| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0055/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/56 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/56
2020 05 19 2020/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ганбатад холбогдох эрүүгийн 2004000410050 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Ц.Ганбат нар оролцов.
Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Тод болор” ХХК-ийн Дохиолол харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 44 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Монгол овгийн Цагааны Ганбат /РД:УЮ88123111/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ц.Ганбат нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны шөнө 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 44 тоот гэртээ өөрийн төрсөн эцэг Д.Цагааныг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас Д.Цагааны эрүүл мэндэд тархины доргилт, цээж, зүүн гарын шууны хэсэгт зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чихний ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ганбатын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз нартайгаа архи уучихаад орой 23 цагийн үед гэртээ харьсан. Болсон зүйлийн талаар сайн санахгүй байгаа. Гэхдээ миний санаж байгаагаар бие засах өрөөнд аавын бие зассан юмнуудыг цэвэрлэсэн. Өглөө нь аавын нүд хөхөрчихсөн байсан. Ээжээс асуухад “чи аавыгаа цохьсон” гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр өдөр би 11 цагийн үед аав, ээж дээрээ очсон. Манай аав хэвтэрт байдаг, ярьж босч явж чадахгүй, хүний асаргаанд байдаг. Аавын нүүр нь хөхөрч, нүд нь тагларсан байхаар ээжээс юу болсон талаар асуухад “Ц.Ганбат өчигдөр орой согтуу орж ирээд орилж чарлаад байхаар нь гарч зугтаад шөнө 3 цагт гэртээ орж ирэхэд аавыг чинь зодчихсон байсан” гэж хэлсэн. Ганбат 2019 оны 12 дугаар сард манай аавын гарыг хугалсан. Ер нь манай аав, ээж хоёр байнгын сэтгэл санааны дарамтанд байдаг. Ганбат архи уусан үедээ байнга агсам тавьдаг бөгөөд ээж айгаад зугтаачихдаг. 2019 оны 12 дугаар сард аавын нүүр нь хөхөрчихсөн байсан тэгэхэд ээж Ганбат аавыг зодсон гэж байсан эмнэлэгт үзүүлэхэд гар нь хугарчихсан байна гээд гипс тавьсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Алтанцэцэгийн мэдүүлсэн: “...Өчигдөр шөнө буюу 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед манай хүү Ганбат согтуу орж ирээд чанга орилоод байхаар нь шууд нимгэн хувцастайгаа гэрээсээ гараад гүйчихсэн. Шөнө гэртээ орж ирэхэд манай нөхрийг газарт унагаад хэвтүүлчихсэн өмдөнд нь баалгаад ялгадас нь газарт гоожсон, нүүрнээс нь цус гоожоод хатсан байдалтай байсан. Харин манай хүүгийн гар хөл хувцас нь ялгадас болсон унтаж байсан. Миний бодлоор Ганбат аавыгаа зодсон. Манай гэрт бид нараас өөр хүн байдаггүй, надад гар утас байдаггүй бөгөөд цагдаа дуудвал ална гэдэг болохоор айгаад зугтаадаг. Урьд нь намайг болон аавыгаа байнга зодож дарамталдаг. Намайг урьд нь зодож байсан, гарыг маань хугалж байсан. Би айгаад цагдаад хэлдэггүй. Өчигдөр “намайг ална шүү” гээд ширээний тавцангийн хугархайгаар айлгаад байхаар нь гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэтуяагийн мэдүүлсэн: “...Цагаан нь 2 удаагийн цус харвалттай хүн байгаа юм. Би 2015 онд 5 дугаар хороонд эмчээр ирэхэд цус харвалттай гээд Цагаан гэдэг хөгшин байсан. 2019 оны 10 дугаар сард дахин цус харвасан. Тэгээд 2 удаагийн цус харвалтаас болж хэвтэрт орсон. 2019 оны 12 сард манай сувилагч Болортуяагийн ярьснаар гэрт нь очиж Цагаанд эмчилгээ хийх гэхэд гартаа хүргэхгүй байсан гэсэн. Тэгээд маргааш нь манай эмнэлгийн Цоож эмч очиж үзээд рентгенд үзүүлэхэд гар нь хугарсан байсан. Ер нь тэр Ганбат гэдэг хүү нь архи уухаараа байнга дарамталдаг юм шиг байсан. Цагааны эхнэр Алтанцэцэг хүүгээсээ айгаад юм ярьж хэлэхгүй байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №09шэ/069 дугаартай дүгнэлтэд: “Д.Цагааны биед тархины доргилт, цээж, зүүн гарын шууны хэсэгт зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 74/,
Шүүгдэгчийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Ц.Ганбатын согтуурлын зэрэг 2.57 хувьтай” гэжээ. /хх-н 10-11/
Хохирогчийн нүүр, цээж, гарын шуунд үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “УЮ88123111 регистрийн дугаартай Монгол овгийн Цагааны Ганбат” гэжээ. /хх-н 98/,
Шүүгдэгч Ц.Ганбат нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 90/, шийтгэх тогтоол, шийтгэвэр болон ял солих захирамж, шүүгчийн шийтгэврийн хуулбарууд /хх-ийн 100-122/, аюулгын зэргийн үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /32-36/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ганбатад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Ганбат нь согтуугаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.Ганбат нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 149/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Ганбат нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 5-ны орой 22-23 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 44 тоот өөрийн гэртээ бусдын асаргаанд байдаг төрсөн эцэг Д.Цагааны нүүр, цээж, гарын шуу хэсэгт нь цохиж зодсоны улмаас түүний биед тархины доргилт, цээж, зүүн гарын шууны хэсэгт зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чихний ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Маргааш өглөө сэрэхэд аавын нүд хөхөрчихсөн байсан. Ээжээс асуухад “чи цохьсон” гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуулын “Аавын нүүр хөхөрч, нүд нь тагларсан байхаар нь ээжээс юу болсон талаар асуухад “Ц.Ганбат өчигдөр орой согтуу орж ирээд аавыг чинь зодчихсон байсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/, гэрч Ц.Алтанцэцэгийн “манай хүү Ганбат согтуу орж ирээд орилж хашгираад байхаар нь айгаад гараад зугтаасан. Шөнө 03 цагт гэртээ орж ирэхэд манай нөхрийг газар унагаад хэвтүүлчихсэн нүүрнээс нь цус гоожоод хатсан байдалтай байсан. Миний бодлоор Ганбат аавыгаа зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/, гэрч Б.Эрдэнэтуяагийн “2019 оны 12 сард манай сувилагч Болортуяа Цагаан гуайд эмчилгээ хийхээр гэрт нь очиход гартаа хүргэхгүй байсан гэсэн. Тэгээд маргааш нь манай эмч очиж үзээд рентгенд үзүүлэхэд гар нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №09шэ/069 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74/, гэмт хэрэг гарах үед шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-11/, хохирогчийн нүүр, цээж, гарын шуу хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Ганбат нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үйлдлээ дүгнэх хянах чадвар муудсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Ц.Ганбат нь төрсөн эцэг Цагаан, эх Алтанцэцэгийн хамт гурвуулаа Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 44 тоотод 32 жил хамт амьдарч байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээнд тодорхойлогдсон байна. Мөн хохирогч Цагаан нь 2 удаа цус харваж, өвчний улмаас бусдын асаргаанд байдаг болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заажээ. Шүүгдэгч Ц.Ганбат нь хохирогч Цагааныг урьд нь цохиж зоддог байсан болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Иймд Ц.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Ганбат нь хохирогч Д.Цагааны бие махбодид тархины доргилт, цээж, зүүн гарын шууны хэсэгт зулгаралт баруун болон зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чихний ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуулаас “Гомдол санал нэхэмжлх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 42, 148/
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Ц.Ганбатыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.Ганбат нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Ц.Ганбатад “ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, “Тод болор” ХХК-ийн Дохиолол харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг, урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс Ц.Ганбатыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Ц.Ганбатын тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг (хх-н 150) харгалзан торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Монгол овгийн Цагааны Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол овгийн Цагааны Ганбатад 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Ганбатад мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гантуул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
6. Ц.Ганбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА