Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 118/2021/0032/З |
Дугаар | 221/МА2021/0508 |
Огноо | 2021-09-16 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2021/0508
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/159 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хязгаарласан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ургамал сумын “Эг” хүнсний дэлгүүрт хэд хэдэн төрлийн хүнсний бараа ачсан, энэ үеэр Сэнгүр радлер шар айргаас 5 сагс ачих хүсэлт гаргасны дагуу 5 сагс Сэнгүр радлер шар айраг ачуулахыг зөвшөөрсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч тус өдөр дээрх дэлгүүрийн барааг автомашинд ачиж байх үед аймгийн Засаг дарга Д.Т өөрийн биеэр очсон бөгөөд дээрх ачсан шар айраг нь 4.8%-ийн спиртийн агууламжтай Сэнгүр нэртэй байсан.
Дээр зөрчлийн талаар аймгийн Цагдаагийн газарт гомдол мэдээллийг шалгуулсан боловч тус Цагдаагийн газраас нэхэмжлэгчийг хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаад зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчин шалгах ажиллагааг бүрэн шалгаж явуулахгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд тус Цагдаагийн газарт дээрх зөрчлийг дахин шалгуулахаар 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан болно.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь тус хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн хэргийн материалд үзлэг хийсэн бөгөөд тус дэлгүүрт шүүх өөрөө үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” А/159 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Маргаан бүхий аймгийн Засаг даргын А/159 дүгээр захирамжаар “Онцгой, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нийтийг хамарсан захирамж, шийдвэрийг зөрчин согтууруулах ундаа худалдаж байсан нь хяналт, шалгалтаар илэрсэн Улиастай сумын “Г” ХХК-ийн “Хг” хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хэргийг оролцогч нараас Завхан аймгийн Засаг даргын Ковид 19-ын цар тархалтын түвшинг бууруулж, зарим арга хэмжээг эрчимжүүлэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А/143 дугаар захирамжийн дагуу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг 2021 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хориглосон талаар, “Г” ХХК-ийн Хүлэг хүнсний дэлгүүр нь 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сэнгүр Radler шар айраг худалдсан талаар тус тус маргаагүй байна.
Харин нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “Сэнгүр Radler” шар айраг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар согтууруулах ундаанд хамаардаггүй тул зөрчил гаргасан гэж үзэхгүй, хариуцагчаас нэхэмжлэгч согтууруулах ундаа худалдсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын албан бичгээр нотлогдсон тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С.П-ын гомдлын дагуу “Г” ХХК-ийн Х хүнсний дэлгүүрт холбогдох зөрчлийн хэрэг бүртгэл нээж, холбогдох гэрч нараас мэдүүлэг авч, дэлгүүрийн камерт үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэргийг үйлджээ.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Х хүнсний дэлгүүр нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэнгүр Radler шар айраг буюу 1.9%-ийн 0.5 литрийн савалгаатай 5 сагс буюу 120 ширхэг лимонтой сэнгүүр пиво худалдан борлуулсан үйлдэл нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” гэж заасанд хамаарахгүй, нэхэмжлэгчийн худалдан борлуулсан гэх Сэнгүр Radler шар айраг буюу 1.9% пиво тул архи согтууруулах ундаанд хамааралгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч согтууруулах ундаа худалдсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын албан бичгээр нотлогдсон тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, шүүхээс Цагдаагийн газрын зөрчлийн хэргийн материалд үзлэг хийсэн, тус дэлгүүрт шүүх өөрөө үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн худалдан борлуулсан Сэнгүр Radler нэртэй 1.9%-ийн шар айраг нь 2 хувиас дээш буюу этилийн спирт агуулсан архи согтууруулах ундаанд хамаарахгүй нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07/141 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийг архи согтууруулах ундаанд хамаарахаар пиво худалдсаныг тодорхойлоогүй, тус албан бичгээр “Хүлэг” хүнсний дэлгүүртэй холбогдох зөрчлийг харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Нөгөө талаар бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулж болох бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зөрчлийн материалаас үзвэл, “Х” бөөний дэлгүүрийн камерт үзлэг хийж, холбогдох эд зүйл хураан авсан тэмдэглэл үйлдсэн бөгөөд шүүхээс тогтоогдсон үйл баримтад дахин үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж баталгаажуулах шаардлагагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх өөрөө үзлэг хийгээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд хяналт шалгалтаар илрээгүй зөрчилд Улиастай сумын “Г” ХХК-ийн Хүлэг хүнсний дэлгүүрийн согтрууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын А/159 дүгээр захирамж нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН