Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 368

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сангийн  нэхэмжлэлтэй  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, Далайн 10-2 тоотод оршин суух, Боржигон овогт Очирсүрэнгийн Оюунчимэг холбогдох зээл, зээлийн хүү, алданги 11184581 /арван нэгэн сая нэг зуун наян дөрвөн мянга таван зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Б.Лхагвамандал/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ‘’Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам’’-ын дагуу 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Орон тооны бус зөвлөлийн №01 хуралдаанаар 7 дугаар багийн иргэн ‘’Элбэгдалай’’ ХХК-ний дарга Очирсүрэнгийн Оюунчимэг  ‘’Ресторан, зоогийн газар шинээр байгуулах’’ зориулалтаар 30,0 сая төгрөгийг олгосон. ‘’Элбэгдалай’’ ХХК эргэн төлөлтийн графикийн дагуу хийгээгүй явсаар зээлийн хугацаа гэрээний дагуу 2016 оны 6 сарын 21-нд эргэн төлөлтийн хугацаа дууссан.  2016 оны 11 сарын 1-ний байдлаар үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 9110705 төгрөг, зээлийн хүү 356238 төгрөг, алданги 1717638 төгрөг, нийт 11184581 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч О.Буянбаатараас шүүхэд ирүүлсэн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 125 дугаар албан бичигтээ: Тус сумын 7-р багийн иргэн О.Оюунчимэгийн сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй талаар ирүүлсэн өргөдөлтэй танилцаад Монгол улсын Засгийн газрын 2016 оны 3 сарын 31-нйи өдрийн 153 дугаар тогтоолын 3.3.1, 3.3.2-д заасны дагуу шинээр байгуулагдах Сум хөгжүүлэх сангийн Зөвлөлөөр дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон.

Иймд Эрдэнэдалай сумын Сум хөгжлийн сангийн О.Оюунчимэгт холбогдох хэргийн нэхэмжлэлээс татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн төлөлөгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч О.Буянбаатар  нь О.Оюунчимэгээс зээл, зээлийн хүү, алданги 11184581 /арван нэгэн сая нэг зуун наян дөрвөн мянга таван зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан  болохоо  шүүхэд албан  бичгээр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул хариуцагч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хүлээн зөвшөөрөх эсэх нь ач холбогдолгүй юм.

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Буянбаатар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сангийн  нэхэмжлэлтэй  О.Оюунчимэгт холбогдох зээл, зээлийн хүү, алданги 11184581 /арван нэгэн сая нэг зуун наян дөрвөн мянга таван зуун наян нэг/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Буянбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ШҮҮГЧ                               Л.ХИШИГДЭЛГЭР