Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 120/ШШ2018/0004

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр                          120/ШШ2018/0004                                      Өмнөговь аймаг

 

                                       

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн *******д холбогдох,

“Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийг тусгай хамгаалалтанд авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаартай тогтоолын “*******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 7060 гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани “Саусгоби сэндс” ХХК-ийн 2002 оноос хойш эзэмшин хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөлтэй талбайн зарим хэсгийг буюу Галын овоо-1 нэртэй 124980.36 гектар талбайн ХҮ-017706 тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 сарын 19-ний өдрийн 31 тоот шийдвэрээр хуулийн дагуу шилжүүлэн авсан.

Гэтэл Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаар тогтоол 2015 оны 12 сарын 04-ний өдөр гарсан байна. Уг шийдвэрийн талаар албан ёсоор манайд мэдэгдээгүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас 2017 оны 03 сарын 14-нд ирүүлсэн албан бичигт “SGS” компани орон нутаг хариуцсан төлөөлөгчид танилцуулсан гэх тайлбар хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу бусдад шилжүүлсэн компани биднийг төлөөлөх эрхгүй юм.

 

Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан онцгой эрхийнхээ

дагуу өргөдөл гарган XV-017706 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнхаа зарим хэсэгт буюу 36748.61 гектар талбайд Кадастрын хэлтсийн даргын 2017.03.03-ны өдрийн шийдвэрээр MV-020781 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд ирэх хавраас нүүрсний олборлолтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Бид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9/13 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж хэсэгчилсэн давхцалтай байгаа 7060 гектар талбайг чөлөөлөх хүсэлтийг аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хүргүүлсэн боловч тодорхой хариу өгсөнгүй. Эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу авсан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хөрөнгө зардал гаргаад хайгуулын үйл ажиллагаа явуулж буйг мэдсээр байж урьдчилан хэлж мэдэгдэлгүй орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэр гэнэт гаргасан, дээрхи шийдвэрийг гаргасан даруйдаа дахин 9/14 тоот тогтоол гаргаж зарим аж ахуйн нэгжүүдийг буцаагаад чөлөөлсөн зэрэг байдлаас үзэхэд дээрхи тогтоолыг гаргах болсон зорилго нь ойлгомжгүй, сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах, хөрөнгө мөнгө босгох улс төрийн санаа зорилготой хууль бус шийдвэр гэж үзэж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Шийдвэр гаргасан байгуүллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговорыг нэг жилийн дотор төлнө, нөхөн олговрыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж заасан.

Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 тогтоолын “*******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 7060 гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн ИТХ-ын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 9/13 тоот тогтоол гарснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байгаа юм. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.1, 21.1.3, 27-р зүйлийн 27.1.1-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч орон нутгийн засаг захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагатай эв зүйгээр асуудлыг шийдэх гэж хичээсэн боловч чадаагүй, Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хүргүүлсэн албан бичгүүдэд хуульд заасан журмын дагуу хариу өгөөгүй тул арга буюу шүүхэд хандсан. Өмнөх хурлын алдаатай шийдвэрийг одоогийн Аймгийн ИТХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдчих боломжтой байсан. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын талаар УИХ, Засгийн газар, Төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх, үүргийг тодорхой заасан.

Өмнөговь аймгийг 2010-2020 онд хөгжүүлэх "Хөгжлийн хөтөлбөр”-ийн 4.3-т “хайгуулын лицензи бүхий талбайн хайгуулын ажлуудыг эрчимжүүлэх, ашигт малтмалын ордуудыг ашиглалтанд оруулахад шаардлагатай дэд бүтэц, уурхайн цогцолборыг байгуулахад бодлогоор дэмжинэ” гэсэн. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлснээр төсвийн орлого нэмэгдэхээс гадна шинээр ажлын байрууд бий болж хүмүүсийн аж амьдрал, орон нутгийн хөгжилд ч тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Төр зөвхөн татвар, төлбөр мөнгө авдаг биш нэгэнт тусгай зөвшөөрөл олгосон бол бодлогоор дэмжих ёстой.

 Гэтэл Аймгийн ИТХ-ын 9/13 тоот тогтоолыг гаргасан зорилго туйлын ойлгомжгүй, орон нутгийн эрх баригчдаас 2016 оны сонгуультай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах, хандив мөнгө босгох улс төрийн санаа зорилготой гаргасан тогтоол гэж үзэж байна. Дээрхи тогтоолыг гаргасан даруйдаа "Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газраас зарим газар нутгийг чөлөөлөх тухай" 9/14 тоот тогтоол гаргасан байдлаас ийм дүгнэлт хийхэд хүрч байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд ингэж ялгавартай хандсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх" нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтад нийцэхгүй шийдвэр юм.

Уул уурхайн бүтээн байгуулалт явагдаж байгаа бүс нутгаа гэнэт орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан шийдвэрийг стратегийн нөөц бүхий Оюу толгой, Таван толгойн ордыг тойруулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасантай нэгэн адил бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна. Тус тогтоолд Нарийн сухайт орчмын газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдэл нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авч байна гэсэн боловч ямар ч тооцоо судалгаагүй, хийсвэрээр шийдсэн. Орон нутгийн эрх баригчид дуртай газраа тусгай хамгаалалтанд авах ёсгүй, Байгаль орчны сайдын 2000 оны 07 тоот тушаалаар баталсан ‘Газар нутгийг орон нуттийн тусгай хамгаалалтанд авах тухай" журмын 2.2-д орон нутгийн тусгай хамгаалалтанд авах газрын шалгууруудыг тодорхой заасан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсан процесс маш эргэлзээтэй бөгөөд тогтоолын үндэслэх, тогтоох хэсэгт Засаг даргын өргөн мэдүүлсэн саналын талаар огт дурдаагүй. 2005 оны 3/5 тоот тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай гэсэн шийдвэр гаргасан байдаг ч чухам юуг өөрчилсөн нь тодорхойгүй, шинэ хуучин тогтоолуудын солбицол адил боловч 2005 оны тогтоолоор 112.200 га, 2015 оны тогтоолоор 119.035 га газрыг тусгай хамгаалалтанд авсан. Зөрүү 6800 га газар ямар учиртай вэ. Өөрөөр хэлбэл эрх зүйн баримт бичгийн хувьд техник алдаатай акт, хариуцлагагүй шийдвэр гэж үзэж байна. Хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “Батлах уу баталья” гэдэг байдлаар асуудалд хандсан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч их хэмжээний хөрөнгө оруулалт, хайгуул хийсэн талбай гэдгийг мэдсээр байж бусдын өмч хөрөнгөнд халдаж байгаа тохиолдолд тусгай хамгаалалтанд авч буй зорилго, шаардлага, үндэслэл, хуульд заасан журмын дагуу нөхөн олговорыг хэрхэн төлөхөө тодорхой заах ёстой байсан. Мөн тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх нь тодорхойгүй. Засаг даргын өргөн барьсан албан бичиг, танилцуулгад эдгээр асуудлуудыг огт дурдаагүй зөвхөн Өмнөговь аймгийн орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газрууд зөрчилтэй учраас Кадастрийн бүртгэлээс хасагдсан, түүнийг судалж үзэхэд тустай хамгаалалтанд авсан хугацаа, зорилго тодорхойгүй, орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд давхцсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй давхцсан үндэслэлээр Кадастрын бүртгэлээс хасагдсан байсан тул өмнөх тогтоолуудын зөрчлийг арилган дахин батлуулахаар 13 тогтоолын төслийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн учраас хуралд оруулж байна гэжээ.

Эндээс 2005 оны 3/5 тоот тогтоол зөрчилтэй, кадастрын бүртгэлээс хасагдсан, хүчингүй тогтоол гэж дүгнэж болохоор байна. Хариуцагчаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор ажлын хэсэг байгуулж судлуулсан гэх боловч энэ ажлын хэсгийн санал дүгнэлт байхгүй, харин урд нь Аймгийн ИТХ-ын 2014 оны 148 тоот шийдвэрээр ажилласан ажлын хэсгийн гаргасан ‘Гурвантэс, Ноён сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах газар зохион байгуулалтын тайлан” шүүхэд ирүүлсэн.

Энэ тайланд орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шаардлагатай газруудын талаар тодорхой санал дүгнэлт гаргасан байх бөгөөд үүнд маргалдаж буй Галын овоо-1 ордын 7060 га талбай ороогүй байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 5.2, 5.3, 6.4-т тус тус зааснаас үзэхэд төр аливаа этгээдийн өмчлөх, эзэмших эрхэд халдах шийдвэр гаргахын өмнө тухайн этгээдэд учирсан хохиролын нөхөх олговорыг тохиролцох үүрэгтэй. Ингэсний дараа шийдвэрээ гаргах ёстой байсан.

Энэ 2015 оны 9/13 тогтоол нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.2.5, 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ‘Газар зохион байгуулалт хийх журам’'-ын 9, 11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нь орон нутгийг тусгай хэрэгцээнд газар авах тухай шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “*******" ХХК-д шийдвэрээ мэдэгдээгүй, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй, тайлбар, санал хүсэлтээ гаргах боломж олголгүйгээр захиргааны актыг гаргасан. 9/13 тоот шийдвэрийг тухайн үед нь “Саус гоби сэндс" ХХК-ийн орон нутаг хариуцсан төлөөлөгчид мэдэгдсэн гэх хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тухайн компани “*******" ХХК-ийг төлөөлөх эрхгүй юм.

Тухайн газар нутгийг 2005 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан шийдвэр гаргасан юм бол 3/5 тоот тогтоолоо яагаад өдий хүртэл хэрэгжүүлээгүй, “Саус гоби сэндс" ХХК-нд нөхөн олговор олгоогүй, тусгай зөвшөөрлөө эзэмшсэн хэвээр, яагаад лицензийн төлбөр, орон нутгийн татвар хураамжаа төлсөөр ирсэн юм. Ингэж хохироож болохгүй. Орон нутгийн эрх баригчид урьд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлсэн бол 2015 онд "EAИ" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу шилжүүлэн авч хөрөнгө оруулалт хийхгүй, хохирохгүй байх байсан. Хуульд зааснаар тодорхой газар нутгийг тусгай хамгаалалтанд авах орон нутгийн эрх мэдэлтэй маргахгүй, тухайн захиргааны байгууллагын буруутай үйлдэл байгаа учраас маргаан үүссэн. Орон нутаг шийдвэр гарсан байж манай компанид одоо болтол албан ёсоор мэдэгдээгүй. Энэ тогтоолыг хүчингүй болгуулахгүйгээр компани үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа учраас хүчингүй болгуулах гэж шүүхэд хандсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 9/13 тоот тогтоолын "*******" ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Галын овоо-1” гэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж тус хуулийн хүрээнд аймгийн *******д эрх олгогдсон. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах" гэж заажээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, хуульд заасан үндэслэл журмын дагуу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус талбайг хамруулан орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэр гаргасан тул энэ шийдвэрийг эрх зүйн зөрчилгүй “Захиргааны акт” гэж үзэж байна.

Иймд “*******” ХХК-иас гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын тодорхой хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаад өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрлийг олгосон. Энэ тогтоол гарснаар “*******” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн зүйл байгаагүй.

“Саус гоби сэндс” ХХК нь 12000 га газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. 2015 онд өөрчлөлт оруулахад тухайн талбайн солбицол өөрчлөгдөөгүй, солбицлыг өөрчлөөгүй мөртлөө талбайн хэмжээ өөрчлөгдсөн. 7000 орчим га газар нэмэгдсэн ч “*******” ХХК-ийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр өөрчлөлт ороогүй. Өмнө нь тусгай хамгаалалтад авагдсан байсан газар юм. Өөрөөр хэлбэл нэг газрыг хоёр тогтоолоор тусгай хамгаалалтад авсан. 2005 онд “Саус гоби сэндс” ХХК-ийн тодорхой хэмжээний газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байсан. “Саус гоби сэндс” ХХК уг газрыг “*******” ХХК-нд 2015 оны 01 дүгээр сард шилжүүлсэн байдаг.

Ашигт малтмал газрын тосны газар дээр тухайн компанийн шилжүүлж байгаа хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд өөрчлөлт орсон талаарх бүх мэдээлэл авагддаг. Тийм учраас өмнө нь тусгай хамгаалалтад авагдсан байсан гэдэг нь мэдэгдэгдэхээр байсан. Манай байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн зүйл бол байхгүй. “*******” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас шинээр тусгай хамгаалалтад аваагүй учраас мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаартай тогтоолын улмаас “*******” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас мэдэгдсэн талаар харагддаг.

Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 7\1644 албан бичгээр ”*******” ХХК-нд Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талаар мэдсэн байх ёстой. Үүнийг мэдээд нэхэмжлэл гаргаж байгаа. Мэдсэнээс хойш тодорхой хугацаанууд тоологдох ёстой гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сард шийдвэрийг мэдсэн мөртлөө яагаад 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргаад байна. Ашигт малтмал газрын тосны газарт хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын болгох гээд өргөдөл гаргасан. Тэр өргөдлийн хариуг “*******” ХХК-нд мэдэгдэхдээ тухайн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад байна гээд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хариу өгсөн байсан.

Тэгэхээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна гэдгийг мэдсэн гэж үзэж байна. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаартай тогтоолыг гаргах хэрэгцээ шаардлага байсан. Манай говь нутаг ус бэлчээр их эмзэг асуудал байдаг учраас зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай байсан. Өмнө нь өөр компанийн нэхэмжлэлтэй энэ 9/13 тогтоолтой холбоотой маргаан шүүхээр шийдүүлж байсан. Үндсэн тогтоол өөрөө хүчинтэй байгаа гэж үзэж байна, 9/13 тогтоолын “Коэл транс” ХХК-тай холбогдох хэсэг нь хүчингүй болж байсан. 

Нэхэмжлэгч компани аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 3/5 тогтоолыг мэдэхгүй байх үндэслэлгүй. 2015 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахдаа мэдэх ёстой байсан. Энэ тогтоолд өөрчлөлт оруулж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаартай тогтоолыг гаргаснаас 3/5 тогтоолыг хүчингүй болгоогүй. Тодруулбал талбайн хэмжээ нэмэгдэж өөрчлөгдсөн солбицол бол өөрчлөгдөөгүй. Энэ тогтоолыг хүчингүй болсон гэх үндэслэл бол байхгүй. Урьд нь энэ талбайн хэмжээг механик аргаар бодож гаргасан  байдаг. Сүүлд нь шинэчилсэн программд  оруулж бодоод талбайн хэмжээ нэмэгдсэн. Галын овоо-1 гэдэг газар бол нарийн сухайт орчмын газарт багтдаг, нүүрсний орд газар байгаа. 2005 оны 3/5 тогтоолын зорилго нь тодорхойгүй, хугацаа, газар зүйн системийн шинэчлэл болсон учраас 2015 оны 9/13 тогтоолыг гаргасан.

Аймаг бол 2015 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийгээгүй. Харин 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол 2016 оныг дуустал хэрэгжихээр, сумдууд бол жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж ажилладаг байгаа. Тухайн компани хуулийн үндэслэлтэй хүсэлтээ гаргах юм бол орон нутаг нөхөн олговрын талаар яригдана. Компани нөхөн олговрын талаар хүсэлтээ гаргаагүй байхад орон нутгаас нөхөн олговрыг өгөх асуудал бол байхгүй. Иймд “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, “*******” ХХК хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд нэхэмжлэгч “*******” ХХК нь Өмнөговь аймгийн *******д холбогдуулан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийг тусгай хамгаалалтанд авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаартай тогтоолын “*******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 7060 гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх тухайд:

Нэхэмжлэгч “...“*******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 7060 гектар талбайг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлснийг Шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 120/ШЗ2017/016 захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон өгч, мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг дахин хүлээн авсан.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/1644 тоот албан бичгээс[1] Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоол гарсан гэдгийг мэдсэн байх ёстой, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж маргах боловч хариуцагчаас уг тогтоолыг “*******” ХХК-д гардуулсан, танилцуулсан, мэдэгдсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй тул дээрх захиргааны актыг мэдсэн байх ёстой гэж дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь захиргааны байгууллагаас өөрийнх нь эрх, хууль ёсны эрх ашгийг хөндсөн захиргааны актыг нэхэмжлэгч нь хүлээн авч мэдсэнээр гомдол гаргах хугацаа тоологдох юм.

Харин Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэгч М.Хатанзоригоос 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх, мэдээлэл хүсэх тухай” 4-330 тоот албан бичгээр маргаан бүхий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоолыг хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газраас ашигт малтмалын хайгуулын ХҮ-17706 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг чөлөөлүүлэх, хүчингүй болгуулах, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулах” агуулга бүхий гомдол, хүсэлтүүдийг[2] захиргааны байгууллага, албан тушаалтнуудад тус тус гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[3] болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Манай байгууллагаас албан ёсоор энэ компанид мэдэгдсэн зүйл бол байхгүй, “*******” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас шинээр тусгай хамгаалалтад аваагүй учраас мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн, харин “Саус гоби сэндс” ХХК-ийн төлөөлөгчид танилцуулсан” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшин хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөлтэй талбайн зарим хэсгийг буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Галын овоо-1 нэртэй газар 124980.36 гектар талбайн ХҮ-017706 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 сарын 19-ний өдрийн 31 тоот шийдвэрээр шилжүүлэн авч, улмаар дээрх талбайн зарим хэсэгт буюу 36748.61 гектар талбайд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-020781 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг авч эзэмшиж байгаа болох нь Улсын бүртгэлийн 2006 оны 0000094889 дугаартай гэрчилгээ, Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын 2016 оны 6/1490, 2017 оны 7/1501, 7/1892 тоот албан бичгүүд, 2017 оны 3 сарын 16-ны өдрийн МҮ-020781 дугаартай, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[4] тус тус нотлогдож байна.

Өмнөговь аймгийн ******* 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаар тогтоолоороо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай журам”-ын 4.3-т заасныг тус тус үндэслэн Гурвантэс сумын Нарийн сухайт орчмын 119035 га газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан, ус, ургамал, байгалийн нөөц газраар 10 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уг газрын солбицол, зургийг батлан шийдвэрлэжээ.[5]

Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 сарын 19-ний өдрийн 31 тоот шийдвэрийн дагуу шилжүүлэн авсан “*******” ХХК /тухайн үед “Ундрамцаг” ХХК гэсэн нэртэй байсан ба 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр оноосон нэрээ “*******” ХХК болгон өөрчилсөн/[6]-ийн ХҮ-017706 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 7060 гектар талбай нь маргаан бүхий дээрх тогтоолоор орон тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн газрын бүсэд хамаарагдсан болох нь хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт авагдсан баримтуудаар[7] тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл,  журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зохицуулсан.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг ...сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох“, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ”, 25.1.5 дахь хэсэгт “...тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ...холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг төслүүд”, Монгол Улсын Засгийн газраас 2003 оны 28-р тогтоолын 3-р хавсралтаар баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 9-д “Газар зохион байгуулалтыг дараахь харъяаллын дагуу гүйцэтгэнэ” гээд 2/-т “...орон нутгийн тусгай хэрэгцээнд тодорхой газар нутгийг  авахтай холбогдсон газар зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн газрын алба”, 11/-т “Газар зохион байгуулалтыг дор дурьдсан үе шаттайгаар гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг аймгийн газрын алба хариуцан бэлтгэл ажлыг хангаж, судалгааны ажлыг хийж холбогдох саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулах ба аймгийн Засаг дарга аймгийн *******д санал оруулж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, 29 дүгээр зүйлд ”Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах” гэж тус тус зааснаар тухайн аймгийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг тухайн аймгийн Засаг дарга боловсруулж, аймгийн *******д уламжилснаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоохоор зохицуулсан байна.

Хариуцагч талаас “...Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоолоор өмнөх тогтоолын зорилго, хугацаа тодорхойгүй, газар зүйн мэдээллийн системийн программ хангамжийн шинэчлэлттэй холбоотойгоор 2005 оны 3/5 дугаар тогтоолд[8] орон нутгийн хамгаалалтад авсан нийт талбайн хэмжээ 119035 /га/ болгож өөрчлөлт оруулсан, талбайн солбицол өөрчлөгдөөгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт гараагүй, энэ тогтоол гарснаар “*******” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн зүйл байгаагүй...” гэх тайлбарыг гаргасан бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл, мөн аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4-290 тоот албан бичгээр ирүүлсэн хуралдаанд оруулсан саналын танилцуулга зэрэг баримтуудаас үзвэл аймгийн Газрын албанаас тусгай хамгаалалтад авахтай холбоотой газрын газар зохион байгуулалтын талаар судалгааны ажил, саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулсан байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд[9] орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй газарт тусгагдаагүй байна.

 Мөн хариуцагчаас ирүүлсэн “Гурвантэс, Ноён сумдын зарим газар нутгийг орон нутгийн тугай хамгаалалтад авах газар зохион байгуулалтын ажлын тайлан”[10]-д /2015 он/ орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шаардлагатай газруудын талаар тодорхой санал боловсруулж, дүгнэлт гаргасан байх боловч үүнд нэхэмжлэгч компанийн ХҮ-017706 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 7060 гектар талбай буюу Гурвантэс сумын нутаг Галын овоо-1 гэх газар ороогүй /Тайлангийн 24-30хх/ болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбогдуулан хийгдсэн судалгаа, дүгнэлт, санал мөн гэж үнэлэх боломжгүй, маргаан бүхий захиргааны актыг хууль, тогтоомжид нийцээгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3/5 дугаар, Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2017/0014 дугаар шийдвэрээр мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоолуудын[11] хууль зүйн үндэслэлийг дүгнээд, тухайн захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцогч этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулан орон нутгийн тусгай хамгаалалтад авсан хэсгийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Маргаан бүхий захиргааны актаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан  Нарийн сухайт орчмын газар нутгаас “ашигт малтмалын ашиглалт явуулах зорилгоор нийт 11103 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9/14 дугаар тогтоол[12] болон уг өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “...шударга ёс, ...тэгш байдал, ... хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардагыг хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаартай тогтоолын “*******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 7060 гектар талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэрт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоолын 2 дахь заалтын нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшиж буй MV-020781 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНЦЭЦЭГ

 

 


[1] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 8-9, 11, 19, 24-25 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 10, 12, 17-18 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 5, 28, 30-32, 97-99, 166, 180-181 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 52-55, 66-73 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 226 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 7, 10, 155-156, 167-172, 185, 227-228 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 87-91 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 231-237 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 102-138 дугаар хуудас

 

[11] Хавтаст хэргийн 206-211, 215-223 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас