Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/58

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

    2020         05          19                                      2020/ШЦТ/58  

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Мөнхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904002260046 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

 Хохирогч                                                  Ц.Бадамжунай

 Шүүгдэгч                                                  Р.Мөнхбаяр нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 9 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Жалиар овгийн Рагчаагийн Мөнхбаяр /РД:НЧ78092804/

      

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Р.Мөнхбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсгийн 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд байрлах монгол гэрт хохирогч Ц.Бадамжунайгийн хамт согтууруулах ундаа хэрэглэх явцдаа Нокиа-3310 загварын гар утас, өмдний халаасанд байсан хэтэвчнээс нь бэлнээр 342.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 382.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Р.Мөнхбаярын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би гар утас авснаа хүлээн зөвшөөрч байна. Бэлэн мөнгөний хувьд тоолоогүй учраас 342.000 төгрөг байсныг мэдэхгүй байна. Би өнөөдөр хохирогчид 200.000 төгрөг төлсөн. Гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Бадамжунай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай гэрт Мөнхбаяр бид хоёр архи ууж, нилээн согтсон байсан. Тэр үед Мөнхбаяр өөрийн найз эмэгтэйг утсаар дуудаж ирүүлсэн. Тэгээд би түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Ингээд шөнө 04 цагийн үед сэрээд хартал миний “Нокиа 3310” маркийн гар утас, түрийвчинд байсан 342.000 төгрөг алдагдсан байсан. Тэгээд маргааш нь Мөнхбаяртай уулзахад миний гар утсыг гаргаж өгсөн. Мөнхбаяр хохирлын мөнгөнөөс 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэх 142.000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар бид хоёр харилцан тохиролцсон байгаа ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/

Мөрдөн байцаалтад гэрч А.Дашсүрэнгийн мэдүүлсэн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ байж байтал өдөр 14 цагаас хойш Р.Мөнхбаяр миний утас руу залгаад “Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсгээс ирээд намайг авчих” гээд байсан. Тэгээд би 18 цаг өнгөрөөгөөд Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсэг рүү такси бариад явсан. Тэгээд тухайн гэрээр орж Мөнхбаярын хүүхдийн хувцасыг өмсгөөд Мөнхбаярыг аваад барьж ирсэн такситайгаа буцаад явсан. Тухайн айлд Мөнхбаяр хөгшин эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Тэр хоёр согтолтын хувьд гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20/,

 “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинэ загварын Nokia-3310 маркийн гар утас 40.000 төгрөг..” гэжээ. /хх-ийн 29/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “НЧ78092804 регистрийн дугаартай Жалиар овгийн Рагчаагийн Мөнхбаяр”, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэжээ. /хх-н 79-80/

Хохирогч Ц.Бадамжунайн хүсэлтэд “Мөнхбаяраас бэлнээр 200.000 төгрөг авсан, үлдэх 142.000 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулна” гэжээ. /хх-н 99/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.Мөнхбаярт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Р.Мөнхбаяр нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Р.Мөнхбаяр нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 97/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Р.Мөнхбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсгийн 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд байрлах монгол гэрт хохирогч Ц.Бадамжунайтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа түүний өмдний халаасанд байсан хэтэвчнээс бэлнээр 342.000 төгрөг болон 40.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа-3310” загварын гар утас  зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 382.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би гар утас болон бэлэн мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед мөнгийг тоолоогүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бадамжунайн “Мөнхбаяр бид хоёр архи уусан. Шөнө сэрэхэд миний “Нокиа 3310” маркийн гар утас, түрийвчинд байсан 342.000 төгрөг алдагдсан байсан. Маргааш нь Мөнхбаяраас утсаа авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12/, гэрч А.Дашсүрэнгийн “Би такси бариад Талын толгой хэсгээс Мөнхбаярыг очиж авсан. Намайг очиход Мөнхбаяр хөгшин эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан ба Р.Мөнхбаярын хулгайлах үйлдлийн улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш буюу 382.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Р.Мөнхбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Мөнхбаярын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.Мөнхбаяр нь хохирогч Ц.Бадамжунайд бэлнээр 342.000 төгрөг болон 40.000 төгрөгийн үнэ бүхий “Nokia-3310” маркийн гар утас нийт 382.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан байх ба шүүх хуралдаанд хохирогч Ц.Бадамжунайгаас “Мөнхбаяраас гар утсаа авч, 200.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, үлдэх 142.000 төгрөгийг нэг сарын хугацаанд төлж барагдуулах талаар харилцан тохирсон” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Р.Мөнхбаяраас 142.000 төгрөгийн гаргуулж хохирогч Ц.Бадамжунайд олгох нь зүйтэй.

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Р.Мөнхбаярыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Р.Мөнхбаяр нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн болно.  

Р.Мөнхбаярт “ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт  амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Р.Мөнхбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь нэг талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт үйлдлээ болон гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж, үлдэх 142.000 төгрөгийн  эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч талаас хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харгалзан үзэж, Р.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэвэл зохино.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жалиар овгийн Рагчаагийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Жалиар овгийн Рагчаагийн Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Р.Мөнхбаярт “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Р.Мөнхбаяр нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Р.Мөнхбаяр нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Мөнхбаяр нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол болох 382.000 төгрөгөөс  хохирогчид “Nokia-3310 маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, 200.000 төгрөгийг бэлнээр төлснийг тус тус дурдаж, үлдэх 142.000 /нэг зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг Р.Мөнхбаяраас гаргуулж хохирогч Ц.Бадамжунайд олгосугай.

8. Р.Мөнхбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАЙГАЛМАА