| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00331/И |
| Дугаар | 369 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 369
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р багийн иргэн Харчин овогт Сүрэндоржийн Хатанбаатарт холбогдох зээл, зээлийн хүү, алданги 43988690 /дөчин гурван сая есөн зуун наян найман мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Б.Лхагвамандал/ гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ‘’Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам’’-ын дагуу 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Орон тооны бус зөвлөлийн №02 хуралдаанаар 7 дугаар багийн иргэн Тэнгэрлэг Хачу хоршооны дарга Сүрэндоржийн Хатанбаатарт ‘’Эсгий үйлдвэрлэл, түүхий эд боловсруулах үйлдвэр’’-ийн зориулалтаар 30,0 сая төгрөгийг олгосон. ‘’Тэнгэрлэг Хачу‘’ хоршоо нь 2016 оны 8 сарын 12-нд эргэн төлөлтийн хугацаа дууссан. 2016 оны 8 сарын 31-ний байдлаар үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 30000000 төгрөг, зээлийн хүү 2021683 төгрөг, алданги 11967007 төгрөг, нийт 43988690 төгрөг байна. Энэ хугацаанд зээлийг эргэн төлүүлэх талаар сумын Засаг дарга, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн албан тоот, Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн тоотыг хүргүүлж ажилласан.
Иймд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 30000000 төгрөг, зээлийн хүү 2021683 төгрөг, алданги 11967007 төгрөг, нийт 43988690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч О.Буянбаатараас шүүхэд ирүүлсэн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 125 дугаар албан бичигтээ: Тус сумын 7-р багийн иргэн С.Хатанбаатарын сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй талаар ирүүлсэн өргөдөлтэй танилцаад Монгол улсын Засгийн газрын 2016 оны 3 сарын 31-нйи өдрийн 153 дугаар тогтоолын 3.3.1, 3.3.2-д заасны дагуу шинээр байгуулагдах Сум хөгжүүлэх сангийн Зөвлөлөөр дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон.
Иймд Эрдэнэдалай сумын Сум хөгжлийн сангийн С.Хатанбаатарт холбогдох хэргийн нэхэмжлэлээс татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч О.Буянбаатар нь С.Хатанбаатараас зээл, зээлийн хүү, алданги 43988690 /дөчин гурван сая есөн зуун наян найман мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан болохоо шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хүлээн зөвшөөрөх эсэх нь ач холбогдолгүй юм.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Буянбаатар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Сүрэндоржийн Хатанбаатарт холбогдох зээл, зээлийн хүү, алданги 43988690 /дөчин гурван сая есөн зуун наян найман мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Буянбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР