Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж тус шүүхийн ‘’А’’ танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ХААН банкны Дундговь аймаг дахь салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг, Цантын 4-5 тоотод оршин суух Боржгин овогт Мягмарын Мөнхцацрал /ЗЖ77061304/

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Сэлбэ 4 гудамж 86 тоотод оршин суух Тавд овогт Батбаярын Эрхэмбаяр нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын бүртгэлийн лавлагааны үнэ, нотариатын зардал 14377157 /арван дөрвөн мянга гурван зуун далан долоон мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь, хариуцагч М.Мөнхцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Мөнхцацрал, Б.Эрхэмбаяр нар нь 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банкнаас 13251065  төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээний зориулалтаар, зээлийн барьцаанд Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг, Саруул цантын 4-р гудамж 5 тоотод байрлах 5 ханатай гэр 1 ширхэг, зурагт LED NEXT 1   ширхэг, хөргөгч Panasonik 1 ширхэг, угаагч 1 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг зэрэг хөрөнгийг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3-т заасан нөхцлийг зөрчин удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 220 хоног хугацаа хэтрүүлж байна.

 Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцалж 2016 оны 10 сарын 3-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 12944946.20 төгрөг, зээлийн хүү 1387377.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32334 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 10000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2500 төгрөг, нийт 14377157.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч: Б.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Эрхэмбаяр би М.Мөнхцацралын Хаан банкны Дэрэн тооцооны төвөөс 2016.01.13-ны өдөр зээлийн гэрээ хийж, 5 ханатай гэр, телевизор, хөргөгч, 8 ширхэг мөнгөн аяга зэргийг барьцаалсан эсэхийг нэхэмжлэлээр мэдэж авлаа. Би энэ зээлийн болон бусад зээлийн талаар юу ч мэдэхгүй. Надаар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг. Ямар учиртай хэдэн төгрөгийн зээл авсаныг мэдэхгүй, асуухаар чамд хамаагүй гэдэг. Бид хоёр амьдраад 5 жил болж байна. 2 охинтой. 2 хүүхдийг харах хүнгүй учир ажил хийж чадахгүй амьдрал хүнд байна гэжээ.

 

Хариуцагч М.Мөнхцацрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р багийн иргэн М.Мөнхцацрал би 2016 оны 1 сарын 13-ны өдөр №ЗГ16120 тоот гэрээ байгуулсан. Дэрэн сумын тооцооны төвөөс 13251065 төгрөгийг 15.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар 5 ханатай гэр хөргөгч, угаагч, телевизор, 8 ширхэг мөнгөн аяга барьцаалан зээл авсан. Мөн 2002 оноос 2016 оны 2 сарын 2-ныг хүртэл Дэрэн сумын тооцооны төвийн теллер, ахлах теллерээр ажилласан байх хугацаандаа ашиглан хийсэн шалтгаанаар ажлаасаа  халагдаж 4 сараас хойш Цагдаагийн газарт эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа учир ажил хийж зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ зээлд тавьж барьцаалсан хөрөнгөө борлуулж өр төлбөрөө өгсөн. угаагч, хөргөгч 2 нь эвдэрсэн байдалтай байна. Миний бие ХААН банкнаас энэ зээлийг авсан нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасны дагуу төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            ХААН банкны Дундговь салбар  нь 14377157.80 /арван дөрвөн мянга гурван зуун далан долоон мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг М.Мөнхцацрал, Б.Эрхэмбаяр нараас  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Эрхэмбаяр нь М.Мөнхцацралд 2016.11.06-ны өдөр итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч /хариуцагч Б.Эрхэмбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ М.Мөнхцацрал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. ХААН банкны Дундговь аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч М.Мөнхцацрал, Б.Эрхэмбаяр нарт холбогдох холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын бүртгэлийн лавлагааны үнэ, нотариатын зардал 14377157 /арван дөрвөн мянга гурван зуун далан долоон мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Мөнхцацрал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 229836 /хоёр зуун хорин есөн мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  229836 /хоёр зуун хорин есөн мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ХИШИГДЭЛГЭР