| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0242/Э |
| Дугаар | 229 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 229
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч Б.Т-, шүүгдэгч Н.Б-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х- овогт Н-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010005660261 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эмээгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Н-ын Б /РД: 0000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн 11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-г найз охиноо янхан, лалар гэж хэллээ гэж уурлаж, улмаар түүний нүүрэнд нь гараараа 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Б.Т-: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сагсны талбай дээр О.Баярхүү, М.Бэлгүтэй, Т.Төгөлдөр, Г.Халиунаа, Ж.Мөнхтөр нартай бооцоотой сагс тоглоод хожигдоод тэд нарт пиво авч өгсөн, пиво авч өгсний дараа дэлгүүрээс дахиад нэг шил архи авсан, тэрийг уусан, дараа нь дахиад хоёр шил архи Ж.Мөнхтөрийн гэрт очиж уусан, Т.Төгөлдөр намайг архи аваад ир гээд би дэлгүүр явсан, архи аваад ирэхэд Ж.Мөнхтөрийн гэрийн гадаа машинтай хүмүүс байсан, намайг гэрт байхад Лхамаа надтай дээрэнгүй үгээр харьцахаар нь би хэл амаар доромжилсон, Г.Халиунааг доромжлоогүй, Лхамааг доромжилсон чинь Г.Халиунаа өөр дээрээ тусгаж аваад намайг хэл амаар доромжилсон гэж Н.Б-өд хэлэхэд Н.Б- намайг үгийн зөрүүгүй зодсон. Бодит хохиролд 510,000 төгрөг авсан, шинжилгээ хийлгэсэн, хамрын яс зөрүүтэй хугарсан байгаа, одоо унтахад толгой өвддөг, бүтэн нойртой хонож чадахгүй байгаа. Хамрын ясны хагалгаа хийлгэх шаардлагатай, хамгийн хямдхан нь 3,561,480 төгрөгөөр хагалгаа хийлгэнэ, гомдолтой байна...” гэв.
Шүүгдэгч Н.Б-: “...Өмнө нь мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчтой нэг сарын өмнө сагс тоглож байгаад танилцсан, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би бага зэрэг архи уусан, Ж.Мөнхтөрийн гэрт би орой очсон, надаас бусад нь өдрөөс хойш архи уугаад хамт байсан, хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой хамрын хагалгааны зардлыг баримтын хэмжээнд төлж барагдуулна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар хэсэгт байх хүүхдийн тоглоомын талбай дээр сагсан бөмбөг тоглож байхад О.Баярхүү, М.Бэлгүтэй, Т.Төгөлдөр, Г.Халиунаа, Ж.Мөнхтөр нар ирэхээр нь би тэд нартай пивоны бооцоотой сагсан бөмбөг тоглохоор болж, манай баг хожигдсон. Тэгээд Н.Б-ийн багт 2,5 литрийн пиво авч өгөөд Б.Төгөлдөр, О.Баярхүү, Н.Б- нарын хамтаар ууж дуусгаад байж байхад Б.Төгөлдөр дэлгүүрээс 0,75 литрийн хоёр шил архи аваад Ж.Мөнхтөрийн гэрт очиж ууж дуусгасан. Би дэлгүүрээс дахин нэг шил 0,75 литрийн архи аваад Мөнхтөрийн гэрт ирэхэд хашааны гадна хүмүүс ирчихсэн, О.Баярхүү, Н.Б-, М.Бэлгүтэй нартай юм яриад байж байхаар нь би Мөнхтөрийн гэр рүү шуурд ороход гэрт Г.Халиунаа, Лхамаа, Ж.Мөнхтөр, Т.Төгөлдөр нар байж байсан. Би Т.Төгөлдөрийн унтаж байсан орон дээр суугаад Лхамаатай юм ярьж байхад Лхамаа намайг доромжилсон өнгө аястай харьцаад байхаар нь миний уур хүрээд янхан минь гэх мэтээр хэлээд гэрээс гараад сууж байгаад буцаад гэрт ороод ...сууж байхад гаднаас Н.Б- орж ирэхэд Г.Халиунаа Н.Б-өд танай найз намайг доромжилсон гэж хэлэхэд Н.Б- миний хамар руу баруун гараараа нэг удаа цохисон. ...О.Баярхүү над руу уурлаж миний толгой руу гараараа нэг удаа цохисон чинь хажуугаас Н.Б- дахин миний нүүр болон нуруу руу 3-4 удаа цохисон...” /хх-ийн 9-10/ гэсэн,
Гэрч О.Баярхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...Мөнхтөрийн гэрт Н.Б-, Б.Т- нарын хамт 0,75 литрийн хоёр шил архи уусан. Бид нарыг архи ууж байх үед Б.Т-, Т.Төгөлдөр хоёр маргалдаж байгаад больсон тэгээд удалгүй Б.Т- дэлгүүрээс нэг шил архи аваад хүрч ирсэн. Бид нар авчирсан архийг нь ууж байхад манай найз Батбуян, Баярцогт нар гадаа ирчихээд намайг дуудахаар нь уулзаад байж байхад Б.Т- гарч ирээд манай найз Баярцогттой маргалдаж эхлэхээр нь би Б.Т-г Ж.Мөнхтөрийн гэр рүү оруулсан. Би ...буцаад гэрт ороход Н.Б-, Б.Т- хоёр хэрүүл маргаан үүсгээд байж байсан. Н.Б- надаас Б.Т- нь Г.Халиунааг хэл амаар доромжилсон юм уу гэж асуухаар нь тийм гэж хэлэхэд Н.Б- Б.Т-гийн нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиод, зүүн талын хавирга руу 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед М.Бэлгүтэй Н.Б-ийг салгаад Б.Т-гээс холдуулахаар нь би Б.Т-гийн зүүн талын хацар руу нь зүүн гараараа нэг удаа цохисон тэгсэн чинь Т.Төгөлдөр намайг Б.Т-гээс холдуулж салгахад Н.Б- Б.Т-гийн хамар руу баруун гараараа дахин нэг удаа цохисон чинь Б.Т- хойшоо савж унасан...” /хх-ийн 14-15/ гэсэн,
Гэрч Т.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...О.Баярхүү, Б.Т-, Н.Б- нарын хамт архи уусан. ...Намайг унтаж байхад хүмүүс маргалдаад байгаа чимээ гараад байхаар нь би сэрээд харахад О.Баярхүү, Б.Т-, Н.Б- нар маргалдаад О.Баярхүү Т-гийн зүүн талын эрүү орчимд нь баруун гараараа цохиод авахаар нь би О.Баярхүүг Б:Т-гээс холдуулж салгасан...” /хх-ийн 16/ гэсэн,
Гэрч Ж.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...манайд Т.Төгөлдөр, О.Баярхүү, Б.Т-, Г.Халиун, Н.Б- нар ирж ...архи уусан. Тэд нар ууж байхад ...Баярхүү гадаа таньдаг хүн ирчихсэн байна уулзахаас гээд гарахад удалгүй Б.Т- О.Баярхүүтэй уулзахаар ирсэн хүнтэй маргалдаад байхаар нь Г.Халиун бид хоёр Б.Т-г гэрт оруулсан. Б.Т- гэрт орох үедээ Г.Халиунааг янхан лалар гэх мэтээр хэлээд доромжилоод байхаар нь Н.Б- чи яагаад манай найз охиныг доромжилоод байгаа юм бэ гээд нүүрэнд нь баруун гараараа нэг удаа, цээж рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн тэгэхээр нь би Н.Б-ийг салгаад холдуулахад О.Баярхүү гаднаас орж ирээд юу болоод байгаа юм бэ гэж асуухаар нь Б.Т- Г.Халиунааг хэл амаар доромжилоод байна гэсэн чинь О.Баярхүү, Б.Т-гийн зүүн талын эрүү хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Энэ үед гаднаас М.Бэлгүтэй орж ирээд Т.Төгөлдөрийн хамт О.Баярхүүг Б.Т-гээс салгаад холдуулсан. Тэгтэл Н.Б- уурлаж дахин Б.Т-гийн нүүрэнд нь баруун гараараа маш хүчтэй цохисон...” /хх-ийн 17-18/ гэсэн,
Гэрч М.Бэлгүтэй мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...Н.Б- Б.Т-тэй маргалдаад Б.Т-гийн нүүр рүү гараар нэг удаа цохиж байхаар нь би очиж Н.Б-ийг салгахад О.Баярхүү, Б.Т-г цохиж байх шиг байсан...” /хх-ийн 19/ гэсэн,
Гэрч Г.Халиунаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...Н.Б- чи Т-г аваад гэр рүү орж бай гэхээр нь Б.Т-г аваад гэр рүү орж байхад үүдний амбаарт Б.Т- намайг тэврээд үнсэх гээд байхаар нь би боль гэж хэлээд холдуулаад түлхсэн чинь намайг янхан, лалар гэх мэтээр доромжилсон, энэ үед Ж.Мөнхтөр орж ирээд юу болоод байгаа юм гээд Б.Т-г гэр рүү оруулсан. Би араас нь гэрт ороод байж байхад намайг дахин хэл амаар доромжилсон. Энэ үед манай найз залуу гаднаас О.Баярхүүгийн хамт орж ирээд надаас юу болоод байгаа юм гэж асуухаар нь Б.Т- чинь намайг тэврээд үнсэх гэхээр нь би холдуулаад түлхсэн чинь намайг янхан, лалар гэх мэтээр хэлж доромжлоод байна гэж хэлэхэд Н.Б- уурлаад Б.Т-г нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 20-21/ гэсэн,
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...би Г.Халиунааг чи Б.Т-г аваад гэрт орж бай гэхэд Г.Халиунаа Б.Т-г аваад хашаа руу орсон. Би О.Баярхүүтэй маргалдаж байсан хүнтэй уулзаад юу болсон талаар тодруулж, ярилцаж байгаад ойлголцоод М.Бэлгүтэй, О.Баярхүү нарыг дагуулаад гэрт ороход Б.Т- манай найз охиныг шаа, янхан минь гэж хэлээд байж байхаар нь юу болсон талаар асуухад Г.Халиунаа намайг тэврээд үнсэх гээд байхаар нь би өөрөөсөө холдуулаад түлхэхэд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж.Мөнхтөрөөс асуухад Г.Халиунаатай адил зүйл хэлсэн. Энэ үед Б.Т- шаагаад байгаач лалар минь гэхээр нь миний уур хүрээд Б.Т-гийн цээж рүү нь баруун хөлөөрөө хоёр удаа өшиглөөд, баруун гараараа нүүр рүү хоёр удаа цохисон...” /хх-ийн 33-34/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №3095 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Т-гийн биед хамрын ясны зөрүүтэй хугарал, зүүн хажуу хананы цөмөрсөн хугаралт, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...” /хх-ийн 24-25/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 06/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 37-40/,
- Хохирогчийн эрүүл мэндийн шинжилгээний хариунууд /хх-ийн 41-44/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 45/,
- Шүүгдэгч Н.Б-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Түмэнбаярын мэдүүлэг /хх-ийн 22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, шагнал, урамшууллын хуулбарууд /хх-ийн 51-54/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн 11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-г найз охиноо янхан, лалар гэж хэлсэнд уурлаж, улмаар түүний нүүрэнд нь гараараа 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны зөрүүтэй хугарал, зүүн хажуу хананы цөмөрсөн хугаралт, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Т-гийн “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...буцаад гэрт ороод ...сууж байхад гаднаас Н.Б- орж ирэхэд Г.Халиунаа Н.Б-өд танай найз намайг доромжилсон гэж хэлэхэд Н.Б- миний хамар руу баруун гараараа нэг удаа цохисон. ...О.Баярхүү над руу уурлаж миний толгой руу гараараа нэг удаа цохисон чинь хажуугаас Н.Б- дахин миний нүүр болон нуруу руу 3-4 удаа цохисон...” /хх-ийн 9-10/ гэсэн, гэрч О.Баярхүүгийн “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...буцаад гэрт ороход Н.Б-, Б.Т- хоёр хэрүүл маргаан үүсгээд байж байсан. Н.Б- надаас Б.Т- нь Г.Халиунааг хэл амаар доромжилсон юм уу гэж асуухад тийм гэж хэлэхэд Н.Б- Б.Т-гийн нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиод, зүүн талын хавирга руу 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед М.Бэлгүтэй Н.Б-ийг салгаад Б.Т-гээс холдуулахаар нь би Б.Т-гийн зүүн талын хацарт гараараа нэг удаа цохисон, тэгсэн чинь Т.Төгөлдөр намайг Б.Т-гээс холдуулж салгахад Н.Б- Б.Т-гийн хамар руу гараараа дахин нэг удаа цохисон чинь Т- хойшоо савж унасан...” /хх-ийн 14-15/ гэсэн, гэрч Т.Төгөлдөрийн “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...О.Баярхүү, Б.Т-, Н.Б- нарын хамт архи уусан. ...Намайг унтаж байхад хүмүүс маргалдаад байгаа чимээ гараад байхаар нь би сэрээд харахад О.Баярхүү, Б.Т-, Н.Б- нар маргалдаад О.Баярхүү Б.Т-гийн зүүн талын эрүү орчимд нь баруун гараараа цохиод авахаар нь би О.Баярхүүг Б.Т-гээс холдуулж салгасан...” /хх-ийн 16/ гэсэн, гэрч Ж.Мөнхтөрийн “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...Б.Т- гэр рүү орох үедээ Г.Халиунааг янхан,лалар гэх мэтээр хэлээд доромжлоод байхаар нь Н.Б- чи яагаад манай найз охиныг доромжлоод байгаа юм бэ гээд нүүрэнд нь гараараа нэг удаа, цээж рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, тэгэхээр нь би Н.Б-ийг салгаад холдуулахад О.Баярхүү гаднаас орж ирээд юу болоод байгаа юм бэ гэж асуухаар нь Б.Т- Г.Халиунааг хэл амаар доромжилоод байна гэсэн чинь О.Баярхүү, Б.Т-гийн зүүн талын эрүү хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Энэ үед гаднаас М.Бэлгүтэй орж ирээд Т.Төгөлдөрийн хамт О.Баярхүүг Т-гээс салгаад холдуулсан. Тэгтэл Н.Б- уурлаж дахин Б.Т-гийн нүүрэнд нь гараараа маш хүчтэй цохисон...” /хх-ийн 17-18/ гэсэн, гэрч М.Бэлгүтэйгийн “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...Н.Б- Б.Т-тэй маргалдаад Б.Т-гийн нүүрэнд гараар нэг удаа цохиж байхаар нь би очиж Б-ийг салгахад О.Баярхүү, Б.Т-г цохиж байх шиг байсан...” /хх-ийн 19/ гэсэн, гэрч Г.Халиунаагийн “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...манай найз залуу гаднаас О.Баярхүүгийн хамт орж ирээд надаас юу болоод байгаа юм гэж асуухаар нь Б.Т- чинь намайг тэврээд үнсэх гэхээр нь би холдуулаад түлхсэн чинь намайг янхан, лалар гэх мэтээр хэлж доромжлоод байна гэж хэлэхэд Н.Б- уурлаад Б.Т-г нүүр рүү гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 20-21/ гэсэн, шүүгдэгч Н.Б-ийн “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...Т- шаагаад байгаач лалар минь гэхээр нь миний уур хүрээд Б.Т-гийн цээж рүү нь хөлөөрөө хоёр удаа өшиглөөд, баруун гараараа нүүр рүү хоёр удаа цохисон...” /хх-ийн 33-34/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №3095 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Т-гийн биед хамрын ясны зөрүүтэй хугарал, зүүн хажуу хананы цөмөрсөн хугаралт, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 24-25/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Т-гийн биед учирсан “...хамрын ясны зөрүүтэй хугарал, зүүн хажуу хананы цөмөрсөн хугаралт, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Б-ийг түүний нүүрэнд цохисноос үүсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Б-ийн хохирогч Б.Т-гийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд хамрын ясны зөрүүтэй хугарал, зүүн хажуу хананы цөмөрсөн хугаралт, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохиролд 393,000 /хх-ийн 37-40/ төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 510,000 төгрөгийн хохирол төлсөн /хх-ийн 45/ байна. Хохирогч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт хамрын хагалгаанд орох зардал болох 3,561,480 төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх хангалттай баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт авчраагүй тул шүүх ханган шийдвэрлэх боломжгүй ба хохирогчийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн 2010005660261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын Б-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Б-өд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь хохирогч Б.Т-д 510,000 /таван зуун арван мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн 2010005660261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР