Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 723

 

 

 

 

 

 

    2020       04       21                              2020/ШЦТ/723

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: С.Чимэдцэеэ

шүүгдэгчийн өмгөөлөгч : Ю.Батболд

шинжээч эмч : М.Аригуунтөгс

хохирогч : Б.М

шүүгдэгч: Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Өнөрбатын Мөнгөнцэцэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01367 0641 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Өнөрбатын Мөнгөнцэцэг, 1975 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, Баянзүрх худалдааны төвд худалдагч  ажилтай,  ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 11б дүгээр гудамжны 150б тоотод  оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй,эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,        

           Холбогдсон хэргийн талаар:

           Ө.М нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх нэртэй захын гадна иргэн Б.Мтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ө.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 18-нд нөхөртөө хоол хийж өгөөд найзаасаа маск худалдаж аваад оройн 17 цагийн үед Баянзүрх захын ойролцоо очсон. Баянзүрх зах 19 цаг 30 минутад хаадаг болохоор 2 цагийн хугацаанд хэдэн маск зарчихъя гэж бодоод очсон. Би 3 удаа очсон. Эхний удаа лангуун дээр нь хүн байгаагүй. 2 дахь удаа очиход лангуугаа хаагаад явсан байсан. 3 дахь удаа очиход хүмүүс байсан. 16 настай, 22 настай 2 хүүхэд нь байсан. Тухайн үед зөвшөөрөлгүй зогссон маань миний буруу. Жоохон булан байхаар нь маскаа тавиад зарсан юм. Эдний хүүхэд нь “та эндээс яв” гэж хэлсэн бол би цаашаа яваад өгөх байсан. Тулган шаардахгүй болохоор нь би маскаа тавиад зарсан. Зараад 30 минут болж байхад хүмүүс сонирхоод шавсан. Тэгснээ энэ хүүхэн гэнэт дотроос гарч ирээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгэхээр нь “чи энэ байгууллагын зохион байгуулагч юм бол үнэмлэхээ үзүүл” гэж хэлэхэд намайг янз бүрээр доромжлоод байсан. Би тэгээд түлхсэн. Тухайн газар байсан хүмүүс харж байсан. Нилээн түрэмгий ааштай хүн байна. Хэрвээ намайг “эндээс яв” гэвэл би явах байсан. Би эхлээд түлхсэн тэгэхэд намайг шанаадсан. Маскаа авахад миний амнаас цус гарч байсан. Би оройн 22 цагийн үед “Индранил” гээд хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд таны шүд жоохон хөдөлгөөнтэй байсан байна. Гэхдээ 5 жилийн дараа хөдлөх байсныг хурдасгасан байна гэсэн дүгнэлт гаргасан. Байцаалт авч байхад та эмнэлгээр явж эмчилгээ хийлгэхгүй юм уу? Гэж байсан боловч надад эмнэлгээр явах боломж байгаагүй. Солонгос эмнэлэгт нэг шүдийг 1.800.000 төгрөгөөр хийдэг юм байна лээ. Тэгээд надад тодорхойлолт гаргаж өгөөч гэхэд төлбөрийн 40 хувийг урьдчилан төлж байж тодорхойлолт гаргуулах боломжтой гэж хэлсэн. Тухайн үед надад 40 хувийн төлбөрийг төлөх боломж байгаагүй учраас одоо хүртэл шүдээ эмчлүүлээгүй явж байна. Миний хувьд хөдөлсөн нэг шүдээ хийлгэх хүсэлтэй байна. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг утгаараа шүд хийлгэх зайлшгүй шаардлагатай байна гэв.

           Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “… Баянзүрх зах руу гараад захын хаалганы гадна нэг хүүхэд юм зарж байхад хажууд нь жаахан булан байхаар нь маскаа тавиад зогсоод 30 минут орчим болж байхад зах дотроос нэг эмэгтэй гарч ирээд юу юуны духанд хүрэхгүй намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Миний тухайн үед уур хүрээд чи дуугүй бай л даа гэж хэлээд тэр эмэгтэйгийн цээжин тус газар нь гарынхаа алгаар 1 удаа түлхсэн тэгтэл тэр эмэгтэй намайг зөрүүлээд гараараа миний нүүрэн тус газар 1 цохиод миний шүднээс цус гараад 103 дуудсан. Миний үүдэн дээд 1 шүд хөдөлсөн орсон байна. Миний үүдэн дээд 1 шүд хөдөлгөөн орсон байна..” гэсэн мэдүүлэг / хх-н 8-10/,

          Гэрч Б.Аюуш мөрдөн шалагх ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 30 минутын үед манай захын баруун талын төв хаалган дээр 2 эмэгтэй маргалдсан. Нэг эмэгтэй маск зарсан. Нөгөө маргадаг эмэгтэй нь үүдэн дээ вандан тавиад тэрэн дээр тавгийн цар тавиад зарж байсан. Юунаас болж маргадсаныг би мэдээгүй.  Эхлээд маск зарж байгаа эмэгтэй тавгийн цар зарж байсан эмэгтэйгийн цээж рүү түлхэх шиг болсон тэгтэл эргээд тавгийн цар зарж байсан эмэгтэй гараараа буцаагаад маск зарж байгаа эмэгтэйгийн хүзүү хэсэг рүү түлхсэн тэр үед цар зарж байсан эмэгтэйгийн хүүхэд нь дундуур нь ороод ээжийгээ боль гээд бариад авсан. Миний хажууд байсан харуулыг тэр маргаан болж байсан газар луу явуулсан... гэсэн мэдүүлэг / хх-н11/,

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2706 дугаартай:

         1.Б.Мын биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлэлтээс хамаана гэсэн дүгнэлт / хх-н 17-18/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 19-20/

          Шинжээч Э.Аригуунтөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 11 болон 21 дүгээр шүд гэдэг нь баруун дээд 1 зүүн дээд 1-р шүдийг хэлж байна. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Мөнгөнтуулыг үзэхэд баруун дээд 1 зүүн дээд 1-р шүднүүд хөдөлгөөн орсон. Буйланд цус хуралт, буйл шүдний завсараар цус гарч байсан тул шинэ гэмтэл гэж үзсэн. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсдэг  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн мэдүүлэг / хх-н 21/,

          Ө.Мийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 24/,      

         Ө.Мт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 33-34/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-38/,  

         Ө.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40-41/ зэрэг болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.М нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх нэртэй захын гадна иргэн Б.Мтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Ө.М нь  2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх нэртэй захын гадна иргэн Б.Мтай лангуун дээр зөвшөөрөлгүй  юм зарлаа гэсэн  шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... энэ хүүхэн гэнэт дотроос гарч ирээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгэхээр нь “чи энэ байгууллагын зохион байгуулагч юм бол үнэмлэхээ үзүүл” гэж хэлэхэд намайг янз бүрээр доромжлоод байсан. Би тэгээд түлхсэн. Тухайн газар байсан хүмүүс харж байсан. Нилээн түрэмгий ааштай хүн байна. Хэрвээ намайг “эндээс яв” гэвэл би явах байсан. Би эхлээд түлхсэн тэгэхэд намайг шанаадсан. Маскаа авахад миний амнаас цус гарч байсан... гэсэн мэдүүлэг,

           Гэрч Б.Аюушийн мөрдөн шалагх ажиллагааны үед  өгсөн ... Нэг эмэгтэй маск зарсан. Нөгөө маргадаг эмэгтэй нь үүдэн дээ вандан тавиад тэрэн дээр тавгийн цар тавиад зарж байсан. Юунаас болж маргадсаныг би мэдээгүй.  Эхлээд маск зарж байгаа эмэгтэй тавгийн цар зарж байсан эмэгтэйгийн цээж рүү түлхэх шиг болсон тэгтэл эргээд тавгийн цар зарж байсан эмэгтэй гараараа буцаагаад маск зарж байгаа эмэгтэйгийн хүзүү хэсэг рүү түлхсэн тэр үед цар зарж байсан эмэгтэйгийн хүүхэд нь дундуур нь ороод ээжийгээ боль гээд бариад авсан гэсэн мэдүүлэг / хх-н11/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2706 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Мын биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлэлтээс хамаарна гэж тогтоогджээ./ хх-н 17-18/,

 Шинжээч Э.Аригуунтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Мөнгөнтуулыг үзэхэд баруун дээд 1 зүүн дээд 1-р шүднүүд хөдөлгөөн орсон. Буйланд цус хуралт, буйл шүдний завсараар цус гарч байсан тул шинэ гэмтэл гэж үзсэн. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсдэг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг / хх-н 21/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Шүүгдэгч Ө.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Ө.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

Б.М шүдний эмнэлэгт үзүүлж, шүүдний  зураг авахуулсан, өвчин намдаах эм авч уухад гарсан зардалд нийт   39.800 төгрөгийн баримт гаргаж өгсөн тул Ө.Мээс гаргуулж Б.Мд олгох, Б.М нь цаашид нэг шүд хийллгэхэд  гарах зардлыг  нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

       Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Ө.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  Ө.Мийг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.                                                                                                                                                                                         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Ө.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ө.Мээс 39.800 төгрөгийг гаргуулж Б.Мд олгох, Б.М цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН