Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 371

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сангийн  нэхэмжлэлтэй  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, далайн 8-1 тоотод оршин суух, Дооров бариач овогт Балбарын Энхболдод холбогдох зээл, зээлийн хүү, алданги 8057478 /найман сая тавин долоон мянга дөрвөн зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Б.Лхагвамандал/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ‘’Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам’’-ын дагуу 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Орон тооны бус зөвлөлийн №02 хуралдаанаар 7 дугаар багийн иргэн Балбарын Энхболдод  ‘’Тоосго үйлдвэрлэл’’-ийн зориулалтаар 10,0 сая төгрөгийг олгосон. Б.Энхболдын  зээлийн  гэрээний дагуу 2016 оны 8 сарын 12-нд эргэн төлөлтийн хугацаа дууссан. Энэ хугацаанд зээлийг эргэн төлүүлэх талаар сумын Засаг даргын болон аймгийн хөдөлмөрийн хэлтсийн албан тоотыг хүргүүлж ажилласан.

Иймд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 6072823 төгрөг, зээлийн хүү 291634 төгрөг, алданги 1693021 төгрөг, нийт 8057478 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч О.Буянбаатараас шүүхэд ирүүлсэн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 125 дугаар албан бичигтээ: Тус сумын 7-р багийн иргэн Б.Энхболдын сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй талаар ирүүлсэн өргөдөлтэй танилцаад Монгол улсын Засгийн газрын 2016 оны 3 сарын 31-нйи өдрийн 153 дугаар тогтоолын 3.3.1, 3.3.2-д заасны дагуу шинээр байгуулагдах Сум хөгжүүлэх сангийн Зөвлөлөөр дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон.

 Иймд Эрдэнэдалай сумын Сум хөгжлийн сангийн Б.Энхболдод холбогдох хэргийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч О.Буянбаатар  нь Б.Энхболдоос зээл, зээлийн хүү, алданги 8057478 /найман сая тавин долоон мянга дөрвөн зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан  болохоо  шүүхэд албан бичгээр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хүлээн зөвшөөрөх эсэх нь ач холбогдолгүй юм.

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Буянбаатар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сангийн  нэхэмжлэлтэй  Б.Энхболдод холбогдох зээл, зээлийн хүү, алданги 8057478 /найман сая тавин долоон мянга дөрвөн зуун далан найм/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Буянбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

         

 

 

 

 

                                        ШҮҮГЧ                               Л.ХИШИГДЭЛГЭР