Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00291

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

             Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн

            2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 157/ШШ2017/00113 дугаар шийдвэр,

            Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2017/00020 дугаар магадлалтай,      

            “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Нотариатч Б.О-т холбогдох

       Нотариатын үйлдлийн бүртгэлийн 177 дугаарт бүртгэгдсэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн иргэн Н.Гансүхээс иргэн И.Чулуунбаатарт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Б.О-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлд: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О- нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Гансүхээс иргэн И.Чулуунбаатарт “В” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Н.Гансүхийн нэрийн өмнөөс хувьцаатай холбоотой асуудлаар хуралд оролцож эдлэх эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх, тооцоо нийлэх, тодорхойлолт өгөх, үйлдвэр уурхайн үйл ажиллагаанд оролцох, санал өгөх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд бүрэн төлөөлөх, бусад холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг гэрчлэх нотариатын үйлдлийг хийхдээ Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсгийн заалт, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, 68 дугаар зүйлийг тус тус зөрчсөний улмаас Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчид олгогдоогүй эрхийг “В” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Н.Гансүхийн төлөөлөгч гэх И.Чулуунбаатарт олгож, улмаар энэ этгээд нь уг итгэмжлэлийг ашиглан Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Баргилт гэх газарт төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “В” ХХК-ийн үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж, улмаар тус компани нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд олох ёстой байсан орлогоо алдаж “В” ХХК-д ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Иймээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О-т холбогдох Нотариатын үйлдлийн бүртгэлийн 177 дугаарт бүртгэгдсэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн иргэн Н.Гансүхээс иргэн Н.Чулуунбаатарт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “В” ХХК-ийн төлөөлөгч /захирал/ М.Наранцэцэгийн тайлбарт: ... И.Чулуунбаатар гэдэг хүн ирээд үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ байдлыг цагдаагийн байгууллагад мэдээлсэн боловч энэ хүн Н.Гансүхийн итгэмжлэлээр танай үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй юм байна. Та нар энэ байдлаа наад хүндээ бүрэн ойлгуулаад шүүхэд нэхэмжлэлээ гарга гэж цагдаагийн байгууллага зөвлөсөн. Тэгээд энэ хүнд ойлгуулах гээд өчнөөн ярьсан. Энэ тухай бичлэгийг шүүхэд өгсөн. Миний бие Бор-Өндөр сум руу болон Улаанбаатар хот руу явахад нөгөө хүн очиж суудаг. Ингээд 2017 оны 05 сарын 01-нээс хойш манайх үйл ажиллагаа явуулаагүй. Харилцагч байгууллагын ажлыг хийж чадахгүй гэрээнийхээ үүргийг зөрчөөд алдагдалд ороод татвар төлөөсөө ч төлж чадахгүй, ажилчидаа цалинжуулж чадахгүй ийм байдалд ороод байна. Тийм учраас энэ гаргасан итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О-ийн тайлбарт: Миний бие “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Наранцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хүсч байна. Учир нь хэлцэлд төлөөлөх талаар зохицуулсан Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг зөрчсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурджээ. Гэвч талууд хууль ёсны эрхийн хүрээнд хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулж хийж болно гэсэн. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, заавал биечлэн ирэх /Иргэний хуулийн 62.2/ хууль ёсны шаардлагын дагуу биечлэн ирж итгэмжлэл хийсэн болно. Түүнчлэн итгэмжлэлийн үндсэн дээр иргэн И.Чулуунбаатар нь иргэн Н.Гансүхийг хувьцаа эзэмшигчтэй холбоотой тухайн компанийн дүрэмд тусгагдсан бүхий л асуудлаар төлөөлөх бүрэн эрх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу үүссэн бөгөөд төлөөлөгч итгэмжлэлээр олгогдсон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгээгүй /ИХ-ийн 62.4/ талаар, итгэмжлэлийг шилжүүлсэн /ИХ-ийн 62.5-7/ талаар асуудал үүсээгүй билээ. Иймд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг зөрчсөн гэдгийг үл зөвшөөрч байна. Хариуцагч намайг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийг зөрчсөн гэжээ. Төлөөлөгч И.Чулуунбаатар нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн /ИХ-ийн 63.1/ бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй байна. Түүнчлэн төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцүүлэн явуулаагүй /ИХ-63.2/ талаар болон төлөөлөгч гуравдагч этгээдтэй хийсэн аливаа хэлцлийн талаар /ИХ-63.2/, гэм хорын асуудлаар /ИХ-63.4/ нэхэмжлэлд дурдаагүй байна. Иймд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийг зөрчсөн гэснийг үл зөвшөөрч байна. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийг зөрчсөн гэснийг үл зөвшөөрч байна. Нотариатын тухай хуулийн 31.1.6 дахь хэсгийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэл итгэмжлэл хийхэд байхгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тодорхой баримт, нотолгоо гаргаагүй байгаа нь дээр хэлсэн миний тайлбарыг баталж байна гэж үзэж байна. Итгэмжлэл нь “В” ХХК-ийн хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд хувьцаа эзэмшигчдэд олгогдсон эрх үүргийн хүрээнд байгуулагдсан тул Компанийн тухай хуулийн 34, 62, 68 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

            Хариуцагч нотариатч Б.О-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 05 сарын 01-ний өдөр иргэн Н.Гансүх, И.Чулуунбаатар нар нотариатын ажлын байранд ирж Н.Гансүх нь ““В” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч хүн. Манай компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг учраас наашаа ирэх боломжгүй. Тийм учраас намайг бүрэн төлөөлөх эрхийг И.Чулуунбаатарт олгох итгэмжлэл олгох гэсэн юм” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Н.Гансүх, И.Чулуунбаатар нарын хувийн байдлыг нь тогтоогоод мөн компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч нь мөн байна гэдгийг гэрээ, гэрчилгээгээр нь тогтоогоод нотариатын үйлдлийг хийсэн. Энэ олгосон эрх нь “В” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч, миний нэрийн өмнөөс хувьцаатай холбоотой асуудлаар хуралд оролцож эдлэх эрх үүргийг бүрэн хэрэгжүүлэх, тооцоо нийлэх, тодорхойлолт өгөх, үйлдвэр, уул уурхайн ажиллагаанд оролцох, санал өгөх, шийдвэр гаргах  үйл ажиллагаанд бүрэн төлөөлөх эрх олгосон байгаа. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлийг зөрчсөн гэж байна. Энэ итгэмжлэлийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд бүрэн нийцсэн итгэмжлэл гэрчилсэн учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Нотариатын тухай хуулийн 31.1.6 дахь хэсэгт зааснаар татгалзах нотариатын үйл ажиллагааг нотариатч татгалзах ёстой гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байна. Н.Гансүхээс иргэн И.Чулуунбаатарт олгох гэрчилгээг гэрчлэх миний хувьд татгалзах ямар ч үндэслэл байхгүй. Компанийн тухай хуулийн 62-64 дүгээр зүйл, 68 дугаар зүйл гэдэг бол компанийн дүрэмдээ “Винкапипал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан бүх эрхийг эдэлнэ гэж дүрэмдээ тусгагдсан байгаа. Дээр нь 68 дугаар зүйлд зааснаар хуралд оролцохдоо итгэмжлэх эрх нь хуулиар олгогдсон учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйл болон үйлдэл хийх зааврын 7-д зааснаар хүчин төгөлдөр гэрчилгээг хуулийн дагуу гэрчилсэн гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхсайханы тайлбарт: Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийн дангаараа эдлэх эрх байгаа. Төлөөлөгчөөр ямар эрх хэрэгжүүлэх вэ гэхээр Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийн хуралд зөвхөн төлөөлүүлэх эрхтэй. Гэхдээ хуралд төлөөлүүлэх эрхээ ямар хуралд төлөөлөх эрхтэй вэ гэдгийг итгэмжлэлд зааж өгөх ёстой. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна гэж Компанийн тухай хуульд заасан. Тэгэхээр ээлжит хурал гэдэг бол тайлангийн жил дууссанаас хойш 4 сарын дотор компанийн гүйцэтгэх удирдлага өөрөө зарлаж тэр хурлын товыг хувьцаа эзэмшигчид мэдэгддэг. Энэ хурлын тов гарснаас хойш хувьцаа эзэмшигч тухайн хуралд өөрөө оролцох боломжгүй байх юм бол тэр хурлынхаа он, сар, өдөр,  хэлэлцэх асуудлыг нь заагаад энэ асуудлаар зөвхөн намайг төлөөлж болно гэж Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйд заасан байгаа. Тэгэхээр энэ эрхийг олгоогүй. Энэ итгэмжлэлд үйлдвэр, уурхайн үйл ажиллагаанд оролцох, тодорхойлолт өгөх, тооцоо нийлэх, энэ нь компанийн гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлэх эрх хэмжээ. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хуулийн этгээд бол өөрийн удирдах байгууллагаар дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно. Тэгэхээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр “В” ХХК-ийн дүрэмд зөвхөн гүйцэтгэх, удирдах хэрэгжүүлнэ гэж тодорхой заасан. Компанийн гэрчилгээнд улсын бүртгэлд бүртгүүлсэн гүйцэтгэх удирдлага нь М.Наранцэцэг гэж байгаа. Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхийг хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч гэдэг хүнд итгэмжлэлээр олгосон энэ үйлдэл нь хууль зөрчсөн. Яагаад Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзээд байгаа юм бэ гэхээр хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж байгаа. Хуульд заасан үндэслэл болон бусад үндэслэл гэдэг нь юу юм бэ гэхээр Иргэний хуульд заасан хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь хэнээр дамжаад яаж илэрхийлэх юм бэ гэдэг нь тодорхой байхад өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох эрх олгосон нь Иргэний хуулийн бусад үндэслэл гэдэгт багтана. Ийм учраас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан зөвхөн хувь нийлүүлэгчийн хуралд ирэхдээ тэр хурлыг нь хэдэн сарын хэдний ямар хурал гэдгийг нь тодорхой заасан тохиолдолд төлөөлүүлнэ. Хэрвээ тэр хурал хойшилсон тохиолдолд хэлэлцэх асуудал нь өөрчлөгдөөгүй бол тэр итгэмжлэлээр тухайн хуралд оролцож болно. Хэрвээ хэлэлцэх асуудал өөрчлөгдсөн тохиолдолд тэр итгэмжлэлээр хуралд оролцохгүй гэсэн үг. Иймд хуульд заасан бусад үндэслэл гэдэгт бол Нотариатын тухай хуулийн 34.6-д заасан тэр үндэслэл байгаа. Ийм учраас нотариатын үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тийм ч учраас тэр хүн үйлдвэр үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэж заачихаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахгүй, техник тоног төхөөрөмж дээр нь гарч зогсчихоод амиа хорлоно гээд ажил хийлгэхгүй байгаа. Хэрвээ тэр хүнд хувьцаа эзэмшигчийн хуралд төлөөлөх эрх олгосон юм бол энэ итгэмжлэл дээр ямар хуралд оролцох эрх нь байдаггүй. Тэгтэл Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигч ямар эрхтэй юм гэхээр хувьцаа эзэмшигч хуралд оролцож санал өгөх эрхтэй байгаа. Энэ эрхийг төлөөлүүлж байгаа юм бол хэзээний хурал вэ гэдгийг тодорхой заах ёстой. Ямар асуудлыг хэлэлцэх хурлаар тэр төлөөлөгч санал өгөх эрхтэй юм бэ гэдгийг заах ёстой. Компанийн хувьцаа эзэмшигчийн төлөөлөх эрхийг бүхэлд нь авч үзэх юм бол Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэр эрхээр хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах эрхтэй, хувьцаагаа худалдах эрхтэй, бусдын хувьцааг давуу эрхээр худалдаж авах эрхтэй байгаа. Гэтэл энэ итгэмжлэлд ийм эрхүүдийг олгоогүй. Ийм учраас энэ нь Компанийн тухай хууль зөрчсөн итгэмжлэл байгаа гэжээ.

           Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 157/ШШ2017/00113 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О-т холбогдох нотариатын үйлдлийн 177 дугаарт бүртгэгдсэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн иргэн Н.Гансүхээс иргэн И.Чулуунбаатарт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

            Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2017/00020 дугаар магадлалаар: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

         Хариуцагч Б.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Учир нь нэхэмжлэгч нь иргэн Н.Гансүхээс иргэн И.Чулуунбаатарт өөрийгөө төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулгаар нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд “В” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зэрэг асуудлаар маргаагүй байхад “В” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн болох, түүнийг сэргээх шаардлага, үндэслэл тодорхой бус хэмээн үндэслэл хэсэгтээ дурдсан нь талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангахгүй байгааг нотолж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг ИХШХШТХ-ын 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр нь өөр хуулийг хэрэглэсэн, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байхгүй байхад Давж заалдах шатны шүүхээс хэргийг дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул шүүхийн шийдвэр эргэлзээтэй байна. Иймд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 16-ны өдрийн 226/МА2017/00020 дугаартай магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

         Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч Б.О-т холбогдуулан иргэн Н.Гансүхээс иргэн И.Чулуунбаатарт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, итгэмжлэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчилсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тойргийн нотариатч Б.О-ийн гэрчилсэн 2017 оны 05 сарын 01-ний өдөр иргэн Н.Гансүхээс иргэн И.Чулуунбаатарт олгосон итгэмжлэлд “... нэрийн өмнөөс хувьцаатай холбоотой асуудлаар хуралд оролцож эдлэх эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх, тооцоо нийлэх, тодорхойлолт өгөх, үйлдвэр уурхайн үйл ажиллагаанд оролцох, санал өгөх, шийдвэр гарах үйл ажиллагаанд бүрэн төлөөлөх, бусад холбогдох бичиг баримтанд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх” олгожээ.

            “В” ХХК-ийг гурван хувьцаа эзэмшигчтэй гэж компанийн дүрэмд заасан боловч хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүний тоо “хоёр” гэж тусгагдсан, Н.Гансүх нь компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг боловч түүнийг компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрхтэй тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

            Н.Гансүхээс И.Чулуунбаатарт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгч тайлбар гаргасан хэдий ч энэ итгэмжлэлийн улмаас нэхэмжлэгч “В” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох, эрх сэргээх шаардлага үндэслэл нь тодорхой бус байхад зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

          Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/МА2017/00020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

             2. Хариуцагч Б.О-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

                               ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН