| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0645/Э |
| Дугаар | 722 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 722
2020 04 21 2020/ШЦТ/722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: М.Ариунцэцэг
шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Мөнхдэлгэр
хохирогч : Б.Б
шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт Дэлгэрийн Батболдод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006000000293 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дэлгэрийн Батболд, 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн Баян- Улаан суманд төрсөн. 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 7-32 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: СЧ89031076,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 04-05 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 41-А-2 тоотод байрлах иргэн Б.Бийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу “4Gamer” интернэт тоглоомын газарт хууль бусаар нэвтэрч компьтерийн эд ангиудыг хулгайлж 14.885.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах 4 гамер тоглоомын газарт нэвтрэн орж найзынхаа эзэмшлийн эд хөрөнгийг авсан үйлдэлдээ гэмшиж байна. Бид хоёр 4 гамер тоглоомын газрыг хамт үйл ажиллагаа явуулж, хувь хүртэх талаар амаар тохиролцсон зүйл байсан бөгөөд үүн дээрээс үл ойлголцол үүссэн. 4 гамер тоглоомын газар миний дээр үйл ажиллагаа явуулж, түрээсээ төлдөг байсан бөгөөд анх миний эхлүүлсэн бизнес юм. Би энэ тоглоомын газраа 2019 оны зун найз Б.Бөд зарсан. Зараад бид хоёрын хооронд бага зэргийн үл ойлголцол үүссэн. Тухайн үед 4 гамер тоглоомын газрын нэг түлхүүр надад байсан болохоор өөрийгөө нэвтрэх эрхтэй гэж бодож байсан боловч түлхүүр маань таараагүй. Тэгэхээр нь 2 давхараар дамжиж тоглоомын газарт орсон. Ороод компьютерийн сипу, хард диск, дисплей карт, рам зэргийг авсан. Эдгээрийн 2 хоногийн хугацаанд өөртөө хадгалж байгаад найз Б.Бөд өгсөн. Ачилтын үед зарим төрлийн эвдрэл гэмтэл гарсан зардлыг төлсөн. Энэ үйлдлийг хийсэндээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.Боос 4 гамер тоглоомын газрыг худалдаж авахдаа 100.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн мөнгийг нь лизингээр төлөхөөр тохирч нотариатаар орж бэлэн мөнгөөр худалдаж авсан. Ингээд миний нэр дээр 4 гамер тоглоомын газар бүрэн шилжсэн. Юн Жэ Ён гэх Солонгос захирал байсан бөгөөд захирлын дор Д.Б бид 2 хоёулаа ажилладаг байсан. Д.Б бол захирлын маш итгэлтэй хамтран ажилладаг хүн нь юм. Д.Б тухайн газар намайг ажилд оруулж өгсөн. Бид 2 ойролцоогоор 15 жилийн хугацаанд найзалж байна. Бид хоёрт өмнө нь муудалцаж байсан тохиолдол байгаагүй. Д.Бтой хамт ажиллахад таатай байсан. Захирал тухайн тоглоомын газрыг Д.Бын нэр дээр шилжүүлье гэж хэлж байсан. Ямар тохиролцоо байсны мэдэхгүй байна. Тухайн үед тоглоомын газрыг 300.000.000 төгрөгөөр зарах саналтай байсан. Д.Б найз маань захиралтай ярилцаж тохиролцоод 250.000.000 төгрөгөөр зарахаар тохирч өгөхөд нь маш их баярласан. Анх 4 гамер тоглоомын газрыг бид 2 хамт авах талаар ярилцаж байсан боловч Д.Бын мөнгө бүтээгүй учраас би өөрийн мөнгөөр ганцаараа худалдаж авсан. Д.Б 50.000.000 төгрөг хасаж өгсөн болохоор дараа өрөө дарж байгаад шан харамж өгнө гэж хэлж байсан. Би хэрэг гарсны дараа бид хоёр хамт ажиллуулахаар ярилцаж байсан болохоор өөрийгөө хувь эзэмших бодолтой байсныг мэдсэн. Энэ дээр бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. 2020 оны 02 дугаар сарын өдөр тоглоомын газарт маань хулгай гарсан. Тэр талаар хохирогчийн мэдүүлэгт тодорхой ярьсан болохоор дахиж ярих шаардлагагүй гэж бодож байна. Бид хоёр 15 жилийн хугацаанд найзалж нөхөрлөж байхдаа нэг ч удаа хоорондоо муудалцаж нударга зөрүүлэх асуудал гарч байгаагүй. Гомдол санал байхгүй. Д.Б 3.509.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Тиймээс найзад маань хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Д.Бод Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 02/, прокурорын тогтоол /хх-н 07-08/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 10-17/,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өөрийн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 41-А-1 тоотод байрлах Gawer-4 гэсэн тоглоомын газраа хаасан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчим ирэхэд манай тоглоомын газрын bin 1 гэсэн өрөөний цонх гэрэлтэй бидний цэвэрлэн гэж гаргаж ирсэн 24 ширхэг процессорын хард CPU рам алдагдсан байсан. 24 ширхэг CPU нийт 21.300.000 төгрөгийн өртөгтэй. 52 ширхэг ram алдагдсан нийт өртөг нь 7.540.000 төгрөг, хэдэн ширхэг дэлгэцийн карт алдагдсаныг нь мэдэхгүй байна. Би тоог нь гаргаад хэлнэ 1 ширхэг 900.000 төгрөг байдаг...” гэсэн мэдүүлэг / хх-н 18-22/,
Гэрч О.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 02 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “4game” нэртэй цахим тоглоомын газар луу 2 давхарын цонхоор нь дотогш ороод зааланд байсан. компьютерийн процессорноос эд ангиудыг нь авч тухайн газрын текний доор байсан цүнхэнд хийгээд буцаад цонхоороо гараад явсан. Гарч яваад уг эд зүйлсээ Толгойтын цэргийн хотхон гэх газарч аваачиж нуусан... гэсэн мэдүүлэг / хх-н 23/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 33-34,42-43/
Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: “ Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 14.885.600 / Арван дөрвөн сая наян таван мянга зургаан зуун төгрөг/-р үнэлэв. /хх-н 35-38/
Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: “ Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 627.600 төгрөгөөр үнэлэв. /44-47/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 39-41,48-50/,
Яллагдагч О.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой 2 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво авсан. Тэр үед би Нарантуул захын хойд талд явж байсан юм. Тэгээд тэндээсээ шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4game гэх нэртэй цахим тоглоомын газар очсон. Тэнд очоод би шилэн эдлэл зардаг дэлгүүрийн үүдний хэсэг дээр нь гараад тэндээсээ цонхоор нь тухайн цахим тоглоомын газар луу дамжин орсон. Тэгээд дотогш ороод vip 1 гэсэн өрөө рүү ороод цаана өрөөстэй байсан процессоруудынх доторх эд ангиудыг нь аваад тэндээсээ гараад толгойтод байх хуучин мужааны ажил хийж байсан мужааны газар руу явсан. Тэгээд тэндээсээ очиж нуусан. Тухайн эд зүйлийг зарж борлуулсан зүйл байхгүй. Би тухайн газраас авсан зүйлээ буцааж өгсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 51-52/,
Яллагдагчаас Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шөнө 00 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд Отгонбаяртай халдвартын уулзвар дээр байдаг ТҮЦ дээр уулзаад салсан. Тэгээд би ганцаараа Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4Gamer гэх нэртэй цахим тоглоомын газарт очсон. Шалтгаан нь тухайн 4Gamer гэх нэртэй цахим тоглоомын газарт би хувь эзэмших эсэх дээрээс болоод би дотогш өөрийн юм аа авах гэж очсон. Тэгээд түлхүүрээ хийж үзтэл таарахгүй голыг нь сольсон байсан тул би 4Gamer гэх нэртэй цахим тоглоомын газрын доод давхарт нь байдаг nice гэх нэртэй хувцасны дэлгүүрийн үүдний тамбар дээр гараад тухайн цахим гоглоомын газрын цонхоор нь орсон. Тэгээд тэр дотор нь ороод зааланд нь хураалттай байсан задгай процессорнуудынх нь RAM, CPU, график карт зэргийг тайлж авсан. Тэгээд цаашаа өрөө рүү нь ороод пүүз, бугуйн цаг зэргийг нь авсан. Мөн задгай мөнгөнүүд байхаар би тэрийг нь аваад гарсан. Тэгээд эргээд 04 цагийн үед юмнуудаа аваад эргээд цонхоороо гарсан. Тухайн эд зүйлийг аваад би шууд гэр рүүгээ явсан. Цахим тоглоомын газраас авсан задгай мөнгөөрөө би такси бариад гэртээ очсон. Тэгээд би өглөө 11 цагийн үед гэрээсээ гарсан. Тэр үед тухайн 4Gamer гэх нэртэй цахим тоглоомын газраас авсан зүйлсээ Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Цэргийн хотхоны хойд талд байдаг би хуучин ажиллаж байсан газартаа нуусан. Тэгээд буцаад Баянбүрд дээр ажил дээрээ байж байгаад өдөр 15 цагийн үед Отгонбаяртэй Баянбүрдийн тэр хавьд уулзсан. Уулзаад Отгонбаярт 4Gamer гэх нэртэй цахим тоглоомын газарт ороод компьютерийн эд зүйлийг нь авсан гзж хэлсэн. Мөн 4Game" гэх нэртэй цахим тоглоомын газраас авсан эд зүйлээ хаана нуусан талаараа хэлсэн. Тэр үед би Отгонбаяртай нилээн ярилцаж сууж байгаад салсан. Түүний дараа орой 19 цагийн үед Бүрэнтөгстэй уулзсан. Тэр үед Бүрэнтөгс нь надад хэлэхдээ манай 4Gamer гэх нэртэй цахим тоглоомын газарт хулгайч орсон байна би Отгонбаярыг сэжиглэж байна. Отгонбаяр хаана байгаа бол гэж надаас асуусан. Тэр үед Отгонбаяр Бүрэнтөгс рүү залгаж таараад 13 дугаар хороолол дээр байна уулзъя танай цахим тоглоомын газар онгойж байгаа юм уу гэж асууж байсан. Тэгээд Бүрэнтөгс цахим тоглоомын газар руугаа явсан. Би тэр өдрийн орой 21 цагийн үед 13 дугаар хорооллын тэнд очиж Отгонбаяртай уулзсан. Отгонбаяр ТҮЦ дотор байсан. Тэр үед юм ярьж амжаагүй байж байтал эгч нь залгахаар би эгчийнх нь гэрт хүргэж өгсөн. Эгчийнх нь гэрт хүргэж егөх үед Отгонбаяр нь надад хандаж "Би чиний өмнөөс хэргийг чинь хулээе" гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм хэлээгүй гэрт нь оруулсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цагдаагаас над руу утсаар яриад Отгонбаяр хаана байгаа вэ гэж асуусан. Тэр үед би Дэнжийн 1000-д байх Отгонбаярын гэрт цагдаа нарыг хүргэж өгсөн. Тэгээд Отгонбаяр хэргийг үүрэхээр болоод цагдаа нарт худал хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-н 55-59 /, Д.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 64-65/, Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 72/, Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 71/, оршин суух гарзын тодорхойлолт/ хх-н 77/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Бод 2020 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 41-А-2 тоотод байрлах иргэн Б.Бийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу 4Gamer интернэт тогтлоомын газарт хууль бусаар нэвтэрч компьтерийн эд ангиудыгхулгайлж 14.885.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Быг 2020 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 41-А-2 тоотод байрлах иргэн Б.Бийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу 4Gamer интернэт тогтлоомын газарт хууль бусаар нэвтэрч компьтерийн эд ангиудыгхулгайлж 14.885.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах 4 гамер тоглоомын газарт нэвтрэн орж найзынхаа эзэмшлийн эд хөрөнгийг авсан үйлдэлдээ гэмшиж байна. Ороод компьютерийн сипу, хард диск, дисплей карт, рам зэргийг авсан. Эдгээрийн 2 хоногийн хугацаанд өөртөө хадгалж байгаад найз Б.Бөд өгсөн. Ачилтын үед зарим төрлийн эвдрэл гэмтэл гарсан зардлыг төлсөн. Энэ үйлдлийг хийсэндээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... 2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчим ирэхэд манай тоглоомын газрын bin 1 гэсэн өрөөний цонх гэрэлтэй бидний цэвэрлэнэ гэж гаргаж ирсэн 24 ширхэг процессорын хард CPU рам алдагдсан байсан. 24 ширхэг CPU нийт 21.300.000 төгрөгийн өртөгтэй. 52 ширхэг ram алдагдсан нийт өртөг нь 7.540.000 төгрөг, хэдэн ширхэг дэлгэцийн карт алдагдсаныг нь мэдэхгүй байна. Би тоог нь гаргаад хэлнэ 1 ширхэг 900.000 төгрөг байдаг...” гэсэн мэдүүлэг / хх-н 18-22/,
Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: “ Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 14.885.600 / Арван дөрвөн сая наян таван мянга зургаан зуун төгрөг/-р үнэлэв. /хх-н 35-38/
Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тэгээд түлхүүрээ хийж үзтэл таарахгүй голыг нь сольсон байсан тул би 4Gamer гэх нэртэй цахим тоглоомын газрын доод давхарт нь байдаг nice гэх нэртэй хувцасны дэлгүүрийн үүдний тамбар дээр гараад тухайн цахим гоглоомын газрын цонхоор нь орсон. Тэгээд тэр дотор нь ороод зааланд нь хураалттай байсан задгай процессорнуудынх нь RAM, CPU, график карт зэргийг тайлж авсан. Тэгээд цаашаа өрөө рүү нь ороод пүүз, бугуйн цаг зэргийг нь авсан. Мөн задгай мөнгөнүүд байхаар би тэрийг нь аваад гарсан… гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Бөд учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, хохирол бүрэн барагдуулсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүргийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан “ ... ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял...” оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар Д.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН