Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 115/ШШ2018/0011

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж

             Нэхэмжлэгч: Иргэн У Бгийн  нэхэмжлэлээр

             Хариуцагч: Дорноговь аймгийн У бийн хэлтэст холбогдуулан үүсгэсэн

        Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэн У.Бгийн нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002384 дугаар бүртгэлийг, 000215778 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч иргэн У.Б , түүний өмгөөлөгч Б.Т , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Э.Даваасүрэн нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Миний бие гэр бүлийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхоны 40 айл, 2 дугаар орцны 3 давхарын 31 тоот орон сууцанд анх ашиглалтад орсноос хойш одоог хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд байрны цахилгаан, цэвэр, бохир ус, дулааны төлбөр мөн Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр тооцоог 31 тоот хаалгаар тогтмол төлж байгаа. Мөн байрны оршин суугчдын хаалганы тоот дугаартай байхад зөвхөн 31 тоот хаалга дугааргүй байсан. Байрны өмчлөгч миний бие болон гэр бүлийн маань эрх ашиг, амгалан тайван амьдрах нөхцөл байдал ноцтой зөрчигдсөн. Харин Дорноговь аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002384 дугаарт бүртгэж, олгосон 000215778 дугаартай гэрчилгээнд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Баянбүрд хотхоны 40 айл 32 тоот орон сууц гэж хаалганы тоотыг буруу бичиж олгосон нь үндэслэлгүй юм. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхоны 40 айл 32 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002384 дугаар бүртгэл, 000215778 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/1693 тоот, Дорноговь аймгийн У бийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1171 тоот албан бичгүүдийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна гэсэн нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцны 31 тоот байрны өмчлөгч юм. Гэтэл улсын  бүртгэлийн газар нь өмчлөх эрхийн улсын бүртгэл хийж,  гэрчилгээг гаргахдаа 32 тоот байраар өмчлөх эрхийг бүртгэсэн тул тухайн Ү-0714002384 дугаар бүртгэл, 000215778 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаагаа дэмжиж байна гэв. 

           Нэхэмжлэгчиййн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус бүр хоёр удаа буюу нийт 4 удаа хандсан байдаг. 2017 оны 7, 9 дүгээр саруудад дээрх газруудаас хариу ирсэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 994 тоот албан бичгээр дахин нотлох баримтаа бүрдүүлэн, өмнө өгсөн гэрчилгээг хураалган, дахин гэрчилгээ авах боломжтой гэсэн хариу өгсөн байдаг. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/9693 тоот албан бичгээр 31 тоот орон сууцны өмчлөгч мөн гэсэн нотлох баримтуудыг бүрдүүлэн, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хаалганы тоотыг өөрчлүүлэн дахин гэрчилгээ авах боломжтой гэсэн хариу өгсөн. Гэтэл  Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1174 тоот албан бичгээр дахин өгсөн хариу нь ойлгомжгүй, тодорхойгүй бус байсан ба нэхэмжлэгчийн зүгээс гэрчилгээн дээр бичигдсэн  байрны хаалганы дугаарыг 32 тоот гэснийг 31 тоот болгож өөрчлүүлэхээр өргөдөл өгөхөд дээрх хариунуудыг өгч байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч У.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Баянбүрд хотхоны  40 айлын орон сууцны 31 тоот орон сууцны өмчлөгч болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолт, У.Бгийн иргэний цахим үнэмлэх дэх хаягийн бүртгэл, гэрэл, дулаан төлж байсан баримт, сууц өмчлөгчдийн холбооноос гаргаж өгсөн баримт бичгүүдээр хангалттай нотлогдож байгаа. Гуравдагч этгээд болох банкны зээлтэй холбоотой асуудал нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт банкны эрх ашиг хөндөгдөөгүй бөгөөд  У.Б нь зөвхөн өөрийн өмчлөлийн 31 тоот байраар өмчлөх эрхээ өөрчлүүлж бүртгүүлэхийг хүсэж байгаа бөгөөд улсын бүртгэлд  бүртгүүлсэн байрыг 32 тоотоор бичиж бүртгэснийг үндэслэлгүй  гэж  үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

         Маргаан үүссэн гол шалтгаан нь улсын бүртгэлийн хэлтэс болон барилга барьсан компани хоёрын буруутай үйл ажиллагаанаас болсон, өөрөөр хэлбэл барилга барьсан компанийн  зүгээс тус хэлтэст гаргаж өгсөн тодорхойлолтод хаалганы тоотыг буруу бичсэн, үүнд улсын бүртгэгчийн хувьд хайнга хандсан асуудлаас үүдэлтэй. Нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа орон сууц нь 31 тоот болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? гэв.

        Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

       Иргэн У.Б нь 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхоны 40 айл, 32 тоот,  37 мкв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар мэдүүлэг гаргасан. Мэдүүлэгтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, багийн Засаг даргын тодорхойлолт, “Гр” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 62 тоот байрны гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг, захиалгаар орон сууц бариулах гэрээ, барилгын план болон фото зураг зэргийг хавсаргасан байсан. Тус нотлох баримтуудад хаалганы дугаарыг 32 тоот гэж ирүүлсний үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн Ү-0714002384 дугаарт бүртгэж, 000215778 дугаартай гэрчилгээг олгосон.

       Эдгээр нотлох баримтыг үндэслэн Улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.9 дэх заалтыг зөрчөөгүй тул улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

        Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Баянбүрд хотхоны 40 айл 32 тоот орон сууцанд Хас банкны 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №1390005767 дугаартай зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдсэн байх тул Барьцааны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т заасны дагуу тус зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдахаас өмнө бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй болно гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьсанчлан хариуцагч У бийн хэлтсээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлд мэдүүлэг гаргах эрхтэй бөгөөд уг мэдүүлгийн дагуу шаардагдах баримтыг бүрдүүлээд өгчихсөн байхад улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэхгүй гэж татгалзах эрхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хоёр хүнд нэг дугаартай орон сууцыг давхардуулан бүртгэсэн байгаа юм.

        Гэхдээ энэ үйлдэлд улсын бүртгэлийн хэлтэс буруугүй болох нь харагддаг. Тухайлбал нэхэмжлэгч мэдүүлэг гаргахдаа өгсөн тухайн байрны зурагаар 3 давхрын 2 цонхыг, харин М-О хувьд 4 давхрын 2 цонхыг тус тус дугуйлж өгсөн байдаг. Орон сууцны үнийн дүнгийн хувьд У.Б нь 37 сая төгрөгөөр, н.М-О нь 44 сая төгрөгөөр авсан гэж мэдүүлэгтээ дурдсан байдаг. Хуульд зааснаар мэдүүлэг гаргаж байгаа хүн нь мэдүүлгээ үнэн зөв гаргах үүрэгтэй. Мөн барилга барьсан компанийн тодорхойлолт байгаа тул Улсын бүртгэлийн хэлтсээс мэдүүлгийн үнэн зөвийг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн хэлтсээс хоёр өөр байрны 32 тоот орон сууцнууд гэж үзэж гэрчилгээг гаргасан байдаг. Харин У.Б нь 31 тоот байрны гэрчилгээ авъя гэж мэдүүлснийг андуурч 32 тоот болгож гаргасан зүйл байхгүй. У.Бгийн хувьд хуульд зааснаар дахиж баримтуудаа бүрдүүлээд өгсөн тохиолдолд улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэлийг зөвтгөж өгөх боломжтой.

            Хариуцагчаас энэ талаар тайлбарыг нэхэмжлэгчид хэд хэдэн удаа өгсөн байдаг. Мөн нотлох баримт шинжлэн судлах явцад У.Б болон М-Оны байруудын хаалганы дугаар давхцаагүй болох нь нотлогдсон. У.Бгийн улсын бүртгэлийн дугаарыг өөрчлөхгүйгээр 32 гэсэн хаалганы дугаарыг 31 болгох асуудал яригдана. У.Б нь нотлох баримтуудаа бүрдүүлээд ирсэн тохиолдолд бүртгэж өгөхгүй гэж түүний эрхийг зөрчсөн зүйл байхгүй тул хариуцагч У бийн хэлтсээс бүртгэлийг зөвтгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин маргаан бүхий байранд ногдуулсан банкны зээлийн гэрээний үүрэг нь хэвээр байх ёстой. У.Б нь өөрийн орон сууцыг 31 тоот гэдгийг мэдэж байсан мөртлөө, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед мэдсэн гэж байгаа худлаа мэт харагдаж байна. Иймд 32 тоот байрны гэрчилгээ нь Хас банкны зээлийн барьцаанд байгаа тул талууд хоорондоо зөвшилцөөд гэрчилгээгээ солиулах боломжтой, миний хувьд У.Бг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилго агуулж байгаа гэж бодож байна.  Харин хариуцагчийн зүгээс байрны улсын бүртгэлийн гэрчилгээг солиход татгалзах зүйл байхгүй юм гэв.

        Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Тус банк нь У.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002384, Улсын бүртгэлийн 000215778 дугаар гэрчилгээтэй орон сууцыг 2014 оны 1390005767 дугаар баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар үндсэн гэрээний үүрэг зөрчигдсөн тул шүүхэд нэхэмжлэл гарган Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн дагуу дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх барьцааны хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж одоог хүртэл үргэлжилж байгаа болно. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцны хаягийн тоотын дугаар зөрсөн эсхүл түүний нэхэмжлэлдээ дурдсанчлан гэрийнх нь хаалга дээр тоотын дугаар байхгүйтэй холбогдуулан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйл эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч нь өөрөө хөрөнгөө бүртгүүлэх тухай мэдүүлгийг үнэн зөв гаргах үүрэгтэй байна. У.Бгийн өөрийн гаргасан мэдүүлэг, хавсаргасан нотлох баримтын дагуу хөрөнгийн бүртгэл хийсэн тухайгаа Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 7/1693 дугаар хариу албан бичиг, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мөн оны 1171 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тоотыг 32 гэж бүртгэсэн нь У.Бгийн өөрийн гаргасан мэдүүлэг, баримтад үндэслэсэн байхын зэрэгцээ бүртгэлийн байгууллагын буруутай хууль зөрчсөн зүйл үүсээгүй байна. Түүнчлэн уг хаягийн байдалд холбогдох баримтаа бүрдүүлэн 31 тоот болгон өөрчлөх боломжтой байхад өөрөөс хамаарах үйлдлээ хийгээгүй байж ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг барьцаалагчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах санаатай үйлдэл гэж үзэж байна.

            Нэгэнт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2-р баг, Баянбүрд хотхон 40-н айлын 3 давхрын 32 тоот, 37 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг гаргуулсан У.Б өмчилж ашигласаар байгаа ба уг хөрөнгийн хувьд үүссэн барьцааны эрх дуусгавар болоогүй байна. Хөрөнгө устаж үгүй болоогүй, бүртгэл хууль зөрчиж явагдсан гэх зэрэг хуульд заасан хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болсон гэдэг нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн барьцааны хөрөнгийг хөндөхгүйгээр шийдэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан ба шүүх хуралдааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг манай зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 17 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9-т зааснаар өмчлөгч нь улсын бүртгэлийн хэлтэст үнэн зөв мэдүүлэг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд У.Бгийн гаргаж өгсөн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтын хүрээнд улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэлийг хийж, гэрчилгээг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 32 тоот гэж бүртгэсэн нь У.Бгийн өөрийнх нь гаргаж өгсөн мэдүүлэг, баримтад үндэслэсэн байна. Иймд улсын бүртгэлийн хэлтсийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн хаягийн зөрүүтэй байдалд холбогдох баримтуудаа бүрдүүлэн 31 тоот болгох боломжтой байхад өөрөөс хамаарах үйлдлийг хийгээгүй хирнээ нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна гэж үзсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Баянбүрд хотхоны  40 айлын орон сууцны 32 тоотын өмчлөгч нь У.Б хэвээрээ байгаа, тэр байрыг одоо ашиглаж байгаа ба түүнчлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд барьцааны эрх байгаа юм. Иймд У.Бгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ манай банкны барьцааны эрхийг зөрчихгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

      Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнэн доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.         Маргааны үйл баримтыг хянаж үзвэл:

Нэхэмжлэгч У.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Г р” ХХКомпанийн  захиалгаар баригдсан 40 айлын /Баянбүрд хотхон/ орон сууцны байрны 2 дугаар орц дахь 3 дугаар давхарт, 37 м.кв хэмжээтэй, 32 тоот байрыг худалдан авахаар анх захиалж, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г /хх-ийн 31-35 дугаарт/ дээрх компанитай байгуулж, улмаар тухайн орон сууцны барилга нь 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар /хх-ийн 36,37/ ашиглалтад орсноор нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, холбогдох баримт бичгийг /хх-ийн 25-38 дугаарт/ бүрдүүлэн хавсаргаж өгснийг үндэслэн хариуцагч тус Улсын бүртгэлийн хэлтэс нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхонд байршилтай, 40 айлын орон сууцны, 37 м.кв талбайтай, 2 өрөө бүхий 32 тоот орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч иргэн У.Бгийн нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-0714002384 дүгээрт бүртгэж,  000215778 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг /хх-ийн 38 дугаарт/ бичиж олгосон байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч У.Б нь өөрийн өмчлөлд  32 тоот хаалганы дугаараар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байрыг түүний Х бны Замын-Үүд дэх тооцооны төвтэй байгуулсан 2013 оны 10 сарын 16-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”, 2014 оны 3 сарын 24-ний өдрийн “Баталгаат ипотекийн гэрээ”-нүүдийн үүргийг биелүүлэх баталгаа болгон барьцаалснаар дээрх гэрээнүүдийг талууд 2013 оны 10 дугаар сарын 17, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсан  /хх-ийн 77-95, 121-124 дүгээрт/ байх бөгөөд улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 137/ШШ2016/00303 дугаартай шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэж бичигдсэн мөн тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай гүйцэтгэх хуудас д /хх-ийн 117-120 дугаарт/ зэргээр нэхэмжлэгч У.Бгийн зээлийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002384 дүгээрт нэхэмжлэгч У.Бгийн нэрээр бүртгэлтэй, Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцны 37 м.кв талбайтай, 32 тоот орон сууцны байрыг  нэхэмжлэгчээс Хбны Замын-Үүд дэх тооцооны төвтэй байгуулсан дээрх барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болгон хангуулахаар шийдвэрлэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлсэн тухайн байрыг 32 тоот биш 31 тоот орон сууцны байр болохыг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэдсэн бөгөөд үүнээс өмнө мэдэх боломжгүй байсан, учир нь тухайн 40 айлын орон сууцыг баригдахаас өмнө байгуулсан орон сууцны захиалгын гэрээгээр 32 тоот байрыг худалдан авахаар гэрээг  анх байгуулсан, мөн орон сууц ашиглалтанд орох үед хаалганы дугаарууд тавигдаагүй байсан тул анхны гэрээгээ үндэслэн 32 тоот байраар өмчлөх эрхээ бүртгүүлсэн  гэж тайлбарлаж байгаагаар энэ нь нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах маргааны үндэслэл болжээ.

Энэ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болох шүүхээс асуусан гэрч “Гр” ХХКомпанийн захирал С.Оны “... Анх ашиглалтад оруулахдаа 40 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Борлуулалтын явцад 3 давхарт нэг айл 2 айлын орон сууцыг нийлүүлж худалдаж авсан ба байрны ордероо гаргуулахдаа 1 хаалганы дугаараар гаргуулсан ...” гэх,  мөн “ У.Бгийн хаалганы тоот нь 31 тоот байх ёстой ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66,67 дугаарт/ нь  шүүхээс мөн тус 40 айлын орон сууцанд явуулсан үзлэгээр /хх-ийн 69-72 дугаар хуудас дахь үзлэгийн тэмдэглэл/ нэхэмжлэгч У.Бгийн оршин суух тус байрны 2 дугаар орцны 3 дугаар давхарт нийт 4 айлын орон сууц байхаас 29, 30, 31 гэсэн хаалганы дугаар бүхий гурван айл байгаа, мөн үзлэгийн явцад нэхэмжлэгчээс тус давхар дахь 31 тоот хаалгыг өөрийн байр болохыг заасан зэрэг байдалтай тохирч байх бөгөөд мөн үзлэгээр 40 айлын зураг төслөөр анх баригдсан дээрх  орон сууцны байрны хаалганы нийт дугаар нь 01 тоотоор эхэлж 39 тоотоор дууссан байгаагаас үзэхэд гүйцэтгэгч “Гр” ХХКомпанийн зүгээс борлуулалтын явцад тус байрны 2 дугаар орцны 3 дугаар давхар дахь 4 айлын орон сууцнаас 2 айлын орон сууцыг нэгтгэн худалдсанаар тухайн байрны хаалганы дугаарлалтад өөрчлөлт орж улмаар нэхэмжлэгчийн анхны захиалгын гэрээн дэх 32 тоот байрны дугаар нь 31 тоотоор солигдож өөрчлөгдсөн байх үндэслэлтэй байна.

        Гэтэл уг байрыг ашиглалтад хүлээлгэн өгөх үед болон мөн нэхэмжлэгчийг 2013, 2014 онуудад Хбны Замын-Үүд дэх тооцооны төвтэй барьцаат зээлийн гэрээ байгуулах үед дээрх 40 айлын орон сууцны байрны хаалганы дугаарлалт нь хийгдээгүй байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс энэ талаар гаргасан тайлбар, мөн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Хбны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн барьцаа болох тухайн орон сууцыг зээл судлах үед биетээр нь очиж үзэх үед  тухайн барьцаа хөрөнгө болох байрны хаалганы дугаар хийгдээгүй байсан талаар гаргаж байгаа тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс өөрийн орон сууцны байрны хаалганы дугаарыг 31 тоот болохыг тухайн үед  мэдэх боломжгүй байсан талаар гаргаж буй тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

2. Хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэн У.Бгийн нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002384 дугаартай улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хянаж үзвэл:

Хэдийгээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /цаашид ЭХӨЭТХЭХБЭУБтХууль гэх/ дахь “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах” тухайг зохицуулсан 13 дугаар зүйлийн 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-ийг мэдүүлэгт хавсаргах, мөн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй ...” байхаар тус тус зохицуулагдсан, мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг дээрх хуульд заасны дагуу мэдүүлгийн үнэн зөвийг өөрөө хүлээх үүрэгтэй бөгөөд түүний гаргасан мэдүүлэг, хавсаргасан баримт бичгийг үндэслэн тухайн бүртгэлийг хийсэн тул бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг гаргаж буй зэрэг нөхцөл байдлууд байгаа боловч дээр тогтоогдсон маргааны үйл баримтаас үзэхэд  нэхэмжлэгч иргэн У.Бгийн зүгээс тухайн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийлгэх үед уг 40 айлын орон сууц дахь байр тус бүрийн хаалганы дугаарлалт нь барилга, байгууламжийг ашиглалтанд орох үед хийгдээгүй, мөн борлуулалтын явцад уг орон сууцны байрны хаалганы дугаарлалтад өөрчлөлт орох болсныг гүйцэтгэгчээс мэдэгдээгүйгээс У.Б нь тухайн 40 айл бүхий орон сууцны барилгын анхны зураг төслийн дагуу гүйцэтгэгчтэй байгуулсан “Захиалгаар орон сууц барих гэрээ”-гээр анх 32 тоот хаалганы дугаараар захиалсан байрыг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, холбогдох нотлох баримтыг /хх-ийн 25-38 дугаарт/ хавсарган өгснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэтэл нэхэмжлэгч иргэн У.Бгийн нэр дээр хийгдсэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002384 тоот улсын бүртгэл хийгдэхээс өмнө иргэн Ц.М-Оноос гаргасан 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хавсаргасан баримт бичгийг үндэслэн хариуцагч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхонд байршилтай, 40 айлын орон сууцны, 37 м.кв талбайтай, 2 өрөө бүхий 32 тоот орон сууцыг мөн өдөр иргэн Ц.М-Оны нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-0714002362 дугаарт бүртгэж,  000215689 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг /хх-ийн 41-51 дугаарт/ бичиж олгосон байх бөгөөд  энэ нь хэдийгээр улсын бүртгэлийн дугаар давхцаагүй ч тухайн 40 айлын орон сууцны 32 тоот хаалганы дугаар бүхий нэг байранд хоёр тусдаа иргэний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийгдсэн нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Гэтэл хариуцагч нь дээрх эрхийн улсын бүртгэлүүдийг хийх үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхонд байршилтай, 40 айлын орон сууцны, 37 м.кв талбайтай, 2 өрөө бүхий 32 тоот гэсэн нэг хаяг бүхий байрыг, хоёр өөр иргэн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг буюу өөрөөр хэлбэл тухайн хаяг бүхий байрыг иргэн Ц.М-Оны өмчлөлд бүртгэсэн өмнөх эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад түүний дараа мөн уг хаяг бүхий байрыг өөрийн өмчлөх эрхэд бүртгүүлэхээр иргэн У.Бгаас гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгээс үндэслэн дээрх байранд улсын бүртгэл хийлгэхээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт нь зөрчилтэй болох нөхцөл байдал үүссэнийг анхаарч, хянаж үзэлгүйгээр тухайн хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн У.Бгийн нэр дээр өмчлөх эрхийн Ү-0714002384 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон үйл ажиллагаа нь хариуцагчийн хувьд Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн  5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан ...” гэж заасан үүргийн хүрээнд тухайн нотлох баримтыг хянах үүргээ биелүүлэлгүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, ... бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасныг болон ЭХӨЭТХЭХБЭУБтХуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” улсын бүртгэгч нь тухайн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн хууль зөрчиж хийсэн дээрх бүртгэлийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч У.Бгийн хувьд тухайн 40 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч болох “Гр” ХХКомпанийн хийсэн борлуулалтын явцад өөрчлөлт орсноор 31 тоот болж хаалганы дугаар нь өөрчлөгдснөөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхонд байршилтай, 40 айлын орон сууцны, 37 м.кв талбайтай, 2 өрөө бүхий 31 тоот орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зөрчигдсөн байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс хэдийгээр “... нэхэмжлэгчийн зүгээс 31 тоот байр болохыг нотолсон баримтаа бүрдүүлээд ирэхэд зөвтгөөд өгөхөд татгалзах зүйлгүй ...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч У.Бгийн Хбны Замын-Үүд дэх тооцооны төвтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээнүүд дэх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны эрхтэй холбоотойгоор мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “Барьцааны гэрээ байгуулахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны зүйлтэй холбоотой эрх хангагдаагүй, ... бол барьцааны эрх хэвээр үлдэнэ” гэж заасны дагуу гуравдагч этгээд болох Хас банкны барьцааны эрх хэвээр байгаагаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан эрхийг хариуцагчийн зүгээс шууд хэрэгжүүлэх боломжгүй байх ба харин  ЭХӨЭТХЭХБЭУБтХуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасан байгаагаар хариуцагчийн зүгээс дээр тогтоогдож буй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хийсэн эрхийн улсын бүртгэл нь дээрх хуулийн уг зүйл дэх “бусад тохиолдолд” хамаарч, улмаар энэ тохиолдолд тухайн эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгохоор заасныг үндэслэн Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байршилтай, Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцны 2 дугаар орц, 3 дугаар давхар дахь нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг 32 тоот хаалганы дугаараар нэхэмжлэгч иргэн У.Бгийн нэр дээр бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002384 дугаар бүртгэлийг, 000215778 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Харин гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгч иргэн У.Бгийн нэр дээрх өмнөх эрхийн улсын бүртгэл дээрх үндэслэлээр хүчингүй болсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхонд байршилтай, 40 айлын орон сууцны, 37 м.кв талбайтай, 2 өрөө бүхий 31 тоот орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцаа хөрөнгийн асуудлыг түүнтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 7 дугаар зүйлийн 7.7 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байршилтай, Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцны 2 дугаар орц, 3 дугаар давхар дахь нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг 32 тоот хаалганы дугаараар нэхэмжлэгч иргэн У.Бгийн нэр дээр бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002384 дугаар бүртгэлийг, 000215778 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭНД