| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 139/2016/00338/И |
| Дугаар | 372 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 372
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Засаг дарга Б.Лхагвамандал/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, 7-р баг, Үйлчилгээний 9-р байр 1-5 тоотод оршин суух Э.Бат-Амьдрал /ЗИ83090810/-д холбогдох зээл, зээлийн хүү, алданги 4916775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 3-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Засаг дарга Б.Лхагвамандал/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1-р хавсратлаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу 2011 оны 6 сарын 20-ны өдрийн Орон тооны бус зөвлөлийн №01 хуралдаанаар 7-р багийн иргэн Э.Бат-Амьдралд “Цэвэр усны үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 9500000 төгрөгийг олгосон. Э.Бат-Амьдрал нь 2016 оны 1 сараас хойш эргэн төлөлт хийгээгүй. Зээлийн хугацаа гэрээний дагуу 2014 оны 6 сарын 23-нд эргэн төлөлтийн хугацаа дууссан. Үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 3166672 төгрөг, зээлийн хүү 167032 төгрөг, алданги 1583071 төгрөг, нийт 4916775 төгрөг байна. Иймд Э.Бат-Амьдралаас 4916775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч О.Буянбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын 7-р багийн иргэн Э.Бат-Амьдралын Сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй талаар ирүүлсэн өргөдөлтэй танилцаад Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 сарын 31-ний өдрийн 153 тоот тогтоолын 3.3.1, 3.3.2-т заасны дагуу шинээр байгуулагдах Сум хөгжлийн сангийн Зөвлөлөөр дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон. Иймд Эрдэнэдалай сумын Сум хөгжлийн сангийн Э.Бат-Амьдралд холбогдох хэргийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан нь Э.Бат-Амьдралаас 4916775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Засаг дарга Б.Лхагвамандал/-гийн нэхэмжлэлтэй Э.Бат-Амьдралд холбогдох зээл, зээлийн хүү, алданги 4916775 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ