Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 276

 

Т.Баасанжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12/А дугаар шийтгэх тогтоол,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар магадлалтай, 201505000122 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Баасанжаргалын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Түмэнбаярын Баасанжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Баасанжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасныг баримтлан 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баасанжаргалд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Баасанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Баасанжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Миний бие уг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх онцгой ач холбогдол бүхий баримтууд хоорондоо зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.5-д заасан гэмт хэргийн гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн. ... Би Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 238-д зааснаар тусгай мэх хэрэглэсэн. Намайг Баянмөнхийг зодож байхыг харсан гэрч байхгүй байхад ам дамжиж сонссон дамжмал мэдээгээр гэрчийн мэдүүлэг авсан. Хэрэг болсны маргааш Баянмөнхийнд очиход хүн таних сөхөөгүй архи уусан байдалтай гэртээ сууж байсан. Хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч өөр хоорондоо харилцан зөрүүтэй буюу миний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлтүүд гарсан байдаг. Тухайлбал хохирогчийн хамрын яс нь өмнө нь хугарсан хуучин хугаралтай байхад шинэ хугарал гэж үзсэн, мөн хохирогч нь “одоогоос 3 жилийн өмнө морьноос унасан, 5 жилийн өмнө мотоциклоос унаж нуруундаа гэмтэл авч байсан нь тухайн үед надтай чаргууцалдаж арагш унах үед сэдэрсэн байх магадлалтай” гэж мэдүүлсэн байхад уг гэмтлийг намайг учруулсан гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт хуурамч, зөрүүтэй бөгөөд нотлох баримтаар хэрэгт авбал зохих цээжний рентген зураг, томографын зураг зэргийг аваагүй. Гэмтэл авсан гэх хүн гэмтлийн эмнэлэг биш, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байхад ямар эмчилгээ, эм тариа хэрэглэсэн нь эргэлзээтэй. Намайг сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг шүүж байсныг цагдаагийн алба хааж гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албан үүргээ гүйцэтгээгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийнх 28.3-т зааснаар алба хаагч амралтын цагаар эсхүл энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх тохиолдолд тусгай хэрэгсэл, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэж болно гэж заасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш дутуу хийсэн, миний гэм бурууд хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Т.Баасанжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Баянмөнхөд шаардлага тавихдаа гарыг нь өчиж газар унаган, нуруу луу нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Т.Баасанжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Баянмөнхтэй маргалдаж, улмаар гарыг нь өчиж газар унаган, ар нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож, бүсэлхийн 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 238 дугаар зүйлийн 238.3.2 дахь заалтад “цагдаагийн алба хаагч нь тусгай мэхийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ гэмт хэрэг, зөрчил буюу үйл явдал өрнөж байх цаг мөчид өөрийн ойлгож үнэлсэн хүчин зүйлс, тухайн нөхцөл байдалд тохируулан мэхийг тухайн этгээдийг хяналтдаа авах зорилгоор хэрэглэнэ” гэж заажээ.

“Нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлэх” гэдэгт хүмүүс олноор цугларсан газар болон гудамж, талбайд хэв журам сахиулах, гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар явуулж байгаа үйл ажиллагааг ойлгох бөгөөд тухайн үед Б.Баянмөнх тэмцээнд оролцож байгаа эхнэрийнхээ багийг тоглолтын талбайн шугам давж дэмжсэн үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй, тухайлбал иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн, тухайн тэмцээний үйл ажиллагааг тасалдуулсан гэх бодит нөхцөл байдал илрээгүй байхад Т.Баасанжаргал нь Б.Баянмөнхтэй маргалдаж, улмаар хүч хэрэглэн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь хувийн сэдэлттэй, маргааны улмаас үүссэн гэмт хэрэг гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байна.

 Өөрөөр хэлбэл Б.Баянмөнхийн тоглолтын талбайн шугам давж багаа дэмжсэн үйлдэл нь цагдаагийн алба хаагч зайлшгүй нийгмийн хэв журмыг хамгаалах албан үүргээ гүйцэтгэх шаардлагыг үүсгээгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Баасанжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан “Т.Баасанжаргал нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 238 дугаар зүйлд заасан тусгай мэх хэрэглэсэн, ... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12/А дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Баасанжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ