| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0054/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/54 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/54
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000490047 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгч Г.А нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээж ..... хамт /иргэний үнэмлэхний хаягаар: .... дүүргийн ... дугаар хороо, ...... дугаар гудамжны ... тоот/, одоо . дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд оршин суух, урьд ..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, ..... овгийн Г.А /РД:....../.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч Г.А нь ... оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “....” хүнсний дэлгүүрийн гадна сууж байсан иргэн О.Д-гийн өмчлөлийн цагаан хаш хөөргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Г.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр О.Д бид хоёр “...” хүнсний дэлгүүрийн үүдэнд хамт архи ууж байгаад О.Д-ийн хөөргийг аваад явсан байсан. Би тухайн үед согтуу байсан бөгөөд хөөргийг нь яаж авснаа санахгүй байгаа. Би дээрэмдье гэж бодоогүй, халаасандаа хийж явж байгаад баригдсан. Би айлын хашаанд ороод хашааг нь даваад зугтаасан. Хашаанд 3 хүүхэд байсан. Миний буруу би гэм буруугаа ойлгож ухаарч, гэмшиж байна. Ялыг маань хөнгөрүүлж өгнө…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37, 38-р дугаар хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...20.. оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад ... дүүргийн ... дүгээр хороо, “...” хүнсний дэлгүүрийн үүдэнд сууж байхад нэг танихгүй залуу ирж мэнд мэдээд миний дэргэд суусан. Тэр залуу манай .... тоот хашаанд байдаг би ... суманд айлын мал малладаг гэж надад хэлсэн. Тэр үед би хөөргөө гаргаж, хамрын тамхиа татах гэтэл тэр залуу миний хөөргийг гараас булааж аваад ... руу зугтахаар нь араас нь гүйхэд 1 дүгээр гудамжны араар орсон. Би хойноос нь явж, гудамж руу харахад тэр залуу урагшаа хашаа даваад орсон. Тухайн хашаа руу ороход хоёр жаахан хүүхэд гарч ирэхээр нь хүүхдүүдэд хандаж “танай хашаа руу давж орсон залууг та нар таних уу” гэхэд “сая нэг танихгүй ах хашаа давж орж ирээд ахыг нь хүн зодох гээд зугтаж явна” гэж хэлээд баруун хашааг даваад яваад өгсөн гэж хэлсэн. Тэр залуу улаан цамцтай, хар өмдтэй, эсгий түрүүтэй бакалтай, 30 гаран насны, сахалтай бор царайтай залуу байсан. Би хөөргө өвлөж авсан болохоор надад маш их үнэ цэнэтэй. Хаш чулуугаар хийгдсэн, гуулин нуухтай, зэс халбагатай, улаан өнгийн хуурамч толгойтой хөөрөг. Онцлох шинж гэвэл миний хөөрөг тохомтой заан сийлбэртэй цагаан өнгийн хөөрөг…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 12-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ү.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2... оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед дүүтэйгээ гэртээ байж байсан чинь манай байшингийн ард юм түжигнэсэн. Гараад хартал нэг хүн манай хашаагаар дамжаад баруун талын хашаа руу ороод байшингийн урд очиж байсан. Тэгээд би баруун талын айлын хүүхдээс “танайд хүн ирсэн юм уу, танай хашаа руу нэг хүн орсон” гэсэн чинь тэр хүүхэд тухайн хүн рүү очиж “Хэн бэ” гэж асуусан чинь “ахыг нь хүн зодох гээд араас хөөгөөд байна” гэж хэлээд хэсэг байж байгаад баруун хашааны арын хашаан дээгүүр даваад явсан. Улаан цамцтай, хар өмдтэй, эсгий түрүүтэй хар гуталтай, бор царайтай, сахалтай 40 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч О.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би дүүтэйгээ зурагт үзээд сууж байтал гадаа нохой хуцсан. Гараад хартал манай хашаан дотор нэг эрэгтэй хүн зогсож байсан. Очоод асуусан чинь “ахыг нь хүн зодох гээд хөөгөөд байна” гэж хэлсэн. Тэгээд манай хашааны зүүн талын буланд хашааны завсраар харж зогсож байгаад манай ард талын хашаан дээгүүр даваад явсан. Тэгсэн араас нь нэг настай өвөө ирсэн. Танай хашаанд орж ирсэн хүн хаашаа явсан бэ гэж асуусан. Манай хашааны хойгуур даваад явсан гэсэн чинь “тэр хүн өвөөгийнх нь хөөргийг булаагаад аваад явчихлаа” гэсэн. Улаан цамцтай, хар өмдтэй, эсгий түрүүтэй бакалтай, бор царайтай хүн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Шинжээчийн 136 дугаартай “...Гуулин нуухтай, даваа толгойтой, дунд үеийн хаш хөөрөгний үнэлгээ 250.000 төгрөг...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-н 21-р хуудас/
Г.А-ын согтолтын зэрэг драгер багажаар шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 48-р хуудас/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 5-7-р хуудас/
Шүүгдэгч Г.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаар хорих ял шийтгэгдэж, 2019.10.03-ны өдөр хорих 417 дугаар ангиас ялын хугацаа дуусч суллагдсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 70-73-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа, З.Х-гийн хүсэлт /хх-н 84, 106-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна…” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Г.А нь 20.. оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” хүнсний дэлгүүрийн гадна сууж байсан О.Д-гийн тамхилах гээд гартаа барьж байсан цагаан хаш хөөргийг булаан авч зугтаасан болох нь дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.А нь үйлдэлдээ шунахайн сэдэлтээр, санаатай хандсан болох нь хохирогчийн гарт байсан цагаан хаш хөөргийг булаан авч, зугтаасан үйлдлээр нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.А-ын дээрэмдэх үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 250.000 төгрөг болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 21-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч тус гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Г.Адъяабаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч О.Д нь “...хөөргөө буцаан авсан тул хохирол байхгүй, гомдол саналгүй, ялыг нь хөнгөлж өгнө үү...” гэсэн хүсэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн “...О.Д-т цагааан өнгийн чулуун хөөргийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. ...тохоштой зааны сийлбэртэй, улаан өнгийн толгойтой...” гэсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Ийм шүүгдэгчийг бусдад төлөх төлбөхгүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “…Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай…” гэсэн дүгнэлт.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Шүүгдэгч Г.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн, урьд шийтгүүлсэн ялаа бүрэн эдлээд дууссан, түүний ар гэр хувийн байдлыг харгалзан үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулаад уг хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү. Мөн Г.А-ын ээж нь бие муу, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд төр нэг удаа энэ хүнд боломж олгооч гэж хүсч байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Г.А-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгон ухаарч гэмшиж байгаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж заажээ.
Харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.А нь 20... оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс 20... оны 05 дугаар сарын 08-ныг дуустал цагдан хоригдсон болох нь шүүгчийн захирамжуудаас харагдаж байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ