Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00666

 

Т.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 103/ШШ2017/00468 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143 дугаар магадлалтай,                                                                

            Т.У-ийн нэхэмжлэлтэй,

            “Б” ОНӨААТҮГ-т холбогдох

     Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч Т.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Миний бие “Б” ОНӨААТҮГ-т 2009 оноос ус шахах станцын операторчоор ажилласан. Ажил олгогчийн зүгээс намайг шалтгаангүй ажил тасалсан хэмээн 2017.08.24-ний өдрийн Б/71 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 08 сарын 18-ны өглөө би ажлаасаа буусан, 18-19-ний өдрүүдэд миний графикт амралттай байхаар байсан. Тэр үед манай хэсгийнхэн “амралтын өдрүүдээр хөдөө яваад бүтэн сайны орой амжаад ирнэ, тийм учраас хэн, хэн явах вэ, ээлжээ яаж зохицуулах вэ” гээд хэсэг дээрээ очиж цуглараад ярилцсан. Тэгээд оператор н.Наранчимэг, н.Оюунгэрэл хоёр Өвөрхангай аймаг руу гэр бүлээрээ яваад үзчихсэн, тийм учраас яваагүй хоёр нь яваад ирэхгүй юу даа, бид хоёр ээлжээ аваад үлдье гээд хэсгийн инженер н.Ууганцэцэг зөвшөөрөөд “тэгвэл 20-ны өдрийн чинь гараанд н.Наранчимэгийг гаргачихъя, би ээлжээ зохицуулчихья, та хөдөө явж ирээд дараа нь 8 цагийнхаа гарааг гараад өгчихнө биз” гэж тохиролцоод явцгаасан. Тухайн үед би удирдлагын зөвшөөрлийг авсан гэж ойлгож байсан. Ээлж солихын хувьд н.Ууганцэцэг инженер хэлэхдээ “20-ны өдрийн 8 цагийн гараанд н.Наранчимэгийг гаргачихъя, та ирээд хэрэгтэй үед нь гараад өгчихгүй юу, ээлжийг чинь солиод зохицуулчихлаа” гэж хэлсэн. Урьд нь ч гэсэн бидэнд хувийн ямарваа нэг ажил гарахад сольж гараад дараа нь буцаад гарч өгдөг байсан. Тэгээд 8.18-ны орой буюу баасан гарагийн оройн 18 цагийн үед Багануураас Өвөрхангай руу гарцгаасан. Явах замдаа Налайхын ойролцоох Оргил худалдааны төв дээр н.Буддорж захиралтай таарсан, захирал бидэнтэй уулзаад “сайн яваад ирээрэй” гээд гар бариад салцгаасан, тэгээд бид явсаар 19-ний өглөө Өвөрхангай аймгийн Хархорин ороод, цаашаа Төвхөн хийд, Улаан цутгалан ороод 20-ны өдөр 15 цагийн үед наашаа гарцгаасан. Бат-Өлзий сумаас бараг 30-аад километр яваад машин эвдэрсэн бөгөөд шөнийн 2 цаг хүртэл машинаа асаах гэж ноцолдсон. Тэгээд өглөө болоход н.Ууганцэцэг инженер н.Мөнхсайхантай хамт төв рүү ямар ч байсан яриад энэ талаар хэлээд ажлаа зохицуулъя гээд ойрхон нэг айл байсан тул тэр айл руу очоод утсаар нь н.Мөнхцэцэг инженерт “машин эвдэрчихлээ, өнөөдөртөө ямар ч байсан амжаад очно” гээд холбоо барьчихлаа гэсэн. Тэгээд бид сумын төв дээр машин засдаг хоёр газар очсон боловч тэр газрууд нь эзгүй байсан. Ингээд нэг ангийнхаа хүүхэдтэй уулзалдаад машины сэлбэг авч машинаа засаж өдөр 15 цагийн үед наашаа хөдлөөд 21-ний шөнө Багануурт орж ирсэн. Би ус хангамжийн инженер н.Ууганцэцэгийн шууд удирдлаган дор ажилладаг, хэсгийн инженер удирдаад, ерөнхий инженер н.Мөнхцэцэгт мэдэгдээд, замдаа байгууллагын даргатай таараад бүх удирдлагууд мэдсэн болохоор биднийг явахыг зөвшөөрсөн юм байна гэж бодсон. Гол нь машин эвдрээгүй байсан бол бүтэн сайны өдөр буюу 8.20-ны орой ирж амжих байсан, гэвч машинд гал гарснаас болж 1 дэх өдөр ажилдаа ирж чадаагүй. Ямар ч шалтгаангүй ажил таслаагүй, дарга явахыг зөвшөөрөөгүй бол явахгүй байсан. Ажлаас халагдсан тушаалыг тэр өдрөө гардаж авсан. Иймд “Б” ОНӨААТҮГ-т холбогдох ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,496,740 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Цалингаа нарийн сайн бодоогүй, сард багцаагаар 8 гараа, 24 цагаар гардаг. Зөвшөөрөлгүй явсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

         Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Насанбатын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Манай байгууллагын цэвэр усны хэсгийн ажилчид удирдлагын зөвшөөрөлтэйгөөр 2017.08.18-ны орой Өвөрхангай аймаг руу аялалаар явсан. Ингэж явахдаа чөлөө зөвшөөрөлтэй явсан болохооос биш ажил таслаагүй гэсэн байна. Ус шахах станцын операторч Т.У- нь 2017.08.18-ны орой цэвэр ус хангамжийн хэсгийн хүмүүстэй нийлээд Өвөрхангай аймаг руу аялалаар явсан байна. Ажилтан Т.У- нь энэхүү аялалаар явахдаа байгууллагаас албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтан 2 хүртэлх хоногийн чөлөөг ажилтны хүсэлтээр байгууллагын захирал чөлөөний хуудсаар олгоно гэснийг зөрчиж, байгууллагын захирлаас албан ёсны чөлөө аваагүй 2017.08.19-ний өглөөний гараа, 20-ны оройн гараа нийт 24 цагийн ажил, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан. Т.У- нь хоёр хоногийн ажил тасалсан нь байгууллагын 2017.08.24-ний өдрийн Зөвлөлийн хуралд хэлсэн Т.У-ийн өөрийн тайлбар мэдүүлэг, ус хангамжийн хэсгийн 2017 оны 8 сарын цагийн хуваарийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа. Харин Т.У-ийн дээрх зөрчил нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг тус тус зөрчсөн тул түүнийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн болно. Т.У-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний хувьд нэгэнт тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас тушаалын хуулийн үндэслэлийг тайлбарлаж тайлбараа хийж байна. Ус хангамжийн операторчийн ажлыг эрхэлж байсан Т.У- нь 2017 оны 08 сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг руу аялалаар явсан байдаг. Ингэж явахдаа тэрээр байгууллагын удирдлагаас албан ёсны чөлөө аваагүй, 24 цагийн ажил таслалттай, өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.3-7 дахь заалтыг зөрчсөн зөрчлийг үйлдсэн байгаа. Энэ зөрчил нь манай байгууллагын дотоод журмын 4.4.18 дахь заалт буюу тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш хоног ажил таслахыг хориглоно гэсэн заалт, мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.3-7 дахь заалтад заагдсан 2-оос дээш хоног тодорхой шалтгаангүйгээр ажил таслах юм бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон. Нэгэнт зөрчил нь тогтоогдсон учраас байгууллагын зүгээс ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, арга хэмжээ авч, ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажилтныг ажлаас халсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн ярьж байгаа аялалын түүхүүд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй, ач холбогдолгүй зүйлүүд гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч өөрөө аялалд явснаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ хүний ажлын таслалт нь тухайн байгууллагын цагийн хуваарь, захирлын зөвлөлийн хуралдаан буюу 2017 оны 08 сарын 24-ний хуралдаан дээр гаргасан тайлбар, мөн тухайн өдөр байгууллагын захиргаанд хандаж гаргасан өөрийнх нь өргөдөл зэргээр энэ үйл баримт тодорхой тогтоогдож байгаа. Иймд ажил тасалсан үйл баримт хангалттай тогтоогдож байгаа учраас ажилтны ажил таслаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж няцаалт хийж байна. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу нэгэнт батлагдсан ээлжийн графикийг нэхэмжлэгчийн шууд удирдлага буюу н.Ууганцэцэгийн хүслээр өөрчлөх ямар ч боломжгүй. Тухайн байгууллага өөрийн гэсэн хөдөлмөрийн дотоод журам, дүрэмтэй. Энэ дагуу байгууллагын ажилчид хөдөлмөрийн дотоод журамтайгаа танилцсан. Энэ журамд 2 ба түүнээс дээш хоногийн чөлөөг ямар албан тушаалтнаас авах вэ гэдэг зохицуулалтыг нарийн заасан байгаа. Байгууллагын чөлөө олгох асуудлыг зөвхөн захирлын зөвшөөрлөөр буюу н.Буддорж захирлын зөвшөөрлөөр олгодог журамтай. Үүнийг тухайн ажилтан маань мэдсээр байж зөрчиж, байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн 2 хоног аяллаар явж ажил тасалсан зөрчилд ажлаас халах хариуцлагын арга хэмжээ авч байгааг хуульд нийцсэн гэж үзэж байна. Бас нэг зүйл бол ажилтан маань ажил таслаагүй гэдгээ тайлбарлахдаа ажлаа н.Наранчимэг гэдэг хүнээр нөхүүлээд хийгээд явсан гэсэн тайлбарыг гаргаж байсан, үүнтэй холбоотой тайлбар хийхэд энэ хүний эзгүйд н.Наранчимэг энэ хүнийг орлоод гарсан ямар ч гараа байхгүй талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт н.Наранчимэгийн 11 сарын 23-ны өдөр гарсан гараа байгаагаас энэ хүний оронд нөхөөд гарсан ямар ч үйл баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 103/ШШ2017/00468 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.У-ийг “Б” ОНӨААТҮГ-ын ус шахах хэсгийн операторчийн ажилд эгүүлэн тогтоож, “Б” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 2,272,165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.У-ийн дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Б” ОНӨААТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 51,305 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.                  

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143 дугаар магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 103/ШШ2017/00468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 103/ШШ2017/00468 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 143 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу хийж, шүүх хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэснээр шийдвэр нь хууль ёсны ундэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Анхан шатны шүүх Т.У-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах хэд хэдэн дүгнэлтэд үндэслэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харагдаж байгаа бөгөөд эдгээр дүгнэлт нь хууль зүйн хувьд байж боломгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээний 5.2.3-7 дахь заалт буюу “ажилтан тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт “Ажилтан ус хангамжийн инженер Т.Ууганцэцэгийн удирдлаган доор ажиллана” гэсэн заалтаас харахад, ажилтан Т.У- нь байгууллагын удирдлагаас /захирал/ чөлөө аваагүй нь буруутгах үндэсгүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Дээрх шүүхийн дүгнэлтийн агуулгаас харахад ажилтанд чөлөө олгох асуудлыг шууд удирдлага олгоно гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийжээ. Харамсалтай нь хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8 дах заалтад “ажилтанд 2 хүртэл өдрийн чөлөөг, чөлөөний хуудсаар, 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг захирлын тушаалаар олгоно” гэж тус тус зохицуулсан билээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага ажилтандаа чөлөө олгох асуудлыг дан ганц байгууллагын захирал олгохоор, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зохицуулсан байхад шүүх хөндлөнгөөс эрх зүйн дүгнэлт хийж байгаа нь МУШТХ-ийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн эрхэм зорилгод нийцэхгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Ажилтан Т.У- болон тухайн аялалд явсан бусад ажилчдын хувьд ...Налайхын Оргил худалдааны төв дээр байгууллагын дарга М.Буддоржтой таарч “Сайн яваарай” гэж хэлээд гар бариад салсан зэрэг үйл баримтыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд удирдлагаас чөлөө авсан гэж ойлгохоор нөхцөл байдал байсан, ажилчдыг ямар ч зөвшөөрөлгүй явсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.” гэсэн дүгнэлтийг хийжээ. Анхан шатны шүүхийн дээрх хоёр дүгнэлт нь хоорондоо харьцуулж үзэхэд илт зөрүүтэй, 1 дэх дүгнэлт нь ажилтанд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэм хэмжээг иш татаж хийсэн боловч тэр нь тухайн харилцааг шууд зохицуулсан хэм хэмжээ биш, уг харилцааг нарийн зохицуулсан хэм хэмжээ буюу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтыг шүүх үндэс болгож хэрэглээгүй, 2 дах дүгнэлт нь 1 дэх дүгнэлтийг илт үгүйсгэсэн боловч хийсвэр зүйл дээр шүүх дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн 2 дах дүгнэлтэд байгаа “...ажилтан Т.У- нь...Налайхын Оргил худалдааны төв-д дарга М.Буддоржтой таарсан, гар барьсан” зэрэг үйл баримт хавтаст хэрэгт хэрхэн тусгагдаж, яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй зүгээр л нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарт шүүх энэхүү дүгнэлт хийж байгаад туйлын их харамсаж байна. Шүүхийн хийсэн 3 дах дүгнэлт “Ажилтан Т.У-ийн ажил тасалсан шалтгаан нь тодорхой шалтгаантай. Тэрээр аялалд яваад буцаж явах замд тээврийн хэрэгсэлд нь гал гарч гэмтлийн улмаас машин эвдэрсэн нь гэрч Г.Оюунгэрэл, Д.Мөнгөнцоож, М.Наранцацрал, Т.Ууганцэцэг нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийсэн байна. Ажилтан Т.У- нь байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр хэсгийн ажилчидтай хамт аялалд явсан, санаатайгаар ажлаа орхиж явсан эдгээр зөрчил үйл баримтад үндэслэж байгууллагын зүгээс Т.У-т хариуцлага тооцож, арга хэмжээ авсан байгааг шүүх ойлгоогүй хэрэг үү. Өөрөөр хэлбэл, Т.У- байгууллагын зөвшөөрөлтэй яваад ажил тасалсан бол өөр хэрэг, түүнээс биш ажилтан Т.У- ажил үүргээ ухамсарлаагүй хөдөө, хол газар аялалд яваад түүний машин эвдэрсэн шалтгаанд байгууллага буруугүй бөгөөд шүүх үйл явдал хоорондын шалтгаант холбоог зөв тогтоож чадаагүй байна. Иймд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 103/ШШ2017/00468 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 143 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

          Нэхэмжлэгч Т.У- нь хариуцагч “Б” ОНӨААТҮГ-т холбогдуулан ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон дотоод дүрэм, журмыг зөрчсөн, тодорхой шалтгаангүй ажил тасалсан хүнийг зохих журмын дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

             Ажилтан Т.У-ийг ажил олгогчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/71 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дахь хэсгийн 13.1, хөдөлмөрийн гэрээний 5.2.3-7, Захирлын зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Ус шахах станцын операторчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

           2017 оны 08 дугаар сарын 18-ны орой Цэвэр ус хангамжийн хэсгийн хүмүүстэй нийлж Өвөрхангай аймаг руу аялалаар явахдаа ажил олгогчоос албан ёсоор чөлөө аваагүй, 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний гараа, 20-ны өдрийн оройн гараа, нийт 24 цагийн ажил тасалсан зөрчил гаргасан тул Т.У-ийг ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тайлбарласан байна.

             Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгээс үзвэл  тус байгууллагын ус хангамжийн хэсгийн ажилчид хэсгийн инженер Т.Ууганцэцэгийн удирдлаган дор Өвөрхангай аймаг руу аялалаар явахаар ярилцаж, инженер Т.Ууганцэцэг нь ажилтан Т.У-ийн 2017оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 8 цагийн гараанд ажилтан н.Наранчимэгийг гаргахаар шийдвэрлэсэн ба 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Багануур руу буцаж явах замд тээврийн хэрэгсэл нь эвдэрч 21-ний шөнө Багануурт ирсэн нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ үйл баримтыг үгүйсгэж,  маргаагүй байна.     

              Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.5., 4.6., Ус хангамжийн хэсгийн ус шахуургын станцын операторчийн ажлын байрны тодорхойлолт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8 дахь заалтаар ажилтанд чөлөө олгох журмыг зохицуулсан тухай дүгнэн, нэхэмжлэгч Т.У- нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан шууд удирдлага болох хэсгийн инженертэй ярьж тохиролцон хамт олны хүрээнд зохион байгуулагдсан зугаалганд явсан нөхцөл байдлыг ажил олгогчийн зөвшөөрөлгүй явсан гэж шууд дүгнэх боломжгүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

               Ажилтан нь өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу сууж явсан тээврийн хэрэгсэл нь эвдэрснээс ажилдаа ирж чадаагүй нь хөдөлмөрийн гэрээний 5.2.3-ын 7 дахь заалтад заасан тодорхой шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.    

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 103/ШШ2017/00468 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагч “Б” ОНӨААТҮГ-ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН