Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00646

 

Н.Т , Х.Б, Б.Б, Н.Б, Б.О,Б.Б, С.С, С.Ж, Б.Б,

Б.У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2017/00421 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалтай,

Н.Т , Х.Б, Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С, С.Ж, Б.Б, Б.У нарын нэхэмжлэлтэй,

“Багануур” ХК-д холбогдох,

Хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 61.730.604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т , өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Багануурын уурхайн захиргааны даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 403 дугаар тушаалаар белаз маркийн машины жолоочоор ажиллаж байгаад 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1999 онд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 2000 онд 55 хувиар, 2001 онд 60 хувиар, 2004 оноос өнөөдрийг хүртэл 65 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Н.Т ад 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 750.417 төгрөгөөр тооцож нийт 6.753.753 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануурын уурхайн захиргааны даргын 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2003 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2003 онд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 2004 онд 55 хувиар, 2011 оноос өнөөдрийг хүртэл 60 хувь болж нэмэгдсэн байна. Иймд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 745.718 төгрөгөөр тооцож нийт 6.711.462 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануурын уурхайн захиргааны даргын 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 1993 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1993 онд тахир дутуугийн 2-р групп тогтоосон, 2002 онд хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар, 2008 онд 65 хувь, 2009 онд 70 хувь, 2016 оноос өнөөдрийг хүртэл 69 хувь болж нэмэгдсэн байна. Иймд Б.Бгаас 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 766.211 төгрөгөөр тооцож нийт 6.895.899 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануурын уурхайн захиргааны даргын 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 1993 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1994 онд тахир дутуугийн 2-р групп тогтоосон, 1995 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2000 онд 65 хувь, 2003 онд 70 хувь, 2005 оноос өнөөдрийг хүртэл 65 хувь болж нэмэгдсэн байна. Иймд С.Жд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 721.459 төгрөгөөр тооцож нийт 6.493.131 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануурын уурхайн захиргааны даргын 1994 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 1997 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1997 онд тахир дутуугийн 70 хувийн групп тогтоогдсон. 2000 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар, 2003 онд 70 хувь, 2007 онд 65 хувь, 2016 оноос өнөөдрийг хүртэл 69 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд С.Ст 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 599.594 төгрөгөөр тооцож нийт 5.396.346 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануурын уурхайн захиргааны даргын 1995 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2005 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2006 онд 55 хувь, 2010 онд 60 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Б.Бт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 681.651 төгрөгөөр тооцож нийт 6.134.859 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануурын уурхайн захиргааны даргын 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2004 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 45 хувиар, 2006 онд 50 хувь, 2009 онд 55 хувь, 2012 оноос өнөөдрийг хүртэл 60 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Б.От 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 523.806 төгрөгөөр тооцож нийт 4.714.254 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануурын уурхайн захиргааны даргын 1978 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр тушаалаар орж ажиллаж байгаад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн комиссын шийдвэрээр хөдөлмөрийн нөхцөл сольсон. 2006 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2007 онд 55 хувь, 2009 онд 60 хувь, 2015 оноос өнөөдрийг хүртэл 55 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Н.Бд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 547.507 төгрөгөөр тооцож нийт 4.927.563 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануурын уурхайн захиргааны даргын 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 396 дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2008 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувиар тогтоосон. Иймд Б.Бт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 633.289 төгрөгөөр тооцож нийт 5.699.601 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануурын уурхайн захиргааны даргын 1985 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаар тушаалаар орж ажиллаж байгаад 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 260 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2000 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2004 оноос 55 хувь болон өөрчлөгдөн өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан хэвээр байна. Иймд Х.Бт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 889.304 төгрөгөөр тооцож нийт 8.003.736 төгрөг, нийтдээ 61.730.604 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Багануур” ХК шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд тохируулан, дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрийг хуульд заасан зохих журмын дагуу нэг нэг удаа олгосон. Мөн компанийн зүгээс 2007 оноос үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гараад байгаа нийт 300 гаруй ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар 4 удаа нийт 845.468.772 төгрөгийн нөхөн төлбөрүүдийг олгосон. Тухайлбал 2007 онд 50-55 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүст тус бүр 1.500.000 төгрөг, 60-65 хувьтай хүмүүст тус бүр 2.000.000 төгрөг, 70 дээш хувьтай хүмүүст тус бүр 3.000.000 төгрөгийн нөхөн төлбөрүүдийг компанийн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад олгож ирсэн. Эдгээр нэхэмжлэл гаргаад байгаа 10 иргэнд Багануур ХК хэрхэн нөхөн төлбөр олгосон талаар дурдъя. Баяраад 4.000.000 гаруй төгрөг, Сайнбилэгт 3.200.000 төгрөг, Жаргалсайханд 3.000.000 төгрөг, Төрбатад 4.130.915 төгрөг, Баатарт 3.326.834 төгрөг, Улаанхүүд 4.011.340 төгрөг, Одонбаят 4.218.132 төгрөг, Батпүрэвт 3.799.031 төгрөг, Баярхүүд 3.317.079 төгрөгийг тус бүр 5 удаагийн давтамжтайгаар, Бат-Очирт 2008 онд группт орсон учир 4 удаагийн давтамжтайгаар 3.794.746 төгрөгийг тус тус олгож байсан байна. Багануур ХК эдгээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж аж амьдралд нь хэрэг болох үүднээс улирлын чанартай харуул манааны ажилд авч ажиллуулдаг нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар нотлогдож байна гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2017/00421 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Т , Х.Б, Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С, С.Ж, Б.Б, Б.У нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Багануур ХК-д холбогдох хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 61.730.604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2017/00421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 605 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 103/ШШ2017/00421 дугаар магадлалд Н.Т , Н.Б, Б.О, С.Ж, Б.Б нарын зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ...51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын...цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба гүүнээс дээш удаа” олгоно гэж хэмжээг тодорхой заасан байхад шүүх хариуцагчийн 4, удаагийн тасалж өгсөн 1.960.000, 500.000, 200.000, 100.000 төгрөгийг нөхөн олговрыг олгосон байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Уг тасалж өгсөн мөнгө нь 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээнд хүрэхгүй байдаг. Шүүхээс хуулийн хэмжээнд хүрэхгүй мөнгийг нөхөн төлбөрт олгосон гэж шийдэж байгаа нь цаашид нөхөн төлбөрт хуулийн хэмжээнд хүрэхгүй, дураараа 1000 төгрөг өгч болохоор үр дагаварт хүргэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасан “1-ээс дээш удаа олгоно” гэдгийг Улсын дээд шүүх тайлбарлахдаа хөдөлмөрийн чадварын хувь алдалтын хэмжээ өгссөн буурсан тохиолдолд 1-ээс дээш удаа олгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн хувь алдалтын хэмжээ нэхэмжлэлд дурдсанаар 4-5 удаа өссөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгч тус бүрийн тэтгэврийн дэвтэрт бичигдсэн цалингийн дунджийг тодорхойлсон тэтгэврийн дэвтэр, Багануур дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дундаж цалингийн лавлагаа бүхий албан бичгийг тус тус нотлох баримтаар гаргасан болно. Энэ нь бодит байдал дээр нэхэмжлэгч нарын авч байгаа цалингийн дундаж болно.

Дээрх үндэслэлээр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 103/ШШ2017/00421 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалд гомдол гаргагч нарт холбогдох өөрчлөлт оруулж, Н.Т ад 6.753.753 төгрөг, Н.Бд 4.927.563 төгрөг, Б.От 4.714.254 төгрөг, С.Ж 6.493.131 төгрөг, Б.Бд 6.895.899 төгрөг, нийт 29.784.600 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нар нь “Багануур” ХК-д холбогдуулан 61.730.604 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр гэж тодорхойлж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн тооцоолсон итгэлцүүрээр өссөн дундаж цалинг үндэслэл болгожээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд тохируулан нөхөн төлбөрийг удаа дараа  олгосон” гэжээ.

Нэр бүхий нэхэмжлэгч нар нь “Багануур” ХК-д ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч  нь нэхэмжлэгч нарт хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрийг хуульд заасан журмын дагуу олгосон эсэх нь маргааны зүйл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтаар ажил олгогч нь хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд нь тохирох нөхөн төлбөрийг нэг удаа заавал олгох үүрэгтэй.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд нөхөн төлбөр олгох тухай Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2007, 2011, 2014, 2015, 2017 оны тушаал хэрэгт авагдсан боловч  олгосон нөхөн төлбөр нь нэхэмжлэгч нарын тухайн үед тогтоогдсон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд тохирч байгаа эсэх нь тодорхой бус байхад шүүх  тодруулалгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-т заасан  “...цалингийн  дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр”-ийг  мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасан цалин хөлснөөс тооцох бөгөөд  нэхэмжлэгч нар хөдөлмөрийн чадвараа алдах үед хэдий хэмжээний цалин хөлстэй байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.   

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2017/00421 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 306.873 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ