Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 373

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Засаг дарга Б.Лхагвамандал/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, 7-р баг, Жаргалантын 2-6 тоотод оршин суух С.Нямаа /ЗП71021227/-д холбогдох зээл, зээлийн хүү, алданги 11657439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 3-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Засаг дарга Б.Лхагвамандал/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1-р хавсратлаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу 2013 оны 6 сарын 20-ны өдрийн Орон тооны бус зөвлөлийн №03 хуралдаанаар 7-р багийн иргэн С.Нямаад “Хур шим” хүнсний ногоо зориулалтаар 15000000 төгрөгийг олгосон. С.Нямаагийн зээлийн хугацаа гэрээний дагуу 2016 оны 9 сарын 20-нд эргэн төлөлтийн хугацаа дууссан. 2016 оны 9 сарын 20-ны байдлаар үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 9271862 төгрөг, зээлийн хүү 393750 төгрөг, алданги 1991827 төгрөг, нийт 11657439 төгрөг байна. Иймд С.Нямаагаас 11657439 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч С.Нямаа шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэдалай суманд үйл ажиллагаа явуулж байсан “Эрч хүч-Эв нэгдэл” хоршоо 2013 оны 6 сарын 20-нд Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сангаас 15000000 төгрөгийн зээл авсан. Зээл аваад хоршооны гишүүдийн хамт газар тариалан эрхлэх зорилгоор төмс, хүнсний ногооны үр, усалгааны систем, ёонкос, чиргүүл зэрэг зүйлд зарцуулан үйл ажиллагаа эхэлсэн. Бидэнд байгалийн ган зуд эрсдэл усны гачаал, хамтран ажиллах хүмүүсээ буруу сонгосон зэрэг алдаанаас болоод зээлээ төлж дуусгах боломж түр зогссон. /Сумын эмзэг бүлгийн ажилгүй өрхүүдийг авч хамтарч ажилласан/ 2014 оноос эхлээд хүмүүс маань газар тариалангийн ажил хүнд гээд ашиг олж чадаагүйдээ шантарч гарцгаасан. Авсан зээлээ 2015 оны 7 сар хүртэл төлж байгаад үйл ажиллагааны орлогогүй болсон учраас зогсолтонд хүргэсэн. Зээлийн хүү, алдангийг чөлөөлүүлэх талаар өөрийн үзэл бодлоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлж хүсэлт гаргасан. Иргэдийн төлөөлөгчдийн хурал алдангийг зогсооё гэсэн хариу өгсөн боловч холбогдох хүмүүс нь энэ тогтоол хүчингүй, заавал алдангаа төл гэж буцаасан. Үлдэгдэл зээлээ төлж багасгая гэхээр үндсэн зээлээс биш алдангаас хасна гэдэг. Тэгэхээр үндсэн зээлээ хороож чадахгүйд хүрээд байна. Иймээс бидний зээлийн хүү алдангийг зогсоож нааштай хариу өгөх боломжийг олгож өгөхийг хүсэж байна. Бид нарыг үндсэн зээлээ төлж барагдуулахад тодорхой хугацаа сунгаж өгөхийг хүсэж байна. Зээлийг аваад төлж чадахгүй зогсоосон нь бидний буруу боловч бидэнд маш их хүндрэл бэрхшээл хямрал нөлөөлсөн гэжээ.

            Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч О.Буянбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын “Эрч хүч-Эв нэгдэл” хоршоог төлөөлж 7-р багийн иргэн С.Нямаагийн Сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй талаар ирүүлсэн өргөдөлтэй танилцаад Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 сарын 31-ний өдрийн 153 тоот тогтоолын 3.3.1, 3.3.2-т заасны дагуу шинээр байгуулагдах Сум хөгжлийн сангийн Зөвлөлөөр дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон. Иймд Эрдэнэдалай сумын Сум хөгжлийн сангийн С.Нямаад холбогдох хэргийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

            ҮНДЭСЛЭХ нь:

            Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан нь С.Нямаагаас аас 11657439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Засаг дарга Б.Лхагвамандал/-гийн нэхэмжлэлтэй С.Нямаад холбогдох зээл, зээлийн хүү, алданги 11657439 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

     

             ШҮҮГЧ                                   Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ