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/334, 2017 оны А/318, А/535, А/544 дүгээр захирамжуудыг  тус тус хүчингүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ГҮЛБАРША