| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 510 |
| Огноо | 2020-02-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Б холбогдох эрүүгийн 2006 01098 0657 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1984 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , С.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 2 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 01 цаг 44 минутаас 02 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шөнийн зах" худалдааны төвд байрлах Хаан банкны эзэмшлийн АТМ-д хураагдсан картаа авах зорилгоор халдаж, хууль бусаар гэмтээсний улмаас 15.329.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Шагдарсүрэн өгсөн мэдүүлэг /хх-17-19/, гэрч Э.Нандинцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-20-22/, гэрч Н.Бат-Очирын өгсөн мэдүүлэг /хх-23-25/, гэрч М.Идэрбатын өгсөн мэдүүлэг /хх-26-28/, иргэн Э.Нандинцэцэгийн гаргасан өргөдөл /хх-3/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, ХААН банкны гаргасан гомдол /хх-5/, Дамно үнэлгээний ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-31-32/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, хохирлын гэрэл зургийн үзүүлэлт /хх-13/, С.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-58-61/, хохирогч Ц.Шагдарсүрэнгийн хохирлыг С.Б бүрэн барагдуулж, гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэх хүсэлт /хх-70/, шүүгдэгч С.Б учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх үү гэх хүсэлт /хх-71/, шүүгдэгч С.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 2 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 01 цаг 44 минутаас 02 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шөнийн зах" худалдааны төвд байрлах Хаан банкны эзэмшлийн АТМ-д хураагдсан картаа авах зорилгоор халдаж, хууль бусаар гэмтээсний улмаас 15.329.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Шагдарсүрэн өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 01 цаг 44 минутаас 02 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Найт плаза" худалдааны төвд байрлах манай Хаан банкны бэлэн мөнгөний машиныг согтуу эрэгтэй хүн хатуу зүйлээр олон удаа цохиж гэмтээгээд явж байгаа бичлэг байгаа. Үүний улмаас бэлэн мөнгөний дэлгэц хагарч, уян нь цоорч үндсэн нүүр хэд хэдэн газартаа хагарсан байгаа. Мөн бэлэн мөнгө гардаг хэсгийн хяналтын камерийн урд байрлах хамгаалалтын шил хагарсан. Манай Хаан банкинд 15.329.000 төгрөгийн хохирол учирсан. Карт уншуулсан логийн мэдээлэл С.Б /РД: КА84091571/ гэдэг хүн карт уншуулсан байгаа. Манай Хаан банкинд бүртгэлтэй хаяг нь Өмнөговь аймгийн Баяндалай сум гэсэн мэдээлэл байна. /хх-17-19/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нандинцэцэгийн өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүнсний нэгдүгээр дэлгүүрийн 3 дугаар давхарт байрлах “Их Хар Сүлд” ХХК-ны камерын өрөөнд хяналтын камер хаягчийн үүргийг гүйцэтгэж байсан. 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр манай “Их Хар Сүлд” харуул хамгаалалтын байгууллагын шуурхай бүлэгт үүрэг гүйцэтгэж байсан хамгаалагч Н.Бат-Очир, М.Идэрбат хоёр албаны 99756984 дугаар руу залгаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шөнийн зах дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машины дэлгэц нь хагарсан байсан гэсэн. Тэгэхээр нь тухайн бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэхэд 01 цаг 47 минутад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шөнийн захын Хаан банкны бэлэн мөнгөний машины камерыг хянаж байхад хар өнгийн урт куртик, дотуураа улаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, 170-175 см өндөр, дунд зэргийн махтай эрэгтэй хүн мөнгө авах гэж байснаа бэлэн мөнгөний машины дэлгэцийг гараараа цохиод, бэлэн мөнгөний машины баруун, зүүн доод хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө өшигөлсөн. Бэлэн мөнгөний машины хажуд байсан хогийн савны таглаагаар бэлэн мөнгөний машины дэлгэц рүү 2-3 удаа цохисон. 02 цаг 12 минутын үед шөнийн захаас гараад тоосго барьж орж ирээд бэлэн мөнгөний машины дэлгэц рүү цохиж хагалчихаад гараад явсан бичлэг байсан. 2020 оны 2 дугаар сарын 9-ны өдөр 9 цагаас ажлаасаа буугаад шууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шөнийн захад дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машныг очиж үзэхэд дэлгэцийг хагалаад доод хэсэг нь хонхойгоод орчихсон байхаар нь зургийг нь аваад Хаан банкны холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн. ”/хх-20-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бат-Очирын өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 04 цаг 40 минутын орчимд шалгахад бэлэн мөнгөний машины дэлгэц хагарсан. Бэлэн мөнгөний машины зүүн баруун талын багана төмөр хонхойсон байхаар нь "Их хар сүлд" харуул хамгаалалтын байгууллагын камерын операторын утас руу залгаад тухайн нөхцөл байдлыг хэлээд хяналтын камер шүүлгүүлсэн. /хх-23-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Идэрбатын өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шөнийн зах худалдааны төв дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машиныг шалгахад бэлэн мөнгөний машины дэлгэц хагарсан байсан.” /хх-26-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б яллагдагчаар өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 716-1102 тоотод гэртээ унтаж байхад манай хүүхэд Б.Сүүнтэргэл бөөлжөөд, халуураад уйлаад байхаар нь би гэрээсээ эм авах гэж гарсан. Тэгээд эмийн сан орох гэж гараад бэлэн мөнгө байхгүй байсан учир Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шөнийн зах дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очсон. Тэгээд картаа хийгээд бэлэн мөнгө авах гэтэл бэлэн мөнгөний машин нь гацаад миний картын залгичихсан. Тэгэхээр нь сancel товчин дээр нь удаа дараад доргиохоор карт гараад ирдэг гэж хүнээс сонссон болохоор тэр үйлдлийг хийсэн. Миний карт гарч ирэхгүй болохоор нь Хаан банкны бэлэн мөнгөний машины дэлгэц рүү арай хүчтэй цохисон чинь бөгж таараад дэлгэц нь хагарчихсан. Тэгээд карт гарч ирээгүй. Гэрт маань миний хүүхэд өвчтэй, бөөлжөөд байсан болохоор уур хүрээд Шөнийн захаас гараад хаалганы хажууд байсан тоосгыг аваад ахиад бэлэн мөнгөний дэлгэц рүү нэмж цохисон. Мөн бэлэн мөнгөний машины хоёр хажуугийн хэсэг рүү өшиглөж хонхойлгосон.” /хх-58-61/ гэх мэдүүлэг,
Иргэн Э.Нандинцэцэгийн гаргасан өргөдөл /хх-3/,
Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
ХААН банкны гаргасан гомдол /хх-5/,
Дамно үнэлгээний ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-31-32/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/,
Хохирлын гэрэл зургийн үзүүлэлт /хх-13/,
Хохирогч Ц.Шагдарсүрэнгийн хохирлыг С.Б бүрэн барагдуулж, гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэх хүсэлт /хх-70/,
Шүүгдэгч С.Б учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх үү гэх хүсэлт /хх-71/,
Шүүгдэгч С.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, эд зүйлсийг үнэлсэн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч С.Б нь 2020 оны 2 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 01 цаг 44 минутаас 02 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шөнийн зах" худалдааны төвд байрлах Хаан банкны эзэмшлийн АТМ-д хураагдсан картаа авах зорилгоор халдаж, хууль бусаар гэмтээсний улмаас 15.329.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч С.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Шагдарсүрэнд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар С.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж
үзлээ.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахыг дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй С.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС