Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 249

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч М.А-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч К овогт М-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910014360158 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, К овогт М-ийн А- /РД: 00000000/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.А- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “City car wash” угаалгын газарт 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр угаагчаар ажиллаж байхдаа хохирогч Д.З-ын 84-98 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээс “Rado” брендийн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2,440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.А-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, цагийг буцааж өгсөн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, одоогоор ажил хийхгүй байгаа учир нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити кар ваш авто угаалгын газарт 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчим өөрийн эзэмшлийн 84-98 УНП улсын дугаартай автомашинаа угаалгасан. Би тухайн өдөр теннис тоглох гээд цаг, бөгжөө спорт цүнхнийхээ дотор талын халаасанд хийчихсэн байсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд цүнхнээсээ цаг, бөгжөө авах гэхэд миний цаг алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний цагийг тэр үед машин угаасан хоёр залуугийн нэг нь авсан байх гэж бодож байна. Одоо алдсан цагаа хүлээж авсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Гэрч С.Манан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Амандик Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багт айлд мал маллаж байгаа. 2019 оны 5 сараас 10 сарын хооронд хотод байсан. Амандик цаг аваагүй гэж надад хэлсэн бөгөөд хамт байдаг М.А- аваад хөдөө дүү рүүгээ өгч явуулсан гэж хэлсэн...” /хх-ийн 21-24/ гэсэн,

 

Шүүгдэгч М.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны гүүрний баруун доод талд байрлах Сити кар ваш авто угаалгын газар угаагчаар ажилд орсон. Түүнээс хойш тэндээ ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хар өнгийн Ланд круйзер-200 маркийн автомашин угаалгахаар орж ирсэн. Тэр автомашин бүтэн угаалганд ороод дотор талыг нь би, гадна талыг нь Амандык угаасан. Ингээд автомашины дотор талыг би угааж байгаад багааж хэсэгт тухайн хүний хувийн эд зүйлс эмх цэгцгүй байхаар нь цэвэрлэж байтал шаргал өнгийн бугуйн цаг гарч ирэхээр нь жолоочийг нь анзаарч мэдэхгүй гэж бодоод тухай цагийг авчихсан..." /хх-ийн 45-46/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 12/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29/, 

- “Саруул-Орд” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 37/,

- Шүүгдэгч М.А-ы хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, анкет /хх-ийн 37/, иргэний үнэмлэхний хуулбар /шүүхэд шинээр гаргаж өгсөн/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч М.А- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг City car wash угаалгын газарт угаагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.З-ын 84-98 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээс “Rado” загварын цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.З-ын “...Миний бие Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити кар ваш авто угаалгын газарт 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 84-98 УНП улсын дугаартай автомашинаа угаалгасан. ...Би тухайн өдөр теннис тоглох гээд цаг, бөгжөө спорт цүнхнийхээ дотор талын халаасанд хийчихсэн байсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд цүнхнээсээ цаг, бөгжөө авах гэхэд миний цаг алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Одоо алдсан цагаа хүлээж авсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 15-16/ гэсэн, гэрч С.Манангийн “...Амандик цаг аваагүй гэж надад хэлсэн бөгөөд хамт байдаг М.А- аваад хөдөө дүү рүүгээ өгч явуулсан гэж хэлсэн...” /хх-ийн 21-24/ гэсэн, шүүгдэгч М.А-ы “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хар өнгийн Ланд круйзер-200 маркийн автомашин угаалгахаар орж ирсэн. Тэр автомашин бүтэн угаалганд ороод дотор талыг нь би, гадна талыг нь Амандык угаасан. Ингээд автомашины дотор талыг угааж байхад багаж хэсэгт тухайн хүний хувийн эд зүйл эмх цэгцгүй байсан бөгөөд шаргал өнгийн бугуйн цаг гарч ирэхээр нь жолоочийг нь анзаарч мэдэхгүй гэж бодоод тухай цагийг авчихсан..." /хх-ийн 45-46/ гэсэн мэдүүлгүүд, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29/, “Саруул-Орд” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 37/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгооро хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч М.А-ы дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.З- гэмт хэргийн улмаас “Радо” загварын цагийг алдаж, 2,440,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид цагийг буцааж өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 15-16/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч М.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч М.А- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910014360158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.А- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.З- гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч К овогт М-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М-ийн А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910014360158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.А- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.З- гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

         

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Д.АЛТАНЖИГҮҮР