Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 937

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч О.У /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01710 1192 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн О.У, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиарааа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, аавын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 19 дүгээр гудамж, 274а тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй,

Шүүгдэгч О.У нь согтуурсан үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “уруулд няцарсан шарх, цус хуралт, үүдэн зүүн доод 2 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би эхнэрээ автобусанд суулгаж өгөхөөр гараад автобусны буудал дээр хүргэж өгчихөөд харих гээд явж байхад үл таних О.У гэх залуу таараад архины мөнгө нэхэхээр нь би байхгүй гэсэн чинь шууд намайг хашаанд шахаад нүүрэн тус газар 2 удаа цохисон. Миний шинэ авсан малгайг урсан. Тэгээд байж байхад эхнэр ирж салгаад намайг аваад харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч Т.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үдэс хойш 11 цагийн орчим эмнэлэг явах гээд нөхөр Д.Мөнхбаатар автобусны буудал руу гаргаж өгсөн ба буцаад явж байхад зүс таних О.У гэх хүн таарч архины мөнгө нэхсэн байдаг. Тэгэхээр нь манай нөхөр байхгүй гэсэн чинь толгойн тус газар нь нүүр хэсэгт нь цохиж зодсон. Би холоос хараад гүйж ирж салгаад, гэр рүүгээ авч орсон. Намайг харахад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Яллагдагч О.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчим байх Баянзүрх дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт нүдэн Дугарын дэлгүүрийн орчимд явж байхад танил Д.Мөнхбаатар ах таарсан ба би Мөнхбаатар ахаас ганц юм аваад өг гэсэн чинь мөнгөгүй гээд бид хоёр маргалдаж би Мөнхбаатар ахын нүүрэн тус газар нь уруул орчимд нь байх 2 удаа цохисон. Д.Мөнхбаатар ахаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3975 тоот дүгнэлтэд: 

1. Д.Мөнхбаатарын биед уруул няцарсан шарх, цус хуралт, үүдэн зүүн доод 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх үүдэн зүүн доод 2 дугаар шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 17/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4-6/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.У нь согтуурсан үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “уруулд няцарсан шарх, цус хуралт, үүдэн зүүн доод 2 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Д.Мөнхбаатарын: “...Тэр өдөр би эхнэрээ автобусанд суулгаж өгөхөөр гараад автобусны буудал дээр хүргэж өгчихөөд харих гээд явж байхад үл таних О.У гэх залуу таараад архины мөнгө нэхэхээр нь би байхгүй гэсэн чинь шууд намайг хашаанд шахаад нүүрэн тус газар 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Байгалмаагийн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үдэс хойш 11 цагийн орчим эмнэлэг явах гээд нөхөр Д.Мөнхбаатар автобусны буудал руу гаргаж өгсөн ба буцаад явж байхад зүс таних О.У гэх хүн таарч архины мөнгө нэхсэн байдаг. Тэгэхээр нь манай нөхөр байхгүй гэсэн чинь толгойн тус газар нь нүүр хэсэгт нь цохиж зодсон. Би холоос хараад гүйж ирж салгаад, гэр рүүгээ авч орсон. Намайг харахад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Ут хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Мөнхбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч О.Ут хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Ут 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.У нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР