Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 240

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Ц.Амар, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М овогт А-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003001020097 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсолтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Мовогт А-ийн Х- /РД: 00000000/.  

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн Дэнжийн автобусны буудал бүхий замд Мерседес Бенз-Е350 маркийн 03-00 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч С.Э-ыг мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч А.Х-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, би 2014 онд жолооч болсон, 6 жил машин барьж байгаа, хэрэг болсон тухайн зам дээр явган хүний гарц байдгийг мэднэ, тухайн үед өглөө эрт үүрээр нийтийн тээврийн автобусны ард явж байсан, автобусны арын яндангийн утаанд харагдах орчин хязгаарлагдмал болж, 2-3 секунд юу ч харагдаагүй, тэгээд хохирогчийг харалгүй мөргөсөн. Машин болон зам гэрэлтүүлэгтэй, ойролцоогоор 36 км\цагийн хурдтай явж байсан. Тухайн үед хохирогчид тусламж үзүүлж, уучлал гуйсан, эмчилгээ сувилгаанд нь сойлт, гипс болон бусад хэрэгтэй гэсэн бүх зүйлсийг авч өгсөн, эмнэлэгт хэвтүүлсэн, өглөө бүр хоол цай хийж өгдөг байсан, эхлээд 800,000 төгрөгийн зардал, дараа нь 1,200,000 төгрөг гарсныг төлж барагдуулсан, хохирогчид нийтдээ 3,300,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Ам бүл хоёр, ээжийнхээ хамт амьдардаг, ээж 54 настай. Өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж ийм байдалд орсондоо харамсаж байна, цаашид анхаарал болгоомжтой байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө гэрээсээ гараад ажил руугаа явж байгаад Дэнжийн буудлаас автобусанд суух гээд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн явган хүний гарцаар гарсан, зорчих хэсгээр зам хөндлөн гарах үед зүүн тийшээ хартал нэг автобус зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ирж байсан. Тэгэхээр нь би гялс зам гараад зорчих хэсгийн голын үргэлжилсэн цагаан шугамны харалдаа зогсоод нөгөө урсгал руугаа хартал 4-5 машин ирж явсан. Тэгэхээр нь би тэр машинуудыг өнгөрөөх гээд зогсож байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь нэг залуу миний дээр гарчихсан ахаа сэрээрэй гээд зогсож байсан. Би юу болсон талаар асуухад би таныг шүргэчихлээ, цагдаа, түргэнд дуудлага өгсөн гэж хэлсэн...” /хх-ийн 22-24/ гэсэн,

 

Гэрч С.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай хүүхэд А.Х- Нисэхэээс хүн тосох гээд гэрээсээ 7 цаг өнгөрч байхад гараад явсан. ...Тэгтэл нэг цагийн дараа ...А.Х- машинтайгаа явж байгаад хүн шүргэсэн гэж байна, та Гэмтлийн эмнэлэг рүү оч гэхээр нь яаралтай яваад очсон...” /хх-ийн 28-29/ гэсэн,

 

Шүүгдэгч А.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг болж байхад гэрээсээ гараад Нисэх рүү хүн тосох гээд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээд явж байсан, тэгтэл миний урд талд нэг автобус явж байсан, тэгээд би эргэх дөхөөд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд ороод автобусыг гүйцэж түрүүлэх үед автобусны хойд яндангаас гарч байсан утаанд хэсэгхэн зуур юм харагдахаа больсон. Тэгтэл гэнэт урд талын салхины шилний буланд нэг ногоон өнгийн цүнх бүдэг  харагдсан, тэгэхээр нь би тоормос гишгэхэд тулчихсан байсан тул зогсож амжилгүй явган зорчигчийг мөргөөд газарт унагаасан. ...Би шууд 102 болон 103 руу дуудлага өгсөн...” /хх-ийн 63-66/ гэсэн мэдүүлгүүд,

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг зам тээврийн осол ...Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн буудлын замд үйлдэгдсэн байв. ...Зам орчны байдал асфальт, шулуун, тэгш, уруу, хуурай, явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, эгнээний тоо 4, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. ...Автомашин зүүнээс баруун чиглэлтэй явсан байв...” /хх-ийн 3-4/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №1904 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. С.Э-ын биед зүүн чамархайн титэм заадас дайрсан шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн хацар ясны хоёрлосон далд хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн түнхний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн зулайн хуйх, зүүн сарвуунд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” /хх-ийн 40-42/ гэсэн,

 

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №464 дугаартай дүгнэлтэд: “...1. Уг тээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал, хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Урд буфер зүүн гар талын булан хагарсан, зүүн гар талын толь сууриараа хугарсан, зүүн, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд буфер зүүн гар талын булан хагарсан, зүүн гар талын толь сууриараа хугарсан, зүүн, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан зэрэг гэмтэлтэй байна.

3. Урд буфер зүүн гар талын булан хагарсан, зүүн гар талын толь сууриараа хугарсан зэрэг эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.

Тухайн автотээврийн хэрэгсэлийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой бөгөөд тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Зүүн, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч тухайн орчны гэрэлтүүлэг замын нөхцөл байдал зэргээс шалтгаалах тул тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.

4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Тоормос хэвийн ажиллагаатай, эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.

5. Тоормосны систем шингэн дамжуулгатай ABS системийн үед автотээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автотээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөө гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.

6. Уг автотээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна...” /хх-ийн 49-54/ гэсэн дүгнэлтүүд,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-11/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 15/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-9/,

- Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/,

- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 69/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 73/,

- Хохирогч С.Э-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 75-83/,

- Шүүгдэгч А.Х-ын хувийн байдалтай холбоотой гэрч С.Бямбабаатарын мэдүүлэг /хх-ийн 32-33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 86/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 87/, гэрлэлтийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 88/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/, жолоочийн лавлагаа /хх-ийн 85/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг Х-ттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг Х-ттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн Дэнжийн автобусны буудлын орчим замд Мерседес Бенз-Е350 маркийн, 03-00 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч С.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд биед зүүн чамархайн титэм заадас дайрсан шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн хацар ясны хоёрлосон далд хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн түнхний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн зулайн хуйх, зүүн сарвуунд няцарсан шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Э-ын “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө ажил руугаа явж байсан ...тэгээд гялс зам гараад зорчих хэсгийн голын үргэлжилсэн цагаан шугамны харалдаа зогсоод нөгөө урсгал руу харахад 4-5 машин ирж явсан. Тэгэхээр нь би тэр машинуудыг өнгөрөөх гээд зогсож байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь нэг залуу миний дээр гарчихсан ахаа сэрээрэй гээд зогсож байсан. Би юу болсон талаар асуухад би таныг шүргэчихлээ, цагдаа, түргэнд дуудлага өгсөн гэж хэлсэн...” /хх-ийн 22-24/ гэсэн, шүүгдэгч А.Х-ын “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг болж байхад гэрээсээ гараад Нисэх рүү хүн тосох гээд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээд явж байсан, тэгтэл миний урд нэг автобус явж байсан, би эргэх дөхөөд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд ороод автобусыг гүйцэж түрүүлэх үед автобусны хойд яндангаас гарч байсан утаанд хэсэгсэн зуур зам харагдахаа больсон. Тэгтэл гэнэт урд талын салхины шилний буланд ногоон өнгийн цүнх бүдэг харагдсан, тэгэхээр нь би тоормос гишгэхэд тулчихсан байсан тул зогсож амжилгүй явган зорчигчийг мөргөөд газарт унагаасан. ...Би шууд 102 болон 103 руу дуудлага өгсөн...” /хх-ийн 63-66/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны №1904 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. С.Э-ын биед зүүн чамархайн титэм заадас дайрсан шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн хацар ясны хоёрлосон далд хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн түнхний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн зулайн хуйх, зүүн сарвуунд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” /хх-ийн 40-42/ гэсэн, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн 2020 оны №464 дугаартай дүгнэлтэд: “...1. Уг тээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал, хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд буфер зүүн гар талын булан хагарсан, зүүн гар талын толь сууриараа хугарсан, зүүн, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд буфер зүүн гар талын булан хагарсан, зүүн гар талын толь сууриараа хугарсан, зүүн, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан зэрэг гэмтэлтэй байна.

3. Урд буфер зүүн гар талын булан хагарсан, зүүн гар талын толь сууриараа хугарсан зэрэг эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.

Тухайн автотээврийн хэрэгсэлийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой бөгөд тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Зүүн, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч тухайн орчны гэрэлтүүлэг замын нөхцөл байдал зэргээс шалтгаалах тул тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.

4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтэн зүйлгүй байна.

5. Тоормосны систем шингэн дамжуулгатай ABS системийн үед автотээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автотээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөө гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.

6. Уг автотээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна...” /хх-ийн 49-54/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-9/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 69/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 73/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 75-83/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зохих заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан бөгөөд явган зорчигч С.Эрдэнэбааатрын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзэв.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ын эрүүл мэндэд зүүн чамархайн титэм заадас дайрсан шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн хацар ясны хоёрлосон далд хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн түнхний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн зулайн хуйх, зүүн сарвуунд няцарсан шарх бүхий хүнд хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 3,300,000 төгрөг /хх-ийн 26, шүүхэд шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримтаар/ авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Хохирогч С.Э- гэмт хэргийн улмаас учирсан хүнд хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч А.Х- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн байдал, тэр даруй хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахтай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн А.Х-ын №943691 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Эрүүгийн 2003001020097 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Э- гомдолгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                     

1. Шүүгдэгч М овогт А-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А-ийн Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч А.Х-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Х- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2003001020097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөрөгүй, А-ийн Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №000000000 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Х- нь хохирогч С.Э-т 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хүнд хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн 2003001020097 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                              Д.АЛТАНЖИГҮҮР