Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/53

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000000043 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                        З.Ганцоож

Улсын яллагч                                                          Б.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                             Б.О нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр .. хүүхдийн хамт .... дүүргийн ..... дүгээр хороо, ....  дүгээр гудамжны ... тоот хашаанд оршин суух, .....н овгийн Б.О /РД:.........../.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

  Яллагдагч Б.О нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... дүүргийн ... дүгээр хороо, ....9 дүгээр гудамжны ... тоот хашаанд өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүрэн тус газарт нь 3 удаа хөлөөрөө өшиглөж, толгой хэсэгт гараараа 2 удаа цохих зэргээр зодож, биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхээс Б.О-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......... дүүргийн ....... дүгээр гудамжны ... тоот хашаанд байх өөрийн гэртээ 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18-19 цагийн үед хамтран амьдрагч Р.М-ын хамт байж байхад түүний найз Т манайд ирэхдээ 2 шил 0.5 граммын “Монгол стандарт” архи авчирч бид ууцгаасан. Тэгээд Р.М, Т хоёр гараад ирье гээд удалгүй Р.М ганцаараа орж ирсэн. Би найзтайгаа утсаар ярьж байтал “Чи ямар янхантайгаа яриад байгаа юм” гэж хэлэхээр нь би эрэгтэй найзтайгаа ярьж байна гэхэд гэрээс гарч яваад Т-тай хамт 0.75 граммын “Монгол стандарт” архи барьсаар орж ирсэн. Би архинаас 2-3 хундага уусан. Энэ үед Р.М дахин “чи хэнтэй ярьсан бэ” гээд асуугаад байхаар нь найзынхаа дугаар луу залгаж, чанга яригч дээр нь тавьж эхнэртээ сонсгосон. Намайг хэлэх, хэлэхгүйгээр үгээр дайрч, доромжилоод байхаар нь хөлөөрөө нүүрэн тус газарт нь 3 удаа өшиглөсөн. Гараараа толгой хэсэгт нь 2 удаа цохисон. Би тухайн үед ботинк өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр оройн 18 цагийн үед хамтран амьдрагч Б.О-ын хамт ...... дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр гудамжны ... тоотод өөрийн гэртээ байхад найз Т ирсэн бөгөөд ирэхдээ 2 шил 0.5 граммын “Монгол стандарт” архи авчирсан. Бид уугаад дахин нэг шил 0.75 граммын “Монгол стандарт” архи авчирч уусан. Энэ үед Т тасраад унтсан байсан. Нөхөр хүнтэй утсаар яриад байхаар нь “Чи хэнтэй яриад байгаа юм бэ” гэж асуухад эрэгтэй найзтайгаа ярьж байна гээд утасныхаа чанга яригч дээр нь тавьж сонсгосон. Тэгээд би тоогоо ч үгүй зүүн орон дээрээ зурагт хараад сууж байхад миний хажуу талд Б.О сууж байснаа гэнэт л намайг хөлөөрөө нүүрэн хэсэгт 1 удаа өшиглөөд авахаар нь би “чи яаж байнаа гэхэд” дахин  нүүр лүү  2 удаа өшиглөхөд нь би арагшаа босохдоо сууж байсан орныхоо ханыг толгойныхоо ар дагзаар мөргөсөн. Б.О ботинк өмссөн байсан. Миний нүүрэн тус газарт 3 удаа өшиглөсөн. Миний хамар хугарсан. Баруун шанаа хавдаж хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23-р хуудас/,

              Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуудлагын дагуу очиход Б.О, Р.М нар нь архи уусан байдалтай зүүн орон дээрээ зэрэгцээд суусан, баруун орон дээр нь үл таних эмэгтэй согтуурсан байдалтай сууж байсан. Юу болсон талаар асуухад Р.М хэлэхдээ “Б.О миний хамар луу өшиглөсөн, энэ архийг ууж дуусгаад намайг ална гээд байна” гэхээр нь Б.О-аас үнэн эсэхийг асуухад тийм би өшиглөсөн гэж хариулж байсан тул эрүүлжүүлэх, саатуулах байр луу хүргэхээр дагуулж гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-р хуудас/

              Гэрч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р.М, Б.О нар хамт амьдраад 9 жил болж байна. Дундаасаа 5 настай хүүтэй. Р.М дагавар .. хүүхэдтэй. ... настай хүү, ... настай охинтой. Том охин нь тусдаа амьдардаг. Хамт амьдарч эхлээд 2 жилийн хугацаанд архи уудаггүй байсан 3 дахь жилээсээ архи үе үе уудаг байсан ба сүүлийн 1-2 жил бараг архины хамааралтай болсон. Б.О их хурц зан ааштай, түргэн зантай, ажил төрөл хийдэггүй, архи их ууна. 2019-2020 онд миний мэдэх Р.М-ыг 3 удаа зодсон. Р.М өөрөө их бие муутай, даралт ихтэй болохоор хорооны эмчийн хяналтанд байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-р хуудас/

              Шинжээч эмчийн 035 дугаартай “…Р.М-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/

              Аюулын зэргийн үнэлгээний “... гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг...” гэсэн маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 3-14-р хуудас/

              Шүүгдэгч Б.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...2004.5.27-нд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял авч, 2005.5.21-нд хорих 419 дүгээр ангиас суллагдсан. 2007.11.08-нд Төв аймгийн Сум дундын шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял авч, 2012.01.24-ний өдөр 417 дугаар хорих ангиас суллагдсан ...” гэх хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 65-72-р хуудас/

  Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугчийн тодорхойлолт /хх-н 44-45-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .. дүүргийн .. дүгээр хороо, ... дүгээр гудамжны ..... тоот хашаанд өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүрэн тус газарт нь 3 удаа өшиглөж, толгой хэсэгт гараараа 2 удаа цохих зэргээр зодож, биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Б.О нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Р.М-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 035 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь Р.М-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “…хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.О, хохирогч Р.М нар гэр бүлийн харилцаатай болох нь нотлогдож байгаа тул Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,

             Шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөргүй, торгох ял шийтгэж өгнө үү.  Ажилд орсон торгуулиа хуваагаад төлөх боломжтой...“ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

            Шүүгдэгч Б.О-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Р.М нь “...надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбаргүй гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.О-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ..... овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-т нэг мянган /1000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая /1.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.О-т мэдэгдсүгэй.
  4. Хохирогч Р.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
  7. Б.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ