| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 139/2016/00368/И |
| Дугаар | 356 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 356
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Засаг дарга Б.Лхагвамандал/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, 7-р баг, Далайн 1-1 тоотод оршин суух О.Цээдорж /ЗП66030816/-д холбогдох зээл, зээлийн хүү, алданги 12003395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Засаг дарга Б.Лхагвамандал/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1-р хавсратлаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу 2011 оны 6 сарын 20-ны өдрийн Орон тооны бус зөвлөлийн №01 хуралдаанаар 7-р багийн иргэн О.Цээдоржид “Мужааны цех”-ийн зориулалтаар 9500000 төгрөгийг олгосон. О.Цээдорж нь 2012 оны 10 сарын 29-ний өдрөөс хойш эргэн төлөлт огт хийгээгүй явсаар зээлийн хугацаа гэрээний дагуу 2014 оны 6 сарын 25-нд эргэн төлөлтийн хугацаа дууссан. 2014 оны 12 сарын 31-ний байдлаар үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 7744130 төгрөг, зээлийн хүү 387200 төгрөг, алданги 3872065 төгрөг, нийт 12003395 төгрөг байна. Иймд О.Цээдоржоос 12003395 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Цээдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас зээл авч ажилласан нь үнэн. Иймд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 7744130 төгрөг, зээлийн хүү 387200 төгрөг, алданги 3872065 төгрөг, нийт 12003395 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч одоохондоо төлөх чадвар байхгүй байна. Учир нь сумын захиргааны хуучин халуун усанд өөрийн бүх хөрөнгөө шавхаж хийсэн. Сумын захиргаанаас засварын мөнгийг гаргуулж байж төлөх чадвар үүснэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан нь О.Цээдоржоос зээл, зээлийн хүү, алданги 12003395 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Цээдоржоос 103502 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1, 185 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, алданги 12003395 /арван хоёр сая гурван мянга гурван зуун ерэн тав/ төгрөгийг хариуцагч О.Цээдорж төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Цээдоржоос 103502 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ