| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0264/Э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 239
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Д.С-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулсан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт Д-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011002630252 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Чулуун суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ээрэх машинист мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Д-гийн С- /РД: АП73042166/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь “Говь” ХК-д хамт ажилладаг Л.З-д 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “хөдөөнөөс дүү маань мөнгө шилжүүлэх ёстой, би картаа гээчихсэн юм, картаа өгч байгаач” гэж хэлж “Хаан” банкны картыг нь аваад буцаан өгөлгүй, картнаас нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд нийт 348,713 төгрөгийг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.С-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчтой уулзаж, хохирлоо төлж барагдуулсан, одоо хохирогчтой хамт ажиллаж байгаа, би “Говь” ХК-д ажлаа хийж байгаа, сард 820,000 төгрөгийг цалин аваад татвараа төлөөд гар дээр 650,000 төгрөгийн цалин авдаг, үүнээс 493,000 төгрөгийг цалингийн зээл төлдөг, торгуулийн ялыг багасгаж өгнө үү, сард торгуулийн ялд 50,000 төгрөг төлөх боломжтой, энэ байдлыг харгалзан үзнэ үү, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судаылсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Л.З- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Говь” ХК-ийн ээрмэлийн үйлдвэрт ээрэх машинистаар ажилладаг, надтай хамт ажилладаг Д.С- эгч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хөдөөнөөс дүү маань мөнгө шилжүүлэх ёстой, би картаа гээчихсэн, картаа өгч байгаач гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5007951601 дансны дугаартай картаа өгч явуулсан. Тэгээд маргааш нь билүү картаа ашиглаад юм авах гэтэл байхгүй байсан бөгөөд Д.С- эгчид өгсөнөө мартаад, Бөмбөгөр худалдааны төв рүү явж байхдаа автобуснаас буухдаа нэг хүн надтай их эвгүй зөрсөн юм, тэр хүн хулгайлчихсан байх гэж бодоод Чингэлтэй дүүргийн Цагдаад өргөдөл гаргасан. Миний өргөдлийг шалгаж байсан байцаагч хэд хоногийн дараа намайг дуудаад таны мөнгийг авсан хүн энэ хүн байж магадгүй гээд зураг үзүүлэхээр нь харахад манай ажлын Д.С- эгч байсан. Тэгээд гэнэт хэд хоногийн өмнө Д.С- эгчид картаа өгснөө санаад картаа хулгайд алдах биш Д.С- эгчид өгсөн юм, яг үнэнийг хэлэхэд тэрийгээ таг мартчихжээ.
...Д.С- эгчид карт өгөх үед миний дансанд 348,713 төгрөг байсан байна. Би дансанд байгаа мөнгөө хэрэглэхийг зөвшөөрөөгүй, миний зөвшөөрөлгүй дээрх мөнгийг Д.С- эгч авч хэрэглэсэн байна...” /хх-ийн 18, 46/ гэсэн,
Шүүгдэгч Д.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би мөнгөгүй болчихоод хөдөө байдаг дүү Д.Найдалмаа руу залгаад эгч нь ямар ч мөнгөгүй болчихлоо, хэдэн төгрөг байвал шилжүүлээч гэхэд Хаан банкны данс явуулчих гэсэн. Тэр үед миний хажуугаар Л.З- өнгөрөхөөр нь чи эгчдээ Хаан банкны картаа түр хэрэглүүлээч, хөдөөнөөс хүн мөнгө явуулахаар болчихлоо, эгч нь өөрийнхөө данс руу хийлгүүлэхээр зээл татчих гээд байна гэхэд тэг тэг гээд картаа өгсөн. Тэрний дагуу би Д.Найдалмаагийн шилжүүлсэн 40,000 төгрөгийг авсан бөгөөд дансны үлдэгдлийг нь шалгаж үзэхэд 300,000 орчим төгрөг байсан. Би уг нь тэр мөнгийг авахгүй байсан. Маргаашнаас нь зээл нэхэгдээд хэрэглээний мөнгөгүй болчихоор нь яах ч аргагүй авсан...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 4/,
- Хаан банкны дансны хуулга /хх-ийн 6-7/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8-11/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/,
- Хохирол төлсөн баримт /шүүхэд шинээр гаргаж өгсөн/,
- Шүүгдэгч Д.С-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Эрдмаагийн мэдүүлэг /хх-ийн 24-25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 42, 44/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.С- нь “Говь” ХК-д хамт ажилладаг Л.З-д 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “хөдөөнөөс дүү мөнгө шилжүүлэх ёстой, би картаа гээчихсэн, картаа өгч байгаач” гэж хэлж “Хаан” банкны картыг нь аваад буцаан өгөлгүй, картнаас нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 348,713 /гурван уун дөчин найман мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.З-ын “...Д.С- эгчид картаа өгөх үед миний дансанд 348,713 төгрөг байсан. Би дансанд байгаа мөнгө хэрэглэхийг Д.С- эгчид зөвшөөрөөгүй, миний зөвшөөрөлгүй дээрх мөнгийг авч хэрэглэсэн...” /хх-ийн 18, 46/ гэсэн, шүүгдэгч Д.С-гийн “...Би мөнгөгүй болчихоор нь хөдөө байдаг дүү Д.Найдалмаа руу залгаад эгч нь ямар ч мөнгөгүй болчихлоо, хэдэн төгрөг байвал шилжүүлээч гэхэд Хаан банкны данс явуулчих гэсэн. Тэр үед миний хажуугаар Л.З- өнгөрөхөөр нь эгчдээ Хаан банкны картаа түр хэрэглүүлээч, хөдөөнөөс хүн мөнгө явуулах болчихлоо, эгч нь өөрийнхөө данс руу хийлгүүлэхээр зээл татчих гээд байна гэхэд тэг тэг гээд Л.З- картаа өгсөн. Тэрний дагуу би Д.Найдалмаагийн шилжүүлсэн 40,000 төгрөгийг авсан бөгөөд дансны үлдэгдлийг нь шалгаж үзэхэд 300,000 орчим төгрөг байсан. Би уг нь тэр мөнгийг авахгүй байсан. Маргаашнаас нь зээл нэхэгдээд хэрэглээний мөнгөгүй болчихоор нь яах ч аргагүй авч, хэрэглэсэн...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 6-7/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8-11/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан гэдэг нь хувь хүн, байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Д.С-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.С-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.З-ын эд хөрөнгөд 348,713 төгрөгийн /хх-ийн 6-7/ хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх /шүүхэд шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.С- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн 2011002630252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.С- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.З- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-гийн С-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Д-гийн С-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2011002630252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.С- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.З гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР