Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 349

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 13-р байр 2-13 тоотод оршин суух Л.Дамбийжанцан /ЗЮ48051039/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сум, 8-р баг, Айргийн 11-7 тоотод оршин суух Ч.Цэрэндорж /ЗЮ58070809/-д холбогдох зээл, зээлийн хүү 3062950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 3-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Дамбийжанцан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Цэрэндорж нь надтай уулзаад би дэлгүүр ажиллуулж байгаа. Барааны нэр, төрөл цөөдөөд, нөөц нь багадаад байх юм. Ах та надад хүүтэй 2000000 төгрөг зээлдүүлээч, хүүний хамт буцааж төлнө гэдэг саналыг 2012 оны сүүлчээр надад тавьсан юм. Ингээд Ч.Цэрэндорж бид хоёр харилцан тохиролцож барьцаагүй, дэнчингүй цэвэр итгэлцэл дээр суурилсан зээлийн хэлцэл гэрээ байгуулж 2000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж сар бүрийн 30-ны өдөр зээлийн хүү болон зээлийн тооцоог хийж байхаар тохиролцсон. Тохиролцоо ёсоор сар бүрийн 30-ны өдөр зээл, хүүний тооцоог хийх ёстой атал төлөх хугацааг дараа сарын 5-ны дотор төлөх хэвшил тогтоож 2013 оны 4-р сарыг дуустал зээлдэгч зээлийн хүү төлж байсан. Зээлээсээ сар сард хэсэгчлэн төлөхийг зээлдэгч би шаардахад орлого муу байна, одоохондоо эхний ээлжинд хүүг төлж байя, зээлийг найдвартай төлнө гэдэг байсан.

2013 оны 5, 7, 9-р сарын хүүг тухайн сард нь төлөөгүй бөгөөд 5, 7-р саруудын хүүг 8-р сарын зээлийн хүүтэй хамтатган нөхөн төлсөн. Харин 9-р сард огт хүүг төлөөгүй. Зээлийн хүүгийн төлбөрийг бэлэн бусаар Хаан банк дахь миний харилцах дансанд төлдөг байсан. Бэлнээр төлбөр огт хийж байгаагүй. Ч.Цэрэндоржийн нөхөр нь Луус суманд улс төрийн албан тушаалд томилогдон ажиллах болсноор гэр бүлээрээ шилжсэн тул зээлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардахад төлбөр хийхээс цааргалдаг байсан. Хүүгийн төлбөр хийсэн сүүлчийн өдрөөс хойш 35 сар өнгөрөхөд нэг ч төгрөгийн хүү болон үндсэн төлбөрөөс төлөөгүй. Иймд үндсэн зээл 2000000 төгрөг, зээлийн хүү 1000000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 62950 төгрөг, нийт 3062950 төгрөгийг Ч.Цэрэндоржийн ар нэр хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ч.Цэрэндорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Дамбийжанцангийн нэхэмжилсэн 3062950 төгрөгийг төлөх үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2017 оны 1-р улиралд багтаан төлж барагдуулна гэжээ.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Дамбийжанцан нь Ч.Цэрэндоржоос зээл, зээлийн хүү 3000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Дамбийжанцангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн 50 хувь буюу 31475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын төсвөөс, 31475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Ч.Цэрэндоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Дамбийжанцанд олгож шийдвэрлэв.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1, 185 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Дамбийжанцангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү 3000000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч Ч.Цэрэндорж төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Дамбийжанцангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн 50 хувь буюу 31475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын төсвөөс, 31475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Ч.Цэрэндоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Дамбийжанцанд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй. 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

   ШҮҮГЧ                                      Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ