Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 49

 

 Б.Уд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Эрдэнэбат

 Прокурор                                           Ч.Мөнхзул 

            Хохирогч                                           Д.У 

            Шүүгдэгч                                           Б.У нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, хохирогч Д.У нарын давж заалдах гомдлоор Б.Уд холбогдох эрүүгийн 1721000640020 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын … тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 10-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, … регистрийн дугаартай, бие эрүүл, Х овогт Бийн У.

Б.У нь 2017 оны 7 сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 сарын 16-ны өдрийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22-06 тоотод оршин суух хохирогч Д.Уий гэрийн тагтаар дамжин орж их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын аяга нэг ширхэг, хув толгойтой, алтан нуухтай саарал манан хөөрөг, мөнгөн бүс /эмэгтэй/, номин шигтгээтэй мөнгөн ээмэг, алтан ээмэг, алтан бөгж, 32 инчийн “Шарп” маркийн зурагт, шатар зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Х овогт Б.Уыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Уыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.У, иргэний нэхэмжлэгч “68” барьцаат зээлийн газар, “Кибер” барьцаат зээлийн газарт төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Уаас нийт 658750 /зургаан зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Бодь гүүр” ХХК-д 300000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Өлзийбат” барьцаат зээлийн газарт 358750 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Ү-0614005667 дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57-02 тоот 1 /нэг/ өрөө байрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн … регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо: ... Миний хувьд хүмүүс өрөө нэхээд байсан учир ээжийг Улаанбаатар хот эмчилгээнд явсан болохоор нь ээждээ хэлэхгүйгээр тагтны цонхоор орж эд зүйл хулгайлж авсан нь үнэн. Энэ асуудлыг би ээждээ хэлээгүй байсан. Би цалин буухаар нь ломбардад тавьсан эд зүйлүүдээ боломж гарвал авна гэж бодож байсан. Би ээждээ энэ байдлаа ямар ч гэсэн ирэхээр нь хэлж ойлгуулна гэсэн боловч ээжийг ирснийг мэдээгүй, удалгүй цагдаагаас намайг дуудаж би бүх үнэнээ хэлсэн. Би ажлаасаа ч гарсан. Ээж миний ломбардад тавьсан эд зүйлсийг ээлж дараалан хохиролгүй болгох гэж маш их хичээгээд шүүх хуралдааны өмнө зарим хохирлыг төлж барагдуулаагүй нь үнэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр минь ажилгүй, охин 1 нас 4 сартай, ээж элэгний церрозтой 96 настай эмээгээ орхиод явах үнэхээр хэцүү байна. Өөрийн буруугаас болж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан тул эрхэм шүүгч та бүхэн надад оногдуулсан хорих ялаас тодорхой хэмжээгээр хасч өгнө үү. Ард үлдэж байгаа хүмүүстэйгээ аль болох хурдан хугацаанд уулзах хүсэл эрмэлзэлтэй байгааг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч Д.У давж заалдах гомдолдоо: Миний бие өөрийн бага хүү Б.Уын үйлдсэн хэрэгт хохирогчоор тогтоогдоод байгаа бөгөөд энэ асуудал миний сэтгэл зүрхийг үнэхээр эмзэглүүлж байна. Би хүний эх мөртлөө төрсөн үрээ шоронд оруулчихсан юм шиг мэдрэмж төрж шөнө нойр хүрэхгүй, хоол унд хоолойгоор давахгүй, унтаж чадахгүй, өдөр нь байнгын ядарч, яах ч аргагүй учраас ажлаа тасалж чадахгүй ипотекийн зээл, цалингийн зээлээ төлөхийн тулд ажиллаж өдрийн бор хоногийг өнгөрөөж явааг минь анхаарч үзнэ үү. Мэдээж миний хүүгийн үйлдсэн хэрэг үнэхээр буруу юм. Би үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ үхтэл үр харам гэгчээр миний хүүд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэж гомдол гаргаж байгааг минь хүлээн авна уу. Хэрвээ миний хүү энэ хэргийг үйлдсэн гэж мэдсэн бол би хэзээ ч цагдаа сэргийлэх дуудахгүй байх байсан. Шалгаж байсан мөрдөн байцаагч нь та гомдолгүй юм чинь хүүг чинь шоронд хийхгүй гэж надад ойлгуулсан. Би шүүх хурлын өмнө хохирлыг нь төлж барагдуулах гээд үнэхээр чадаагүй юм. Би нөхрөөсөө салж тусдаа амьдрах болсноор хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал хандуулаагүй нь миний буруу гэж өөрийгөө зүхэж сууна. Аав нь болон миний бие ямар ч гэсэн хүүгийнхээ бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна. Хүүд минь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 07 сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 сарын 16-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22-06 тоотод орших хохирогч Д.Уий /өөрийн төрсөн эх/ эзэнгүй байх үеэр нь гэрийнх нь тагтаар дамжин орж мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн ээмэг, алтан ээмэг, алтан бөгж, зурагт, шатар зэрэг эд зүйл хулгайлан 3,359,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрт нь хулгай орж эд зүйл нь алдагдсан талаархи хохирогч Д.Уий мэдүүлэг /хх-ийн 36-39, 105-106/, гэрийнх нь хагарсан цонхны шил зэрэг газраас бэхжүүлэн авсан гарын мөр нь шүүгдэгч Б.Уын гарын мөртэй тохирч байгааг харуулсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, криминалистикийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-74/, алдагдсан мөнгөн аяга, алтан бөгж, алтан ээмэг, мөнгөн бүс зэрэг үнэт зүйлийг Б.У гэх хүн барьцаанд тавьж мөнгө зээлсэн талаар ломбарднуудын эзэд болох Г.Ган-Эрдэнэ /хх-ийн 41-42/, Б.Бямба-Пүрэв /хх-ийн 44-45/, Д.Гантөмөр /хх-ийн 47-48/, Д.Хэрлэнцэцэг /хх-ийн 50-51/ нарын мэдүүлэг, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Уын мэдүүлэг /хх-ийн 80-81/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан байх бөгөөд шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “ял хөнгөрүүлж өгнө үү” гэх хохирогч Д.У, шүүгдэгч Б.У нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, хохирогч Д.У нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Уын 2017 оны 10 дугаар сарын 18-наас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       Б.СҮХГОМБО

                                                                                          Л.НАРАНБАЯР