Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 47

 

 Ю.Мт холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Эрдэнэбат

             Прокурор                                            С.Алтай

             Хохирогчийн өмгөөлөгч                    З.Нямсүрэн 

             Хохирогч                                            Д.Т нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Тийн давж заалдах гомдлоор Ю.Мт холбогдох эрүүгийн 201511000207 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Н овогт Югийн М, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1979 оны 04 сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Дорнод аймгийн ... суманд … ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Ю.М нь согтуугаар 2015 оны 03 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг, “Дун” хорооллын 01-10 тоот хашааны гадна иргэн Д.Ттэй “согтуу байхад нь зургийг нь авсан” гэх шалтгаанаар маргалдан улмаар хавсарч унаган иргэн Д.Тийн биед зүүн өвдөгний гадна менискийн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н овогт Югийн Мт холбогдох эрүүгийн хэргийг аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Ю.Мийг хүний биед санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ю.Мөнхтөмөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ю.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, гэм хорын хохиролд хохирогчид 3170000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 16988541 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Д.Тгт мэдэгдэж, 3685300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн ... сумын ... багийн “Д” хороололд байршилтай 4000м2 газар битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн ”Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Т давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолын зарим хэсгийг хууль зүйн үндэслэлгүй гэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ю.М нь миний хөлийг согтуугаар гэмтээснээс хойш 2015 оны 03 сарын 13-ны өдрөөс одоог хүртэл хөл маань гэмтэлтэй эдгэхгүй, таягнаас салахгүй, ажлаа хийж чадахгүй одоо энэ гэмтлийн улмаас группэд орох эмчийн заалт бичигдээд байна. Гэтэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёулаа арилаагүй байхад Ю.Мт хөнгөн шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Мөн М нь миний эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо төлөөгүй байхад шүүх нотлох баримттай хуулиар олгогдох ёстой цалингийн зөрүү, актны зөрүү, эм тарианы мөнгө, эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хүнд гэмтсэн хөлийн мэс заслын зардал зэргийг гаргуулахгүй орхисон явдалд гомдолтой байна. ... Иймд давж заалдах шатны шүүх хуулийн дагуу хохирогч миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсэж байна. Үүнд:

  1. Цалин хөлсний зөрүү /2015.03-2016.09 хүртэл 3123320 төгрөг/
  2. Ажилгүй байсан хугацааны цалин /2016.09-2017.06 сар хүртэл 4880201 төгрөг/
  3. Хагалгааны зардал /7000000 төгрөг/
  4. Люксмед эмнэлгийн 180000 төгрөг
  5. Люксмед эмнэлгийн 180000 төгрөг
  6. Шингүнэ эмийн сан 626500 төгрөг
  7. “Энх-Ундарга” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 350000 төгрөг
  8. Нэмэлт бүтээгдэхүүний үнэ 336000 төгрөг
  9. 2017 оны 07сараас 2018 оны 08 сар хүртэлх ажилгүй үеийн цалин 6506962 төгрөг, нийт 23182983 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Ю.М нь 2015 оны 03 сарын 13-ны өдөр согтуугаар, хохирогч Д.Тийг “согтуу байхад нь зураг дарлаа” гэдэг шалтгаанаар хавсарч унагасны улмаас хохирогч Д.Тийн зүүн өвдөгний гадна менискийн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Д.Тийн мэдүүлэг /хх-ийн 16-17, 245-р хуудас/, үйл явдлыг харсан насанд хүрээгүй гэрч Г.Гын мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, шүүгдэгч Ю.Мийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлын талаар гарсан шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 81-82, 105-106-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх Ю.Мт холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Харин яллах дүгнэлтээр тогтоосон хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчид өршөөл үзүүлэхтэй холбогдуулан өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь 2005 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтад нийцээгүй байна. Иймд энэ асуудлаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Хохирогч Д.Тийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна. Үүнд:

1. Хохирогч Д.Т нь 2015 оны 3 сарын 14-нөөс 2018 оны 08 сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс нийт 14,510,483 төгрөг гаргуулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч Д.Т нь өвдөгний гэмтэл авсны маргаашаас буюу 2015 оны 03 сарын 14-нөөс  эхлэн уг гэмтлийг оношлуулах, эмчлүүлэхээр аймгийн төв болон Улаанбаатар хот руу явсан, эмчид үзүүлсэн, MRI-д харуулсан, эмчийн заалтын дагуу гипсдүүлсэн, хэвтрийн дэглэм сахих, эм тариа хийлгэх зэргээр эмчилгээ сувилгаа хийлгэсний улмаас ажлаа хийх боломжгүй байсан ба өвчтний карт дээрх тэмдэглэл дээрээс үзвэл өвдөгний гэмтлийн улмаас 2015 оны 06 сарын 16-ныг хүртэл эмнэлгийн хуудас /акт/ сунгагдсан байна. 2015 оны 06 сарын 16-наас хойш өвдөгний гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэх заалтын дагуу хохирогч Д.Т нь хөдөлмөрийн чадвараа алдаагүй бүрэн ажилласан бол авах байсан цалин ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу авсан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, эсхүл тахир дутуугийн тэтгэврийн зөрүүгээр нэхэмжлэх эрхтэй юм.

Гэтэл хэрэгт 2015-03-14-нөөс 2015-06-16-ныг хүртэлх хугацаанд авсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээг тодорхойлсон баримт авагдаагүй, 2015-06-16-наас хойш Д.Т хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй байна.

2. Түүнчлэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн огноотой зарлагын баримтаар авсан гэх /хх-ийн 207-р тал/ нэмэлт бүтээгдэхүүний үнэ 336,000 төгрөг, 2017 оны 03  сарын 17-ны өдөр Шингүнэ эмийн сангаас авсан гэх 626,500 төгрөгний бараа /хх-ийн 151-р тал/, 2017 оны 06 сард “Энх-Ундарга” гэх эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 350,000 төгрөг /хх-ийн 209,210-р тал/-ийн зардлуудыг нотолсон баримт, тайлбар нь “Ю.Мийн учруулсан зүүн өвдөгний үений гэмтлийн улмаас гарсан зайлшгүй зардал” гэж дүгнэхэд  хангалтгүй, энэ талаар дүгнэхэд илүү эргэлзээгүй нотлох баримт, тайлбар шаардлагатай тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

3. Хохирогч Д.Т нь 2017.01.03-нд Люкс Мед эмнэлэгт MRI хийлгэхэд 180,000 төгрөг төлснийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байна. /хх-ийн 167-г үзнэ үү/ Анхан шатны шүүх уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд хохирогч Д.Т нь үүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгчээр төлүүлбэл зохих үндэслэл бүхий шаардлагын үнийн дүнд хохирогч Д.Тийн Мөнгөн гүүр эмнэлэгт өвдөгний MRI хийлгэсний төлбөр 300,000 төгрөгийг оруулан тооцсон тул хохирогч Д.Т нь ийм төрлийн оношлогооны төлбөрийг шүүгдэгчээс дахин нэхэмжлэх эрхгүй юм.

4. Харин анхан шатны шүүх хохирогч Д.Тийн өвдөгний хагалгаа хийлгэх төлбөр 7,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэх заалтад нийцээгүй байна. Учир нь, шүүх эмнэлгийн шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтээс /хх-ийн 82-83, 105-106/ үзвэл Ю.Мийн үйлдлийн улмаас хохирогч Д.Тийн биед учирсан зүүн өвдөгний гадна менискийн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл нь мэс заслын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эдгэрэх боломжтой байх бөгөөд мэс засал хийлгэх төлбөр нь 7,000,000 төгрөг болох нь хэргийн 160-р талд авагдсан нэхэмжлэхээр нотлогдсон байна. Иймд Ю.М нь Иргэний хуулийн   505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар уг зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шүүгдэгч Ю.Мөөр нөхөн төлүүлбэл зохих эмчилгээний зардал 1 423 000 төгрөг, унааны зардал 490300 төгрөг буюу нийт 1 913 300 төгрөг дээр өвдөгний хагалгааны төлбөрт зориулж 7 000 000 төгрөгийг нэмж бүгд 8 913 300 төгрөгийг шүүгдэгч Ю.М төлөх үүрэгтэйгээс төлсөн 3,170,000 төгрөгийг хасч одоо түүнээс 5,743,300 төгрөгийг төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан  өөрчлөлт оруулсугай. Үүнд:

А/ тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтад “гэмтэл” гэснийг “хохирол” гэж тус тус өөрчилсүгэй.

Б/ тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ю.Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Шүүгдэгч Ю.Мт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчилсүгэй.

В/ тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 16988541 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Д.Тт мэдэгдэж, 3685300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Мөөс хагалгааны төлбөрт 5,743,300 төгрөгийг /таван сая долоон зуун дөчин гурван мянга гурван зуу/ гаргуулан хохирогч Д.Тт олгож, 3,685,300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9,988,541 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай ” гэж өөрчилсүгэй.

Г/ тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “хүчингүй болгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       Б.СҮХГОМБО

                                                                                          Л.НАРАНБАЯР