Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 139/2016/00283/И |
Дугаар | 374 |
Огноо | 2016-12-15 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сум 9-р баг, Мандалын 6-7 тоотод оршин суудаг, Батжаргалжонон овогт Жамбалдоржийн Батдэлгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундагад холбогдох,
Гэм хорын хохирол 35686000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 сарын 14-нд хүлээн авч, 2016 оны 9 сарын 21-нд 139/2016/00283/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1975 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум 9-р баг, Мандалын 6-7 тоотод оршин суудаг, Мэргэ овогт Гантөмөрийн Лхавга,
Хариуцагчийн төлөөлөгч: 1966 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, дээд боловсролтой, Онцгой байдлын газрын дарга ажилтай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Онцгой байдлын байрны 1 тоотод оршин суух, Сартуул овогт Ягааны Алтанхундага,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Боржигон овогт Дашнамжилын Дарьсүрэн /Өмгөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1030/ ,
Хариуцагчийн өмгөөлөгч: Дуутан овогт Дашцэрэнгийн Даваа / Өмгөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0178/,
Прокурор: Дундговь аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ажилтай, Тод овогт Дэлгэрбямбын Баянмөнх,
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагва, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Я.Алтанхундага, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваа, гэрч Б.Бямбадорж, иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг, прокурор Д.Баянмөнх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 2004 оноос эхлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 6-7 тоотод оршин суудаг байсан. 2014 оны 8 сарын 30-ны өдөр амьдарч байсан байшин маань галд өртөн эд хэрэгсэл, бичиг баримт юу ч үгүй болж өмссөн хувцастайгаа үлдсэн. Тухайн өдөр байшиндаа гал гарсныг мэдэнгүүтээ холбогдох байгууллагуудад дуудлага өгөхөд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Б.Бямбадорж ахлагчтай хүмүүс ирсэн боловч ямар ч арга хэмжээ авахгүй, харсаар байтал юу ч үгүй болж шатсан. Хугацаа алдалгүй дуудлага өгсөн байхад холбогдох байгууллага шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авсан бол манайх өдий хэмжээний хохирол амсахгүй байсан. Онцгой байдлын хэлтсийн газар ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлаа хийгээгүйгээс болж манайх галд тэр чигээрээ өртсөн гэж үзэж байна. Иймээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээний дагуу бидэнд учирсан хохирол болох 35686000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сарын 30-нд би үдээс өмнө ээж, аав хоёрыгоо эмнэлэгт үзүүлэх гээд гарсан. Тэгтэл манай хүүхэд над руу залгаад манайхаас утаа гарч байна гал гарч байгаа юм шиг байна гэж хэлсэн. Би машинтай явж байсан. Тэгээд гэр лүүгээ явж байх замдаа Онцгой байдлын газарт дуудлага өгөх гээд залгасан чинь манайхаас сая хүмүүс явсан гэсэн хариу өгсөн. Тэгээд намайг очиход Онцгой байдлын газрынхан оччихсон байсан. Намайг очиход манай байшин баруун талаасаа утаа гараад шатаж байсан. Манайх төмөр хашаатай юм. Онцгой байдлын хэлтсийнхэн машинаа зам дээр хашааны хойд талд тавьсан байсан. Онцгой байдлын ажилчид шаланк угсрах гээд байгаа бололтой тэрийгээ оролдоод ерөөсөө гал руу усаа тавихгүй байсан. Тэгээд би яагаад гал руу усаа тавихгүй байгаа юм бэ? Гал унтраах арга хэмжээ аваач гэж Онцгой байдлын ажилчдаас гуйж үзсэн, зөндөө хэлж үзсэн боловч огт ус өгөхгүй байсан. Б.Бямбадорж гэдэг хүн тэнд байсан. Би тэр хүн дээр очоод хажуунаас нь татаад та нар ямар нэг юм хийгээчээ гэж хэлсэн. Тэр хүн надад ямарч хариу өгөөгүй. Баруун талаасаа шатаад байсан болохоор би зүүн талаас нь гүйж ороод сервантны нүднээс бичиг баримтаа авсан юм. Тэгэхэд араас Бямбаа гэдэг хүн гал руу орж болохгүй гэж хэлж байсан. Тухайн үед хүн олон цугларсан байсан. Тэнд байсан бүх хүмүүс гал руугаа яагаад ус өгөхгүй байгаа юм бэ, гал унтраах арга хэмжээ аваач гэж хэлж байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс Онцгой байдлын ажилчид согтуу байна, шаланкаа холбож чадахгүй байна гэж байсан. Харагдах байдал болон явж байгаа нь харахад согтуу байдал ажиглагдсан. Манай байшин бүхэлдээ шатсан. Хажуу талын Н.Батсайхан эгчийн байшин шатсан мөн хураалттай гэр лүү ч гэсэн гал орсон. Тэгээд усны машин ирж ус өгөөд гал унтарсан. Хашаанд ачааны машин байсан. Тэр машиныг манай ах, дүү мөн тэнд байсан хүмүүстэй хамт түлхэж хашаанаас гаргасан. Ийм л зүйл болсон. Онцгой байдлынхан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, цаг хугацаа алдсан. Онцгой байдлынхан анх ирсэнээсээ хойш цаг гаран болсон. Онцгой байдлын ажилчид хугацаа алдахгүйгээр ажил үүргээ сайн гүйцэтгээд галыг унтраасан бол ийм их хэмжээний хохирол учирахгүй. Бага хэмжээний хохирол учирах байсан гэж үзэж байна. Иймд 35686000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Я.Алтанхундага шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сарын 30-ны өдөр иргэн Ж.Батдэлгэрийнх шатсан байдаг. Энэ үеэр манай дуудлага хүлээн авагчид цаг алдалгүй очсон. Тухайн газар нь 1.5 километр орчим газар, нугачаа ихтэй байсан. Дуудлага хүлээн авснаас хойш 4 минутын дараа очсон байдаг. Очоод ажилласан, ажил үүргээ гүйцэтгэсэн. Тухайн үед байсан Э.Цэдэндамбаа гэдэг ахлагч тархалт хийхдээ галын ойролцоо шаланкаа шидсэн байсан. Гал тархчихсан байсан учраас берзинттэй байсан шаланк нь галд төөнөгдөөд ус өгөхөд цоорсон байдаг. Тэгээд дахиж нөөц шаланк гаргаж залгаад ус өгч тархалтыг зогсоосон байдаг. Цаг хугацаа алдсанаас болоод ийм зүйл болоогүй. Манай ажилчид ажилладагаараа ажилласан. Тухайн үеийн баг ажилчдад арга хэмжээ авсан. Арга хэмжээ авсан үндэслэл нь гал унтраах дүрэмд заасан хэмжээгээр ажиллаагүй, галын ойролцоо шаланкаа шидсэнээс болж шаланк цоорч дахиж шаланк сольсон нь цаг хугацаа алдаж байгаа юм. Энэ үндэслэлээр тухайн үед ажилласан албан хаагчиддаа арга хэмжээ авсан. Тухайн үед очсон албан хаагчид согтуу байсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Манай гал унтраах ангийн дарга өглөө ээлжийг нь хүлээлцүүлдэг. Манайд эмч ажилладаг. Эмч давхар даралт зэргийг нь үздэг. Энэ чинь өөрөө хариуцлагатай алба. Харин айлын найран дээр байсан ганц нэг хүмүүс гүйж ирсэн байдаг. Тэр хүмүүс шаланк холбох зэрэг зүйл дээр оролцсон байдаг. Тэр хүмүүс гал гарчихсан байна гэж сонсоод өөрсдөө ажилладаг болохоор ганц нэг хүмүүс ирсэн байдаг. Түүнээс тухайн үед очсон манай ажилчид архи ууснаас болоод хариуцлага алдаж ийм зүйл болоогүй. Манайхан нэхэмжлэгчийн гэрт очоод чүдэнз зураад шатаачихсан юм биш. Галын аюулгүй байдлаа хангах нь иргэн хүний өөрийнх нь хариуцлага. Гэр 6-7 минутад бүрэн шатдаг. Зуны модон байшин 7 минутад бүрэн шатдаг. Гал гарахыг анх харсан хүн хаалгыг нь онгойлгоод ус цацсан байдаг. Хаалгыг нь онгойлгохоор тархалт нь улам ихэсдэг. Дараа нь тэр хүн худгийн хүнд очиж хэлсэн байдаг. Энэ хооронд их хугацаа алдсан байгаа. Объектийн хоорондын зай алдагдсан байдаг. Гэрээ байшингийнхаа ар талд хураачихсан, машин шахаад тавьчихсан, хажуу талынх нь айл ойрхон байсан. Ийм байрлалтай байхад хажуу талынх нь айл руу гал оруулаагүй, хашаанд байсан машин, гэр хоёрыг нь холдуулсан байдаг. Байгаа хэмжээнд тохируулан ажилласан байхад цаг хугацаа алдсан гэж байна. Манайд энэ мөнгийг төлөх мөнгө ч байхгүй. Төлнө гэсэн журам ч байхгүй. Галыг байгаа хэмжээнд унтраах нь бид нарын үүрэг. Бид нар үүргээ гүйцэтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ж.Батдэлгэр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Онцгой байдлын албан хаагч нар ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж манайд 35686000 төгрөгийн бодит хохирол учирсан тул ажиллаж байгаа байгууллагаас нь хохирлыг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг үзэхэд хариуцагчаар хуулийн этгээдийг татаж нэгэнт хуулийн этгээдийг удирдаж байгаа эрх бүхий албан тушаалтан нь итгэмжлэлгүйгээр байгууллагаа төлөөлөх эрхтэй учраас Я.Алтанхундага гэдэг хүнийг байгууллагыг төлөөлж хариуцагчаар оролцуулж байгаа юм. Нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой. Шаардлагын хувьд 35686000 төгрөгийг гаргуулах. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа байдал нь хэргийн материалд авагдсан нэхэмжлэгч талын болон хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт мөн талуудын хүсэлтээр, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Онцгой байдлын газрын үндсэн чиг үүрэг нь авран хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. Улсын байцаагчийн акт буюу дүгнэлтийг гаргуулахаар цагдаагийн албан хаагч Б.Сэргэнмандахын зүгээс шинжээч томилох тогтоол үйлдэж, холбогдох хууль сануулж гарын үсэг зуруулж энэ актыг гаргасан боловч өнөөдөр тус акт нь хэргийн бодит байдалтай буюу талуудын гаргаж байгаа тайлбартай нийцэхгүй байна. Авран хамгаалах ажиллагаа нь цаг минуттай уралдаж хийгддэг. Цаг хугацааны хувьд маш эргэлзээтэй байдал харагдаж байгаа. Усны хоолой галд төөнөж цоорсноос болж цаг хугацаа алдсан гэдгийг хариуцагч тал үгүйсгэдэггүй. Үүнтэй холбогдуулж эрх бүхий албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан гэдэг боловч тухайн авран хамгаалах бие бүрэлдэхүүнд орж ажилласан бүх хүмүүс дээр арга хэмжээ авсан байдаг. Хариуцагч тал тушаалынхаа үндэслэлийг нотолж чадахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн гэрчүүд тухайн гал гарсан газар очиход байшингийн дотор тал бүхэлдээ галд автчихсан бүх зүйл шатчихсан, гадна талдаа гал дэлгэрсэн байдалтай байсан гэдэг. Бид өнөөдөр ямар учиртай бичиг баримтад үзлэг хийлгээд байна гэхээр тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхавга гэдэг хүн гал гарах үед байгаагүй. Гал гарсан тухай мэдээллийг хүлээж аваад гэртээ ирэхэд Онцгой байдлын албан хаагчид ирчихсэн байдаг. Тэгээд шаардлагатай бичиг баримтаа авах ёстой гэдэг үүднээс тэр гал руу Г.Лхагва нь орсон байгаа юм. Үнэхээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн болон хариуцагч талын гаргаж байгаа тайлбар шиг хүн орох боломжгүй гал авалцчихсан байсан бол өнөөдөр энэ эд зүйлүүд ийм байдалтай байх уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Эд зүйлийн үнэлгээ нь тухайн үед цагдаагийн байгууллагаас шалгаж мөрдөн байцаагчаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссыг томилж, комиссын бүрэлдэхүүнд хууль сануулж үнэлгээ гаргуулсан. Хариуцагчийн зүгээс үнэлгээтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй учраас Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын үнэлгээ нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой гэж үзэж байна. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж нэгэнт эрх бүхий албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч тухайн үед арга хэмжээ авсан байдлаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, учирсан хохирлыг Онцгой байдлын газраас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Хариуцагчаар Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундага гэж гаргасан. Хэрвээ Онцгой байдлын газар хариуцах ёстой гэсэн бол Онцгой байдлын газар гээд дарга Я.Алтанхундага байх ёстой гэж би ойлгож байна. Нэхэмжлэгч тал болох Г.Лхавга, Ж.Батдэлгэр нарын тайлбар хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэл дээр бүгд шатсан гэж бичсэн нь өөрийнх нь тайлбараар үгүйсгэгдээд байгаа юм. Улсын байцаагчийн галын актан дээр 17 цаг 50 минутад гал түймэрийг бүрэн унтраасан гэсэн байдаг. Гэрч Б.Бямбадорж болон хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Ямарч байсан 1 минутад буцаагаад хоолойгоо холбож галыг унтраах арга хэмжээ авсан гэж хэлсэн. Мөн гэрч Б.Бямбадорж хэлэхдээ тухайн үеийн гал гарсан актыг тогтоохдоо тухайн үед болсон байдлыг үндэслэж тогтоодсон. Тэгээд 16 цаг 45 минутад гэж бичигдсэн нь бичиглэлийн алдаа байна. Харин 16 цаг 51 минутад дуудлага аваад 17 цаг 50 минутад галыг бүрэн унтрааж дууссан гэж хэлсэн. Цаг хугацааны хувьд аливаа асуудлаа ойлгож зөв тайлбарлах нь чухал шаардлагатай байдаг. 2014 оны 8 сарын 30-ны өдрийн 21 цаг 30 минутад Ж.Батдэлгэрээс тайлбар авсан байдаг. Тэгэхэд энэ хүн юу ч мэдэхгүй гэж хэлсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байна. Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээний комиссын дүгнэлтийг гаргуулаагүй байж тэр үнэлгээгээ хуульд нийцсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас асуулгасан 2 гэрч нь Онцгой байдлын албан хаагч нарыг буруутгасан байдлаар мэдүүлэг өгсөн. Гэхдээ тэр гэрчүүдийн мэдүүлэг нь ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримтаар огт нотлогдоогүй. Нөгөө талаар Онцгой байдлын газрын даргын тушаалаар албан хаагчиддаа арга хэмжээ авсан үндэслэл нь 2009 оны 12 сарын 30-ны өдрийн 508 тушаалаар батлагдсан дүрмийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэг дээр гал унтраах хоолойг шатаж байгаа болон хурц үзүүртэй зүйл, хүчил зэрэг цоолох, түлэгдэх бодис материал бүхий газар дэлгэхийг хориглох, хэрэв хоолойг дэлгэх юм бол нимгэн төмөр, банз зэрэг гарын доорх бусад материалыг тавьж дээгүүр нь дэлгэх гэсэн байна. Гал гарсан газар очсон Онцгой байдлын алба хаагчид энэ арга хэмжээг авч чадаагүй. Галын төөнөлт их байсан мөн объект хоорондын зай бага байсан учраас хоолой дэлгэхдээ дүрэмдээ заасан журмыг зөрчиж хоолойг дэлгэсэн асуудал байгаа. Гэрч Б.Одбаяр, З.Цэндсүрэн нар мэдүүлэг өгөхдөө бид нар цаг хугацаандаа очиж хуулийн дагуу гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэсэн гэсэн байдаг. Эд зүйлийн үнэлгээний хувьд 35686000 төгрөгийн хохирол учирсан байна гэдгийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комисс тогтоочихсон гэсэн болохоос биш Онцгой байдлын хэлтэс энэ хохирлыг хариуцах юм байна гэж бичээгүй. Байгаа юмыг байхгүй болсон мэтээр үнэлүүлээд төрийн байгууллагын албан хаагчид хуульд заасан үүргээ гүйцэтгэчихсэн байхад тэд нарыг буруутгах гээд байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор Д.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд Монгол улсын прокурорын байгууллагын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээл зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Дундговь аймгийн Онцгой байдлын газрыг төлөөлж иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Иргэн Ж.Батдэлгэрийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Онцгой байдлын албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас гал түймрийг унтрааж чадаагүй учир иргэн Ж.Батдэлгэрт 35686000 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч гал гарсан объект дээр гал унтраах бүрэлдэхүүн ирэх үед галын тархалт ихэссэн байсан нь гэрч, хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна. Хэрэв Онцгой байдлын газрын албан хаагч нарын буруутай үйлдэл байгаа бол галын улмаас шатсан гэх 35686000 төгрөгийн эд зүйлсийн хохирлыг бүхэлд нь хариуцах боломжгүй юм. Мөн албан хаагчдыг буруутай гэж үзэж байгаа бол гамшгаас хамгаалах тухай хууль болон гал унтраахтай холбогдсон ямар хууль, дүрэм, журмын ямар заалтыг, хэрхэн зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан болохыг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 35686000 төгрөгийн хохирол учирсныг нотолсон гэх үнэлгээний дүгнэлт нь үндэслэлгүй, дээрх эд зүйлс нь хохирогчийнд байсан эсэх нь тогтоогдохгүй, эд зүйлсийг үнэлэхдээ хэт тойм байдлаар үнэлсэн нь эргэлзээтэй байна. Тухайлбал хүүхдийн 4 улирлын хувцас 8000000 төгрөг, эмэгтэй хувцаснууд 4 улирлын 4500000 төгрөг гэх мэт тодорхойгүй эд зүйлсийг үнэлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх саналтай байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батдэлгэр нь хариуцагч Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундагад холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 35686000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ж.Батдэлгэрээс 2016 оны 9 сарын 7-нд нэхэмжлэгчийг төлөөлүүлэхээр Г.Лхагвад олгосон итгэмжлэл /хэргийн 7-р тал/ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 6-7 тоот хашаанд байх нэхэмжлэгч Ж.Батдэлгэрийн хашаанд 2014 оны 8 сарын 30-ны өдрийн 16:45 цагт гал гарч 3*5-ийн харьцаатай модон байшин, гадна хураасан байсан гэрийн мод, эсгий, тавилга бусад эд хөрөнгө шатсан, гал гарсан даруйд буюу 16:54 минутанд Онцгой байдлын газрын албан хаагч нар гал гарсан газарт очиж галыг унтраах арга хэмжээг авч ажилласан болох нь Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2014 оны 9 сарын 02-ны өдрийн 5/16 дугаартай акт /хэргийн 8-9-р тал/, хариуцагч Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 сарын 12-ны 25/20 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар /хэргийн 20-21-р тал/, гэрч Б.Одбаяр, З.Цэндсүрэн нарын мэдүүлэг /хэргийн 35-37-р тал/, Дундговь аймгийн Прокурорын газрын 2014 оны 09 сарын 05-ны өдрийн 5/299 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн “140488 гомдлын дугаартай Ж.Батдэлгэрийн байшин шатаж хохирол учирсан гэх” материал /хэргийн 72-94-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь хариуцагч нэхэмжлэгч талд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр хор хохирол учруулсан байхыг ойлгоно. Онцгой байдлын хэлтсийн тухайн гал гарах үед дуудлагаар очиж ажилласан албан хаагч нарт Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2014 оны 9 сарын 5-ны өдрийн Б/25 дугаартай Алба хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар “...гал түймрийн дуудлагаар ажиллахдаа Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 508 дугаар тушаалаар батлагдсан “Гал унтраах дүрэм”-ийн 5-р бүлэгт заасан гал унтраах үед бие бүрэлдэхүүн болон оноолт номерын үүргийг хангалтгүй биелүүлж, хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргасан” гэж арга хэмжээ авсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагва 2014 оны 8 сарын 30-нд манай амьдарч байсан байшинд гал гарч бүх эд зүйл шатаж өмсөж байгаа хувцастайгаа үлдсэн. Онцгой байдлын дуудлагаар очсон албан хаагчид согтуу байсан, ус тавьдаг шаланкны хошууг залгаж чадахгүй хугацаа алдаж манай бүх юм шатаж дууссан, үүнээс болж манайд учирсан хохирол их хэмжээгээр нэмэгдсэн гэж тайлбарлаж байх боловч энэ гал түймэр гарахад Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг буруутай гэж үзэж байгаа бол Гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомж, гал унтраахтай холбогдсон ямар дүрэм, журмын ямар заалтыг, хэрхэн зөрчсөний улмаас гэм хор учруулсан болохыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотолж чадахгүй, энэ талаарх баримт хэрэгт ирүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар болон гэрч Д.Долгоржавын “...дөнгөж гал гарч эхлэхэд буюу утаа гараад эхлэхээр нь Дундговь аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн, утаа гарч байхад удахгүй ирцгээсэн. Шаланкаа залгаж чадахгүй удацгаасан, техник хэрэгсэл нь бүрэн бүтэн байсан эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Батсайханы “...айлаас гараад хартал өтгөн утаа гарч байсан, тэгээд галынхан ч ирсэн байх, ...тэдгээр хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болоод л хугацаа алдаж шатаалгасан байх гэж бодож байна, техник хэрэгслээ угсарч чадахгүй, шаланкаа оролдоод зогсоод байсан, усны нөөц багатай ирснээс манайх руу гал орсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг зэргээр Онцгой байдлынхан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, цаг хугацаа алдсан, тэд хугацаа алдахгүйгээр ажил үүргээ сайн гүйцэтгээд галыг унтраасан бол ийм их хэмжээний хохирол учирахгүй байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаж байх боловч гэрчүүдийн мэдүүлгээс өөр давхар нотлох баримт байхгүй ба зөвхөн гэрчүүдийн тодорхой бус мэдүүлгээр Онцгой байдлын газрын албан хаагч нар ажил үүргээ гүйцэтгэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, үүний улмаас албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагва “галын дуудлага өгөөд Онцгой байдлын албан хаагч нар гал бараг гарч эхэлж байхад, байшин баруун талаасаа шатаж эхэлж байхад ирсэн, би байшингийн зүүн талаар орж сервантнаас бичиг баримтаа авсан, Онцгой байдлын хүмүүс цаг алдаад гал унтраахгүй хараад зогсоод байсан,” гэж тайлбарлаж шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүх хуралдаанд шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн 6 хуудас гэрэл зураг, түүний эх баримтад /шатаж байсан гэрээс өөрөө орж гаргаж авсан гэх газар өмчлөх гэрчилгээ, диплом, хавсралт, алдарт эхийн одонгийн үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр/-т үзлэг хийлгэсэн боловч тухайн цаг хугацаанд гал гарч байгаа байшингаас буюу гал гарч байхад байшин руу орж эдгээр бичиг баримтыг авсан гэдэг нь нотлогдохгүй байх ба Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2014 оны 9 сарын 02-ны өдрийн 5/16 дугаартай акт /хэргийн 8-9-р тал/, хариуцагч Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 сарын 12-ны 25/20 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар /хэргийн 20-21-р тал/, гэрч Б.Одбаяр, З.Цэндсүрэн /хэргийн 35-37-р тал/, Х.Баярсайхан /хэргийн 80-р тал/ нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн гэрч Б.Бямбадоржийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Онцгой байдлын газраас 35686000 төгрөгийн шатсан эд зүйлийн үнийг нэхэмжилж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч хэрэгт авагдсан 2014 оны 9 сарын 02-ны өдрийн 400 дугаартай Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт-аар /хэргийн 10-11-р тал/ тогтоогдож байгаа гэж тайлбарлаж байх боловч уг үнэлгээг хаанахын ямар үнэлгээний комисс гаргасан нь тодорхойгүй, уг баримтад гүйцэтгэсэн мөрдөн байцаагч Б.Сэргэнмандах гэж гарын үсэг зурсан, шүүх хуралдаан дээр тодруулж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 52 төрлийн эд зүйлээ өөрөө жагсааж бичээд үнэлгээний комиссоор үнэлгээ гаргуулсан гэж тайлбарлаж байх бөгөөд эдгээр 52 төрлийн эд зүйлийн үнэлгээний дүгнэлт нь үндэслэлгүй, дээрх эд зүйлс нь нэхэмжлэгчийнд байсан эсэх нь тогтоогдохгүй, эд зүйлсийг үнэлэхдээ хэт тойм байдлаар үнэлсэн нь эргэлзээтэй байна. Тухайлбал хүүхдийн 4 улирлын хувцас 8000000 төгрөг, эмэгтэй хувцаснууд 4 улирлын 4500000 төгрөг гэх мэт тодорхойгүй эд зүйлсийг үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд эд зүйл үнэлсэн баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрдүүлээгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч Дундговь аймгийн Онцгой байдлын хэлстийн дарга Я.Алтанхундага гэж тодорхойлж бичсэн байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсын гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан. Нэхэмжлэлийг Дундговь аймгийн Онцгой байдлын хэлстийн дарга Я.Алтанхундагад холбогдуулж гаргасан бөгөөд Я.Алтанхундага ажил олгогч биш учир нэхэмжлэлийг хариуцах этгээд биш байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 сарын 21-ний өдрийн 139/ШЗ2016/1173 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан Ж.Батдэлгэрийн Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундагад холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 35686000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 336380 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ